| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2020/00046/И |
| Дугаар | 210/МА2021/01053 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/01053
З Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З Г ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан гэрээ цуцалсны үр дагаварт 12 154 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2017 оны 11 сарын 19-ний өдөр 310 дугаартай Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч компани нь Евро таун хотхоны 2-7 тоот 214.83 м.кв бүхий амины орон сууцыг 2018 оны 06 сарын 05-ны өдөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагч нь урьдчилгаа төлбөрийн нөхцөлд дараах эд хөрөнгө болон бусад эд зүйлийг шилжүүлсэн. Үүнд, Буянт ухаа Вилла хотхоны барилга 1, 2, 3-ын зураг төслийн үнэ 68 391 070 төгрөгийн 30 хувь 20 517 321 төгрөг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-3-196 тоот 1 400 м.кв газартай байшинг 110 000 000 төгрөгт, Б.Сүхбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 16 дугаар байр 10 тоотод байрлах 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг 53 380 000 төгрөгт тооцож, таун хаусын зохиогчийн хяналтын үнэ 10 000 000 төгрөгт тооцож гэрээ хийсэн.
М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд 2019 оны 03 сарын 19-ний өдөр гэрээгээ цуцалж, зураг төслийн үнэ 20 517 321 төгрөгийг 2019 оны 04 сарын 19-ний өдрийн дотор төлж үүнээс 12 154 700 төгрөгийг төлөөгүй. Дээрх 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг 2019 оны 03 сарын 01-ний өдрийн дотор шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. 12 154 700 төгрөгийн 9 635 770 төгрөгийг бэлнээр, 3 519 000 төгрөгийн обой буцаасан мөнгө гэж ойлгоно. Орон сууцыг шилжүүлж өгсөн учраас 12 154 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Гэрээг цуцалсан актад 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгийн төлбөрийг тусгасан. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр одоог хүртэл оруулах үүргээ биелүүлээгүй байгаа ба манай зүгээс 90 хувийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зургаа ашиглаж чадахгүй хохирч байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 9 635 770 төгрөгийг гаргуулж З Г ХХК-д олгож, үлдэх 2 518 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 473 028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Талууд 2019 оны 03 сарын 19-ний өдрийн гэрээ цуцлах тухай бичгээр хийсэн тохиролцооны дагуу үүргээ гүйцэтгэх ёстой. Нэхэмжлэгч гэрээ цуцалсантай холбоотойгоор зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, төлбөрийн 90 хувийг З Г ХХК-д төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 19-ний өдрийн гэрээ цуцлах тухай бичгийг үйлчлэлгүй, хүчингүй гэж үзэж байгаа нь, мөн зөвхөн сүүлд гэдэг цаг хугацааны үнэлэмжээр 2019 оны 04 сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн баримт гэх бичгийг үнэлж шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч З Г ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны үр дагаварт 12 154 700 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 16 дугаар байр 10 тоотод байрлах 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба /хх1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул 12 154 700 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх112-113, 54/
Талууд 2017 оны 11 сарын 19-ний өдөр 310 дугаартай Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах тухай гэрээ /хх 8-12/ байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй, улмаар уг гэрээ 2019 оны 03 сарын 19-ний өдөр цуцлагдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, уг гэрээг цуцалж, тооцоо нийлсэн агуулга бүхий бичгийн баримт /хх 13-14/, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
Харин гэрээ цуцлагдах үед түүний үр дагаврыг шийдвэрлэсэн тохиролцоог талууд биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг 12 154 700 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэгчийг эскиз болон ажлын зургийг магадлалаар оруулж баталгаажуулаагүй гэх агуулгаар тус тус тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн, улмаар гэрээний талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэрэгт 2019 оны 03 сарын 19, мөн оны 04 сарын 06-ны өдөр талуудын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдсэн гар бичмэл бүхий баримт байх бөгөөд анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 06-ны өдрийн баримтыг үнэлж, хариуцагчаас 9 635 770 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд 2019 оны 03 сарын 19-ний өдрийн баримтыг үнэлээгүй талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, тухайн баримтаар тохиролцсон зарим нөхцөл биелэгдсэнээр дахин тооцоог нийлсэн талаар анхан шатны шүүх дүгнэснээр уг баримтыг үнэлсэн байна.
Түүнчлэн, 2019 оны 03 сарын 19-ний өдрийн баримтаар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул түүнд төлбөр төлөхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс эскиз болон ажлын зургийг магадлалаар оруулж баталгаажуулах талаар бие даасан шаардлага гаргаагүйн гадна үүнээс хойш тооцоо нийлсэн баримтад энэ талаар дурдаагүй байх тул тухайн үүргийг биелэгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байгааг залруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 9 635 770 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 169 122 төгрөг байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 473.028 гэснийг 169 122 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 30-ны өдөр төлсөн 209 425 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР