Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01096

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00922 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00919 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч “Архитектур нэгдэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар иргэн Ж.Н- намайг бүртгэлтэй гэж төлбөр барагдуулах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байна. Миний хувьд төлбөр төлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагаар 2016 оны 06 сарын 23-ны өдөр бүртгүүлж байсан нь үнэн боловч өмнөх удирдлага Ч.Цэцгээ, Р.Баяр нар нь “Архитектур нэгдэл” ХХК-ийг өр төлбөрт оруулсан гэдгийг тухайн үед мэдэгдээгүй бөгөөд захирлын ажлыг нь хүлээж авахаас өмнө шүүхэд маргаантай байсан, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн хойно нь шүүхээр шийдвэр гаргуулахдаа оролцуулаагүй өр төлбөртэй хуулийн этгээдийг шилжүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас нь шалтгаалаад өр төлбөртэй хуулийн этгээдийг 2017 оны 02 сарын 06-ны өдөр тамга, гэрчилгээ, үйл ажиллагаа явуулж байсан эд хөрөнгийг бүгдийг нь шинэ захирал Д.Бат, Ж.Сүрэнханд нарт буцаан шилжүүлж өгөн цаашид компанийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний өмч Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамжинд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн миний зорчих эрхэнд халдаж байгаад гомдолтой байна. Одоо 2019 оны 05 сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн бөгөөд миний өмчлөлийн Ү-2206020562 дугаарт бүртгэлтэй автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Иймд “Шинэ иргэншил” дээд сургууль төлбөр авагчтай, “Архитектур нэгдэл” ХХК төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн Ж.Н- надад холбогдуулан явуулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч тал хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 1345 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 1462 дугаар тогтоолоор “Монголын архитектурчдын нэгдэл” ХХК-аас 51,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 415,450 төгрөгийг гаргуулж “Шинэ иргэншил” дээд сургуульд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 рны 03 сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч “Монголын архитектурчдын нэгдэл” ХХК нь шүүхийн заасан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, улсын бүртгэлээс эд хөрөнгийн лавлагаа авахад ямар нэгэн хөрөнгө илрээгүй, 100 хувийн хувьцаа эзэмшигч захирал Ж.Н-ыг дуудан ирүүлж, тайлбар авч, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 100 хувийн хувь эзэмшигч захирал Ж.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, 61-р байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж заажээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61-р байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-од буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасны дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61-р байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 23.6 м.кв талбай бүхий автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан” гэх үндэслэл заан маргажээ. /хх 1-2, 35/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэрээр хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-аас 77,250,000 төгрөг болон 544,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургуульд олгож шийдвэрлэснийг /хх 46-48/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн /хх 49-51/ ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01462 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-аас 51,500,000 төгрөг болон 415,450 төгрөгийг гаргуулахаар эцэслэн шийдвэрлэжээ. /хх 52-54/

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- явуулж байгаа /хх 56/ бөгөөд уг ажиллагааны явцад 2020 оны 09 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ж.Н-ын өмчлөлийн Ү-2206020562 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61-р байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 23.6 м.кв талбай бүхий автозогсоолын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг хийсэн байна. /хх 62/

 

Нэхэмжлэгч Ж.Н- нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргах эрхтэй.

 

Ж.Н- нь төлбөр төлөгч “Архитектур нэгдэл” ХХК-ийг хүлээлгэн өгсөн, үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэж тайлбарлах боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар няцаагдаж байна. Тодруулбал улсын бүртгэлд “Архитектур нэгдэл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ж.Н- бүртгэгдсэн байна. /хх 68, 67/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Н-ыг “Архитектур нэгдэл” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн түүнд мэдэгдэл хүргүүлэх /хх 61, 62/, дуудан ирүүлж тайлбар авах зэрэг ажиллагаа /хх 35/ хийснийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс төлбөр гаргуулах ажиллагааг хийх эрхтэй боловч тэдгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байх учиртай.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ж.Н-ын өмчлөлийн Ү-2206020562 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61-р байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 23.6 м.кв авто зогсоол нь хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө болох нь, мөн хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй болох нь тогтоогдохгүй байх тул холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

Түүнчлэн хариуцагч талын хариу тайлбар, давж заалдах гомдолдоо дурдсан Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь уг маргаанд хамааралгүй буюу компани нь хохирол учруулсан хувьцаа эзэмшигчээс хохирлоо шаардах эрхийг олгосон зохицуулалт болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

                                             

                ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР