Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 90

 

 “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДУА-ийн ШГ сумын ИТ Хурлын

 даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч           Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        Б.Мөнхтуяа

                                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...ДУА-ийн ШГ сумын ИТХурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-д холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагч Б.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээд “Дулаан шарын гол” ТӨХК-ийн төлөөлөгч Б.Энхцэцэг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2л, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн ДУА-ийн ШГ сумын ИТХурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-нд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5. Хуулийг буруу тайлбарласан үндэслэлийн тухайд: Захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Үүнд мөн хуулийн 40.2.3-т зааснаар тухайн захиргааны акт гарах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэл юм. Маргаан бүхий тогтоол гарах болсон шалтгаан ойлгомжгүй тодорхойгүй байна. Учир нь ИТХурлаас уг тогтоолыг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бус, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэсэн заалтыг 28 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл болгосон хэдий ч төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогүй байдаг.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүхий дэглэмийг мөрдөх журам”-ын 3.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан тоотуудад үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй байхад гарсан мэтээр тайлбарлан хэрэглэж байгаа нь Усны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас худгийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 500 метрээр тогтоож, хашаажуулах ажлыг Шарын гол сумын Засаг дарга, “Дулаан шарын гол” ХХК-д үүрэг болгож байгаа 2017 оны 09а/4700, 09а/6340, 2018 оны 09/1732 тоот албан бичгүүд нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан. MNS5140:2002 стандартын 5.3.3-т “Албан бичиг гэдэг нь Байгууллага өөр хоорондоо болон хуулийн этгээдтэй албан асуудлаар харилцсан баримт бичиг” гэж тодорхойлсноос харахад албан бичиг нь байгууллага хоорондын захидал харилцааны зүйл гэж үзэхээр байна.

8. Шүүхээс шинжээчдийн багийн тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гарсан гэж дүгнэн, шинжээчийн тайлангаас иш болгож шүүхийн шийдвэрийн үндэслэх, хянах хэсэгт дурдаад буй "...уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож ажиллахыг сануулах, тэмдэгжүүлэлтийг хийх, ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбайг хасуулах, нөхөн сэргээлт хийх шийдвэрийг холбогдох газарт тавих гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ” гэж дүгнэж байгаа нь шинжээчдийн багийн тайлангаас яг аль хэсэг нь зөвлөмж, аль хэсэг нь дүгнэлт гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

9. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/112 дугаар “Мэргэжлийн шинжээчээр ажиллах ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалаар томилогдсон шинжээчдийн баг нь Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүхий дэглэмийг мөрдөх журмын 3.4-т "...газрын доорх усны тухайн ордын нөөц тогтоох гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын үед нарийвчлан тогтооно. Энэ судалгаагаар тогтоох газрын доорх уст үеийн зузаан, цооног дахь ашиглалтын үеийн ундарга, түвшний бууралт, ус дамжуулах чадвар, шүүрэлтийн коэффициент, нүх сүвшлийн коэффициент, усны урсгалын чиглэл, хурд зэрэг үзүүлэлтийг үндэслэн бүсийн заагийг гидродинамикийн аргаар тооцоолж зураглана..." гэж заасан эрх хэмжээнээсээ хэтрүүлж, субъектив шинжтэй судалгааны ажлын дүн болсон гэж үзэж байна.

10. Гэтэл төрийн захиргааны төв байгууллагаас эрүүл ахуйн хязгаарлалтын тогтоох зайлшгүй нөхцөл байдлыг тогтоон дүгнэж, цаашид хэрхэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөндөгдөж буй эрх ашгийг хэрхэн шийдвэрлэх, хязгаарлалтын эсхүл хориглолтын бүс тогтоох эсэхийг эцэслэж тогтоосон дүгнэлт гаргаагүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй.

11. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийн тухайд: Шүүх хариуцагчийг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох хамгаалах”, 11.1.4-т “энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Дээрх заалтын дагуу орон нутгийн хамгаалалтад авах тухай асуудлыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд дэлгэрэнгүй зохицуулсан байна. Газрын тухай хууль, Усны тухай хуулийн дээрх зохицуулалтаас харахад Газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний дараагаар тусгай хамгаалалт тогтоох, тусгай хамгаалалт тогтоосон газар, төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоох зэрэг шат дараалсан нэг нэгтэйгээ хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглээгүйн дээр, магадлалын хянавал хэсэгт эрүүл ахуйн бүс тогтоох болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах гэдэг нь хоёр өөр ойлголт юм гэж дүгнэсэн нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

12. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

14. ДУА-ийн ШГ сумын ИТХурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтаар хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3, 11, 4, 8 ,5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосны 7 дугаар худаг нь нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайд байрлалтай байгаагаас нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн хэмээн маргаж, уг тогтоолын 1 дэх хэсгийн 7 дугаар худагт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байна. 

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь МV-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр Шарын гол сумын нутагт 85.6 га талбайг эзэмшдэг бөгөөд маргаж буй 7 дугаар худаг нь байрлалын хувьд тухайн 85.6 га талбайн хэсэг болох 30.5 га-д хамрагдаж байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.  

16. Дээрх 30.5 га талбай нь ДУА-ийн ШГ сумын ИТХурлын 2017 оны 12, 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авсан газарт хамрагдсан, энэ газрын дотор хамгаалалтын бүс тогтоосныг нэхэмжлэгч мөн үгүйсгэж маргаагүй байна.

17. Түүнчлэн дээрх ДУА-ийн ШГ сумын ИТХурлын 2017 оны 12, 13 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.

18. Эдгээрээс үзвэл, маргаан бүхий тогтоолд заагдсан 7 дугаар худагт хамааралтай хэсэг нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмших эрх бүхий талбайд хамрагдаагүй нь нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргээгдэх нь тодорхойгүй юм.

19. Иймээс орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан “эрүүл ахуйн хязгаарлалтын бүс” тогтоосон захиргааны акт нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж тус тус заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

20. Мөн сумын ИТХурлын “Эрүүл ахуйн хязгаарлалтын бүс” тогтоох тухай шийдвэр гаргах ажиллагаа нь Усны тухай хуульд заасан журмын дагуу зөв хэрэгжсэнийг хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд нотлох баримтуудыг үндэслэн тодорхой зөв дүгнэжээ.

21. Иймээс “...тогтоол гаргах болсон шалтгаан ойлгомжгүй, тодорхой бус, ...төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гараагүй байсан...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Усны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0492 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

    ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ