Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1654

 

     Хийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХид холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 720 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хээс 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

            Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хэ нь  ХХтай 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16 000 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатчаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгч ХХ нь эхний 1 сарын хүүг өгсөн боловч сүүлийн 7 сарын хүү болон зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 19 хоногийн алданги 1 520 000 төгрөг, үндсэн зээлийн 16 000 000 төгрөг, хүү 11 200 000 төгрөгийн хамт нийт 28 720 000 төгрөгийг хариуцагч ХХаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: ХХ нь Хээс 2014 оны 10 дугаар сард 15 000 000 төгрөг зээлсэн. Энэхүү зээлд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй. ХХ нь бусдад мөнгө луйвардуулж, банкинд их хэмжээний хүү төлж байсан учраас 15 000 000 төгрөгийг Хэд тухайн үед бөөнөөр нь өгч чадаагүй. Энэ үед Хэ болон түүний эхнэр ХХХХХ нар ямар ч байсан 1 500 000 төгрөг төл гэсэн шаардлагыг тавьсны дагуу 2015 оны 4 дүгээр cap хүртэл хүү төлсөн. Харин 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Өмнөх гэрээ байгуулаагүй үед төлсөн төлөлтүүдээ 15 000 000 төгрөгийн зээлээс хасахыг хүссэн ч Хэ зөвшөөрөөгүй. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20 хоногийн хүүгийн хамт буюу нийт 16 000 000 төгрөг төлж, энэхүү зээлийг хаасан. Иргэний хуулийн 282.3-т "Зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан тул 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөж хийхээс өмнөх буюу 2014 оны 10 сараас 2015 оны 3 сарыг дуусталх хугацаанд хүүнд тооцож авсан 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг Хэ бүхэлд нь хүлээн зөөшөөрөхгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Талуудын хооронд байгуулагдаж өмнө нь дуусгавар болсон зээлийн гэрээний хүүг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХаас 28 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Хээс 9 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХид тус тус олгож,

     Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХаас 301 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэд, нэхэмжлэгч Хээс 158 950 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн давж заалдах гомдолд:

Шүүх талуудын хооронд дуусгавар болсон зээлийн гэрээний харилцааг дүгнэж нэхэмжлэгч Хийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Нэхэмжлэгч Хэ нь хариуцагч ХХаас 2015 оны 8 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 2015 оны 4 сард байгуулсан гэрээг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу ХХаас хүү шаардах эрх үүсэхгүй, ХХт мөн хүү төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн. Талууд 2015 оны 4 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээнд гэрээний хугацааг 2014 оны 10 сарын 29-ний өдрөөс 2015 оны 6 сарын 29-ний өдөр хүртэл байсныг хүлээн зөвшөөрч, нотариатч энэхүү гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байдаг. Мөн зээлдэгч ХХ нь бодит үйлдлээрээ хүүг төлж хүлээн зөвшөөрсөн болох нь нотлох баримтаас харагддаг. Мөн Иргэний хуулийн 199.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч хүүг өөрөө хүлээн зөвшөөрч бодит үйлдлээр төлсөн мөн зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдлийг дүгнэж шүүх талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд халдсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Хэ 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 28 720 000 төгрөг хариуцагч ХХаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Талууд дээрх гэрээгээр 16 000 000 төгрөг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар тутамд 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч гэрээний хугацаанд нэг сарын хүү төлж, үндсэн зээл болон 7 сарын хүүг төлөөгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, бичгээр байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримт зэргээр нотлогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцжээ.

 

Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 16 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон 7 сарын хүүнд 11 200 000 төгрөг, үүрэг гүйцэтгэх өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 19 хоногийн алдангид 1 520 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүхээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоосон нь хуульд нийцсэн,  хариуцагч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй болно.

 

Харин шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл муутай болжээ.

 

            Нэхэмжлэгч Хэ, хариуцагч ХХид 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг сар тутамд 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сар хүртэл зээлийн хүүнд 9 000 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч нь 15 000 000 төгрөгийн зээлийн хүүнд бичгийн гэрээ хэлцэлгүйгээр нэхэмжлэгч 9 000 000 төгрөг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргадаг боловч зохигчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бичгээр гэрээ хэлцэл хийх хэлбэрийн шаардлагыг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн гүйцэлдүүлж, 15 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдалд нийцжээ. Тэрээр хариуцагч маргаан бүхий гэрээний үүргийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд нийт 16 000 000 төгрөг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн байх тул  Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондох гэрээний үүрэг дуусгавар болгосон гэж үзэх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжилсэн 9 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болоод агуулгын хувьд өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХаас 28 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэд олгож, хариуцагч ХХийн 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

            шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч Хээс 158 950 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХид олгож” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ