Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01345

 

Б.Цогт-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1654 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Цэнд-Аюушд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 720 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Цогт-Эрднээс 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатарын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзжаргал, хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан тайлбарт: Б.Цогт-Эрдэнэ нь С.Цэнд-Аюуштай 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16 000 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгч С.Цэнд-Аюуш нь эхний 1 сарын хүүг өгсөн боловч сүүлийн 7 сарын хүү болон зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 19 хоногийн алданги 1 520 000 төгрөг, үндсэн зээлийн 16 000 000 төгрөг, хүү 11 200 000 төгрөгийн хамт нийт 28 720 000 төгрөгийг хариуцагч С.Цэнд-Аюушаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Цэнд-Аюуш шүүх хуралд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Цэнд-Аюуш нь Б.Цогт-Эрдэнээс 2014 оны 10 дугаар сард 15 000 000 төгрөг зээлсэн. Энэхүү зээлд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй. С.Цэнд-Аюуш нь бусдад мөнгө луйвардуулж, банкинд их хэмжээний хүү төлж байсан учраас 15 000 000 төгрөгийг Б.Цогт-Эрдэнэд тухайн үед бөөнөөр нь өгч чадаагүй. Энэ үед Б.Цогт-Эрдэнэ болон түүний эхнэр Ц.Гантигчулуун нар ямар ч байсан 1 500 000 төгрөг төл гэсэн шаардлагыг тавьсны дагуу 2015 оны 4 дүгээр сар хүртэл хүү төлсөн. Харин 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Өмнөх гэрээ байгуулаагүй үед төлсөн төлөлтүүдээ 15 000 000 төгрөгийн зээлээс хасахыг хүссэн ч Б.Цогт-Эрдэнэ зөвшөөрөөгүй. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20 хоногийн хүүгийн хамт буюу нийт 16 000 000 төгрөг төлж, энэхүү зээлийг хаасан. Иргэний хуулийн 282.3-т “Зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөж хийхээс өмнөх буюу 2014 оны 10 сараас 2015 оны 3 сарыг дуусах хугацаанд хүүнд тооцож авсан 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг Б.Цогт-Эрдэнэ бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Талуудын хооронд байгуулагдаж өмнө нь дуусгавар болсон зээлийн гэрээний хүүг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Цэнд-Аюушаас 28 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнэд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнээс 9 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Цэнд-Аюушид тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэнд-Аюушаас 301 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнэд, нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнээс 158 950 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Цэнд-Аюушид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1654 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Цэнд-Аюушаас 28 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнэд олгож, хариуцагч С.Цэнд-Аюушийн 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэнээс 158 950 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Цэнд-Аюушид олгож” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн төлсөн 158 950 төгрөгийг шүүхийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Цогт-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 08-р сарын 22-ны өдрийн 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр С.Цэнд-Аюушд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд С.Цэнд-Аюуш нь 2014 оны 10-р сараас 2015 оны 3-р сарыг дуустал ямар нэгэн бичгэн гэрээгүйгээр Б.Цогт-Эрдэнэд төлсөн 9 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хүлээн авч, аль аль нэхэмжлэлүүдийг ханган шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс хүү тооцсон гэрээ бичгээр хийгдэх хэлбэрийн шаардлагыг 2015 оны 4-р сарын 02-нд нөхөн гүйцэлдүүлсэн, иймд Б.Цогт-Эрдэнэ гэрээ байгуулалгүйгээр хүү авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул С.Цэнд-Аюушийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд иь хүчингүй болгосон гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ. Иргэний хуулийн 24-р бүлэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа нь зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлснээр үүсдэг. Энэ тохиолдолд гэрээний хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Б.Цогт-Эрдэнэ болон С.Цэнд-Аюуш нарын хооронд зээлийн харилцаа 2014 оны 10-р сард үүссэн багөөд 15 000 000 төгрөг шилжсэн. Ингэхдээ зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хуулийн дагуу С.Цэнд-Аюуш нь Б.Цогт-Эрдэнэд 15 000 000 төгрөгийг хүүгүй төлөх үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн байна. Энэ хэлцлийн дагуу 2015 оны 3-р сар хүртэл нийт 9 000 000 төгрөгийн төлөх ёсгүй байсан хүүг С.Цэнд-Аюуш Б.Цогт-Эрдэнэд төлжээ. 2015 оны 4-р сарын 2-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн хэдий ч энэ гэрээгээр Б.Цогт-Эрдэнэ С.Цэнд-Аюушт 15 000 000 төгрөг зээлүүлээгүй. Гэрээ буюу хэлцэл нь тодорхой эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэгддэг. 2015 оны 4 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээгээр түүнээс хойшхи харилцаа зохицуулагдахаас түүнээс өмнө нь болсон харилцаа буюу 2014 оны 10-р сард үүссэн зээлийн харилцааг нөхөж зохицуулах, түүнтэй холбоотой тодорхой эрх үүргийг нөхөн ноогдуулах боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, улмаар сөрөг нэхэмжлэлийг хангасан нь буруу гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээгээр С.Цэнд-Аюуш, Б.Цогт-Эрдэнээс 16 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, 8 сарын хугацаатай зээлээр авч, гэрээнд талууд гарын үсгээ зурж, мөн мөнгийг бэлнээр хүлээн авсныг хариуцагч С.Цэнд-Аюуш баталгаажуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүгийн хамт 28 720 000 төгрөг нэхэмжилсэнд, хариуцагч 2014 оны 10 дугаар сард 15 000 000 төгрөгийг зээлээр авч, бичгээр гэрээ байгуулаагүй атлаа сүүлд 2015 оны 4 дүгээр сарын 2-нд зээлийн гэрээг бичгээр нөхөн хийж, хүүнд төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж тайлбарлан нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж гэрээний үүрэгт хариуцагчаас 28 720 000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэл нь ямар тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох талаарх хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэж, хоёр өөр гэрээний үүргийг буюу маргаантай харилцаанаас өөр, дуусгавар болсон гэрээний үүргийг сөрөг нэхэмжлэлд тооцож, улмаар хариуцагчийг үндэсгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнээс өөр зээлийн гэрээний хүүд төлсөн 9 000 000 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73-т заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаантай асуудалтай холбоогүй, эдгээр нь нэг гэрээнээс үүдэлтэй маргаан биш байна.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын байгуулсан өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь өрөөсгөл боловч шийдлийн хувьд зөв гэж үзлээ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдаан оролцох эрхээр нь хангаж мэтгэлцэх эрхийг нь бүрэн хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1654 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Цолмонбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР