Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 216/МА2021/00011

 

  *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй Шивээ-Овоо ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8 154 726 428 төгрөг гаргуулах шаардлагыг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэгт 6 636 615 661.52 төгрөг, алданги 1 347 322 811.15 төгрөг, нийт 16,064,078,694.40 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******,*******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь*******-тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр нийлүүлэгч ******* нь 75137 загварын Белаз машин 3 ширхэг, Белаз 7555B загварын 2 ширхэг автосамосвалуудыг нийлүүлэх, захиалагч******* нь гэрээний үнэд нийт 15 278 100 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нийлүүлэгч тал болох ******* нь гэрээний хавсралт 2-т зааснаар Белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг 2016 оны 03 дугаар сарын 15-наас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд, белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний хооронд техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан нийт 5 ширхэг автосамосвалуудыг нийлүүлсэн. Захилагч******* нь одоог хүртэл дээрх белаз машинуудаар компанийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Захиалагч нь уг мөнгөн хөрөнгийг дээрх гэрээний хавсралт 01-д зааснаар дээрх белаз машинуудыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж зааснаар төлж барагдуулахаар график байгуулсан. Тодруулбал, белаз 7555В 2 ширхэг автосамосвалуудыг 1 ширхэгийг нь 1 323 300 000 төгрөг, нийт 2 646 600 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16,5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй зээлээр, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүр төлбөл зохих нийт төлбөр 53 952 905.27 төгрөг, бодогдсон хүү 7 913 092.77 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 46 039 812.50 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Харин белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг нэгжийн үнэ 4 210 500 000 төгрөг, нийт 12 631 500 000 төгрөгөөр, урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16.5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй, сар бүр төлбөл зохих нийт төлбөр 257 502 502.44 төгрөг, бодогдсон хүү 37 767 033.69 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 219 735 468.75 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Ийнхүү гэрээний хавсралт 1-д зааснаар сар бүр 5 ширхэг белазын төлбөрт нийт 311 455 407 71 төгрөгийг манай байгууллагад төлж байхаар гэрээ байгуулсан. Гэтэл******* нь 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 4 861 192 375.92 төгрөгийн төлбөр төлж, дээрх хуваарийн дагуу төлбөрийг огт төлөөгүй. Түүнчлэн ******* нь*******-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1-д заасны дагуу нийт 339 694 798.90 төгрөгийн үндсэн сэлбэгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийлүүлж, үйлчилгээ үзүүлсэн ба энэ гэрээний 5.1-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж зааснаар нийт алданги 6 783 836.93 төгрөг, төлбөл зохих төлбөр нийт 67 838 369.34 төгрөг болно. Гэвч захиалагч******* нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөл зохих хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг манай компаниас удаа дараа*******-д мэдэгдэж, утсаар болон 2018 оны 05 дугаар сарын 24-ний 1805-28 тоот, 2018 оны 06 дугаар сарын 05-ны 1806-09 тоот албан бичгээр 4,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөхийг мэдэгдсэн, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн үнийн дүнгээр төлбөрийн нийт үлдэгдэл алданги тооцоогүй дүнгээр 13 037 392 063.74 төгрөг болсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, түүнчлэн автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний 17.1-д нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно, алданги гэрээний нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байсан ба тухайн үед гэрээний хугацаа дуусаагүй байсан болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2021/00337 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Тус нэхэмжлэлээр СШ№26 ШОХК2015/ШО-16-06 тоот Автосамосвал нийлүүлэх гэрээний 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний нийт төлөгдөөгүй үнийн дүнг нэхэмжлэх эрхтэй болсон. Үүний учир СШ№26ШОХК2015/ШО-16-06 тоот Автосамосвал нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 6 636 615 661,52 төгрөгөөр ихэсгэж, 5 607 938 032,88+6 636 615 661,52=12 244 553 694.40 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх алдангийг нэхэмжилсэн. Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ-ний 17.1-т Нийлүүлэх барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно, алданги гэрээний нийт үнийн 25 хувиар хэтрэхгүй гэж заасны дагуу гэрээний алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн 25 хувиар тооцож, 1 347 322 811,15 төгрөгөөр ихэсгэж 2 472 202 188,85+1347 322 811,15=3 819 525 000,00 нийт 3 819 525 000,00 төгрөг, нийт 16 064 078 694 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоо Белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөр 74 622 206,27 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Белаз 75137, 7555B гэсэн тендерийн автосамосвал нийлүүлэх гэрээний ШО16-06 дугаартай тендерийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж хариуцагч тал үзэж байгаа. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаар шүүхийн тогтоолд гэрээний хүчин төгөлдөр байдлын улмаас хүчин төгөлдөр байж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд алданги шаардах эрх зүйн зохицуулалтай байгаа гэдгийг тодорхой дурдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавьж, мөн хууль зөрчигчдөд хяналт тавихтай холбогдон гаргасан энэ харилцааг зохицуулж байгаа. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээг олгох гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ гээд тодорхой заасан байгаа. Энэ заалтаас үзэхэд хамгийн сайн гэж үнэлэгдэхийн тулд 2 буюу түүнээс дээш оролцогч тендерт оролцсон байхыг шаардаж байгаа. Энэ холбогдох хуулийн заалтуудаар энэ агуулга, энэ санааг тодорхой дурдсан байдаг. Мөн хуулийн нэр томьёо буюу 5 дугаар зүйлийн 5.1.6-д тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд 5.1.6.а-д дангаараа тендер ирүүлсэн этгээд 5.1.6.б-д хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж оруулсан байгаа. Энэ тендерийн материалыг хууль зүйн хувьд шалгахад ******* нь Транс техно маркет гэсэн компанитай түншлэлийн гэрээ байгуулж, нэг тендер дээр хамтран оролцсон. Тэгэхээр 5.1.6.б буюу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн этгээд гэж үзнэ. Мөн нотлох баримт шинжлэн судалсны дараа тайлбар хэлэгдээд явна. Энэ тендерт гэрээ байгуулахдаа гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг захиалагч тал хүргүүлээгүй байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэх гэж тодорхой заасан байгаа. Хуулийн худалдах, худалдан авах ажиллагаанд талуудын баримтлах зарчмыг хуулийн 6 дугаар зүйлд заасан байгаа. Энэ нь үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэл байгаа. Энэ 6.1-т өрсөлдөгч тэгш боломжтой гэж заасан байгаа. Өрсөлдөгч тэгш боломжтой гэдэг нь мөн 2 буюу түүнээс дээш этгээд оролцож байж өрсөлдөх тухай асуудал яригдана. Мөн хуулийн 7, 8 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны журмыг сонгох гэсэн байгаа. 8 дугаар зүйлд шууд худалдан авах ажиллагааг зохицуулсан байгаа. Гэхдээ шууд худалдан авах ажиллагаа Монгол Улсын Засгийн газар 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор шууд худалдан авалтыг 10 000 000 төгрөг гэсэн учраас эдгээр заалтуудад хамаарахгүй гэдгийг дурдах нь зүйтэй гэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчигт нь Тендерт оролцогчдод давуу эрх олгох тухай заасан байгаа. Мөн хуулийн 12 дугаар зүйлд тендерт оролцогчийн чадварыг үнэлэх, 12.1-т үнэлгээний хороо үнэлэхдээ хэрхэн яаж ямар үзүүлэлт, чадвар шалгуурыг үндэслэж хянах вэ? гэдэг ийм зохицуулалтыг оруулсан байна. 12.1-т тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж шударга нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий техникийн чадвар болон туршлагыг 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана. 12.4-т захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно гэсэн байдлаар оруулсан. Ерөнхийдөө шалгаруулалт гэдэг нь 2 буюу түүнээс дээш этгээд байж тендерт оролцох боломжтой. Мөн тендерийг үнэлэх гэсэн 28 дугаар зүйлд заасан журмууд байна. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ. Хамгийн гэдэг нь утга агуулгын хувьд хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой үг байгаа. 2 буюу түүнээс дээш этгээд байж хамгийн гэдэг нэр томъёонд хамаарагдаж тендерийг шалгаруулах нэр томъёонд хамаарна. Мөн хуулийн 28.11-т зааснаар захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг гэсэн байгаа. Гэтэл манай тендерт 2 компани түншлэлийн гэрээ байгуулж оролцсон байгаа. Харин 28.11-т захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана гэж заасан. Мөн 28.14.2-т энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан техникийн санал тус бүрийн талаар тухайн оролцогчтой захиалагчийн хэрэгцээг илүү хангасан жишиг техникийн тодорхойлолт бэлтгэх зорилгоор санал солилцох гэж олон тоон дээр тайлбарласан байгаа. 29.1-т Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байгаа. Энэ юу гэж байна вэ? гэхээр мөн 2 буюу түүнээс дээш этгээд оролцож байж тэр оролцсон тендерийн шалгаруулалт явагдана. Шалгаруулалтад тэнцсэн этгээдэд гэрээ байгуулах эрх олгогдохоор мэдэгдэл явуулна, бусад оролцогч нарт нэгэн зэрэг явуулна. Иймд заавал биелүүлэх шинжтэй заалт байгаа. Мөн хуулийн 42 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус гэрээ гэсэн зохицуулалт байдаг. 42.1-д Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ гээд 42.1.2-д захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, 42.1.3-д энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэдэг энэ 2 заалт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх ийм үндэслэл бий болгож байна гэж үзэж байна. Яагаад гэхээр 2 буюу түүнээс дээш этгээд оролцсон байх ёстой, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн байх ёстой. Бусад оролцогч нарт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэх ёстой. Ганцхан оролцогчийг тендерт оролцуулаад шалгаруулж байгаа нь тендерийн эцсийн үр дүнд нөлөөлж ******* ганцаараа тендерт орж автосамосвалыг нийлүүлсэн. Ганцаараа гэдэг нь Транс техно маркет гэдэг компанитай түншлэлийн гэрээ байгуулж орсон гэдгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ийнхүү хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 56.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2, 42.1.3-т тус тус заасны дагуу энэ хэлцэл хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн заалтыг хэрэглэх үр дагавар үүсч байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар 56.1.1 хамаарахгүй байгаа. Хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж үзнэ гэдэг зохицуулалт хэрэглэгдэхгүй. 56.1.1-т хууль зөрчсөн гэдгийг тодорхой заасан байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар дурдсан 32 дугаар зүйл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэж үндсэн төлбөр төлүүлэх үр дагавар үүснэ гэж үзэж байна. Үүнд хүү, алдангийн асуудал яриад байгаа. Энэ зохицуулалт үндсэндээ хэрэглэгдэхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн агуулга нь төрийн болон төрийн оролцоотой компани худалдан авах үйл ажиллагаа хийхдээ энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн зарчим байгаа. Нэг компанид зориулж тендер зарлаад тэр компаниа оролцуулаад, шалгаруулаад явахгүй үүднээс энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж байгаа. Гэтэл энэ тендерийг харахаар энэ компанид зориулж тендер зарлаад, шалгаруулсан мэт харагдаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 42.1.2, 42.1.3-т энэ асуудлууд төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдаж авахдаа энэ хуулийг мөрдөнө гэж байгаа. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Гэхдээ нэхэмжлэгч талын гаргаж байгаа танай талаас өмнө нь энэ асуудлыг яриагүй гэж яриад байна. Өмнө нь энэ асуудлыг аль аль нь анхаарч үзээгүй байсан. Яагаад гэхээр энэ асуудал Дээд шүүх дээр яригдсан. Яагаад ийм үнэтэй байгаа вэ? энэ асуудлыг яагаад шалгаагүй вэ? гэдэг үндэслэлээр хүчингүй болоод анхан шатанд дахин хэлэлцүүлэгдэж байна. Тэр үндэслэлээр аваад үзэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гарч ирж байгаа. Тиймээс манай талаас Дээд шүүхээс гарч ирсэн үндэслэлийн дагуу хуулиа судлаад энэ асуудлыг ярьж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шивээ Овоо ХК нь СШ-26-ШОХК-2015 дугаартай тендерийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарласан байдаг. Энэ зарласан тендер 2 төрлийн бараа бүтээгдэхүүн авахаар зарласан. Нэгдүгээрт, автосамосвал авах, хоёрдугаарт, эксковатор авна гэж зарласан. Үүний дараа Юнайтад белаз машинери ХХК болон Транс техно маркет гэсэн 2 компани түншлэлийн гэрээ байгуулж орж ирсэн. Юнайтад белаз машинери ХХК нь бид нар хөлсний машиныг өгнө гэсэн. Харин Транс техно маркет ХХК нь эксковатор өгнө гэж гэрээ байгуулж орж ирсэн. Хуулийн зохицуулалтаар энэ 2 компанитай нэг гэрээ байгуулах ёстой байсан хэдий ч тус тусад гэрээ байгуулсан. Үүгээрээ манай компани хууль зөрчсөн гэрээ байгуулсан. Дээр нь процессын ажиллагааны бүх баримтуудыг хийгээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2-т заасныг ноцтой зөрчсөн гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч*******-иас гэрээний үүрэгт 12 244 553 694.40 төгрөг, алданги 3 819 525 000.0 төгрөг, нийт 16,064,078,694.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №1705/01 тоот Белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 74 622 206 төгрөгийн төлбөрийг төлж, хариуцагч биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 772 490 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШЗ2021/00390 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг 40 077 642 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсаныг дурдаад, уг улсын тэмдэгтийн хураамжийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор орон нутгийн төсвийн орлогод оруулахыг даалгаж, хариуцагч*******-иас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 80 478 343 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШТ2019/00270 дугаар тогтоолоор Белаз 75137 загварын 3 ширхэг, Белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 8 154 762 428 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн болохыг,... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: гомдлын үндэслэл, шаардлага: Анхан шатны шүүх Юнайтед Белаз Машинери ХХК-ийн нэхэмжлэлтэй Шивээ-Овоо ХК-д холбогдох гэрээний үүрэгт 16 138 664 900.67 /арван зургаан тэрбум нэг зуун гучин найман сая зургаан зуун жаран дөрвөн мянга есөн зуун төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж доорхи үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх ...Хэрэгт авагдсан Тендерийн үнэлгээний хороонд гаргасан Автосамосвол, цахилгаан эксковатор нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгох тендерийн материал, явуулсан албан бичгийн бүртгэл, хамтран ажиллах түншлэлийн гэрээ зэргээс үзэхэд ШО-16-06 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-д заасныг зөрчөөгүй байх тул... гэж дүгнэсэн мөртлөө ... дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв ...... Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлтэй байна гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт өөр хоорондоо эрс тэс зөрүүтэй дүгнэжээ.

А/Дээрх дүгнэлтээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-д заасныг тус тус зөрчөөгүй юм бол уг гэрээ нь тухайн зүйл, хэсэгт заасан урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бус гэрээ байх учиртай.

Б/Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйл болон мөн хуулийн зорилтоос эхлээд 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.6, 5.1.18, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 /шийдвэрийн тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй бичигдсэн байгаа тул хэм хэмжээг нэг бүрчлэн бичээгүй болно/ зэрэг хуулийн үзэл санаа, агуулга, концепцийг тодорхойлсон олон зүйл, заалтуудыг иш татан тендер явуулах журам ноцтой зөрчигдөж, зарласан тендерт нэг этгээд оролцсон, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлээгүй ноцтой зөрчлүүд гарсан талаар мэтгэлцсэн байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан Тендерийн үнэлгээний хороонд гаргасан Автосамосвол, цахилгаан эксковатор нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгох тендерийн материал, явуулсан албан бичгийн бүртгэл, хамтран ажиллах түншлэлийн гэрээ зэргийг дүгнэсэн мэт мөртлөө тэдгээр нотлох баримтын буруу, дутуу үнэлж, хариуцагч талын мэтгэлцэж буй хууль зүйн үндэслэлийг ямар нотлох баримтаар, хэрхэн үгүйсгэгдэж байгааг огт дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж заасан бөгөөд Төрийн байгууллага, улсын төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани болон тендер шалгаруулалтад оролцогч бүр холбогдох гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг ягштал баримтлах ёстой билээ. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Хууль тогтоогч уг хуулийг хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой байдлаар баталсан бөгөөд хууль хэрэгжүүлэгчид уг хуульд заасан журмын дагуу хоёр буюу түүнээс дээш оролцогчийг нэгийг нөгөөтэй нь харьцуулах замаар шалгаруулдаг байх үндсэн зарчмыг дагаж мөрдөх ёстой бөгөөд энэ мэтээр нэг компани тендерт ороод ямар ч өрсөлдөгчгүйгээр гэрээ байгуулж, гэрээгээ байгуулах хүртэлх хуульд заасан журам зөрчигдсөн байхад хоёр талын хүсэл зориг, түүний илэрхийллийг хүлээн авсан гэсэн хуулийн заалтыг сонгон хэрэглэж дүгнэсэн явдалд харамсаж байна.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн... хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-т тус тус заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байтал анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т зааснаар хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөл тавигдсан байх бөгөөд уг зүйлүүдэд заасан журмыг ноцтой зөрчсөн байх нөхцөл тавигдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй гэж заасан. Нэгэнт талуудын байгуулсан гэрээ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч талаас хугацаа хэтрүүлсний алдангийг нэхэмжлэгчээс шаардахгүй байх нь зүйн хэрэг билээ.

3. Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг бүхэлдээ өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг заагаагүй, гэрээнд заасан алдангийн талаарх заалт нь хуульд хэрхэн нийцсэн эсэх талаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, алдангийг тооцох нь зүйтэй эсэх, алданги тооцохдоо хүүгээс анз тооцох /Иргэний хуулийн 222.6/ эсэх, цаг хугацааны хувьд хэрхэн тооцох нь хуульд нийцэх эсэх талаар дүгнэлтийг орхигдуулсан, түүнчлэн буруу хийсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00093 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.533.057.560 /найман тэрбум таван зуун гучин гурван сая тавин долоон мянга таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Шивээ-Овоо ХК-д холбогдуулан автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний үүрэгт 5,607,938,032.88 төгрөг, алданги 2,472,202,188.85 төгрөг, нийт 8,080,140,221.73 төгрөг гаргуулах шаардлагыг анх шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний нийт төлөгдөөгүй үнийг нэхэмжлэх эрхтэй болсон хэмээн гэрээний үүрэгт 6,636,615,661.52 төгрөг, алданги 1,347,322,811.15 төгрөг нийт 7,983,938,472.67 төгрөгийг нэмж, нийт 16,064,078,594.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Харин белаз брендийн машин, механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөр нийт 74,622,206.27 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан тул уг шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна./3-р хх-48/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ...захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-д заасныг зөрчиж тендерийн гэрээ байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хуулийн 56.5-д зааснаар үндсэн төлбөр төлүүлэх үр дагавар үүсэх ба хүү, алданги хэрэглэгдэхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан байна.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ... анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг бүхэлдээ өөр хоорондоо зөрүүтэй, нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлүүдийг заагаагүй, алданги тооцох эсэх, тооцохдоо хүүгээс анз тооцох эсэх зэрэг дүгнэлтийг орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 8,533,057,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн материалаас үзэхэд: Автосамосвал нийлүүлэх тендерийн № [СШ№26.ШОХК2015] ШО-16-06 тоот гэрээний үүргийн хувьд :

Зохигч талууд автосамосвал нийлүүлэх ШО-16-06 тоот гэрээг 2016 оны 01 сард байгуулж, уг гэрээгээр белаз 75137 загварын 3 ширхэг, белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг /нийт 15,278,100,000 төгрөг, энэ нь гэрээний үнэ гэх/ нийлүүлэхээр 4.5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний үнийн хуваарь, ерөнхий болон тусгай нөхцөл, санхүүжилтийн хуваарь зэрэг нь гэрээний хэсэг болохыг гэрээний 4 дэх заалтад тусгасан, энэ нь автосамосвал нийлүүлэх тендерийн ШО-16-06 тоот гэрээ/1-р хх-22-23/, түүний хавсралт №01 үнийн хуваарь/1-р хх-9-15/, хавсралт №02 бараа нийлүүлэлтийн хуваарь/1-р хх-16-21/, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл/1-р хх-24-35/ зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид 16,0674,078,694 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан ШО-16-06 тоот гэрээний хавсралт болох үнийн хуваарь/1-р хх-9-17/, бараа нийлүүлэх хуваарь, төлбөрийн даалгавар/2-р хх-19-41/, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ШО-16-06 тоот гэрээний төлбөрийн график, төлөлтийн тооцоо, хүнд даацын өөрөөр буулгагч Белаз-7555В, Белаз-75137 загварын автомашин хүлээлгэн өгсөн баримтууд/3-р хх-59-66/, тооцоо нийлсэн акт/1-р хх-44/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ШО-16-06 тоот гэрээний гүйцэтгэгдээгүй төлбөрийн график болон гэрээний дагуу төлсөн төлбөрийн график /2-р хх-84-85/, Шивээ-Овоо ХК-иас ШО-16-06 тоот гэрээний дагуу *******- руу шилжүүлсэн төлбөрийн жагсаалт/3-р хх- 83/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэж дээрх гэрээний үүрэгт 12,244,553,694.40 төгрөг, алданги 3,819,525,000 төгрөг, нийт 16,064,078,694.40 төгрөгийг хариуцагч Шивээ-Овоо ХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Мөн талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийсэн байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан ШО-16-06 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн Белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх 1705/01 тоот гэрээний үүргийн хувьд төлбөрийг хариуцагч тал нь биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчөөгүй, нийцсэн.

Харин талуудын хоорондын маргаан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бараа худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үүссэн байх тул дээрх хуулийг Иргэний хуулийн холбогдох заалттай хамт баримтлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн анхан шатны шүүх нь шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйл, хэсгийг удирдлага болгоогүй алдаа гаргажээ.

Гэвч шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж шийдвэр гаргасан байх ба энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/3-р хх-70-81/, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэр гэсэн гарчиг бүхий албан ёсны бланк дээр шийдвэр нь бичигдсэн /3-р хх-89-96/ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйл, заалтыг удирдлага болгоогүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч зөрчлийг магадлалд дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2021/00093 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйл, ... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42, 823,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

Х.БАЙГАЛМАА