Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 25

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Гуравдагч этгээд “Дулаан шарын гол” ТӨХК

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-нд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах тухай” шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            А.Энхгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Ж.Оюунболд

Хариуцагч                                                                 Б.Лхамсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч                                         Д.Оюунчимэг

Гуравдагч этгээд                                                      Б.Энхцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч: “ЧЧБТ” ХХК-ийн захирал Ш.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “ЧЧБТ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг  Буянтын хөндийд байрлах MV-006006 дугаар бүхий алтны шороон ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно.

Манай эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шарын гол сумын ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн 3, 11, 4, 8, 5, 12, 6 дугаар бүхий худгуудаас 7 дугаар худаг байршдаг. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж эрүүл ахуйн бүс тогтоох тухай  28 дугаар тогтоол гарсан.Уг тогтоолоор дээрх дугаар бүхий 8 худгийн эх үүсвэр тус бүрээс 500 метр зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоосон нь хууль зөрсөн, хууль зүйн үндэслэлгүй, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрсөн захиргааны акт гарсан гэж үзэж байна.

Тухайлбал иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль зүйн үндэслэл болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д эрүүл ахуйн бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэхээр тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл аль бүс гэдгийг гидрогеологийн хайгуул, судалгааны үр дүнг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл судалгааны ажил болон төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гарсан эсэх нь огт тодорхойгүй, хориглолтын болон хязгаарлалтын бүсээс хамааран 100, 200, 500 метр зайд эрүүл ахуйн бүс тогтоохоор заасан байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” зохицуулалт байх бөгөөд иргэдийн хурлын тогтоолоор энэхүү асуудлыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулагдаж байх тул энэхүү хуулийг хэрэглэхгүй байх нөхцөл боломж байхгүй.

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28 дугаар тогтоол нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийн дэглэм тогтоох, дэглэмийг мөрдөх тухай журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хууль зөрчиж гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар “ЧЧБТ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журам, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх тухай журмыг хэрэглээгүй акт гаргасан гэж үзэж байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар өөрийн гаргасан шийдвэрийн хуулийн үндэслэл, үүсэх үр дагаврыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг “ЧЧБТ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээнд “ЧЧБТ” ХХК-ийн нэрийг бичүүлсэн 2033 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүчинтэй юм. “Эрдэс холдинг” ХХК-ийн эрх, үүрэг нь бүрэн “ЧЧБТ” ХХК-д ирж байгаа тул нөхөн сэргээлтээ бид хийнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар эрүүл ахуйн бүс тогтоох болсон бодит нөхцөл байдлыг заавал тогтоолд тусгах ёстой. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтлэг зохицуулалтыг тогтоолд тусгасан байгаа боловч нарийвчилсан зохицуулалттай хууль болох Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-т зааснаар төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрүүл ахуйн бүсийг тогтооно гэсэн заалтыг баримтлаагүй байна. “Хараа Ерөө голын сав газрын захиргааны дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй байна. Ундны усны эх үүсвэрийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд тус дүгнэлтийг хэрэгт өгч байгаа шалтгаан нь 28 дугаар тогтоолыг зөвтгөсөн дүгнэлт байна гэж үзэж байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т зааснаар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэж байгааг харахад Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулах заалт гэж үзэж болохоор байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т заасныг харахад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авахад Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлах шаардлага гардаг. Ашигт малтмалын тухай хуульд орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн газрыг тусгай хэрэгцээнд, тусгай хамгаалалтад авах эрхтэй гэдгийг зааж өгсөн байгаа боловч тус эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу хэрэгжүүлээч гэж байгаа. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5 дахь хэсэгт зааснаар Засаг дарга нь газар эзэмшигчтэй тохиролцсоны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгай хэрэгцээнд авахаар санал оруулна гэснээс харахад газар эзэмшигчтэй тохиролцож, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т зааснаар газар эзэмшигчтэй тохиролцоно гэдэг нь газрын нөхөн олговрыг олгох заалтыг хэрэглэх ёстой болохыг заагаад байгаа юм. Тусгай зөвшөөрлийг хасуулах тухай ойлголт аль ч хуульд байдаггүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь тусгай зөвшөөрөлтэй газраас хасуулах талаар ярьсаар байгаа. Тусгай зөвшөөрлийг буцаан өгөх, хугацаа дуусах, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шийдвэр гаргаж байгаа байгууллага нь 1 жилийн дотор нөхөн олговор өгнө, нөхөн олговрыг 1 жилийн дотор өгөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэж заасан байдаг. Хариуцагч сая тайлбартаа Засаг даргад нөхөн олговортой холбоотой эрхийг нь өгсөн танай талаас ярилцах хэрэгтэй гэх ойлголт байж болохгүй. Тогтоолыг гаргахдаа нөхөн олговрыг шийдвэрлэсэн байх ёстой юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т   зааснаар нөхөн олговрыг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болдог.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн  28 дугаар тогтоол нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.14-т “Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно” гэсэн байгаа. Тус тушаалын 3 дугаар зүйлийн 3.4-т гидрогеологийн хайгуул хийсний дараа Төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан боловч уг дүгнэлт гараагүй байгаа. Ямар нэгэн дүгнэлт байхгүй байхад усны сан бүхий газраас 500 метрээр эрүүл ахуйн бүс тогтоох боломжгүй юм. Хариуцагч талаас эрдэм шинжилгээний тайланг дүгнэлт гэж үзнэ гээд байдаг. Бид төрийн байгууллагын бусдын эрх ашиг халдах эрхийн талаар ярьж байгаа төрийн байгууллага иргэн хуулийн этгээд бүгд хуулийн дор амьдарч байгаа гэтэл төрийн байгууллага нь өөрийн эрхийг хэтрүүлэн хэрэгжүүлж байгаа юм бол хуулийг хэн мөрдөх билээ.

Гидрогеологийн дүгнэлтэд үндэслэж эрүүл ахуйн бүсийг тогтоох ёстой байдаг. Гуравдагч этгээдийн хэлж байгаагаар нэг худаг нь 70-80 метр гүн байдаг гэж байна, гадаргын усны үе нь 20 метрээс доош ордоггүй, гэтэл уст үед гадаргын ус нэвтрэх үү үгүй юу эрүүл ахуйн бүсийг 200 метрээр тогтоох уу, 500 метрээр тогтоох эсэхийг шийдвэрлэх ёстой. Одоогийн байдлаар нийт 7 худагт эрүүл ахуйн бүс тогтоосон байдаг. Шарын голын уурхай нь эрүүл ахуйн бүс тогтоосон газарт үйл ажиллагаа явуулж байгаа, гэтэл хариуцагч нар зөвхөн манай компанийг яриад байна, үйл ажиллагааг зогсоох талаар яриад байдаг юм.

Нэг цэгийг тойруулаад 500 метрээр эрүүл ахуйн бүс тогтоолоо гэж үзэхэд 30 га газар болж тус газрын тусгай зөвшөөрлөөс хасуулах талаар яригдаад байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүл ахуйн бүс тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах, тусгай хамгаалалтад авах нь хуулийн үндэслэлтэй байна гэтэл Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12, 13 дугаар тогтоолууд шүүхийн шийдвэрээр хүчингүй болоод байгаа бөгөөд хуулийн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүл ахуйн бүс тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах, тусгай хамгаалалтад авах  асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад олгох нөхөн олговрыг шийдвэрлэсний дараа эрүүл ахуйн бүсийг тогтоож, бусад арга хэмжээг авах ёстой.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 28 дугаар тогтоолдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7, 22.9, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 –д заасныг баримтлаагүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.4-т заасныг зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

         Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга Б.Лхамсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь  манай сумын нутаг дэвсгэрийн 85,6 га талбайд ашиглалтыг тусгай зөвшөөрөлтэй үүнээс  Шарын гол сумын усны ундны эх үүсвэртэй давхцалтай байгаа 30,5 га газрыг хасаж 55,08 га газарт 1 жилийн хугацаатай газрыг гэрээ байгуулан гэрээгээр ногдуулсан 8.812.800 төгрөгийг барагдуулаагүй, 2016, 2017 онд уулын ажлын төлөвлөгөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, усны гэрээ байгуулаагүй, 2017онд олборлолт явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй. Эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй талаар дурдсан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж оролцогч талуудыг оролцуулсан бөгөөд Монгол Улсын Засаг Захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалт , Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэхь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дүгээр зүйл , Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны № А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1, 3.14 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн.

Судалгааны ажлын хувьд Монгол улсын Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамны 2017.08.08-ны №09а/4700 тоот албан бичиг , 2017.10.18-ны №09а/6340 тоот албан бичигт тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016.04.07 №А/112 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргасныг дурдсан байгаа.

Сумын ИТХ-ын тогтоолд: Байгаль орчны асуудал Эрхэлсэн Төрийн Захиргааны төв байгууллагаас ирүүлсэн тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016.06.07 өдрийн №02/3540, Усны нөөцийн хэлтсийн даргын 2017.08.08-ны өдрийн №09а/4700, 2017.10.18 өдрийн №09а/4700, 2017.10.18 өдрийн №09а/6340, Газар зохион байгуулалт , Усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018.03.21-ны өдрийн №09а/1732 тоот албан бичгийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үндэслэл хэсэгт оруулсан болно. Дашрамд дурдахад тус төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны төв байгууллагын гадаад, дотоодод өөрийн эрх хэмжээний асуудлаар бүрэн төлөөлөх албан тушаалтан мөн болно.

МУ-ын Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтанд “Усны хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй ”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал “Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно ” гэж заасныг зөрчөөгүй.

Тус сумын Буянтын хөндийн ундны эх үүсвэр орчмын газар нь хөрсний ус нэвтрэх эмзэг хамгаалагдаагүй чулуулагийн үе болохыг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын  яамны 2017.10.18-ны 09а/6340, 2018.03.21-ний 09а/1732 албан бичгүүдээр нотлогдож байна. Иймд 500 метрээр бүсийг тогтоосон нь усны тухай хууль болон 2015 оны А-230/127 тушаалын дагуу гарсан журмын зохих заалтуудад нийцэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4дэх  хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрын нэг жилийн дотор олгох зохицуулалтыг тогтоолд тусгаж асуудлыг шийдвэрлээгүй байна гэсэн нь уг тогтоолын 5 дахь заалтад “...ундны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниудын талбайг хасуулах ажлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг” Засаг дарга Д. Амарсанаад үүрэг болгосон байгаа, Иймд манай  28 дугаар тогтоолыг хамгаалсан шийдвэр гаргаж өгөөч гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоолыг гаргах хуульд заасан үндэслэл байгаа эсэх талаар өнөөдрийн шүүх хуралдаанд ярих ёстой. Тус тогтоолоор ундны усны эх үүсвэртээ эрүүл ахуйн бүсийг тогтоож байгаа, хот суурин газрыг усаар хангахаар ундны усны эх үүсвэртээ эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай тогтоол гаргасан. Тогтоолын хувьд хуульд заасны дагуу гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр захиргааны акт гаргах шаардлагыг хангасан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар захиргаан актыг яаралтай гаргах тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүйгээр гаргаж болохоор заасан байдаг. “ЧЧБТ” ХХК-д мэдэгдэж албан ёсоор сонсох ажиллагаа явуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн дагуу иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн байгууллага нь хүн амыг ундны усаар хангах асуудал дээр үйл ажиллагаа хийхгүй бол төрийн байгууллага байгаад яах вэ. Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан шийдвэр гэж үзэж байгаа. Бодит байдалд дүгнэлт хийгээд 28 дугаар тогтоолыг гаргасан, тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалт 500 метрээр эрүүл ахуйн бүс тогтоосугай гэж байгаагаас харахад бодит байдлыг харгалзсан байгаа нь харагдаж байна. Төрийн байгууллага захиргааны актдаа шийдвэрийнхээ үндэслэл болж байгаа хуулийн заалтыг баримталсан байна. Мөн түүнчлэн Байгаль орчны яамнаас албан тоотууд удаа дараа ирснийг үндэслэлээ болгосон байгаа. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоол гарахаас өмнө Газрын харилцаа усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмарын албан бичигт усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг тодорхой дурдсан байдаг. Төрийн захиргааны байгууллагууд үүрэг даалгавар биелүүлэх үүргээ хэрэгжүүлж, иргэдээ ундны усаар хангахын тул хуулийн дагуу тогтоол гаргасан. Эрүүл ахуйн бүсийг тогтоосон солбилцлыг баталсан байгаа кадастрын хэлтэс бүртгэж авсан талаар албан бичиг ирсэн байна. Эрүүл ахуйн бүсийг тогтоосон худгийн хооронд Засаг даргын захирамжаар Дулаан шарын гол ТӨХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа тул тус компаний бас эрх ашиг яригдаж байгаа. Эрүүл ахуйн бүс тогтоосон газар нь тусгай зөвшөөрөлтэй газартай давхцаж байгаа газар газрын гэрчилгээ одоогоор байхгүй байгаа. “ЧЧБТ” ХХК-тай давхацсан газарт гэрээ байгуулаагүй гэдгийг анхаарч үзээрэй. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолд эрүүл ахуйн бүс тогтоож, тусгай хэрэгцээнд авч байгаа газартай тусгай зөвшөөрөлтэй газар давхацсан хэсгийг хасаж болно гэж заасан байна. Газар эзэмших гэрээ байгуулахад өөрт нь олгогдоогүй газар буюу эрүүл ахуйн бүсэд үйл ажиллагаа явуулж, олборлолт явуулна гээд байгааг ойлгохгүй байна. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 28 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн дагуу гарсан. Эрдэмтдийн тайлан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн юм аа гэж 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09/3919 дүгээр албан бичгээр тодорхой харагдаж байгаа бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг төлөөлнө гэж. Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 28 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Дулаан Шарын гол ТӨХК-компанийн гүйцэтгэх захирал Энхцэцэг шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын гол сумын иргэдийг усаар хангах үйл ажиллагааг “Шарын гол” ХК явуулж байгаад 2003 онд УИХ-аас батлагдсан 93 дугаар тогтоол болон Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 6 сарын 4-ны өдрийн 57 дугаар тогтоол зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн “Дулаан шарын гол” ОНӨҮГ-ыг байгуулсантай холбогдуулан төрийн  мэдлийн хөрөнгөнд бүртгэлтэй 2819313.7 мянган төгрөгийн баланс бүхий иж бүрэн объектыг тэнд ажиллагсдынх нь хамт шилжүүлж  өгөхөд Буянтын тоосгон барилга, Буянтын торон хашаа 5,6,7,8,12 –р худгийн барилга, 11-р худгийн барилга 4-р худгийн барилга зэрэг худгууд нь тоног төхөөрөмжийн хамт байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэнээс хойш  одоо болтол төрийн өмчийн болон компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа юм. Уг худгууд нь анх 1964-1987 онуудад ашиглалтанд оруулсан бөгөөд улмаар 5,6,7,8,12-р худгуудыг 1974-1975 онуудад ашиглалтанд оруулсан байдаг.

2005 оноос эхлэн “Дулаан шарын гол ” ОНӨҮГ нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан аж ахуйн зориулалтаар 10 га газрыг Шарын гол сумын засаг даргын захирамжаар эзэмшиж байгаад Шарын гол сумын засаг даргын 2011 оны 7 сарын 6 өдрийн 172 тоот захирамжийн 1-р заалтаар: “Дулаан шарын гол” ТӨХК-ийн албан контор, авто машины гарааш, дулааны пункт, цэвэрлэх байгууламж, ус бэлтгэл, БНС, усан сан, уурын зуух , Буянтын 8 дугаар худаг,  КНС, шугам хоолойн зориулалтаар эзэмшиж байсан 117585 м2 газар , 8км шугам хоолойн газрын эрхийг 15 жил сунгаж хавсралтаар баталсугай: гэж заасны дагуу уг газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амыг цэвэр усаар хангах үйл ажиллагааг явуулж байх хугацаанд цэвэр усны эх үүсвэрүүд түвшин бууж доголдох, хоногт хангаж нийлүүлэх усны нөөц багасаж шөнийн 00.00-06.00 цагуудад хэрэглэгчдийн усны хэрэглээг хязгаарлаж өдрийн хэрэглээний усыг нөөцлөх зэрэг бэрхшээлүүд гарч байсан . Буянтын худгуудын ойр орчим нэр бүхий алтны компаниуд ашигт малтмал ашиглах болсноос цэвэр усны нөөц багасах, усны эх үүсвэрт нөлөөлж болзошгүй зэрэг асуудлууд гарах болсон тул ус хангамжийн цаашдын төлөвийн талаар судалгаа хийлгэх, арга хэмжээ авч өгөхийг холбогдох төрийн байгууллагад удаа дараа санал хүсэлт явуулж байсан билээ.Эдгээр байдлуудыг үндэслэн 2016 онд “Дархан-Уул аймгийн Шарын гол сум , Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж Буянтын голын хөндийн газрын доорх усыг ашиглах зөвлөмжийг гаргасан. Үүнд:

Буянтын өнөөгийн усан хангамжийн эх үүсвэр /ашиглалтын 8 худгаас/-ээс нийт авч ашиглах усны хэрэглээг 1582.55 м3/ хон-оос хэтрүүлэн ашиглахгүй байх

“Эрдэс холдинг” ХХК, “ДЦХ”-ын талаар өгөх дүгнэлт /одоо “ЧЧБТ”ХХК ашиглаж байгаа/

Уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож ашиглахыг сануулах , тэмдэгжүүлэлт хийх

“Эрдэс холдинг” ХХК нь “ДЦХ” ХХК-аар 2016 оноос алт олборлуулж байгаа учраас 2017 оноос эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбайг хасуулах нөхөн сэргээлт хийх нөхөн сэргээлт хийх шийдвэрийг холбогдох газарт тавих зэрэг зөвлөмжийг тусгайлан гаргасан байна.

Дархан­-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийг цэвэр усаар хангах эрүүл ахуйн бүсийг тогтоож ажиллахад төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд зорилго нэгтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд цаашид ч үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллах болно.

Дархан­-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг удирдлага болгон төрийн удирдах дээд байгууллагуудаас ирүүлсэн үүргийн дагуу гарсан эрхзүйн акт гэж үзэж байгаа тул хариуцагч байгууллагуудын гаргасан тайлбартай санал нэг байна.

“ЧЧБТ” ХХК нь хамгаалалтын бүс дотор гэр барьж байгаад өчигдөр гэрээ буулгасан байсан.

Иймд нэхэмжлэгч  ЧЧБТ ХХК- аас гаргасан 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоолд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-иас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-нд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1дэх заалтын 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Эрүүл ахуйн бүс тогтоох” тухай 28 дугаар тогтоол гаргаж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1, 3.14, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02/3540, тус яамны Усны нөөцийн хэлтсийн даргын 2017 оны 09а/4700, 2017 оны 09а/ 6340, тус яамны Газар зохион байгуулалт,Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09/1732 тоот албан бичгийг тус тус  үндэслэн тус сумын  хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Буянтын хөндийн адаг нэртэй газарт 105.37 га талбайд ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд үүнээс 85.6 га талбай нь Шарын гол сумын нутагт  хамаардаг бөгөөд анх Ашигт малтмалын  МV-006006 дугаар  ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэс холдинг” ХХК-д олгохдоо Шарын гол сумын  ундны усны эх үүсвэр болох тухайн үед  “Дулаан шарын гол” ОНӨҮГ-ын эзэмшилд байсан 1974, 1975 онуудад ашиглалтанд орсон 5, 6, 7, 8, 12 дугаар худгуудын 7 дугаар худаг түүнийг оролцуулан түүний орчим газарт давхардуулан зөвшөөрөл олгосон “Эрдэс холдинг” ХХК-нь тусгай зөвшөөрлөө  9011439108 тоот улсын бүртгэлийн дугаартай “ЧЧБТ” ХХК –д 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдөр шилжүүлсэн болох нь Ашигт малтмалын  МV-006006 дугаар  ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1,2 дугаар хавсралт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн “Дулаан шарын гол” ОНӨҮГ байгуулах тухай 57 дугаар тогтоол,УИХ-ын 2002 оны 93 дугаар тогтоолын үндэслэн 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн  “Шарын гол” ХХК-наас Дархан-Уул аймгийн өмчлөлд эд хөрөнгө, шилжүүлэн, хүлээлцэх тухай“ акт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ”Газар эзэмшүүлэх тухай” 132 дугаар захирамж, 2011оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Газар эзэмших гэрээ,гэрчилгээг сунгах тухай” 172 дугаар захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдож байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А/112 дугаар “Мэргэжлийн  шинжээчээр ажиллах ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалаар томилогдсон  шинжээчдийн баг Шарын гол суманд 2016 оны 05 дугаар сарын 05-өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд ажиллаж “Буянтын хөндийн газрын доорх усны үндсэн тэжээгдлийн бүс дээр “ДЦХ” /Эрдэс холдинг/  ХХК алт олборлох үйл ажиллагаа явуулснаар Буянтын ус татамжийн худгуудад усны түвшний бууралт эрчимжиж, нөөцийн хомосдол үүснэ, уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож ажиллахыг сануулах, тэмдэгжүүлэлтийг хийх, ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбайг хасуулах, нөхөн сэргээлт хийх шийдвэрийг холбогдох газарт тавих” гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ.

Хариуцагчийн тухайн үед гаргаж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор тус сумын хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр болох Буянтын хөндийд байршилтай 3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар  худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метр зайд “Эрүүл ахуйн бүс” тогтоосноор “ЧЧБТ” ХХК-ны  30,5 га талбай нь эрүүл ахуйн бүстэй давхацсан гэх үндэслэлээр Шарын гол сумын Засаг дарга нь энэхүү талбайг хасаж 55.08 га газрыг нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-д  эзэмшүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  А/186 дугаар захирамж гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон боловч нэхэмжлэгч нь  гэрээгээр ногдуулсан 8.812.800 төгрөгийг барагдуулаагүй болох нь Шарын гол сумын газрын даамал Д.Болорцэцэгийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК -нь  2016, 2017 онуудад уулын ажлын төлөвлөгөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, 2017 онд олборлолт явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй, “Эрдэс холдинг” ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрлөө албан ёсоор шилжүүлэн аваагүй байхдаа үйл ажиллагаа явуулдаг байсан нь  Мэргэжлийн хяналт, хяналт шалгалтын 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн “Хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай” 01дүгээр танилцуулга,

“ЧЧБТ” ХХК-ны удирдлагуудтай  2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр уулзсан тэмдэглэл, хяналт шалгалт хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн тэмдэглэл, Хяналт шалгалт хийсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, лац тавьсан тэмдэглэл, Шарын гол сумын Засаг даргын ”Зөрчил арилгаж, нөхөн сэргээлт хийх тухай” 01/489 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 10-04-306/02 дугаар акт, 5 дугаар сарын 03-ны өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 10-04-306/01 дугаар акт зэрэг баримтуудаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбаруудаар нотлогдож байгаа төдийгүй нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон уурхайн талбай гэдгээр үндэслэн алт олборлолтын үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь хариуцагчийн зүгээс Шарын гол сумын 9000 гаруй иргэдийн  ундны усны нөөцийг хомсдохоос хамгаалахын тул  “Эрүүл ахуйн бүс тогтоох” тухай асуудлыг  иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байгаа   болно.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “усны эх үүсвэр” гэж  ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг”, 3.1.10-т “эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг” 3.1.15-т “ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга  байгууламжийг”, 22 дугаар зүйлийн 22.1-т ”Усны нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын гурвын 3.2-т “...эрүүл ахуйн бүс нь эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсээс тогтоно...” 3.13-т ”төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүсийг тогтооно”, 3.14-т “Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно” гэж тус тус тодорхойлсноос үзэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Эрүүл ахуйн бүс тогтоох” тухай 28 дугаар тогтоол гаргаж  тус сумын  хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн газрын доорхи усны нөөцийг хамгаалах зорилгоор  3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэр тус бүрээс “эрүүл ахуйн хязгаарлалтын бүс”-ийг тогтоохдоо Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд ажилласан мэргэжлийн шинжээчдийн багийн дүгнэлт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02/3540, тус яамны Усны нөөцийн хэлтсийн даргын 2017 оны 09а/4700, 2017 оны 09а/ 6340, тус яамны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09/1732 тоот албан бичгийг тус тус  үндэслэн, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй /дээш/ зайд буюу 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоож шийдвэрлэсэн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т ”... ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”  гэх хууль болон дээрх журмын заалтуудыг зөрчөөгүй,  сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүл ахуйн бүс тогтоолгох хүсэлтийг хэлэлцсэн нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2”л”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д заасантай нийцсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан  2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” А-230/127 дугаар тушаалын 3-т ”Журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон, тус газрын даргаас төрийн захиргааны төв байгууллагын тушаалаар томилогдон ажилласан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Буянтын эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 500 метрээр тогтоож, хашаажуулах ажлыг Шарын гол сумын Засаг дарга, “Дулаан шарын гол” ХХК-нд үүрэг болгож байсан нь 2017 оны 09а/4700, 09а/ 6340, 2018 оны 09/1732 тоот албан бичгүүдээр тогтоогдож байхад нэхэмжлэгчийн зүгээс  “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын гурвын 3.4-т заасан Төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй гэж хариуцагчийг  буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн  Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай,уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, Газрын тухай хуулийн  2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах,хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж  тодорхойлсноос үзэхэд усны эх үүсвэрийн “Эрүүл ахуйн бүс” тогтооход дээрх хуулийн заалтыг баримтлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд “ЧЧБТ” ХХК-ны төлөөлөгч Ж.Оюунболд  оролцсон тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5,  27.6, 27.7-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ний “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-нд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ..

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”л”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-нд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатанд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНЧИМЭГ