Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01157

 

 

 

 

 

 

 

 

"Н" ХХК, "НБ" ХХК -иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Н" ХХК, "НБ" ХХК -иудын хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 706 546 050 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шийтэрчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: "Н" ХХК нь гадаад худалдаа, тамхины импортын үйл ажиллагаа явуулдаг. Г.Б- нь 2015 оны 08 сараас эхлэн тамхин бүтээгдэхүүн зээлээр авч борлуулж эхэлсэн ба 2016 оны 04 сар хүртэл борлуулалтын мөнгийг цаг тухайд нь өгч, 2016 оны 06 сараас өгөхөө больсон. Талууд 2016 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд Г.Б- нь 233 250 000 төгрөгийн өр, төлбөртэй гарсан. Хариуцагч нь дээрх мөнгөөр уул уурхайн техник түрээслэн Сэлэнгэ аймгийн Бугант суман дахь алтны уурхайд хөрөнгө оруулалт хийн ажиллуулж байгаа, удахгүй мөнгөө гаргаж авч буцаан өгнө гэсэн тул 233 250 000 төгрөгийг 09 сарын хугацаатай зээлэх, төлбөрийн хуваарь гарган буцаан төлөх гэрээ байгуулах санал гаргасныг Г.Б- хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 сарын 17-ны өдөр сарын 1.3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан ба улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлсэн.

Зээлдэгч нь гэрээний дагуу 2016 оны 12 сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд зээлийн хүүд 20 195 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 233 250 000 төгрөг, хүү 7 095 000 төгрөг, алданги 116 625 000 төгрөг /955 хоног х 233 250 төгрөг/, нийт 356 970 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй байна. 2017 оны 11 сарын 18-ны өдөр нийт хүү 27 290 250 төгрөг төлсөн. 2017 оны 11 сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 сарын 02-ны өдрийн хооронд үндсэн зээлээс 30 325 750 төгрөг төлсөн тул шаардлагаа 52 584 750 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 202 923 500 төгрөг, алданги 101 461 750 төгрөг, нийт 304 385 250 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг төлмөгц нэхэмжлэгч "Н" ХХК нь барьцааны зүйлийг чөлөөлж өгнө.

НТТБ ХХК-ийн хувьд "Н" ХХК-тай 2017 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах гэрээ-ний дагуу "Н" ХХК-ийн импортоор оруулж ирсэн тамхин бүтээгдэхүүнийг бөөний цэгүүдэд борлуулдаг, хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нь нэг удирдлага бүхий компани юм. Г.Б- 2017 оны 10 сарын 03-ны өдөр тус компаниас 250 100 000 төгрөгийн барааг 6 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон өөрийн болон бусдын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээнүүдийг зохих итгэмжлэлийн дагуу тус тус байгуулж, барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Үүнд Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, Баягол дүүрэг, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай, хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл зэрэг болно. Г.Б- төлөөгүй тул 250 100 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөр, 6 сарын хүү 27 010 800 төгрөг, 125 050 000 төгрөгийн алданги /700 хоног х 250 100 төгрөг/, нийт 402 160 800 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ч.Бат-Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Г.Б-д холбоотой дээрх асуудлын талаар сүүлд мэдсэн. Ч.Бат-Оюун нь 5 хүүхэдтэй ба нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц нь түүний өмчлөлийн хуваарьт хөрөнгө юм. Гарын үсэг зурсан учраас миний орон сууцыг 100 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэл зориг илэрхийлдэг. Энэ талаар нэхэмжлэгч талтай ярилцахад 100 000 000 төгрөг төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөд тооцуулахгүйгээр, 1 жилийн хугацаанд төлөх талаар ярилцсан байгаа, бусад гуравдагч этгээд нарын зүгээс тайлбар хэлж, мэтгэлцэх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 282 063 860 төгрөгийг гаргуулан "Н" ХХК-д, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 326 990 600 төгрөгийг гаргуулан НТТБ ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагуудаас үлдэх 97 491 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б- нь сайн дураар 282 063 860 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ч.Бат-Оюуны өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг, 326 990 600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Г.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, Р.Батхишигийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, мөн түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 13 хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, Ч.Батцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч "Н" ХХК-иас төлсөн 1 942 800 төгрөг, НТТБ ХХК-иас төлсөн 2 168 754 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1 568 269 төгрөг гаргуулан "Н" ХХК-д, 1 792 903 төгрөг гаргуулан НТТБ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Монголын өмгөөлөгчдийн холбоо шинээр байгуулагдаж, анх удаагаа зохион байгуулсан багц цагийн сургалтад хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамрагдсан бөгөөд тус сургалт нь анхан шатны шүүх хуралдаантай давхцсан. Цар тахлын нөхцөл байдлаас болж тухайн сургалт танхимаар бус онлайн хэлбэрээр болж, бүртгэл нь гар утсаар явагдсан. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Тухайн үед цар тахалтай холбоотойгоор утсаар бүртгэл явагдаж, зүүм аппликейшн ашиглаж сургалтад суусан тул сургалтад суусан гэх тодорхойлолт авах боломжгүй байсан. Дараа нь тус тодорхойлолтыг сургалтын 2 сертификатын хамт гаргуулж авсан. Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хэд хэдэн асуудлын талаар тайлбар гаргаж мэтгэлцэх байсан. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлүүдийн хугацаа дууссан, гуравдагч этгээдүүдийг оролцуулаагүй, зээлийн гэрээг хөтөлж байгуулсан зэрэг асуудлууд байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 356,970,000 төгрөгийг гаргуулж "Н" ХХК-д, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 402,160,800 төгрөгийг гаргуулж “НТТБ” ХХК-д тус тус олгуулах, гэрээ тус бүрийн барьцаа хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Н" ХХК нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 304,385,250 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх1-2, 96/

 

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд 2020 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагын хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 04 сарын 14-ний өдөр /хх 63/, дээрх барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Р.Батхишигт 2020 оны 09 сарын 28-ны өдөр /хх153/, Ч.Бат-Оюунд 2020 оны 09 сарын 28-ны өдөр /хх154/, Ч.Батцэцэгт 2020 оны 11 сарын 09-ний өдөр тус тус гардуулсан /хх168/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн,эсхүл татгалзсан үндэслэлийн талаар хариу тайлбараа болон түүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй. Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэд хэдэн асуудлын талаар тайлбар гаргаж мэтгэлцэх байсан” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан 2021 оны 05 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, түүнд хавсаргасан баримтаас үзвэл, шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянана гэж заасны дагуу дараах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэг. Нэхэмжлэгч "Н" ХХК-ийн хариуцагч Г.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 233,250,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 7,095,000 төгрөг, алдангийн 116,625,000 төгрөг, нийт 304,385,250 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд.

 

Хэрэгт авагдсан ЗГ-16/05 дугаар “Зээлийн гэрээ” /хх16-19/-г 2016 оны 11 сарын 17-ны өдөр нэг талаас зээлдүүлэгч "Н" ХХК, нөгөө талаас зээлдэгч Г.Б- нар байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 233,250,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй, сар бүрийн 17-ны өдөр эргэн төлөх, ийнхүү тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон төлөх үүргийг хүлээсэн байна. Уг гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийн үнийн дүн нь энэхүү гэрээний талуудын хооронд өмнө үүссэн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэг талаар зохигч маргаагүйн гадна энэхүү үйл баримт нь хэргийн 59 дэх талд авагдсан хариуцагч Г.Б-гаас "Н" ХХК-д хандан гаргасан гараар бичсэн баримтаар тогтоогдож байна.

 

Дээрхээс үзвэл, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг бодитоор биелүүлээгүй байх боловч талуудын хооронд өмнө нь үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгож, түүний үүргийг зээлийн гэрээний үүрэгт дээрх нөхцөлөөр шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин дээрх гэрээний үүрэгт хариуцагч Г.Б-гаас 282,063,860 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ зээлдэгчээс зээлдүүлэгчид буцаан төлсөн мөнгөн хөрөнгийг хэмжээг 57,616,750 төгрөг гэж буруу тодорхойлсон. Учир нь хэргийн 102-104, 129-132 дахь талд авагдсан “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Д.Энхцэцэгийн 5124007884 тоот данс, Г.Б-гийн 5063366273 тоот дансны дэлгэрэнгүй хуулгууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан 2020 оны 06 сарын 03-ны өдрийн хүсэлт /хх87/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, Г.Б- нь 2017 оны 11 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг “Батдаваа өглөг”, “batdavaa uglug гэсэн гүйлгээний утгатай Д.Энхцэцэгийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

ЗГ-16/05 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу Г.Б- нь үндсэн зээл 233,250,000 төгрөг, 9 сарын хугацааны хүү 27,290,250 төгрөг, нийт 260,540,250 төгрөгийн төлбөр төлөх ёстойгоос дээрх тогтоогдсон 90,000,000 төгрөгийг хасч тооцвол 170,540,250 төгрөгийн үүргийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Гэрээний 2.2-т зааснаар 170,540,250 төгрөгийн алданги 84,730,126 төгрөг байх боловч анхан шатны шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 50 хувиар буруулж тооцсонд нэхэмжлэгч тал гомдоогүй байна. Энэ үндэслэлээр 84,730,126 төгрөгийн алдангийг 42,635,063 төгрөг болгон бууруулж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 сарын 17-ны өдрийн ЗГ-16/05 дугаар зээлийн гэрээний дагуу Г.Б- нь нийт 213,193,313 төгрөгийг нэхэмжлэгч "Н" ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Г.Б- нь өмчлөгч Ч.Бат-Оюунаас 2016 оны 11 сарын 15-ны өдөр олгосон “Итгэмжлэл”-ийн /хх23/ дагуу түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13А байрны 5 тоотод байршилтай 40 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 11 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалж, “Барьцааны гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Бат-Оюун нь энэхүү асуудлын талаар хожим мэдсэн, тус орон сууц нь түүний хуваарьт хөрөнгө гэх агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргасан боловч дээрх “Итгэмжлэл” нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйн гадна барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч “НТТБ” ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн зээл 250,100,000 төгрөг, зээлийн хүү 27,010,800 төгрөг, алданги 125,050,000 төгрөг, нийт 402,160,800  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд.

 

Хэргийн 31-33 дахь талд авагдсан 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээ”-г нэг талаас зээлдүүлэгч “НТТБ” ХХК, нөгөө талаас зээлдэгч Г.Б- нар харилцан тохиролцон байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 250,100,000 төгрөгийн үнэ бүхий барааг 6 сарын хугацаатай, 1 сарын 1,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь нийт төлбөр 483,350,000 төгрөгийг 2018 оны 04 сарын 03-ны өдөр төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоногт 0.1 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн уг гэрээний үүрэгт Г.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, Р.Батхишигийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, мөн түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 13 хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, Ч.Батцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц зэргийг барьцаалж, барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх36-55/

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нараас зээлдэгч Г.Б-д тухайн хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрх олгосон итгэмжлэлүүд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч “НТТБ” ХХК нь хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Г.Б-гийн дээрх гэрээгээр гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүргийг давж заалдах шатны шүүхээс гэрээний нөхцөл болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тооцоход, анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 326,990,600 төгрөгөөс их гарсан боловч нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн шийдвэрээр хангасан хэмжээнд гомдол гаргаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

“Барьцааны гэрээ”-нд заасан зээлийн гэрээний үүрэгтэй хамааруулан барьцааны аль хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад тодорхой байдлаар шийдвэр биелэгдэх боломжтой байхуйц өөрчлөлтийг оруулж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 213,193,313 төгрөгийг гаргуулан "Н" ХХК-д олгож, "Н" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91,191,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 326,990,600 төгрөгийг гаргуулан НТТБ ХХК-д тус тус олгож, НТТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,170,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

2016 оны 11 сарын 17-ны өдрийн ЗГ-16/05 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх нийт 213,193,313 төгрөгийг төлөөгүй тохиолдолд

2016 оны 11 сарын 16-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Ч.Бат-Оюуны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205005100 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг,

2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төлөх нийт 326,990,600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд

2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ”-ний зүйл болох Р.Батхишигийн эзэмшлийн 01303059 дугаар гэрчилгээтэй, Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл,

2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202025785 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот хаягт байршилтай 90 м.кв хувийн сууц, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202017209 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газар,

2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Ч.Батцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028115 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2205003012 дугаарт бүртгэлтэй 617 м.кв газар,

2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Р.Батхишигийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007351 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл, 2 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай, 11 м.кв, 1 өрөө орон сууцыг,

2017 оны 11 сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Г.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206054449 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа /17120/, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж өөрчлөн найруулж,

 тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1,568,269” гэснийг “1,223,916.57” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 28-ны өдөр төлсөн 3,690,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

                       

                                                ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                                    Д.НЯМБАЗАР