Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01179

 

 

 

 

 

 

 

 

 

У.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЦЕГ-т холбогдох, дутуу авсан цалин хөлс нийт 4 346 584 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.О-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.О- нь цагдаагийн байгууллагад 26 жил 10 cap ажилласан бөгөөд Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс, Налайх дүүрэг, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр 1996 оноос 2018 оны 09 сарын 17-ны өдөр хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. ЦЕГ-ын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн Б/621 дугаар тушаалаар У.О-ын тэтгэвэрт гарах болсон тул 2018 оны 09 сарын 17-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн.

Гэтэл ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заажээ. Мөн уг тушаалын 3.2-т Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журам-ын 924.5.4-т дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй байна. Нэхэмжлэгч нь төрийн тусгай албанд 10 жил ажилласан тул журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг45 хувиар авах эрх үүссэн байсан бөгөөд энэ тушаалын талаар хэд хоногийн өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн болно. Учир нь бидний тэтгэвэр эрс ялгаатай тогтоогдсон байснаас ийм тушаал гарсныг мэдлээ. Хэрэв надад ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлж, 45 хувиар олгосон бол 2016 оноос нийт 4 346 584 төгрөгийн нэмэгдэл авах байсан байна. ЦЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 2018 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалинг дутуу бодож олгосон байна гэж үзэж байна. Цалин хөлсийг дутуу бодож олгосноор цалингаа дутуу авснаас гадна тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгоход тэтгэвэр буруу, бага тогтоогдож өнөөдрийг хүрсэн. Мөн хөдөлмөрийн маргаан таслах комисс ЦЕГ-ын дэргэд байхгүй учир нэхэмжлэлээ шүүхэд хандаж гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. Иймд У.О-д олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул 4 346 584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 16.5.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 08 сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас зүгээр санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гээд төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цагдаагийн мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг, цолны, хуульд заасан бусад гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 128.1.11-д заасныг баримтлан ЦЕГ-аас олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4 346 584 төгрөг гаргуулахыг хүссэн У.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: У.О- нь цагдаагийн байгууллагад 26 жил 10 сар ажилласан бөгөөд ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заажээ. Мөн уг тушаалын 3.2-т Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код924/ журмын 924.5.4-т төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулах ажлыг үүрэг болгосон байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш У.О-ын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй байна. Энэ А/124 тушаал гарсан талаар 2021 оны 01 сарын дундуур мэдсэн. Энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу. Учир нь, хариуцагч нь Төв орон нутгийн цагдаагийн газарт А/124 тушаалын өөрчлөлтийг 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүргүүлсэн, үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Дэд хурандаа н.Баярбат нь албан хаагчдад танилцуулсан нь 01 сарын 07-ны өдрийн багшийн тэмдэглэл, ирцийн бүртгэл, 2018 оны албан хаагчдын ирц, системд нэвтэрсэн баримтуудыг нотлох баримт болгосон байна. Хариуцагчаас гаргаж өгсөн эдгээр баримтууд нь нэг хүний гараар нэр бүхий хүмүүсийн нэрсийг хуулж бичсэн, сургалтанд намайг суусан гэх боловч суусан талаар надад танилцуулсан баримт буюу гарын үсэг байхгүй мөн системд нэвтэрсэн гэх боловч тэр өдөр би уг системд нэвтэрч ямар баримт, мэдээлэл харсан талаар тодорхой баримтгүй байгаа бөгөөд эдгээрийг шүүхээс тодруулж нягтлалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд гэрч Б.Отгонсүх оролцсон бөгөөд надад уг А/124 дугаартай тушаал гарсныг сүүлд буюу 2021 оны 01 сарын сүүлээр мэдэгдсэн талаар мэдүүлсэн байдаг. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч У.О- нь хариуцагч ЦЕГ-т холбогдуулан 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу авсан цалин хөлс нийт 4 346 584 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын дагуу төрийн тусгай алба хаасны 45 хувийн нэмэгдэл авах болзлыг хангасан байсан боловч дээрх хугацаанд уг нэмэгдлийг аваагүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 оны хооронд царцаахаар шийдвэрлэсний дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг олгох боломжгүй байсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.О-ыг 1996 - 2018 онуудад цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, хариуцлагатай зохицуулагч, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр нийт 26 жил 10 сар /22 жил 1 сар + 4 жил 9 сарын нэмэгдэл/ ажилласан үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаархи нэхэмжлэгч У.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж тус тус заасан тул төрийн албаны хугацааны нэмэгдэл олгоогүйтэй холбоотой маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаал гарсан үеэс эхлэн төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдэл авах эрх нэхэмжлэгчид үүссэн байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 01 сард цалин хөлс бодож олгосон үеэс уг нэмэгдлийг аваагүй талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, ЦЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалыг алба хаагч нарт танилцуулахаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт даалгасан, үүний дагуу 2016 оны 01 сарын 07-ны өдөр сургалт зохион байгуулсан, цагдаагийн албан хаагч У.О- тус сургалтад хамрагдсан талаархи баримт хэргийн 85-87 дугаар талд авагдсан байгааг дурьдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч У.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.О-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 24-ний өдөр төлсөн 84 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР