Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01029

 

 

 

 

 

 

 

 

 

"А Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00972 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "А Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллага Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/231 дугаар захирамжаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 113 196 503 төгрөгийг төлөх ёстой болсон. Уг захирамжид заагдсан төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй бол Д.Уянгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут амины орон сууц 1 гудамж, 60 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 279 м.кв талбайтай газрын хамтаар худалдан борлуулж, төлбөрт суутган тооцохоор заасан. Гэтэл дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч захирамжид заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж чадаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар 50 орчим хувийн төлбөрийг төлсөөр байтал барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлж 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 4-126/38684 тоот үнийн мэдэгдэл танилцуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тухайн үнэлсэн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан өртгийн, жишиг үнийн, орлогын аргачлалд хэрхэн нийцүүлж 49 126 000 төгрөгийг тодорхойлсон нь ойлгомжгүй, мөн одоо шууд зарж борлуулах ханш нь 150 000 000 төгрөг орчим байгаа бөгөөд анх авсан үнэ нь 90 000 000 төгрөг болно.

Иймд зах зээлийн бодит ханш, түргэн борлогдох үнэ цэнийг тодорхойлж чадаагүй хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/231 дугаар захирамжаар "А Ф" ХХК, Д.Уянга нараас 113 196 503 төгрөг гаргуулж Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт олгохоор, Д.Уянгын өмчлөлийн 279 м.кв газар, 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 сарын 13-ны өдөр үүсгэн эхлүүлж барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, талуудаас хөрөнгийг үнэлэх үнийн санал авахад үнэлгээ зөрөлдсөн тул 2020 оны 10 сарын 22-ны өдөр 10/17 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн.

Мэргэжлийн шинжээч “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл 2020 оны 10 сарын 29-ний өдөр 25 хуудас бүхий үнэлгээний тайланг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Анар надад гардуулан өгсөн ба хөрөнгийг 49 126 000 төгрөгөөр үнэлсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа тул "А Ф" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 1 гудамж, 60 тоот хаягт байрлах Д.Уянгын өмчлөлийн Г-2204009308 дугаарт бүртгэлтэй газар, Ү-2204063838 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 49 126 000 төгрөгөөр үнэлсэн “Файн эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай "А Ф" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллагаас төлбөр барагдуулах ажиллагаанд барьцааны зүйлийг зах зээлийн ханшаас доогуур үнэлж, худалдан борлуулах, төлбөрт суутган тооцох болсонд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад гомдлын шаардлага гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийж тайлан гаргасан байгууллага нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь эргэлзээтэй байна гэдгээр маргасан юм. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ, ханш тогтоогдоогүй үнэлгээний тайланг хүчингүй болгуулах зорилгоор Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцэхгүй, бодит нөхцөл байдалд тохирсон үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн жинхэнэ үнэ, ханш тогтоогдоогүй тухайд анхан шатны шүүхэд тайлбарлан оролцсон юм. Үнэлгээ хийгдсэн, тайланд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг дахин төлөвлөлтөнд хамрагдсан, төвийн шугам, сүлжээнд хамрагдсан, гэр хороолол болоод байшин хороолол дунд байрлах, анх худалдаж авсан үнээс хэт доогуур үнэлсэн зэрэг олон хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл заасаар байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн хуульд нийцэхгүй үнэлгээ гэдэг тухайд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээг тогтоох 3 аргачлал байдгаас 2 аргаар зэрэгцүүлэн үнэ тогтоохоор заасан байхад маргаан бүхий тайланг гаргахдаа ганц жишиг үнийн хандлагаар тайлан гаргасанд нэхэмжлэгч гомдолтой байдаг юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч "А Ф" ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Д.Уянгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут амины орон сууц 1 гудамж, 60 тоот хаягт байршилтай 279.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 49 126 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь “үнэлгээчин төлөөлөх эрхтэй этгээд болох нь эргэлзээтэй”, “үнэлгээний тайланг гаргахдаа ганц жишиг үнийн хандлагыг ашигласан нь хууль бус”, “эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн” гэж тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргадаг.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00231 дугаар захирамжаар хариуцагч "А Ф" ХХК, Д.Уянга нараас 113 196 503 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт олгож, хариуцагч нар төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд өмнө дурдсан Д.Уянгын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 8-9/

 

          Уг хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 0378 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх 28/

 

          Битүүмжлэн, хураагдсан газар, хувийн сууцыг төлбөр төлөгч "А Ф" ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр, өмчлөгч Д.Уянга нар нийт 150 000 000 төгрөгөөр үнэлснийг /хх 34, 35/ төлбөр авагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эс зөвшөөрснөөр /хх 33/ шийдвэр гүйцэтгэх байгууллага “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 36/

 

          Шинжээчээр томилогдсон “Файн эстимэйт” ХХК-аас 2020 оны 07 сарын 07-ны өдөр Н.Цолмонгэрэлд тус компанийг “НШШГГ-т бүрэн төлөөлөх, ... үнэлгээ хийх, үнэлгээний тайлан гаргах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах...” бүрэн эрхийг олгожээ. /хх 51/ Үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба “Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээ гаргах болсон үндэслэл, үнэлгээний зорилго, үнэлгээнд ашигласан стандартыг тусгаж, үнэлж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн арга, зах зээлийн жишиг үнийн аргыг сонгож, хэрэглэсэн үндэслэл, орлогын хандлагын аргыг хэрэглээгүй үндэслэл зэргийг нэг бүрчлэн тодорхой дурдаж, гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулжээ. /хх 38-50/

 

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан “үнэлгээчин төлөөлөх эрхтэй этгээд болох нь эргэлзээтэй”, “үнэлгээний тайланг гаргахдаа ганц жишиг үнийн хандлагыг ашигласан нь хууль бус” гэсэн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй, улмаар “Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан”-г Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлох, 13 дугаар зүйлийн 13.1.1-д үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгохоор зохицуулсантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

          Түүнчлэн нэхэмжлэгч тал “эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн” гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 27-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                        

                                                     ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР