| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2020/00820/И |
| Дугаар | 191/ШШ2025/03462 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03462
2025 04 24 191/ШШ2025/03462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, гудамж , оффис, дугаар давхар, тоот хаягт байрлах, Пре конс ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж-24, барилга, дугаар давхарт, тоот хаягт байрлах, Ц г ХХК /РД:5086353/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 63,165,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Уу
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Пре конс ХХК нь хариуцагч Ц г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь Ц г ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулах гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр манай компани нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт ХҮ-017689 дугаартай Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч тал болох Ц г ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч талаас гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээнд 5 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Ц г ХХК-иас гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 24,500,000 төгрөгийг ажлын урьдчилгаа төлбөрийг төлж, бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэрээний 2.2-т ...захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж заасан ба ажлын боловсруулалтын хугацааг ТЭЗҮ ажлын 60 хоногт, БОННҮ-г ажлын 40 хоногт хийж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ц г ХХК-иас шаардлагатай баримт материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн ба энэхүү хугацаанаас эхлэн гэрээнд заасан хугацааны дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг албан тоотоор хүлээлгэн өгсөн ба хариуцагч хүлээн авсан акт үйлдэлгүй авсан.
Гэрээний 3.2.5-д зааснаар ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-г Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах зорилгоор дээрх төрийн захиргааны байгууллагад албан ёсны хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхийг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч Ц г ХХК нь дээрх төрийн байгууллагуудад хүсэлтээ гаргаагүй. ТЭЗҮ болон БОННҮ-г эрх бүхий төрийн байгууллагад батлуулах процесс явуулах боломж олгоогүй.
Гэсэн хэдий ч гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь гэрээт ажил болон гүйцэтгэгч тал, захиалагч талын санал, хуулийн дагуу боловсруулах судалдаа шинжилгээний ажлын үр дүн байна гэж заасан тул бид ТЭЗҮ, БОННҮ-г хуулийн дагуу шаардлагын хүрээнд бүрэн боловсруулж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно.
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТЭЗҮ болон БОННҮ-ийн тайланг захиалагч Ц г ХХК-д танилцуулсны дараа ажлын төлбөрийг шаардсан. Харин Ц г ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А-59-19/37 дугаартай албан тоотоор гэрээнээс хэсэгчлэн татгалзах тухай хүсэлт ирүүлсэн. Манай компани нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг саналыг нь хүлээн авах боломжгүй тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ПК/19-10/08 тоотоор хүргүүлсэн.
Манай компанийн гүйцэтгэсэн ажил бүхий төрийн байгууллагаар батлагдах чанар шаардлага хангасан эсэхийг Ц г ХХК шийдвэрлэх эрхгүй бөгөөд ТЭЗҮ болон БОННҮ-ний тайланг батлах эсэхийг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Хэрэв манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил болох ТЭЗҮ, БОННҮ нь эрх бүхий төрийн байгууллагын хяналтаар ороод батлагдаагүй тохиолдолд бид гэрээний 4.2.3-т зааснаар хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Ц г ХХК-д Иргэний хуульд заасан гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд үүсээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй, ажлын үр дүнгийн доголдол гаргасан зүйл байхгүй. Харин Ц г ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, бидний гүйцэтгэсэн ажлыг хугацаандаа актаар хүлээн авах, ажил гүйцэтгэсний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Н-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ-ний дагуу ажлаа гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Пре конс ХХК нь манай компанийн захиалгын дагуу Говь-аймгийн Т сумын нутагт орших Дөрордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж холбогдох яамны Мэргэжлийн зөвлөлүүдээр батлуулахтай холбоотой үйл ажиллагааг хийхээр талууд харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н-59-АГ-19/4 тоот гэрээг байгуулсан. Талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24,750,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгч тал болох Пре конс ХХК нь гэрээнд заасан үүргээ дараах байдлаар зөрчсөн ба захиалагч талын шаардлагыг биелүүлж, ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадахгүй нь илт тодорхой байсан тул манай компани гэрээнээс татгалзсан.
Гэрээнд зааснаар ТЭЗҮ-г 60 хоног, БОННҮ-г 40 хоногт боловсруулахаар буюу төсөл боловсруулах хугацаа нь урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадаагүй. Гэрээний 1.2-т зааснаар гүйцэтгэгч тал нь ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ёстой байсан ба захиалагчийн зүгээс ажлын урьдчилсан үр дүнгийн доголдлыг арилгуулах талаар удаа дараа шаардлага хүргүүлж уулзалт зохион байгуулж, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг сунгасан боловч доголдлыг арилгаж чадаагүй. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2.1, 3.2.4-т заасан үүргээ ноцтой зөрчсөн.
Улмаар нэхэмжлэгчийн буруугаас хамаарч ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн захиалагч талд үүсээгүй, гэрээний 4.2.1-д зааснаар үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй эсвэл ийнхүү биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул захиалагчийн зүгээс Н-59-АГ-19/4 тоот гэрээний ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, мөн гэрээний 3.1.5-д заасан эрхийн дагуу ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг гүйцэтгэгч талд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/59-11/37 дугаар албан бичгээр мэдэгдэж, ТЭЗҮ боловсруулах ажлын урьдчилгаа төлбөрийг буцаан авахаар шаардсан.
Нэгэнт гүйцэтгэгч талын буруутай, хариуцлагагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж батлагдахгүй нөхцөл үүссэн нь Ц г ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээгээр хохироосон, улмаар хөрөнгө оруулалт авах боломжоо алдаж, бизнесийн маш их эрсдэл, алдагдал хүлээх байсан. Пре конс ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд шаардлага хангасан ажлын үр дүн хүлээлгэж, өгөөгүй тул гэрээнээс татгалзах болсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц г ХХК нь нэхэмжлэгч Пре конс ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц г ХХК, Пре конс ХХК нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулж, гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24,750,000 төгрөг шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал гэрээний 3.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч ТЭЗҮ-г хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн бий болох боломжгүй ажлыг гүйцэтгэсэн.
Талуудын хооронд байгуулсан Н-59-АГ-19/4 тоот гэрээний 4.2.1-д заасан ...үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул захиалагчийн зүгээс гэрээний ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, холбогдох төлбөрийг буцаан шаардаж, мөн гэрээний 3.1.5-д зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг өөрийн зардлаар арилгана... гэсний дагуу ТЭЗҮ-г боловсруулах ажлыг шинэ гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг Пре конс ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/59-11/37 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Улмаар Гло кон ХХК-тай Н-59-АГ-20/13 тоот ажил гүйцэтгэх гэрээ, Э Мон бай ХХК-тай 19/АА2305 тоот гэрээг тус тус байгуулан Пре конс ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
Нэгэнт гүйцэтгэгч талын буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж, батлагдахгүй нөхцөл байдал үүссэн нь манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээний хохирол үүсгэсэн.
Иймд Пре конс ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Н-59-АГ-19/4 дугаар Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээний 3.1.5-д заасны дагуу Пре конс ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гарсан зардалд нийт 63,165,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Пре конс ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн өөр компаниар гүйцэтгүүлсэн гэх ТЭЗҮ нь ил уурхайн ТЭЗҮ буюу Уул уурхайн яамны мэргэжлийн зөвлөл батлагддаг. Шохойн чулуу буюу үндсэн түүхий эдийг газраас ухаж гаргах ажлын ТЭЗҮ байгаа юм. Шохойн чулууг газраас олборлодог процессын техник эдийн засгийн үндэслэл судалгаа тайлан байгаа. Бидний ажил бол цементийн үйлдвэрт гарч ирсэн шохойн чулууг ашиглаад үйлдвэрлэх процессын буюу тусдаа өөр процесс үйл ажиллагааны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил байсан. Түүхий эдээр цемент үйлдвэрлэх процесс нь барилгын материал үйлдвэрлэх учраас Барилга хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөлөөр батлуулна. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан боловсруулах ажил байсан үүнийг хариуцагч тал хүлээн авсан.
Хариуцагч нь бидний хийх ТЭЗҮ-г өөр бусдаар гүйцэтгүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болоод шаардлагатай мэдээлэл баримт бичгийг гаргаж өгснөөс хойш энэ ажлыг гүйцэтгэх байсан. Шаардлагатай баримт мэдээлэл гэдэг нь үндсэн цемент хийх гээд байгаа материал болох шохойн чулуу, холимог элс гэх мэт зүйлийн орц найрлагыг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэж өгдөг. Үүнээс хойшоо хугацаагаа тоолоод явсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсэн гэдэг татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааны гол үндэслэл нь чанарын доголдолтой гэдэг асуудал ярьдаг. Хариуцагч талаас манай компанийн хийсэн ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөл рүү оруулж хэлэлцүүлээгүй. Хүн хараад доголдолтой юм байна гэж шууд мэдэх боломж байхгүй, тусгай мэргэжлийн хүрээнд шийдвэрлэгддэг асуудал юм.
Гэтэл энэ ТЭЗҮ-г өнөөдрийг хүртэл хариуцагч нь Барилга хот байгуулалтын яам руу оруулахгүй байна. Хариуцагчийн дурдаад байгаа чанар болон хугацааны асуудал дээр үүргээ зөрчсөн гэх асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-7/, Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-8/, Ц г ХХК-д хүргүүлсэн албан бичиг /1хх-9-14/, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ /1хх-23-26/, Ц г ХХК-иас Пре конс ХХК-иас хүргүүлсэн албан бичиг /1хх-27/, нэхэмжлэх /1хх-28/, дансны хуулга /1хх-29/, талуудын харилцсан мэйлүүд /1хх-30-34/, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19/05/30 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, гэрчилгээ /2хх-139-141/, Пре конс ХХК-иас Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн албан бичиг, хариу албан бичиг /2хх-182-183/, Цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /3хх-1-250/, /4хх-1-201/, Говь-аймгийн Т сумын нутагт орших Дөрордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчлан үнэлгээний тайлан /5хх-1-250/, /6хх-1-149/, Цэнгазар ХХК-ийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хэрэгжих Алтайн цементийн үйлдвэр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан /7хх-190-250/, /8хх-1-250/,
6. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-40/, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт /2хх-38-39/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Н-59-АГ-20/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ , хавсралт /2хх-51-54/, Говь-аймгийн Т сумын нутагт орших Дөрордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчлан үнэлгээг боловсруулж ажлыг гүйцэтгэхээр талууд харилцаж тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Н-59-АГ-19/4 тоот гэрээ, хавсралт /2хх-55-57/, Гэрээт ажлын гүйцэтгэлийн акт /2хх-58/, Н-59-АГ-20/13 тоот гэрээ дүгнэх акт /2хх-59-60/, Мейк грийн ХХК-д Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл, Мейк грийн ХХК нь хэдэн онд тухайн чиглэлийн тусгай зөвшөөрөл авсан эсэх, 2019 оны 05 дугаар сард хүчинтэй байсан эсэх талаарх лавлагаа /2хх-173-174/,
7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт. Үүнд: Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөс Барилгын материалын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шаарддаг эсэх баримт /2хх-126/, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Пре конс ХХК байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх лавлагаа /2хх-129/, Үндэсний геологийн албанаас Ц г ХХК-тай хамааралтай Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Дөрвөлжингийн шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах, шохой-цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /7хх-97-189/, /9хх-1-83/, шинжээч Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /10хх-16-17/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Пре конс ХХК нь хариуцагч Ц г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц г ХХК нь Пре конс ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хохиролд төгрөг 63,165,600 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч Ц г ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт ХҮ-017689 дугаартай Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч тал болох хариуцагчид хүлээлгэн өгсөн.
Гэвч хариуцагч нь гэрээний 3.2.5-д зааснаар ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны ШУТБЗөвлөлөөр батлуулах ажиллагааг явуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А-59-19/37 дугаартай албан тоотоор гэрээнээс хэсэгчлэн татгалзах тухай хүсэлт ирүүлсэн хэдий ч Иргэний хуульд заасан гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд үүсээгүй. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд Нэхэмжлэгч нь манай компанийн захиалгын дагуу Говь-аймгийн Т сумын нутагт орших Дөрордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж холбогдох яамны Мэргэжлийн зөвлөлүүдээр батлуулахтай холбоотой үйл ажиллагааг хийхээр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар ТЭЗҮ-г 60 хоног, БОННҮ-г 40 хоногт боловсруулахаар харилцан тохиролцсон боловч тогтоосон хугацаанд, чанартай ажлын үр дүнг хүлээлгэн өгч чадаагүй. Улмаар нэхэмжлэгчийн буруугаас хамаарч ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн захиалагч талд үүсээгүй тул ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой гэрээний хэсгээс татгалзан, ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг гүйцэтгэгч талд мэдэгдсэн гэж татгалзсан.
4. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ тохирсон хугацаанд бүрэн биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан тул гэрээний ТЭЗҮ боловсруулах хэсгээс татгалзаж, Гло кон ХХК, Э Мон бай ХХК-тай тус тус гэрээ байгуулан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажил буюу ТЭЗҮ-г хийж гүйцэтгүүлсэн.
Нэхэмжлэгч ТЭЗҮ-г хугацаанд нь боловсруулаагүй, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулах боломжгүй ажил хийсэн нь хариуцагч компанийн хэрэгжүүлж буй төсөлд цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд хохирол учруулсан. Гэрээний 3.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон зардал гарсныг нэхэмжлэгчээс шаардах эрх үүссэн тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд Хариуцагчийн өөр компаниар гүйцэтгүүлсэн гэх ТЭЗҮ нь ил уурхайн ТЭЗҮ буюу Уул уурхайн яамны мэргэжлийн зөвлөлөөр батлагддаг, шохойн чулуу буюу үндсэн түүхий эдийг газраас ухаж гаргах ажлын ТЭЗҮ байгаа юм. Бидний ажил бол цементийн үйлдвэрт гарч ирсэн шохойн чулууг ашиглаад үйлдвэрлэх процессын буюу тусдаа өөр процесс үйл ажиллагааны ТЭЗҮ боловсруулах ажил байсан тул баталдаг мэргэжлийн зөвлөлүүд нь тусдаа байсан. Хариуцагч талаас манай компанийн хийсэн ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөл рүү оруулж хэлэлцүүлээгүй, тусгай мэргэжлийн хүрээнд шийдвэрлэгддэг бөгөөд шууд доголдолтой гэж дүгнэх боломжгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Пре конс ХХК, Ц г ХХК-ийн хооронд Н-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ байгуулагджээ.
Гэрээгээр гүйцэтгэгч тал болох Пре конс ХХК нь захиалгын дагуу Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших XV-017689 дугаартай Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг ажлын 60 хоногт, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/-г ажлын 40 хоногт мэргэжлийн өндөр түвшинд, захиалагчийн тавьсан шаардлага, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартад нийцүүлэн боловсруулан, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн бодлогын зөвлөл /ШУТБЗ/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулах,
захиалагч тал болох Ц г ХХК нь гэрээ байгуулагдсаны дараа төсөл боловсруулах нийт үнийн дүнгийн 50 хувь болох 24,750,000 төгрөгийг шилжүүлэх, Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайлан болон БОННҮ-ийн тайланг захиалагчид танилцуулсаны дараа ажлын 5 хоногт багтаан гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 19,800,000 төгрөгийг шилжүүлэх, Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайланг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн бодлогын зөвлөл /ШУТБЗ/, БОННҮ-ийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулсаны дараа үлдэх 10 хувь болох 4,950,000 төгрөг, нийт 49,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6.2 Хариуцагч Ц г ХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 24,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Пре конс ХХК-д шилжүүлжээ.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэжээ.
Иймд талуудын хооронд дээрх хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
8. Зохигч талууд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, хариуцагч талаас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/-ийн тайланг хүлээн авсан болон хариуцагч талаас гэрээ байгуулагдсаны дараа төсөл боловсруулах үнийн дүнгийн 50 хувь болох 24,750,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн талаар маргаагүй.
Харин талууд гэрээгээр тохиролцсон ажлыг тохирсон хугацаанд бүрэн гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүн доголдолтой эсэх, гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.
9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах хугацааг ажлын 60 хоног, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах хугацааг ажлын 40 хоног, захиалагч талын хүндэтгэн үзэх шалтгаанаас гэрээт төслийн ажлын гүйцэтгэх хугацааг сунгах шаардлагатай бол гэрээний үндсэн хугацаа дуусгавар болохоос өмнө талууд харилцан тохиролцож сунгаж болохоор тохиролцжээ.
Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ-ийн ажлын тайланг нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ПК19/9-29/ дугаартай албан бичгээр хүргүүлж, эцсийн байдлаар ажлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ПК/19/10/02 дугаартай албан бичгээр хүргүүлснээс гадна цахим шуудангаар хүргүүлж, хариуцагч хүлээн авсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч талаас урьдчилгаа төлбөр төлсөн өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээний 2.3-т заасан төсөл боловсруулах хугацаа тоологдох тул нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж маргасан.
Гэрээний 2.2-т ...захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, захиалагч урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байхаас гадна шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцохоор байна.
Шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр явуулсан үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээс үзвэл захиалагч тал буюу хариуцагч талаас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16:26 цагт элс ба төмрийн хүдрийн лабораторийн шинжилгээний хариуг хүлээн авна уу гэх мэйлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байна.
Гэрээний 2.2-т заасан шаардлагатай материал буюу шинжилгээний хариуг хариуцагч тал нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн, улмаар нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын тайланг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын тайланг боловсруулах ажлын 60 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
10. Гэрээний 1.2, 3.2.1, 3.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, захиалагчийн тавьсан шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгэн, доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч маргаж байна.
10.1 Хэрэгт авагдсан албан бичиг, үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараас үзвэл ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч талаас 5 удаагийн 158 санал хүргүүлж, нэхэмжлэгч нь 158 саналаас 114 саналыг хүлээн авч, 44 саналд тайлбар хариуг оруулж ажлын тайланг гаргажээ.
Хариуцагч талаас ажлыг мэргэжлийн өндөр түвшинд захиалагчийн тавьсан шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж маргахдаа нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил тухайн салбарт мөрдөгдөх ямар хууль, дүрэм, журам, стандартыг зөрчсөн, ажлын аль хэсэг нь доголдолтой талаар тодорхой тооцоо, үндэслэл гаргаж, мэтгэлцээгүй.
10.2 Талуудын маргаж буй асуудлаар буюу ажлын үр дүн доголдолтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан.
Шүүхээс томилогдсон шинжээч Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь нэхэмжлэгч Пре конс ХХК-ийг Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г Олон улсын MNS ISO 21500:2017 стандартын дагуу Төслийн менежментийн зарчимд нийцүүлэн боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэдээллүүдийг оруулж, түүхий эд, технологийн тооцоо, тоног төхөөрөмжийн сонголтыг ажлын даалгаварт өгсөн төслийн хүчин чадлын дагуу үнэн зөв, бүрэн хийсэн. Мөн төсөлд зайлшгүй шаардлагатай эрсдэлийн шинжилгээ, маркетингийн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагууд, эдийн засгийн тооцоо холбогдох стандарт, норм, дүрмүүдийг тусгасан, ТЭЗҮ шаардлагын түвшинд хийгдсэн гэснээс гадна Пре конс ХХК-ийн гүйцэтгэсэн ТЭЗҮ нь талуудын хооронд байгуулсан гэрээ, захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн гэж дүгнэжээ.
Түүнчлэн хариуцагч Ц г ХХК-ийн Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн Ил уурхайн ТЭЗҮ нь нэхэмжлэгч Пре конс ХХК-ийн цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г ашигласан, Гло кон ХХК-ийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт оршин Дөрвөлжин шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах, шохой-цементийн үйлдвэрийн ТЭЗҮ нь шохой-цементийн үйлдвэр гэсэн гарчигтай боловч уг ТЭЗҮ-д шохойн үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг огт тооцоогүй, зөвхөн цементийн үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг тооцсон, Гло кон ХХК-ийн ТЭЗҮ-ийн зарим мэдээлэл Пре конс ХХК-ийн цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тоо баримтаас ялгаатай байгаа боловч бүтцийн хувьд ижил талаар дүгнэсэн байна. /4хх 16-17/
11. Дээрхээс үзвэл, ажлын үр дүн доголдолтой болон ажлын доголдлын улмаас Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г эрх бүхий этгээдэд хүргүүлж, батлуулах боломжгүй талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.
Хариуцагч Ц г ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
12. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Пре конс ХХК нь Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайланг гэрээнд заасан хугацаанд, доголдолгүй хийж гүйцэтгэн шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус зохицуулсан.
Талууд дээрх хуулийн зохицуулалтад зааснаар ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааны талаар ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3, 5.4-т тохиролцсон ба Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайланг эрх бүхий мэргэжлийн зөвлөлөөр батлуулаагүй, ажлыг дүгнээгүй хэдий ч хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан тул нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу тайлан нь доголдолгүй, хариуцагч нь ажлын доголдолтой холбоотойгоор Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайлан боловсруулах гэрээний хэсгээс татгалзах үндэслэлгүй тул хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 24,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заалтад нийцнэ гэж үзлээ.
13. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч Ц г ХХК нь ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гарсан зардалд нийт 63,165,600 төгрөгийг нэхэмжлэгч Пре конс ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, ажил гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буруутай үйлдлийн улмаас буюу ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж батлагдахгүй нөхцөл, хохирол үүсэж, ажлыг бусдаар гүйцэтгүүлж зардал гаргасан гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ц г ХХК-аас сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор Гло кон ХХК болон Э Мон бай ХХК-тай тус тус байгуулсан гэрээ, тус гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан, гэрээний дагуу 13,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг ажлын хөлсөд шилжүүлсэн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолгүй гэж дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн байна.
14. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөг болон хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 281,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шинжээч Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/1323 дугаар албан бичгээр 2,160,000 төгрөгийн ажлын хөлс гарсан талаар хүсэлт ирүүлсэн ба зохигч талууд төлбөрийг тэнцүү хуваан төлж, түүнтэй холбоотой баримтыг шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4018 дугаар албан бичгээр шинжээчид хүргүүлсэн байна.
Иймд шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч талаас 1,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ Нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Ц г ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Пре конс ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Пре конс ХХК-аас 63,165,600 төгрөг гаргуулах тухай хариуцагч Цэн газар ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Пре конс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөг болон хариуцагч Ц г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,778 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн ажлын хөлсөд нийт 1,361,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пре конс ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ