Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

 

   Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхтуул, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

ялтан Н.Баярын өмгөөлөгч И.Чимэдбадам, Г.Батцэцэг, С.Галцацрах,  

ялтан Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Баяр, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, А.Нарантуяа болон ялтан Н.Баярын өмгөөлөгч П.Отгонбаяр, Г.Батцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох 201525010414 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тэгш овгийн Нацагийн Баяр, 1965 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 36-5 тоотод оршин суух, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонтой, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕП65070611/

 

2. Жинст овгийн Эрдэнэболдын Энхтулга, 1984 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 11-1 тоотод оршин албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55-85 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦЖ84021478/

 

Н.Баяр нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амгалан” дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоот, Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүний дээрх барилгын нөхөн олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад түүний ашиг сонирхлын дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардаж, хясан боогдуулах замаар 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөг буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт,

 

Э.Энхтулга нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амгалан” дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүний дээрх барилгын нөхөн олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад ашиг сонирхлынх нь дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж хясан боогдуулах замаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Баяр, Э.Энхтулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Прокуророос Э.Энхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Э.Энхтулгыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, үлэмж хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг, Н.Баярыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Э.Энхтулгад тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Н.Баяраас 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Э.Энхтулгын цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр үржүүлэн нийт 5,376,000 төгрөгийг хасч биечлэн эдлэх ялыг 13,824,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Э.Энхтулга нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,

Н.Баярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, битүүмжлэгдэн ирсэн Н.Баярын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143056/0081 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 3б-5 тоотод байрлах 3 өрөө 191,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг буцаан олгож, Э.Энхтулгын эзэмшлийн 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шүүгээ, 650,000 төгрөгийн өмчлөлийн 1 ширхэг хувцасны шүүгээ, 2,975,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ком гал тогооны тавилга, 850,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг ор, 2,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг буйдан зэрэг нийт 7,975,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг Э.Энхтулгад оногдуулсан торгуулийн ялд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан Төрийн банкны Авилгалтай тэмцэх газрын эзэмшлийн 900033401 дугаартай дансанд байршуулсан 60,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            Ялтан Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй, Э.Энхтулгатай хамтран үйлдсэн. Бид хоёр анхнаасаа 60,000,000 төгрөгийг Түмэнжаргалаас авахаар, Түмэнжаргал өгөхөөр ярьж тохирсны үндсэн дээр тус бүр 30,000,000 төгрөг авсан. Тухайн үед хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд Э.Энхтулгатай хамтран Түмэнжаргалаас мөнгө авсан үйлдэл, Түмэнжаргалын хахууль өгөхийг санаачилсан, өгсөн үйлдэл зэргийг нарийн тогтоож, үнэн зөвөөр нь шүүх шийдвэрлэх байх гэж бодож байтал эсрэгээрээ дан ганц намайг буруутгаж, хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: Прокуророос шүүгдэгч Э.Энхтулга нь бусдыг хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан нь нотлогдохгүй байна гэж үзсэнийг нь туйлаас гайхаж байна. Тухайн үед шүүх хуралдаанаар миний болон Э.Энхтулга, Түмэнжаргалын үйлдлүүдийг үнэн зөвөөр, хуулийн дагуу шударга үнэнээр шийдэж чадсангүй.

Түмэнжаргалыг хясан боогдуулсан зүйл огт байхгүй. 2014 оны сүүлээр Түмэнжаргал миний өрөөнд орж ирээд өөрөө 252,677,113 төгрөгөөр үнэлэгдсэн байсан газраа 550,000,000 төгрөгөөр үнэлээд өгөөч гэж гуйж тохиролцсоны үндсэн дээр Түмэнжаргал, Э.Энхтулга бид 3 газрыг 550,000,000 төгрөгөөр үнэлж гарын үсэг зурсан. Мөнгө өгөх талаараа санаачлан энэ ажлыг маань ямар нэг аргаар бүтээгээд л өг гэж гуйж ирсэн. Байхад хясан боогдуулсан гэж үзээд байгааг гайхаж байна. Хуулиараа бол авилга авсан, өгсөн хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой атал авилга өгсөн Түмэнжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, надтай хамт бүлэглэн мөнгө авсан Э.Энхтулгын үйлдлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь нэг талыг барьж, хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Газраа бүрэн чөлөөлсөн тул төлбөрөө 100 хувь олгоно гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ мэдсээр байж Э.Энхтулга бид хоёр Түмэнжаргалаас нийт 60,000,000 төгрөг авсан байхад ялгамжтай ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн гэрээний дагуу Түмэнжаргалын данс руу 550,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Иймд 60,000,000 төгрөг өгсөн Түмэнжаргалын үйлдэл болон, 60,000,000 төгрөг авсан Э.Энхтулга бид хоёрын хамтран бүлэглэж үйлдсэн үйлдлийг тус бүрд нь нарийн шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч П.Отгонбаяр, Г.Батцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Баярт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Б.Энхтулгад ялыг ялгамжтай оногдуулсан, Б.Түмэнжаргалын үйлдэл, холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд дараах гомдлыг гаргаж байна.  

Г.Түмэнжаргалын “Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргахдаа газрын албаны мэргэжилтэн Энхтулга нь удаа дараа утсаар ярьж дарга Баяр болон өөртөө 60,000,000 төгрөг өг гэж шаардсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-4/,

Гэрч Т.Батбилэгийн “Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан. Тэгсэн Баяр дарга над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү. Баяр даргатай өрөөнд нь уулзаж байхад Н.Түмэнжаргал 550,000,000 төгрөгөөр газраа үнэлүүлэх саналтайгаа хэлж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-1/,

Гэрч Н.Болормаагийн “Түмэнжаргалын материалыг үндэслээд ахлах мэргэжилтэн Ариунжаргал бид зардлын арга хэрэглэн үнэлгээг 252,667,113 төгрөгөөр хийсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-7/,

Гэрч Э.Цэвэлдоржийн “Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр болон ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарын хамт тухайн айл өрхийн төлөөлөгчийг байлцуулан үнэлгээг тохиролцон тэмдэглэл үйлддэг юм. Ингээд тохирсон үнэ дээрээ 2 талаас гарын үсэг зурж, баталгаажуулаад үүнийгээ нөхөн олгох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл оруулдаг. Энэхүү захирамжийн төслийг хариуцаж Энхтулга мэргэжилтэн хийдэг” гэсэн мэдүүлэг /2-р хх-20/,

Гэрч С.Ариунжаргалын “Г.Түмэнжаргалын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэргэжилтэн Болормаа хийсэн. Миний хувьд ахлах мэргэжилтэн учир хийсэн үнэлгээнд оролцож, өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардалд тооцоод 252,677,113 төгрөгийн үнэлгээ хийж гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-4/-ээс дүгнэвэл:

1. Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нь хээл хахууль авах гэмт хэрэгт Н.Баяртай бүлэглэн оролцсон байж болох үндэслэлтэй байх тул Э.Энхтулга энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн эсэх талаар дахин нарийвчлан шалгуулах. Дээрх гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шалгаж үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна. Дээрх гэрч нарын мэдүүлгүүдээс Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нар нь Эрүүгийн хуульд заасан зарим хүндрүүлэх нөхцөл байдлууд, зарим гэмт хэргийг үйлдсэн үндэслэл байсаар байхад хэргийг шалгахдаа нийлмэл гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгалгүйгээр шийдвэрлэснийг дахин шалгуулах.

2. Г.Түмэнжаргал нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хөдөлгөөн хувьчлалын мэргэжилтэн ажилтай Н.Болормаа, С.Ариунжаргал нарын өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардал тооцоод 252,677,113 төгрөг гэсэн бодит үнэлгээг хийсэн байхад Түмэнжаргал нь Н.Баяр болон Э.Энхтулга нартай үгсэн тохирч, үнийг хуурамчаар 550,000,000 төгрөгөөр үнэлж онц их хэмжээний мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгуулах.

З. Г.Түмэнжаргал нь гэрч Т.Батбилэгийн “Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан. Тэгсэн Баяр дарга над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү, Баяр даргатай өрөөнд нь уулзаж байхад Н.Түмэнжаргал 550,000,000 төгрөгөөр газраа үнэлүүлэх саналтайгаа хэлж байсан” гэж мэдүүлснээр бусдад хээл хахууль амлаж, өгсөн байж болох үндэслэл байх тул энэ гэмт хэргийн бүрдэл байгаа эсэх талаар дахин шалгуулах.

4. Миний үйлчлүүлэгчид шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу хясан боогдуулж бусдаас авлига авсан гэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч хясан боогдуулсан зүйл огт байхгүй гэдэг нь гэрч Г.Галсайханы “16 цагийн үед Түмэнжаргал над руу залгаад найз нь 2 хүнтэй танайх руу очлоо чи сул ширээ байлгаж байгаарай гэсэн, тэгээд удаагүй Түмэнжаргал 2 эрэгтэй хүний хамт ирсэн тэр 3 ширээнд сууж хоол захиалан идэж яриад сууцгаасан. Тэд нилээн удаан 22 цаг хүртэл сууцгаасан, архи ууцгааж байсан. Тэр 3 цувраад хамт гарцгаасан” гэх мэдүүлэг /2-р хх-23/,

Гэрч Т.Батбилэгийн “Түмэнжаргал над руу утсаар ярихдаа хэлж байсан. Н.Баяр даргатай архи уугаад нэхээд байсан мөнгийг нь өгөөд саллаа гэж ярьж байсан” /2-р хх-2/ мэдүүлгээр үгүйсгэгдсэн ба харин ч эсрэгээрээ урьдчилан уулзаж хашаа байшингаа өндөр үнээр үнэлүүлэх зорилгоор бусдаар дамжуулан уулзаж тохирсон, шан харамж амласан, уулзаж хоол идэж, архи ууж амласан мөнгөө өгсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэрэгт мөрдөн байцаалтын зайлшгүй зарим нэг ажиллагаануудыг хийж яаж хясан боогдуулсан талаар тодруулж шалгах.

Хууль тогтоогч хясан боогдуулах гэдгийг тухайн этгээдэд тохиолдсон аливаа шаардлага тулгамдсан хэрэгцээ үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгохыг ойлгоно эсвэл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ гэж заасан байхад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж зөвхөн Түмэнжаргалын мэдүүлгээр нэг талыг барьж ял оноосон нь учир дутагдалтай байна. Хэрвээ Түмэнжаргалын газрыг бодит үнэлгээгээр 550,000,000 төгрөгөөр үнэлээд тэр мөнгөнөөс нь авлига авсан бол энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу хясан боогдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзэж болох юм гэтэл бодит үнэлгээгээр 250,000,000 төгрөгөөр үнэлээд байхад Түмэнжаргал нь 550,000,000 төгрөгөөр үнэлүүлж их хэмжээний төгрөг авах гэсэн шунахай зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдаар дамжуулан эхэлж уулзаж санаачлагыг гаргасан атлаа тэр мөнгөнөөс амласнаа өгч байгаа нь хясан боогдуулсан гэх шинж үгүйсгэгдэж байна. Иймд дээрх гэмт үйлдлийг шалгуулах хүсэлт гаргаж байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээг зөв тодорхойлох шаардлагатай. Хэн аль нь 30, 30 сая төгрөг авчихаад байхад нэгийг нь их хэмжээний, нөгөөхийг нь үлэмж хэмжээний хээл хахууль авсан гэж ялыг ялгамжтай оногдуулсан нь ойлгомжгүй байх тул энэ талаар дахин ажиллагаа хийж хохирлын хэмжээг бодитой тогтоох.

Дараах байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул процессын зөрчлүүдийг зөвтгүүлэх шаардлагатай байна. Үүнд:

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-31/-д АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч албан тушаалтай А.Цэдэн-Иш нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн нэгжлэг хийх тогтоолыг уншиж сонсгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 140, 146, 154 дүгээр зүйлийг баримтлан тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлд “Байцаалтын тэмдэглэл” гэж заажээ. 154 дүрээр зүйлд “Байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзах, гарын үсэг зурах боломжгүй байдлыг батлах” гэсэн байна. Нэгжлэг хийлгэж байгаа Э.Энхтулгад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 140 дүгээр зүйлийг баримтлан нэгжлэг үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэх байсан атал уг хуулийн 146, 154 дүгээр зүйлүүдийг баримтлан нэгжлэг хийсэн нь тогтоолын ач холбогдлыг алдагдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хууль буруу хэрэглэсэн байна. Нэгжлэг явуулж байгаа талаар тэмдэглэл хөтлөж байгаа мөртлөө байцаалт тэмдэглэл болгосон, нэгжлэг хийлгэсэн этгээд ямар нэгэн байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх тэмдэглэлд гарын үсэг зурахгүй татгалзсан асуудал огт гаргаагүй байхад дээрх зүйл заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 154 дүгээр зүйлийг нэгжлэг хийлгэсэн этгээд татгалзсан гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд тусгайлан тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргадаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Иймд нэгжлэг хийсэн тогтоолыг зөвтгүүлэх.

Мөн нэгжлэгийн ажиллагаанд Б.Энхтулга гэдэг хүнийг байлцуулсан. АТГ-ын мөрдөн байцаагч Б.Энхтулга гэснийг гараараа засаж Э.Энхтулга болгосон. Гарын үсэг зурах сүүлийн хэсэгт Э.Энхтулга гэж бичсэн зэргээс үзвэл дээрх нэгжлэг хийсэн тогтоол нь хэнийг оролцуулаад байгаа нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулж ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг нэгжлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр АТГ-ын комиссарууд болох Л.Батсайхан, Ш.Бархасбадь нарыг оролцуулсан нь мөн л хууль зөрчсөн байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж хээл
хахууль өгөгчийн ашиг сонирхлыг нотлох, хээл хахууль өгөх, авахыг хэн
санаачилсан болоод хэрэгт хамтран оролцогчдын үйлдэл, холбогдлыг нарийн тогтоож, хэргийг тал бүрээс нь шалгуулж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Н.Баярын өмгөөлөгч А.Нарантуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Н.Баярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял ногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Н.Баярт холбогдох хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, нотлох баримт дутуу зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай: Үүнд

1. Иргэн Түмэнжаргалын нөхөн олговрыг анх хэн үнэлсэн, материалыг хэн үнэлж
бүрдүүлсэн асуудал тодорхойгүй. Э.Энхтулга нь Н.Баярыг бүх асуудалд буруутгаж шүүх
хуралд мэдүүлсэн. Гэтэл урьдчилсан мөрдөн байцаалтын явцад уг үнэлгээний асуудлыг
4-өөс 5 хүний бүрэлдэхүүнтэй комиссын шийдвэрээр үнэлж, уг мөнгийг олгох асуудлыг
хэрхэн шийдвэрлэснийг тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайн үед “Амгалан дулааны станц”
барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-
15 дугаар гудамжны газрыг иргэдтэй тохиролцож хурдан чөлөөлж, оны эцэс болсон байсан учир төлбөрийг яаралтай олгох ажлыг Н.Баярын хэлтэс хариуцан ажиллаж байсан
бөгөөд тухайн иргэн Түмэнжаргалын газрын холбогдох бүх материал танилцуулга,
төлбөр тооцоог хариуцсан мэргэжилтэн тухайлбал Э.Энхтулга хариуцаж байсан нь
шүүгдэгч болон хэргийн материалаар нотлогдсон.

Шүүх хуралд бүх асуудлыг Н.Баярыг дангаар хариуцаж байсан мэт мэдүүлэг гаргаж илт гүтгэлгийн чанартай зөрүүтэй мэдүүлэг гаргасныг шүүх хүлээн авсанд гомдолтой байна. Иймд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд Н.Баяр, Э.Энхтулга нарыг нүүрэлдүүлж байцаалт авах шаардлагатай.

2. Э.Энхтулга нь Түмэнжаргалаас эхлээд мөнгө авсан байдаг. Уг
авсан 30,000,000 төгрөгийг хулгайд алдсан гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан боловч энэ асуудлыг огт шалгаагүй. Үнэн худал нь үл мэдэгдэх ийм асуудлыг орхигдуулсан нь учир дутагдалтай байна. Э.Энхтулга нь энэ авсан мөнгөө алдсан нөхцөлд Н.Баярт өөрөөсөө 10,000,000 төгрөгийг худалдаж авсан хөөрөгний үнэ гэж өгсөн гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байхад Н.Баярыг нийт 40,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэж ял ногдуулсан нь үндэслэлгүй юм. 10,000,000 төгрөгийг Э.Энхтулга нь өөрөөсөө гаргаж өгсөн нөхцөлд уг мөнгө нь хахуулийн мөнгө биш болно.

Э.Энхтулга нь Түмэнжаргалаас 30,000,000 төгрөгийг хүлээн авснаар түүний үйлдэл нь дуусгавар болох бөгөөд дараа нь уг мөнгийг хэрхэн яасан асуудлаас үл хамаарч хээл хахууль авсан үнийн дүнгийн хувьд авсан хэмжээгээр тооцогдох үндэслэлтэй.

Иймд дээрх асуудлыг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шатанд ч тодруулаагүй.

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 684 дугаартай магадлалд заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтын дагуу “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг” мөрдөн байцаалтаар нотлох үүрэгтэй. Түмэнжаргалын хашаа байшин, газрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцож үнэлсэн нь хууль дүрэм зөрчсөн эсэх, зөрчсөн нөхцөлд уг 550,000,000 төгрөгийг битүүмжлэх, хамгаалах, хохирогчийг тогтоох зэрэг зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг орхигдуулсан байна гэсэн заалтыг хийгээгүй байхад шүүх Н.Баярыг буруутгаж ял ногдуулсанд гомдолтой байна.

4. Г.Түмэнжаргал нь энэ хэрэгт дээр дурьдсан олон асуудал бүрхэг, тодорхойгүй байхад гэрчээр, хохирсон гэж анх өргөдөл гаргасан нөхцөлд хохирогчоор орж хэдэн төгрөгийг ямар зорилгоор өгсөн тухайгаа тодорхой гэрчилж мэдүүлэх үүрэгтэй байхад түүнийг оролцуулахгүйгээр Н.Баярт ял шийтгэл ногдуулсан нь түүний эрх ашгийг хэт хохироосон асуудал болж байх тул дээрх асуудлыг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Н.Баярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийн тухай.

1. Н.Баярыг Г.Түмэнжаргалаас хясан боогдуулах замаар их хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан ялын дүгнэлт үйлдсэн асуудал нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүн Н.Баярын үйлдэлд нийцэхгүй байна. Үүнд: Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хуулийн тухайн заалтын тайлбарт “хээл хахууль авах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хээл хахууль өгөх, авах нөхцөл байдлыг зориудаар бий болгох нөхцөл үүсгэсэн байх, мөн төрийн албан тушаалтанд зүй бус давуу тал амлах, санал болгох зэргээр харилцан тохиролцож, өгөгч авагч хоёрын хооронд зөвшилцөл бий болсон байх ёстой” гэж тайлбарласан. Гэтэл Н.Баяр нь өөрийн ажлын хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаагүй. Мөн Н.Баяр Г.Түмэнжаргалд ямар нэг зүйл амласан, санал болгосон, зөвшилцсөн үйлдэл, санал бий болоогүй. Иймд Н.Баяр нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж тэмдэг болох нөхцөл байдлыг үүсгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Энэ гэмт хэргийн объектив тал нь гэвэл албан тушаалтан нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар санаатайгаар огт биелүүлэхгүй байх нөхцөл үүссэн байх ёстой. Н.Баярын хувьд албан тушаалынхаа үүрэгт ажлыг биелүүлсэн бөгөөд ямар нэг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаагүй болно.

3. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хясан
боогдуулах замаар гэдгийг хээл хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага,
тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүний хүсэлтийг хээл хахууль өгсөн тохиолдолд л
бүтээх боломжтой гэдгийг илэрхийлсэн байх гэж тайлбарласан.

Н.Баяр нь Г.Түмэнжаргалын нөхөн олговор авах хүсэлтийг урьдчилан ямар ч хээл хахууль авалгүй, амлахгүйгээр шууд ажил үүргийнхээ хувьд зохих журмын дагуу Г.Түмэнжаргалыг хохиролгүйгээр бүтээж өгсөн.

4. Г.Түмэнжаргал нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нөхөн олговороо 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан. Н.Баяр Г.Түмэнжаргалаас 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу Г.Түмэнжаргал мөнгөө авснаас хойш бүтэн сарын дараагаар 30,000,000 төгрөгийг гуйж авсан. Цаг хугацааны хувьд ч Н.Баяр нь Г.Түмэнжаргалаас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэх үндэслэл бүрдэхгүй байна. Г.Түмэнжаргал нь Н.Баярт уг мөнгийг өгөхгүй байх эрх нь, нөхцөл нь бүрэн байсан болно. Энэ утгаараа Н.Баярын үйлдэлд Г.Түмэнжаргалын хүсэлтийг хясан боогдуулж байж хээл хахууль авсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Н.Баярын үйлдлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийдвэрлэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг... хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шан харамж авсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг шинээр баригдах барилга, байгууламж, авто замын трасст орж буй нэгж талбарын бүртгэл хийх судалгаа гаргах, газар зохион байгуулалт хийх, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий төрийн байгууллага болно.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Н.Баярын өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Н.Баярыг албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцжээ.

Албан үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нотлох баримт нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээ, энэ хүү гэрээг нэг талаас Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж Н.Баяр, Э.Цэвэлдорж нөгөө талаас өмчлөгч иргэн Г.Түмэнжаргал нарын хооронд байгуулсан иргэний гэрээ болно. Харин ч талуудын хүсэл зориг газрыг нэн яаралтай чөлөөлөх нөхөн олговорыг цаг алдалгүй олгох асуудал байсан. Иймээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж болохоор байгаа. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээний 2.1 дэх заалтыг зөрчсөн. Энэ нь эрүүгийн хэрэг болгох үндэслэл, шалтгаан болохгүй.

Энэ талаар улсын яллагч эргэлзэж байсан нь түүний Н.Баярыг яллаж байсан яллах дүгнэлтээс харагдана. 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн яллах дүгнэлтэд “2015 оны 1 дүгээр сард Г.Түмэнжаргалаас хясан боогдуулах замаар их хэмжээний хээл хахуул авсан, 2014 оны 12 дугаар сард Э.Энхтулгад Г.Түмэнжаргалаас өгсөн 30,000,000 төгрөгөөс 2015 оны 1 дүгээр сард 10,000,000 төгрөгийг авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй” гэж дүгнэж байснаа өөрчилж яллаж шүүхэд шилжүүлсэн.

Хясан боогдуулж гэсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол дотроо зөрчилтэй болжээ. Учир нь Э.Энхтулга хясан боогдуулаагүй Н.Баяр хясан боогдуулсан мэтээр дүгнэсэн нь шүүгчид тухайн ойлголтын хувьд эргэлзээтэй байгааг харуулж байна гэж үзэж байна. Их хэмжээний хохирол нь энэ зүйл ангиар зүйлчлэх зүйтэй гэж хуульчид үзсэн тохиолдолд угаасаа хүлээн зөвшөөрөх хэмжээ болно.

Гэхдээ шүүх Э.Энхтулгаас авсан 10,000,000 төгрөгийг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлээд, түүнийг өршөөлийн хуульд хамарсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол улсын Засгийн газраас “Амгалан дулааны цахилгаан станц” барих тухай 2012 оны 150 дугаар тогтоол гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Монгол улсын Эрчим хүчний яамны 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн В/987, болон “Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа”-ны 3, 4, 5, 75 дугаартай албан бичгүүдээс харахад “Амгалан дулааны станц”-ын газрын асуудал газар чөлөөлөлтийн ажлаас болж хугацаа алдаж байсныг гэрчилнэ.

Газар   чөлөөлөх   ажиллагаа   нь   шинээр   нарийвчлан   зохицуулалт   хийх шаардлагатай мөн төсөвт тусгуулах шаардлагатай тулгамдсан асуудал байсан байна. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/40 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” тогтоол гаргасан хэрэгт нотлох баримтаар хавсаргагджээ. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 126 тоот тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих” журмыг батлан гаргасан байна. Нийслэлийн өмчлөлийн харилцааны газарт “Газар чөлөөлөх хэлтэс зохион байгуулахын ажлын даргаар нь Н.Баярыг томилсон мөн менежерийн үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Хэлтсийн даргын чиг үүрэг, эрх хэмжээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс албан тушаалтны захирамжлах болон захиран зарцуулах эрх аль нь ч байхгүй. Харин журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж гэрээ байгуулах эрх байгаа энэ гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар баталж Нийслэлийн өмчийн харилцааны газрын тамга дарагдана. Газрын өмчлөгч Г.Түмэнжаргалтай нөхөн олговрын дүн дээр тохиролцож тэмдэглэл хөтөлнө. Харин газар чөлөөлсөн тухай баримтад гарын үсэг зураагүй. Эдгээр баримтын дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А/1038 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Өмчлөгч Г.Түмэнжаргалд 550,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ бүх нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Гэрээний зөрчил байгаа боловч энэ нь талуудын хүсэл зоригийг гажуудуулаагүй. Н.Баяр 2014 оны 12 дугаар сард Энхтулга Г.Түмэнжаргалаас 30,000,000 төгрөг авсан болохыг 2015 оны 1 дүгээр сард мэдсэн. Эхлээд 2015 оны 1 дүгээр сард 30,000,000 төгрөг Г.Түмэнжаргалаас авсан. Дараа нь Э.Энхтулгаас 10,000,000 төгрөг авсан. Г.Түмэнжаргалын нөхөн олговор авах зөвшөөрлийг олж өгсөн үйлдэлдээ шан харамж авсан.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ хэт нэг талыг буюу хүндрүүлэх байдлаар хандсан байна. АТГ өөрийн харъяаллын хэрэг болгохын тулд хохирогчийн монгол кирилл үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан АТГ-ын ажилтан өргөдлийг бичиж өгсөн. Эхнээсээ хээл хахуулийн гэмт хэрэг гээд ойлгож шалгаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн эргэлзээ төрөнгүүт заавал шийтгэхээр муйхарлан зүтгэсэн байдал харагдана. Мөн Н.Баяр нь хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад түүнийг хуульд зааснаас хөнгөн ялаар шийтгэх болон жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх хуулийн заалтыг хэрэглээгүй, маш их хүндрүүлэн шийдсэн. Н.Баярт холбогдох үйлдэл, эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Хэрэв 30,000,000 төгрөг авсан үйлдэл нь хууль бус гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Н.Баярт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Б.Энхтулгад ялыг ялгамжтай оногдуулсан, Б.Түмэнжаргалын үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

Г.Түмэнжаргалын “Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргахдаа газрын албаны мэргэжилтэн Энхтулга нь удаа дараа утсаар ярьж дарга Баяр болон өөртөө 60,000,000 төгрөг өг гэж шаардсан”, Т.Батбилэгийн “Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан. Тэгсэн Баяр дарга над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү. Баяр даргатай өрөөнд нь уулзаж байхад Н.Түмэнжаргал 550,000,000 төгрөгөөр газраа үнэлүүлэх саналтайгаа хэлж байсан”, Н.Болормаагийн “Түмэнжаргалын материалыг үндэслээд ахлах мэргэжилтэн Ариунжаргал бид зардлын арга хэрэглэн үнэлгээг 252,667,113 төгрөгөөр хийсэн”, Э.Цэвэлдоржийн “Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр болон ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарын хамт тухайн айл өрхийн төлөөлөгчийг байлцуулан үнэлгээг тохиролцон тэмдэглэл үйлддэг юм. Ингээд тохирсон үнэ дээрээ 2 талаас гарын үсэг зурж, баталгаажуулаад үүнийгээ нөхөн олгох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл оруулдаг. Энэхүү захирамжийн төслийг хариуцаж Энхтулга мэргэжилтэн хийдэг”, С.Ариунжаргалын “Г.Түмэнжаргалын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэргэжилтэн Болормаа хийсэн. Миний хувьд ахлах мэргэжилтэн учир хийсэн үнэлгээнд оролцож өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардалд тооцоод 252,677,113 төгрөгийн үнэлгээ хийж гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэвэл:

1. Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нь хээл хахуул авах гэмт хэрэгт Н.Баяртай бүлэглэн оролцсон байж болох үндэслэл байх тул Э.Энхтулга энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн эсэх талаар дахин нарийвчлан шалгуулах шаардлагатай. Дээрх гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шалгаж үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна. Дээрх гэрч нарын мэдүүлгүүдээс Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нар нь Эрүүгийн хуульд заасан зарим хүндрүүлэх нөхцөл байдлууд, зарим гэмт хэргийг үйлдсэн үндэслэл байсаар байхад хэргийг шалгахдаа нийлмэл гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгалгүйгээр шийдвэрлэснийг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгуулах шаардлагатай байна гэж үзэж байна.

2. Г.Түмэнжаргал нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын, өмчийн хөдөлгөөн хувьчлалын мэргэжилтэн ажилтай Н.Болормаа, С.Ариунжаргал нарын өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардал тооцоод 252,677,113 төгрөг гэсэн бодит үнэлгээг хийсэн байхад Түмэнжаргал нь Н.Баяр болон Э.Энхтулга нартай үгсэн тохирч, үнийг хуурамчаар 550,000,000 төгрөгөөр үнэлж, онц их хэмжээний мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгуулах нь зүйтэй.

Н.Баярыг хясан боогдуулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг гэж зүйлчилсэн. Миний хувьд хясан боогдуулсан гэж үзэхгүй байна. Эхлээд 60,000,000 төгрөгийг Н.Баяр өөртөө авсны дараа тухайн ажлыг нь бүтээж өгсөн байвал хясан боогдуулах гэж үзнэ. Г.Түмэнжаргал 550,000,000 төгрөг дансаар нь шилжиж ороод нэг сарын дараа мөнгөө өгсөн. Н.Баяр, Э.Энхтулга нар хоёулаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсгээр прокуророос зүйлчлэгдэж ирсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Э.Энхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, Н.Баярт мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яд оноосон нь ялыг ялгавартай өгсөн гэж үзэж байна. Э.Энхтулгын хохирлын мөнгө 20,000,000 төгрөг гэж үзэж байгаа нь буруу гэж бодож байна. Э.Энхтулга “Машины цонхыг хагалаад 10,000,000 төгрөг хулгайд алдсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэр үйлдлийг тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй нь хэрэгт нотлогдсон зүйл байхгүй байхад хохирлын хэмжээг багасгаад Э.Энхтулга 20,000,000, Н.Баяр 30,000,000 төгрөг гэж шийдсэн нь үндэслэлгүй гэж бодож байна. Хэрвээ өөрөөсөө 10,000,000 төгрөг өгсөн гэж үзвэл үүнийг авилга гэж үзэж болохгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үйлдэл оролцоог нарийвчлан шалгуулж өгнө үү.” гэв.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Ялтан Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Баяр болон түүний өмгөөлөгч нарын бичсэн гомдол болон тайлбараас үзэхэд Э.Энхтулгатай ижилхэн ял өгсөн байсан бол гомдол гаргахгүй байсан гэх зүйл ярьж байна. Н.Баяр мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр гомдол бичсэн байна. Н.Баяр “Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нартай ярилцаж байгаад 60,000,000 төгрөгийг Э.Энхтулга бид 2 авахаар болсон” гэж хэлдэг. Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нарын хувьд өөрөөр мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрчийн мэдүүлгүүдээр өөр зүйл яригддаг. Н.Баярын өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдолд “Түмэнжаргал над руу яриад, Н.Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан. Н.Баяр дарга над руу утасдаад танай найзын асуудал болохоор болсон шүү. Н.Баяр даргатай өрөөнд нь уулзаж байхад Г.Түмэнжаргал 550,000,000 төгрөгөөр газраа үнэлүүлэх саналтай байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ 550,000,000 төгрөг гэдгийг хэн тохироод байгаа юм бэ, 550,000,000 төгрөгийг шийдсэнээр 60,000,000 төгрөгийг Г.Түмэнжаргалаас хэн нэхээд байгаа гэдгийг нь анх Г.Түмэнжаргалыг Н.Баяр даргатай уулзуулж өгсөн гэрч Т.Батбилэг мэдүүлдэг. Мөн Т.Батбилэгийн мэдүүлэгт “Г.Түмэнжаргал над руу яриад Н.Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлсэн. Тэгсэн Н.Баяр дарга над руу утасдаад танай найзын асуудал болсон шүү” гээд дахиад энэ гэрчийн мэдүүлгийг иш татсан. Хэн хэдэн төгрөг авсан асуудал гарч ирж байна. Анх 30,000,000 төгрөгийг Э.Энхтулгад өгсөн боловч 30,000,000 төгрөг нь Н.Баярын мөнгө байсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Н.Баяр Г.Түмэнжаргалыг дуудаад “чи надад мөнгө өгнө гэсэн чинь яасан бэ гэж хэлэхэд Г.Түмэнжаргал би мөнгийг чинь Э.Энхтулгад өгсөн гэдгийг нь хэлсэн улмаар Н.Баяр Г.Түмэнжаргалын хажууд Э.Энхтулгаас мөнгөө нэхсэн. Ингээд Э.Энхтулга “би мөнгийг чинь өгнө” гэж хэлээд Н.Баяр, Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нар Япон ресторан руу орсон. Ресторанд орсон талаар гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Н.Баяр Э.Энхтулгаас нөгөө мөнгөө шаардсаны үндсэн дээр  Э.Энхтулга Н.Баярт өгөх ёстой мөнгийг алга болгосон гэдэг мэдүүлгүүд байдаг. Тэгээд 30,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг нь Н.Баярт өгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг удахгүй өгөх асуудал яригдсан байдаг. Н.Баяр нь Г.Түмэнжаргалаас шаардаж байгаад нэмж мөнгө авсан үйлдэл байдаг. Анх 60,000,000 төгрөгийг хэн авах байсан, хэн тохирсон бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй. 20,000,000 төгрөгийг Э.Энхтулга яасан нь тодорхойгүй. 60,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөг нь Н.Баярт очсон. Энэ байдлуудыг дүгнээд үзэхэд хэргийг анхан шатны шүүх тал бүрээс нь харж, үнэн зөв шийдсэн гэж үзэж байна. Хэн шаардсан, хэн тохиролцсон, хэн авсан гэдэг нь хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Н.Баярын давж заалдсан гомдолд “анхнаасаа 60,000,000 төгрөгийн хахууль авахаар Г.Түмэнжаргалтай тохироод Э.Энхтулга бид 2 бүлэглэж үйлдсэн” гэж дурдьсан байна. Ялтан Н.Баяр нь өмнө бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлэг өгч байгаагүй. Н.Баярын дурьдаад байгаа гомдлууд хэрэгт авагдсан дараах баримтуудаар няцаагдаж байна. Э.Энхтулга дангаараа Г.Түмэнжаргалаас 2014 оны 12 дугаар сард 30,000,000 төгрөгийн хээл хахууль авсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдээд дууссаны дараа Н.Баяр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдээгүй байсан. Э.Энхтулгын Г.Түмэнжаргалаас авсан 30,000,000 төгрөгийн тодорхой хэсгийг Э.Энхтулга Н.Баярт өгөх талаар тэд нарын хооронд ямар нэгэн яриа тохиролцоо гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө огт хийгдээгүй болох нь тогтоогдсон. Н.Баяр энэ талаар 2015 оны 1 дүгээр сард Г.Түмэнжаргалаас хээл хахуулийн мөнгөө нэхэж, тулган шаардаж, хясан боогдуулах үйлдлээ хийж эхлэх үедээ мэдсэн байдаг. Улмаар Н.Баяр 2015 оны 1 дүгээр сард Г.Түмэнжаргалаас 30,000,000 төгрөг буюу их хэмжээний мөнгийг хээл хахуульд хясан боогдуулах замаар авсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эдгээр нөхцөл байдлуудаас дүгнээд үзэхэд Н.Баяр, Э.Энхтулга нарын гэмт хэрэг үйлдсэн үе шат нь тусдаа цаг хугацаанд гэмт санаа бодлоо хэрэгжүүлж эхлээд, үйлдэж төгсгөсөн тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон гэж үзээд прокуророос тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ Э.Энхтулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Үүнд улсын яллагчийн зүгээс нэгэнт анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, би тухайн үед ээлжийн амралтаа эдэлж байсан тул эсэргүүцэл бичих боломжгүй болсон. 10,000,000 төгрөгийн асуудал бол гэмт хэрэг үйлдэгдээд, үйлдэгдсэний дараа Н.Баяр нь Э.Энхтулгаас хээл хахуулиар 30,000,000 төгрөгийг олж авсаныг мэдсээр байж, урьдчилан амлалгүйгээр нэхэж авсан үйлдэл юм. Н.Баярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал буюу 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Үүнийг өмгөөлөгч нар хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй юм шиг тайлбарлаад байна. Яллах дүгнэлтэд гүйцэтгэх ёсгүй ямар үйлдлийг хийгээд, албан үүргийнхээ ямар үйлдлийг хэрэгжүүлээгүй гэдэг асуудал яригдаж байна. Үнэлгээний асуудал дээр Н.Баяр, Э.Энхтулга нарыг яллаагүй юм. Анх яллах дүгнэлт үйлдэхдээ үнэлгээг өндөр үнээр хийлгэснээр бусдаас хээл хахууль авсан байна гэдэг үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтоож байсан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явахад гэрээгээр үүрэг хүлээсэн Н.Баяр нь “газраа бүрэн чөлөөлсөн тохиолдолд 100 хувь олгоно” гэсэн үүргээ биелүүлэлгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн. Мөн Г.Түмэнжаргалыг ашиг сонирхлынх нь дагуу газраа бүрэн чөлөөлөөгүй байхад нь газар чөлөөлж, хүлээлцсэн акт дээр Н.Баяр, Э.Энхтулга нар нь тус тус гарын үсэг зураад албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргийн хувьд хэрэгжүүлээгүй нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа учраас уг үйлдэлд заасан шаардлагын дагуу хээл хахууль авсан байна гэж дүгнээд яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж өмгөөлөгч нар давж заалдах гомдлуудад дурьдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь аж ахуйн эсрэг гэмт хэрэгт хамаарагдаж байдаг. Субъект нь тусгай субъект шаардаж, аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд байдаг. Магадгүй тухайн газар дээр Г.Түмэнжаргал нь банк бус санхүүгийн байгууллага байгуулах гэж байсан асуудлаас үүдээд Н.Баяр нь банк бус санхүүгийн байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байсан болоод 30,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхыг үгүйсгэхгүй. Хэргийн нөхцөлд байдалд тийм зүйл тогтоогдоогүй. Монгол Улсын Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн тусгай зөвшөөрөл олгох төрлүүдийг тайлбарласан байгаа. Үүнд ямар ч газар чөлөөлөхтэй холбоотой асуудал энэ төрөлд хамаарахгүй. Төрөөс газрыг олгож байгаа нь тусгай Газрын тухай хуулиар зохицуулагдаж байгаа аж ахуйн үйл ажиллагаа биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           

Шүүх “... Э.Энхтулга нь хясан боогдуулж, их хэмжээний хээл хахууль авсан нь нотлогдохгүй байна ...” гэж дүгнэн Э.Энхтулгад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

 

Учир нь: прокуророос Н.Баяр, Э.Энхтулга нарыг Г.Түмэнжаргалаас тус тусдаа 30,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахуулийг хясан боогдуулах замаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн бөгөөд Г.Түмэнжаргалын дансанд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн төлбөр шилжиж орсноос хойш Э.Энхтулга нь мөнгө өгөхийг шаардаж удаа дараа утсаар ярьж байсан тухай яллагдагч Г.Түмэнжаргал, гэрч Р.Отгончимэг, С.Намнансүрэн нарын мэдүүлгүүд хэрэгт байхад шүүх тэдний мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийлгүйгээр “... гэрээ байгуулах, мөнгө шилжүүлэх үйл явцад ямар нэгэн байдлаар хясан боогдуулах үйлдэл, эс үйлдэхүй хийсэн болох нь нотлогдоогүй...” гэж үзэн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн Э.Энхтулга нь Г.Түмэнжаргалаас авсан 30,000,000 төгрөгөөсөө хэлтсийн дарга Н.Баярт 10,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт нь түүний анх авсан мөнгөний хэмжээг 20,000,000 төгрөг болгон бууруулах үндэслэл, шалтгаан болж чадахгүй байхад шүүх Э.Энхтулгын авсан хээл хахуулын хэмжээг бууруулж үлэмж хэмжээ болгосон нь ойлгомжгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтад заасан онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад алийг нь авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, мөн зүйлийн 319.1.4 дэх заалтад заасан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад ноцтой нөлөөлөх зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Баяр, Э.Энхтулга нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсон тул давж заалдах гомдлуудыг эцэслэн шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Н.Баярт урьд авсан цагдан хорих, Э.Энхтулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                                   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                     ШҮҮГЧИД                                                      Д.МӨНХТУУЛ

 

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН