Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 71

 

 “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БСШУСЯ, БӨБЗГ, тус газрын ҮХ-нд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч            Х.Батсүрэн

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ҮХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсгийг, Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

...БСШУСЯны ҮХ-ны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтийн “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

...БСШУСЯанд холбогдуулан БСШУСЯны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

...БСШУСЯ болон “Протек” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0049 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн захирал Ч.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Төрийн өмч бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяннэмэх, Ч.Мөнхзаяа, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяа, Б.Мөнгөнбагана нар,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ҮХ-, БСШУСЯны ҮХ-, БСШУСЯанд тус тус холбогдуулан гаргасан “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ҮХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсэг, Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв гэх хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, БСШУСЯны ҮХ-ны “Протек” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв гэх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох; БСШУСЯ болон “Протек” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай Соёл, урлагын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн БСШУСЯанд холбогдуулан гаргасан БСШУСЯны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаартай “Протек” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0049 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ч.Баярхүү, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиалагч нь тендерт “хамгийн бага” 139,695,000 төгрөгийн санал өгсөн “ЭТ” ХХК-ийг тендерээс “2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр тендерийн хянан үзэх шатнаас хассан. Тэгээд тендерт 160,550,116 төгрөгийн буюу үнээрээ 3-т орсон бөгөөд тендерийн хянан үзэх шатнаас хасагдсан “Протек” ХХК-тай анхны саналаас нь 18,951,584 төгрөгөөр илүү, хууль бусаар хасагдсан “ЭТ” ХХК-иас 39,806,600 төгрөгөөр илүү үнээр шууд гэрээ хийснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв гэж шийдснийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Учир нь тендерийн ҮХ- болон Сангийн яам, анхан, давж заалдах шатны шүүхүүд нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа... гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолтыг үндэслэн тогтооно” гэсэн байна. Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны 194 дүгээр тушаалаар баталсан Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.2(б)-д “сүүлийн /ТШӨХ-д заасан тоо/ жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй, доод тал нь нэг бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага” гэж заасан байна. Захиалагчийн Тендер шалгаруулалтыг өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2(б)-д “сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл ”...онуудын хугацаанд” гэж заасан тул тендерт оролцогч “ЭТ” ХХК нь “сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг 2014 он ба 2016 онд ижил төстэй ажил хийсэн учир гэрээ болон гэрээ дүгнэсэн акт гаргаж өгсөн. Харин 2015 онд ижил төстэй ажил хийгээгүй учир баримт өгөөгүй.

7. Бид дээр дурдсан шаардлагыг хуульд зааснаар “5 хүртэлх жилийн хугацаанд”, тендерийн баримт бичигт зааснаар сүүлийн 3 жилийн хугацаанд нийлүүлэгч компани хэр зэрэг туршлага хуримтлуулсан юм бэ гэдгийг тодорхойлох шаардлага гэж ойлгож байна.

8. Хэрэв захиалагч болон Сангийн яам, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ойлгож байгаа шиг “сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд “жил бүр” гэж ойлгох юм бол тендерт дараах байдлаар маш олон аж ахуйн нэгж оролцох боломжгүй болно. Хүснэгт үзнэ үү.

 

2014

2015

2016

Захиалагчийн ойлгож байгаагаар

Хуулийн ойлголтоор

1

-

-

-

Шалгарахгүй

туршлагагүй

2

+

-

-

Шалгарахгүй

Болно

3

-

+

-

Шалгарахгүй

Болно

4

-

-

+

Шалгарахгүй

Болно

5

+

+

-

Шалгарахгүй

Болно

6

+

-

+

Шалгарахгүй

Болно

7

-

+

+

Шалгарахгүй

Болно

8

+

+

+

Шалгарна

Болно

 

9. Эндээс дүгнэхэд 3 жил дараалан тендерт ялсан 1 л компани байнга шалгарах болно. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим хэзээ ч хэрэгжихгүй. Гэтэл амьдрал дээр, жишээ нь: Эх нялхсын тендерт хүүхдийн зүрхний төрөлхийн цоорхойг бөглөх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер зарлахдаа өрсөлдөөнийг их болгох зорилгоор сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй, доод тал нь нэг бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага шаарддаг. Гэтэл БӨБЗГ болон Боловсрол соёл, шинжлэх ухааны яам хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй хөгжмийн хэрэгсэл дээр 3 жилийн туршлага шаардаж байна. Улмаар хуулийг буруу тайлбарлаж байгаад төсөвт өртөг нь 211,0 сая төгрөгтэй тендерт тухайн хөгжмийг хэрэгслийг 2 жилийн туршлагатай компаниас 40,0 сая төгрөгөөр хямд авснаас 3 жилийн туршлагатай компаниас 40,0 сая төгрөгөөр илүү үнээр авсан нь дээр гэж үзсэн байна. Тендерийн хуулийг уншиж үзэхэд аль болох “хямд үнэ” санал болгосныг шалгаруулах зорилготой байхад манай төрийн байгууллагууд “хямд үнэ” санал болгосон компанийг аль болох ямар нэг үл ялих шалтгаар хасах, тэгээд өөрсдөө тендерийг зориуд 2 удаа будлиулж байгаад хуульд зааснаар “шууд гэрээ байгуулах” байдал руу оруулдаг. Тэгээд “хамгийн өндөр үнэ” санал болгосон компанийг сонгон шууд гэрээ хийдэг. Шууд гэрээ хийх, барааг маш хурдан авах, төлбөрийг шилжүүлэх ажиллагааг гэрлийн хурдаар хийдэг.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь захиалагчийн болон Сангийн яамны ойлгож, тайлбарлаж байгаа шиг “сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд гэдгийг “жил бүр” гэж ойлгох уу? бидний ойлгож, тайлбарлаж байгаа шиг “сүүлийн 3 жилийн хугацааны дотор” буюу “хугацааны туршид” хэр их туршлага хуримтлуулсан юм бэ гэж ойлгох уу гэдэг дээр дүгнэлт өгөхгүй байна.

11. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн “Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх” гэсэн зүйлийн 16.1-д заасан “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.3-д заасан “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн,... худалдан авагчдын тодорхойлолт” гэдэг заалтын “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд” гэдгийг тендерт оролцогчийн сүүлийн 5 жил хүртэлх хугацаанд хуримтлуулсан тодорхой хэмжээний туршлага гэж ойлгох уу, тендерт оролцогч сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд “жил бүр” туршлага хуримтлуулсан байх шаардлагатай гэж ойлгох уу. Учир нь нэг компани сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр нэг барилга барьсан. Нийт 5 жилийн хугацаанд 5 барилга барьсан. Нөгөө компани эхний 2 жилийн хугацаанд жил бүр 5 барилга, нийт 10 барилга барьсан. Харин 3 дахь жилд нь барилга бариагүй. 4 дэх жилд нь 10 барилга, 5 дахь жилд нь 15 барилга барьсан. Нийт сүүлийн 5 жилийн хугацаанд 35 барилга барьсан. Аль компани нь илүү туршлагатай вэ. Нөгөө талаас 35 барилга барьсан компани захиалагчийн барилгыг 17,0 тэрбумаар барьж өгье гэхээр 5 барилга барьсан компаниар 21,0 тэрбум төгрөгөөр бариулъя гэсэн нь тендерийн хуульд хэр нийцэх вэ.

12. Эцэст нь хамгийн бага үнэ санал болгосон “ЭТ” ХХК ба “Бэсткойн” ХХК, өндөр үнэ өгсөн “Протек” ХХК-ийг гурвууланг нь хянан үзэх шатнаас хассан хирнээ анхны өгсөн үнээс нь даруй 18,0 сая төгрөгөөр илүү, “ЭТ” ХХК-иас 40,0 сая төгрөгөөр илүү үнээр “Протек” ХХК-тай ганцааранг нь дуудан шууд гэрээ хийсэн явдлыг ойлгохгүй байна. Төсөвт өртөг нь 211,0 сая төгрөгийн тендер зарлахдаа 40,0 сая төгрөг алдаж байгаа бол 2,1 тэрбумын тендерээс 400,0 сая төгрөг, 21,0 тэрбумын тендерээс 4,0 тэрбум төгрөгийг алдах юм байна.

13. “ЭТ” ХХК-иас өндөр үнэ санал болгосон бөгөөд хянан үзэх шатнаас хасагдсан “Бэсткойн” ХХК-ийг хууль бусаар хассан болохыг Сангийн яам тогтоосон боловч захиалагч нь шууд гэрээг “Протек” ХХК-тай байгуулсан. “Бэст койн” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “гэрээ хэрэгжсэн, бараагаа нийлүүлсэн, төлбөрөө авсан” байтал өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “дахин тендер зарлахыг даалгах” гэж буруу гаргаснаас хэрэгсэхгүй болсон.

14. Иймд, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зөв гэж үзлээ.

16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад ирүүлсэн нэг ч тендер ирээгүй” нь бүх тендерээс татгалзах үндэслэл болохыг, 30.4-т бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн нэгийг гаргана”, 30.4.1-д “...тендерийн баримт бичгийн агуулгад өөрчлөлт оруулж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, 30.4.3-т “энэ хуулийн 30.4.1...заасны дагуу явуулсны үр дүнд 30.1-д заасан нөхцөл дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж тус тус заасныг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ҮХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” ТӨБЗГ/201704019-01 дугаар бүхий нээлттэй тендерийн Багц-2 буюу “техник хэрэгсэл” хэсэгт оролцохоор саналаа ирүүлсэн нийт 6 компаниас “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй,...” гэж татгалзаж, мөн “...2 удаа нээлттэй тендер зарласан...” гэх үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосны дагуу БСШУСЯны ҮХ-ны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлээр “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ. 

17. БСШУСЯны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар албан бичгээр “Протек” ХХК-д шууд гэрээ байгуулах эрх олгосон ҮХ-ны шийдвэр гарсныг мэдэгдэж, тус яам болон “Протек” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг байгуулсан байна.

18. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь ҮХ-ны дээрх 2017 оны 04 болон 1 дүгээр дүгнэлтүүд, 2017 оны 2/12318 дугаар шийдвэр зэргийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох; ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.  

19. Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 18.2(б)-д 2014, 2015, 2016 оны гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлэхээр заасан бөгөөд “ЭТ” ХХК нь 2015 онд төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй боловч, “...2015 онд ажил гүйцэтгээгүй нь хамгийн бага үнийн санал өгсөн тендерээс татгалзах шалтгаан биш, ...шууд гэрээ байгуулах нөхцөл үүсээгүй, 2014, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар баримтыг өгсөн нь ТОӨЗ 18.2 (а)-д аль нэг жилд гэснийг хангасан байхад татгалзсан нь буруу...” гэж, харин хариуцагч нь “...сүүлийн 3 жил тус бүр гэж заасан..., ...энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь зөв...” гэж тус тус маргажээ. 

20. Тодруулбал, Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 18.2(б)-д “...Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд...” гэснийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх нь маргааны гол асуудал байна. 

21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.

22. Мөн дээрх хуулийн “Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.3-т ” ...сүүлийн 5 жил хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа...,...” гэж өөрөөр хэлбэл “энэ заасан хугацааны дотор байхаар” гэж ойлгомжтой, тодорхой заасан дагуу Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 18.2 (б)-д “...Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд...” гэснийг “2014-2016 оны хугацааны дотор” ойлгож хэрэгжүүлэх байтал захиалагч нь “...эдгээр заасан он тус бүрд...” гэх хуульд нийцээгүй үндэслэлээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчжээ.

23. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “...нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигтэй маргаагүй...” гэх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг дүгнэж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

24. Үүнээс гадна нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, өндөр үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана” гэж заасантай нийцээгүй байна. 

25. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн “худалдан авах ажиллагаа гэрээний дагуу хийгдэж, санхүүжилтийг 2017 онд багтаан олгож дууссан...” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа... эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан шийдвэрийн агуулгад нийцжээ. 

26. Тодруулбал, гэрээ хэрэгжиж дууссан, бараа нийлүүлсэн, төлбөрөө бүрэн авсан тул “...хохирлоо нэхэмжлэх эрхтэй...” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус байсныг тогтоолгох ашиг сонирхол байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. 

27. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүй, “...хууль бус байсныг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар огт дүгнэлгүйгээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

28. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч энэ талаар тодруулж тайлбарлаагүй байх тул “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг илт хууль бус байсанд тооцох боломжгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

29. Түүнчлэн БСШУСЯны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, захирамжилсан гэх шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

30. Дээр дурдсан бүгдээс дүгнэвэл “...шүүхүүд маргааны гол асуудлыг дүгнээгүй, ...хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй боловч гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0049 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “УДИРДЛАГА” хэсэгт “106.1 гэсний дараа 106.3.3” гэж нэмж, “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн зарим шаардлагыг хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ҮХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн ЭТ” ХХК-д холбогдох хэсэг, Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн хэсэг, БСШУСЯны ҮХ-ны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтийн “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх”  тухай ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг илт хууль бус байсныг тогтоох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулсугай.

2. Шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ