Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01095

 

 

 

 

 

 

 

 

 

М К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01136 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М К ХХК-ийн хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан нийт 2,406,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Э.Б- нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Мобизоне 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 04 сарын 26-ны өдөр 40132064 тоот гэрээ байгуулж 9901-2248 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2019 оны 02 сарын 14-ний өдөр үйлчилгээгээ Му Моbi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 3,599,000 төгрөгийн үнэтэй IPhone XS 64gb Gold гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Э.Б- нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 9901-2248 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2020 оны 01, 02, 03-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг ярианы төлбөрөөс хасч үлдэх 2,406,264 төгрөгийг төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Э.Б-гээс 9901-2248 дугаарын үйлчилгээний төлбөр 66,910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64gb Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,949,462 төгрөг, торгууль 389,892 төгрөг, нийт 2,406,264 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-гээс 2,016,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389,892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн М К ХХК-ийн 53,451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 47,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Э.Б- нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хэдий ч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол торгууль төлнө гэж тохиролцсон зүйлгүй байх тул хариуцагчаас торгууль гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2019 оны 02 сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээний 3.7-д хэрэглэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хэрэглэгч зээлээр авсан гар утас, багцын 2020 оны 01, 02, 03 сарын төлбөрийг төлөөгүй нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэнээр гэрээг цуцалж хэрэглэгч торгууль төлөх үүрэг үүснэ. Гэрээний 4.1-д хэрэглэгч нь 2 сараас илүү хугацаагаар зээлийн, багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь зээлийн төлбөрийн зөрүүн дээр торгуулийн дүнг нэмж нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь торгууль нэхэмжлэх эрх үүсч байна. Талууд торгууль төлөхөөр гэрээгээр тохиролцсон болохыг нотолсоор байтал торгууль төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээгээр тохирсон анз болох 389,892 төгрөгийг нэмж хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М К ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 99012248 дугаарын үйлчилгээний төлбөр 66,910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64gb Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,949,462 төгрөг, торгууль 389,892 төгрөг, нийт 2,406,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э.Б- нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 04 сарын 14-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 20/

 

Хэрэгт авагдсан 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 40132064 тоот Үйлчилгээний гэрээ, 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 40132064 тоот Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-нээс үзэхэд М К ХХК нь Э.Б-д 9901-2248 дугаарыг эзэмшүүлж, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх, Э.Б- нь гэрээнд заасан төлбөрийг төлөх, мөн М К ХХК нь 3,599,000 төгрөгийн үнэ бүхий IPhone XS 64gb Gold гар утсыг худалдах, Э.Б- нь 24 сарын хугацаанд сар бүр 149,958 төгрөг төлөх үүргийг тус тус харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх 7, 11-12, 13, 14/

 

Дээрх гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, гэрээний нөхцөл зэргээс үзвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Э.Б- нь 2020 оны 01 сараас хойшхи хугацаанд дээрх гэрээ ёсоор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Харилцагчийн гүйлгээ-гээр болон нэхэмжлэгчийн зүгээс уг үүргээ биелүүлэх тухай хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан 0021327032, 00213277032, 0021778930, 0021778930, 0022254942, 0022254942, 0022716030, 0022716030 тоот нэхэмжлэхээр тус тус нотлогдож байна. Мөн хариуцагч Э.Б- нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон нийт 2,406,264 төгрөгийн тооцоололд маргаагүй гэж үзэх үндэслэлтэй. /хх 15, 27-30, 20/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М К ХХК нь 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 40132064 тоот Үйлчилгээний гэрээ-г цуцалж, үйлчилгээний төлбөрийг шаардах, мөн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 40132064 тоот Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний үүргийг хариуцагч Э.Б-гээс шаардах эрхтэй.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 40132064 тоот Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 2.5-д Торгууль гэж гэрээний хавсралт 1-д заасан аргачлалын дагуу тооцсон үнийн дүн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235.5-д заасан ойлголтыг хэлнэ гэж, 3.7-д Зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй гэж, 3.9-д Торгуулийн дүн нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээлийн төлбөрийн зөрүүний хорин (20%) хувьтай тэнцүү байна гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх ...гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол торгууль төлнө гэж тохиролцсон зүйлгүй... гэж дүгнэж 389,892 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцогдох шинжтэй үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол гэсэн нөхцөлийг шууд үгээр гэрээнд тусгасан эсэх нь ач холбогдолгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-гээс 2,406,264 төгрөгийг гаргуулан М К ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 53,451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М К ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 21-ний өдөр төлсөн 12,347 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР