Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01150

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 101/ШШ2021/01635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 01991 тоот шийдвэрээр Ц.Нацагдолгор, Т.Б- нараас 47 030 000 төгрөг гаргуулж Ч.Хүрэлбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын 20260951/07 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар 23 дугаар байр, 1 давхарын 3 тоотод байрлах 119.53 мкв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хурааж улмаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус компани нь дээрх хөрөнгийг 350 996 800 төгрөгөөр үнэлсэн талаар 2021 оны 03 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талд мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК нь тухайн хөрөнгийн ирээдүйд олох орлогыг тооцоолоогүй, орон сууцнуудтай харьцуулсан нь хөрөнгийг үнэгүйдүүлж, хэт багаар үнэлсэнд гомдолтой байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш 400 000 000 төгрөгөөс 750 000 000 орчим төгрөг байдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж байх үед сарын тогтмол орлоготой байсан, хотын А бүсэд байрладаг ирээдүйд улам үнэ цэнэтэй болох хөрөнгө юм. Хөрөнгийн үнэлгээний компани эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр 305 996 800 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 01991 дугаартай шийдвэрээр Ц.Нацагдолгор, Т.Б- нараас 47 423 100 төгрөгийг гаргуулж Ч.Хүрэлбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөрөө төлөөгүй тул Ц.Нацагдолгорын өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар 23 дугаар байрны 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 20260951/06 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 02 сарын 24-ний өдрийн 20260110/07 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн санал өгөх боломжгүй, тусгайлсан мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгох, төлбөр авагч Ч.Хүрэлбаатар нь шинжээч томилох санал ирүүлсэн. Иймд 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 3/17 дугаар шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 305 996 800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 03 сарын 22-ны өдөр 4-158/5075 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар 23 дугаар байр, 1 давхарын 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204080941 дугаарт бүртгэлтэй, 119.53 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний компанийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах ажиллагаа буюу шинжээч томилсон ажиллагаанд дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг тохиролцож тогтоогоогүй бол шинжээч томилохоор заасан гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс талуудын хөрөнгийн үнэлгээг тохиролцож тогтоолгох талаар ямар ч ажиллагаа гүйцэтгээгүй бөгөөд хэн алинаас нь үнийн санал аваагүй. Ямар нэгэн байдлаар тохиролцуулах ажиллагаа хийсэн бол шинжээч томилохгүйгээр үнэлгээг тохиролцож, тогтоох бүрэн боломжтой байсан. Төлбөр төлөгчид төлбөр авагчтай уулзаж үнэлгээ тогтоох боломжтой талаар хууль тайлбарлаагүй, уулзалт зохион байгуулаагүй, шинжээч томилж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй, шинжээч компанийг ямар эрх албан тушаалтан ямар үндэслэлээр томилсон нь тодорхойгүй.

Шинжээч нь үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн шинж байдал, ирээдүйд олох ашиг орлогыг тооцоогүй ба хэд хэдэн төрлийн аргаар үнэлсэн гэх боловч үнэлгээний тайланд харьцуулалтын аргаас бусад аргыг хэрхэн ашигласан талаар дурдаагүй, интернетийн зарын сайтуудаас авсан зарыг үндэслэн харьцуулж үнэлгээ хийсэн нь нэхэмжлэгчийн хөрөнгө үнэгүйдэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу үнэлгээний тайлангаар дээр дурдсан хөрөнгийг хэт багаар үнэлсэн үндэслэлүүд хангалттай тогтоогдож байгаа бөгөөд шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Сансар 23 байр, 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 305 996 800 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 47/

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01991 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 1649 дугаар магадлалаас үзвэл, Ц.Нацагдолгор, Т.Б- нараас 47 030 000 төгрөгийг гаргуулан Ч.Хүрэлбаатарт олгож, Ц.Нацагдолгорын өмчлөлийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 48-52/

 

Хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 101/ШЗ2020/17923 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/01479 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-т тус тус үндэслэн, дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 09 сарын 30-ны өдөр үүсгэж, 2021 оны 02 сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, мөн сарын 24-ний өдөр хураах ажиллагаа явуулж, 2021 оны 03 сарын 02-ны өдөр төлбөр төлөгч, авагч нарт орон сууцны үнийг харилцан тохиролцож ирүүлэх талаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тус газрын тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд талууд маргаагүй. /хх 44-77/

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, хариуцагч байгууллагын зүгээс төлбөр төлөгч нарт хураасан эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон 2021 оны 03 сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх тухай 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 4-162/2717 дугаартай Мэдэгдэл-ийг мөн өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар илгээсэн, мөн үнийн саналаа ирүүлэх талаар 2021 оны 03 сарын 02, 03 сарын 04-ний өдөр тус тус утсаар мэдэгдсэн /хх 77-80/ боловч төлбөр төлөгч тал мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүйн гадна 2021 оны 03 сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од нь үнийн санал өгөх боломжгүй байгаа бөгөөд тусгайлсан мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. /хх 81/ Төлбөр авагч Ч.Хүрэлбаатар нь 2021 оны 03 сарын 05-ны өдөр шинжээч томилон дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байна. /хх 80/ Иймд нэхэмжлэгчээс төлбөр авагч талтай дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцуулах ажиллагааг хариуцагч байгууллага хийгээгүй, хэн алинаас үнийн санал аваагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх тул хариуцагч байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор 2021 оны 03 сарын 09-ний өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн. /хх 82/

 

Мөн шинжээч үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн шинж байдал, ирээдүйд олох ашиг орлогыг тооцоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Тодруулбал, шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Сансар 23 байр, 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 305 996 800 төгрөгөөр тодорхойлохдоо өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан байх ба эдгээрээс тухайн байршил, объектын зориулалт, хүчин чадал, ашиглалт, чанар байдал зэргийг харгалзан тооцдог зах зээлийн хандлагын аргаар тогтоосон үнэлгээг үндэслэсэн. Мөн шинжээч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн орчны зах зээлийн үнэ ханшийн судалгаа, шинжилгээ хийж худалдаа үйлчилгээний хэд хэдэн бие даасан барилгын үнэ ханштай харьцуулсан байна. /хх 96-107/ Иймээс шинжээчийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, дээрх хөрөнгийн үнэлгээг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах ажиллагааны талаар дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хэргийн 129-131 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, шүүх түүний нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 101/ШШ2021/01635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР