| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/03333/И |
| Дугаар | 210/МА2021/01054 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/01054
Д.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00643 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С-” ХХК-д холбогдох, 2,270,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн, Ч.Дэлгэрдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.О- нь 2006 онд анх “С-” ХХК-ийн урьдчилсан төлбөрт 9601-7988, 9054-7979 дугаарын хэрэглэгч болсон. “С-” үүрэн телефоны байгууллагаас өөр ямар нэг дугаар авч барьж байгаагүй.
Гэтэл тус компаниас нэхэмжлэгчийн нэр дээр 9695-9990, 9006-7795 гэсэн 2 дугаар үүсэж, төлбөр гарсныг мэдэгдсэн. Өөрийн биеэр төв байранд нь очиж энэхүү 2 дугаарыг барьж байгаагүй тухай өргөдөл бичиж өгсөн. Түүнээс хойш ямар нэг албан хариу өгөөгүй. Цалингийн зээл авах зорилгоор “Хаан банк” ХХК-д хандахад “С-” ХХК нь нэхэмжлэгчийн нэрийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар Монголбанкинд найдваргүй зээлдэгч хэмээн бүртгүүлсэн байсан. Энэ нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзнэ. Яаралтай зээл авах шаардлагатай байсан учир дээрх 2 дугаарын төлбөрийг төлж, Монголбанк дах найдваргүй ззэлдэгчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулж зээлээ авсан. Дээрх хоёр дугааруудад 9695-9990 дугаарын төлбөрт 1,611,353 төгрөг, дараа төлбөрт 9006-7795 дугаарын төлбөрт 659,260 төгрөг тус тус төлж, нийт 2,270,620 төгрөгийг “С-” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй шаардлагаар ямар ч үндэслэлгүйгээр төлсөн. Бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ огт байгуулагдаагүй. Энэ талаар сайн мэдэж байгаа учир шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, дүгнэлт нь ч гарын үсэг зураагүй гэж гарсан.Дараагийн шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан, шинжээч мөн адил нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэсэн дүгнэлт гаргасан. Ийм учир гэрээ огт байгуулаагүй болох нь тодорхой тогтоогдсон гэж үзнэ. Тухайн үед нэхэмжлэгч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тэр үеийн иргэний үнэмлэх нь одоо олгогдсон үнэмлэхээс өөр болох нь мөн хэргийн материалаас тодорхой байдаг. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч үндэслэлгүйгээр төлүүлж авсан мөнгийг буцаан олгох ёстой.
Иймд С- ХХК-аас нийт 2,270,620 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах ёстой. 2017 оны 03 сарын 07-нд Өнөр салбараас маягт бөглөн 9695-9990 дугаарыг шилжүүлэн авч манай хэрэглэгч болсон. Энэ оны 03 сарын төлбөр 982,957 төгрөг, 04 сарын төлбөр 684,395 төгрөг гарсан. Мөн 2017 оны 03 сарын 17-нд Сансар салбарт маягт бөглөн 9006-7795 дугаарын хэрэглэгч болсон. Энэ оны 03 сарын төлбөр 317,723 төгрөг, 04 сарын төлбөр 361,534 төгрөг, нийтдээ энэ 2 дугаарын төлбөр болох 2,270,620 төгрөг бодогдсоныг 2018 оны 11 сарын 28-ны өдөр төлсөн байдаг. Тус 2 дугаар нь 20,000 төгрөгийн барьцаа төлж авдаг дараа төлбөрт дугаар. Тухайн үед нэхэмжлэгч Д.О- манай салбар дээр ирээд барьцаанд байршуулсан 20,000 төгрөгийг дугаарын төлбөрөөсөө хасуулаад, үлдэгдэл төлбөр болох өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага дахь үнийн дүнг манай компанид төлсөн. Барьцаанд төлсөн төлбөр нь анх гэрээ байгуулсан этгээдийн хөрөнгө. Энэ мөнгөө хасуулж, Д.О- захиран зарцуулалт хийгдэж байгаа нь өөрийнх нь төлбөр гэдгийг зөвшөөрч байгаа хэлбэр. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаан бүр дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар тодорхойлсон. Мөн хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүрэг үүсэх харилцааг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд хариуцагч хөрөнгөжсөн байх хуулийн шаардлагатай. Нэхэмжлэгч хөрөнгөжсөн байна гэдгийг аваад үзвэл манай компани хөрөнгөжсөн зүйл байхгүй. Яагаад гэвэл Д.О- өөрийн төлбөрийг төлсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцэхүйц үйлчилгээ үзүүлсэн гэдгийг гэрээ, төлбөрийн билл, хэргийн 18, 21 дэх талд дугаар тус бүрийн биллийг гаргаж өгсөн. Дээрээс нь Д.О- төлбөр төлсөн баримтаа гаргаж өгсөн. Ингээд “С-” ХХК 2,270,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн нь харагдана. 2,270,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэдэг нь манай төлбөр тэр хэмжээгээр буурсан байсан. Энэ үнийн дүнгээр хэрэглэгч өөрийн төлбөрийг төлөх тохиолдолд үндсэн үйлчилгээний төлбөр хийгдэж байгаа болохоос биш үйлчилгээ үзүүлэхээс өмнөх үеийн хөрөнгө нэмэгдсэн ойлголт огтхон ч байхгүй. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, бусдын төлбөрийг төлсөн гэдэг. “С-” ХХК-д өөрийн хэрэглээгүй төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд бусдын төлбөрийг бусад этгээдэд төлсөн асуудал үүсэж байгаа. Энэ харилцааг эхлүүлэх зүйл бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлд тусгагдсан байгаа мөн зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэн. Нэхэмжлэгч нь бусдын өмнөөс төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд үүрэг бүхий этгээд буюу өөр нэг үйлчилгээ авсан этгээдээс төлбөрөө шаардах болохоос “С-” ХХК-аас шаардах хууль зүйн үндэслэл огт байхгүй. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч өөрийн жинхэнэ хариуцагчийг олоогүйн улмаас “С-” ХХК нь шүүх хуралдаанд байнга ирж оролцдог, хүний нөөцийн бодлого, төлбөр, зардал, нэхэмжлэгчийн төлөвлөгөөт бус хэрэг дээр оролцох зэргээр байнгын цаг заваа зарцуулдаг. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан шаардлага байна. Бусад этгээдийн өр төлбөрийг өөрөө төлсөн энэ этгээд үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байхад “С-” ХХК-аас шаардаж байгаад гомдолтой. Тухайн 2 салбарт ажилладаг гэрчүүд үүрэн телефоны хэрэглэгч болоход мөрддөг журмын дагуу дугаар шилжүүлэх болон үйлчилгээний гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн гэдэг. Иймд манай компанийн хувьд мөрдөгдөж байгаа журмын дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, өргөдлийн болон дугаар шилжүүлэх маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч иргэний үнэмлэхээ гээгдүүлснээ ярьдаг. Монголбанкинд зээлийн мэдээллийн хүсэлт гаргаагүй байна. Эдгээр баримтыг бүрдүүлээгүй нь өөрөө эсвэл таньдаг хүндээ дугаарыг авч өгсөн байх боломжтой юм. Үүрэг гүйцэтгэгчийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 210.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөөс үүргийг албадан гүйцэтгүүлэхээр бол тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах эрхтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээдэд шилжинэ гэж заасан гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1.-д зааснаар хариуцагч С- ХХК-аас 2,270,620 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С- ХХК-аас хариуцах хураамжид 51,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь илт үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. “С-” ХХК нь гэрээ байгуулах шаардлагыг хангасан, өөрөөс хамаарах үйлдлийг хийсэн болохыг Д.О-ын иргэний үнэмлэхээс гадна 9695-9990 дугаарыг үүсгэсэн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” /хэргийн 15-17 дахь тал/, 9695-9990 дугаарын дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд “С-” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Борлуулалт үйлчилгээний ажилтан н.Ариунсүрэнгийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 131-132 дахь тал/, 9006-7795 дугаарыг үүсгэсэн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ /хэргийн 19-20 дахь тал/, 9006-7795 дугаарын дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд “С-” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Борлуулалт үйлчилгээний ажилтан Ш.Оюунтуяагийн бичгээр гаргаж өгсөн тайлбар /хэргийн 22 дахь тал/, Ш.Оюунтуяагийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 133-134 тал/ зэргээр нотлогддог. Гэтэл шүүхээс зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн мэтээр үнэлж хэргийн үйл баримтыг орхигдуулсан байна. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг тал бүрээс нь хянаж, заавал үнэлэх ёстой байхад гэрч нарын мэдүүлэг дангаар нотолгооны хэрэгсэл болохгүй гэснээр гэрчийн мэдүүлэг нотолгооны хэрэгсэл болохгүй, үнэлэх боломжгүй, үнэлээгүй байна гэсэн эргэлзээг үүсгэж байна. Энэ эс үйлдлээрээ нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчжээ. Эхний дараа төлбөрт дугаарыг үүсгэснээр хойш 3 сарын дараа буюу хуанлийн 90 хоногийн дараа гаргасан хүсэлтэд үндэслэн түүнээс өмнөх хугацаанд иргэний үнэмлэх гээгдүүлсэн гэж үзэх боломжгүй, бодит байдалд нийцэхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Энэ 2 дугаар бол Улаанбаатар хотод үүссэн. Тухайн цаг хугацаанд Д.О- Улаанбаатар хотод байгаагүй гэдэг баримт хавтаст хэрэгт байгаа” гэдэг ч үүнийг нотлох баримт байхгүйн дээр Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 01 сарын 03-ны өдрийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаанд Д.О- нь Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтоор 2017 оны 01 сарын 26-ны өдөр нэвтрэн Монгол Улсад орж ирэн 2017 оны 03 сарын 27-ны өдөр Замын-Үүд хилийн боомтоор гарсан байдаг. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 9695-9990, 9006*7795 дугаар үүсэх хугацаанд байсан болохыг нотолж байхад шүүхээс тус баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй илтэд нэг талыг барьж хэргийг шийдсэн. Тухайн бүх дугаарууд нь тухайн цаг үед хэрэглэгчийн эзэмшилд байсан талаар үнэлээгүйн дээр тухайн дугаарын эзэмшигч нар нь нэхэмжлэгч Д.О-ын нэрээс ялгаатай байгаагаас өөр нэхэмжлэгчид хамааралгүй гэдгийг нотлох ганц ч баримт хэрэгт байхгүй. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тухайд, “С-” ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2-т тус тус зааснаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг доорх байдлаар удаа дараа гаргасан ч шүүхээс гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.
“С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнхийн 2020 оны 05 сарын 18-ны өдөр бичгээр гаргасан Б.Сугаржавыг гэрчээр оролцуулах хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд амаар гаргасан Б.Сугаржавыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт, мөн Б.Цэндсүрэнгийн 2020 оны 05 сарын 26-ны өдөр бичгээр гаргасан Б.Сугаржавыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх өөрөөс шалтгаалах нотлох баримт, тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн журмаар бүрдүүлэхээс өөр аргагүй нотлох баримтыг шүүх бүрдүүлэхгүй байхад хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй, жинхэнэ хариуцагч биш этгээдэд нэхэмжлэлийн шаардлагыг хамаатуулсан, шүүх өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа тодорхой бус байсан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тодруулахад тэрийг бид тодорхойлоогүй, тодорхойлохгүй гэж хариулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь талд “С-” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй шаардлагаар ямар ч үндэслэлгүйгээр төлсөн гэх тайлбар /нэхэмжлэлийн 2 дахь тал/, “С- ХХК-ийн хариуцлагагүй, дугаар үүсгэдэг дүрэм, журмаа мөрдөөгүй үйлдлээс болж” гэх тайлбаруудаас нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарч байна” гэх шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн материалын 157 дахь тал. 11 дэх догол мөр / өмгөөлөгчийн тайлбараас нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492,1.1, 493.1 дугаар зүйлд заасан гэж тус тус ялгаатай үзэхээр байх ба энэ нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг олон салаа утгаар ойлгож, нэхэмжлэлийг үгүйсгэх тайлбар, нотлох баримт бүрдүүлэхэд хүндрэл үүсгэсэн. Шүүхээс ч мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, өөр хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон буюу жинхэнэ хариуцагч биш этгээдийг хариуцагчаар татсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгчээс хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, жинхэнэ хариуцагч биш болохыг хүлээн зөвшөөрдөггүй тул өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компани нь шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч бусдын төлбөрийг ухамсарт хандлагаар өөрөө мэдэж төлсөн байдаг. Бусдын өрийг сайн дураараа, эсхүл андуурч төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсэж, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөрийг төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нь шаардах эрхийн үндэслэл болж байна.
Өрийг төлснөөр үүрэг бүхий этгээдийг бусдад төлөх үүрэг дуусгавар болж, харин өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийг хангасан этгээдэд шилжиж байна. Энэ нь бусдын өрийг төлсөн этгээд шаардах эрхийг шилжүүлэн авдаг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.4-т заасан үндсэн зарчимтай нийцэж байх ба Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг тухайлан зохицуулсан хуулийн заалт нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг байна. Тодруулбал, нэхэмжлэгч С- ХХК-д 2,270,620 төгрөгийг 2018 оны 11-р сарын 28-ны өдөр төлснөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргадаг. Хариуцагч хэрэглэгчид тухайн үнийн дүнтэй дүйцэх үйлчилгээг үзүүлснээр тухайн хэмжээгээр хөрөнгө нь буурсан байх ба үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээр төлбөрийг буцаан гаргуулсан. Энэ төлбөрийг Д.О- бусдыг төлөх ёстой гэж мэдсээр байж С- ХХК-д төлснөөр 2,270,620 төгрөгийг төлөх жинхэнэ хариуцагчаас шаардах эрхийг С- ХХК-аас шилжүүлэн авсан байна. Мөн шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Маргаан бүхий үйл баримтад хариуцагч нь урьдчилан үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг дараа нь хэрэглэгчээс гаргуулж байх тул хөрөнгөжөөгүй байна.
Шүүхээс процессын хуулийг ноцтой зөрчсөн тухайд, Д.О-ын нэхэмжлэлтэй “С-” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 14:35 минутад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 9-р танхимд хуралдаж тухайн өдрийн шүүх хуралдаанаар шүүгч шүүхийн шийдвэрийг амаар уншиж танилцуулсан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”гэж зааснаар шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанаар танилцуулан сонсгосноос хойш 7 хоногийн дотор бичгээр үйлдэлгүй 2 сарын дараа 2021 оны 05 сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг хариуцагчийн хаягаар шуудангаар илгээж, хариуцагчийн хаягт 2021 оны 05 сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр ирж, процессын хуулийг ноцтой зөрчсөн. Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дахь талд “Даргалагчаас: Үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж байгаа бол Д.О- өөрөө энэ үйлчилгээг авсан хэрэглэгч мөн гэдэг нь нотлогдох ёстой. Үүнийг юугаар нотлох вэ? гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан асуултаас шүүгч хариуцагчтай мэтгэлцсэн болон Д.О-ыг хэрэглэгч мөн гэж нотлогдох ёстой гэж хариуцагчийн тайлбарыг эрс няцааснаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн байхад шүүх хуралдааны явцад хариуцагчаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт дээр маргаж, хэлбэрийн хувьд шинжилсэн тухай тайлбар гаргасны дараа шүүгч “Монгол улсад урдаа барьдаг гарын үсгийн шинжээч нар шинжилгээ хийсэн байна” гэж амаараа хэлсэн ба үүгээр шинжээчийн дүгнэлтийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзсэн байна. Үүнийг нотлох зорилгоор шүүх хуралдааны бичлэг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт бичгээр гаргасан ч шүүх хуралдааны бичлэгтэй танилцуулаагүй, албан бичгээр хариу өгөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч “С-” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,270,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн 7-р талд нэхэмжлэгч Д.О-аас 2018 оны 11 сарын 28-ны өдөр “С-” ХХК-д 96959990 дугаарын төлбөрт 1,611,360 төгрөг, 9006-7795 дугаарын төлбөрт 659,260 төгрөг, нийт 2,270,620 төгрөг төлсөн талаархи баримт авагдсан байна.
Дээрх төлбөрийг нэхэмжлэгч нь “банкнаас зээл авах шаардлагатай байсан, найдваргүй зээлдэгч гэх ангилалд бүртгэгдсэн байсныг мэдсэн, 9695-9990, 9006-7795 дугаарыг эзэмшдэггүй боловч зээл авах шаардлага хангахын тулд хэрэглээний зардалд 2,270,620 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн” гэж тайлбарладаг бол хариуцагч нь “Д.О- нь манай салбар дээр ирж, маягт бөглөн 9695-9990, 9006-7795 дугаарыг шилжүүлэн авсан, өөрийн хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг төлсөн” гэсэн үндэслэл заан маргадаг.
Хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-нд /хх 15-арын нүүр, 19-арын нүүр/ Дашцэрэн овогтой Отгонжаргал гэсний доор зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 1422 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 107-113/ болон 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 3355 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр /хх 139-142/ тогтоогдсон.
Шүүхэд гэрчээр асуугдсан тухайн үед ажиллаж байсан “С-” ХХК-ийн ажилтан Э.Ариунсүрэн /хх 131/, Ш.Оюунтуяа /хх 133/ нар, тухайн үед гэрээт салбарыг хариуцан ажиллуулж байсан Х.Батбаатар /хх 212-213/ нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Д.О- нь дээр дурдсан 9695-9990, 9006-7795 дугааруудын үйлчилгээний гэрээг байгуулсан үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Учир нь, “Гэрээний өргөдлийн маягт”-д дурдагдсан Э.Ариунсүрэн, Ш.Оюунтуяа нар /хх 15, 19/ үйлчилгээний салбарт Д.О- өөрийн биеэр очсон эсэхийг тодорхой сайн санахгүй байна гэж мэдүүлдэг бол, Х.Батбаатар нь маягтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн, биш, н.Сугаржав гэх ажилтан гарын үсэг зурсан гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргадаг. Түүнчлэн, хэрэгт авагдсан “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-нд зурагдсан гарын үсэг Д.О-ын гарын үсэг биш гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан учир н.Сугаржаваас гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, н.Сугаржавыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүйг буруутгах үндэслэлгүй тул энэ талаархи давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК болон Д.О- нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” /хх 28-30, 31-32/, “Барьцааны гэрээ”-ний огноо нь цаг хугацааны хувьд Д.О-аас “С-” ХХК-д 9695-9990, 9006-7795 дугааруудын төлбөрт нийт 2,270,620 төгрөг төлсөн цаг хугацаатай тохирч байх тул “зээл авах шаардлагатай байсан тул найдваргүй зээлдэгчийн сангаас нэрээ хасуулах зорилгоор төлбөрийг төлсөн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд нэхэмжлэгч Д.О- болон “С-” ХХК-ийн хооронд 9695-9990, 9006-7795 дугаарыг эзэмших, ашиглах гэрээ байгуулагдаагүй тул Д.О- нь өөрийн хэрэглээгүй дугаарын төлбөрийг төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь зөв, энэ талаархи давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР