Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 221/2018/0014/з |
Дугаар | 100 |
Огноо | 2019-04-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 100
БНХАУ-ын иргэн ВЮ-гийн нэхэмжлэлтэй,
ГЕГ-ын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “...ГЕГ-ын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын “биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/ШШ2019/0002 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогт, А.Энхзаяа, С.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/ШШ2019/0002 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.3, 232 дугаар зүйлийн 232.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ыниргэн ВЮ-гийн “ГЕГ-ын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын “биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Жавхлан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/ШШ2019/0002 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. ГЕГ-ын дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн талаар Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар сарын 60.1.2, 60.1.3-т зааснаар хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон хуулийн заалтын агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх ёстой боловч маргаан бүхий “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4 болон 6.6 дахь заалт нь түүнд эрх олгосон хуулийн агуулга, зорилгоос хэтэрч батлагджээ. Тодруулбал, Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 болон “гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг батлах эрхийг гаалийн удирдах төв байгууллагын даргад олгосон” Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасныг үндэслэжээ. ГЕГ-ын дарга Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо, хэмжээг тогтоох бүрэн эрхээ хэтрүүлж дээрх журмын 6.4 болон 6.6 дахь заалтуудаар “барааг гаальд мэдүүлэх” журмыг тогтоосон юм.
5. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т зааснаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.4 болон 6.6 дахь заалтуудыг батлах бүрэн эрх олгогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам нь Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь заалт дээр үндэслэж гараагүй. Тиймээс шүүх хэм хэмжээний актын үндэслэл болоогүй хуулийн зүйл заалтыг үндэслэж тухайн хэм хэмжээний акттай холбоотой ГЕГ-ын даргын эрх хэмжээг тодорхойлсон нь буруу байна. Гаалийн тухай хуулийн 232.2 дахь заалтыг хэрэглэж ГЕГ-ын даргын эрх хэмжээг тодорхойлох эрхтэй гэж үзсэн ч тус заалтаар бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журмыг барааг “гаальд мэдүүлэх журмыг” тогтоох эрхийг ГЕГ-ын даргад олгоогүй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаас үзэхэд гаальд барааг зөвхөн тус хуульд заасны дагуу мэдүүлэх ба хэм хэмжээний актаар гаальд мэдүүлэх журмыг тогтоож болохгүй байна. Тиймээс Гаалийн тухай хуулийн 232.2 дахь заалтаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4 болон 6.6 дахь заалтыг батлах буюу гаальд барааг мэдүүлэх журмыг тогтоох эрхийг ГЕГ-ын даргад олгогдсон гэж үзэхээргүй байна.
6. Хэм хэмжээний акт нь Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 болон 8.1 дэх заалтыг зөрчсөн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 болон 8.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж хэм хэмжээний актууд тус заалтад нийцсэн гэх утгатай дүгнэлтийг хийжээ. Гаалийн тухай хуулийн 228.3 болон 8.1 дэх заалтуудын дагуу улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон бараа болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа гэсэн гэсэн хоёр төрлийн бараатай зорчигч гаалийн хилийн улаан гарцаар нэвтрэхээр байна. Харин зорчигч улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон эсхүл тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааг биедээ авч яваагүй тохиолдолд гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх эрхтэй байна.
7. Гэтэл маргаан бүхий журмуудаар ногоон гарцаар нэвтрэхийг хориглосон дээрх 2 тохиолдлыг дараах байдлаар нэмэгдүүлж хориглолтыг тогтоосон байдаг. Үүнд: гаалийн болон бусад татвар төлөх бараа биеэс тусдаа явуулсан ачаа гуравдагч этгээдэд дамжуулах бараа таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чек гэжээ.
8. Ийнхүү хуулиар хориглоогүй асуудлаар ГЕГ-ын дарга хориглосон хэм хэмжээ тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь заалттай шууд зөрчилдөж байна.
9. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс улаан гарцаар нэвтрүүлэх барааны төрөлд таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чек хамаарна гэсэн утга бүхий тайлбар хийсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай (2006 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “зорчигч 5 саяас 20 сая хүртэл төгрөг... гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан боловч энэ зохицуулалт нь Гаалийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хориглосон буюу тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны нэр төрөлд валютыг хамруулсан зохицуулалт биш юм.
10. Өөрөөр хэлбэл 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий валют нь Гаалийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хориглосон буюу тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны төрөлд орохгүй тул түүнийг улаан гарцаар нэвтрүүлэхээр хэм хэмжээний акт баталсан нь буруу байна.
11. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтооно” гэжээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагчийн хуулийн дагуу журамд өөрчлөлт оруулаагүйгээс болж зөрчигдөөгүй” гэж дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрт дурдсан шиг журамд өөрчлөлт оруулаагүйгээс болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаагүй. Харин Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.4, 6.6 дугаар заалтууд болон Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 10.5 дахь заалтууд нь нэхэмжлэлд дурдагдсан зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн буюу цаашид зөрчиж болзошгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
12. Тодруулбал, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн зүгээс маргаан бүхий журмуудыг үндэслэж зорчигч “таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чек”-тэй тохиолдолд ногоон гарцаар нэвтэрсэн нь буруу гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, авч явсан гадаад валютыг нь хураасан юм.
13. Хэдийгээр дээрх зөрчлийн хэрэг нь тусдаа шийдвэрлэгдэж байгаа боловч маргаан бүхий хэм хэмжээний актуудыг үндэслэн гаалийн байгууллагаас гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн манай үйлчлүүлэгчийн үйлдлийг буруутгасан юм. Учир нь Гаалийн тухай хуульд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй валютыг улаан гарцаар нэвтрүүлэх зохицуулалт байхгүй боловч өмнө дурдсанчлан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.4, 6.6 дугаар заалтууд болон Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 10.5 дахь заалтуудаар энэхүү хязгаарлалтууд бий болсон юм.
14. Тиймээс энэхүү гаалийн хилийн улаан, ногоон гарцын хязгаарлалтыг тогтоосон хэм хэмжээний актуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг ногоон гарцаар нэвтэрсэн хэмээн буруутгах үндэслэл үгүй болж хураалгасан валютыг буцаан авах нөхцөл үүсэх юм.
15. Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/ШШ2019/0002 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж, “ГЕГ-ын даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын “Зургаа” дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын “Арав” дугаар зүйлийн 10.5 дахь заалтын “биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай БНХАУ-ыниргэн ВЮ-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
17. Маргааны үйл баримтуудаас үзвэл БНХАУ-ыниргэн ВЮ- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бээжин хотоос нисч Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, биедээ авч явсан 248,900 доллар, 200,000 юанийг гаалийн хилээр нэвтрэх үедээ мэдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, гаалийн байгууллагад их хэмжээний валютыг мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тогтоолоор түүнд зөрчлийн хэрэг нээж, бэлэн мөнгийг хураасан байна.
18. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь “...Гаалийн улсын байцаагчийн шийдвэр гаргахдаа үндэслэлээ болгож байгаа ГЕГ-ын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын “Зургаа” дугаар зүйлийн 6.4-д “Дараах тохиолдолд гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ”, 6.4.1-т “Гаалийн болон бусад татвар төлөх бараатай”, 6.4.2-т “биеэс тусдаа явуулсан ачаатай”, 6.4.3-т “гуравдагч этгээдэд дамжуулах бараатай”, 6.4.4-т “Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй”,
19. 6.6-д “Энэ журмын 5.4-т заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно” гэж,
20. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын “Арав” дугаар зүйлийн 10.5-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ” гэж тус тус заасан нь Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасныг зөрчсөн..., хууль бус журмыг үндэслэж, хариуцлага ногдуулах нөхцөл үүсч байна...” гэж үзэж, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байгаа гэх дээрх заалтуудыг хүчингүй болгуулахыг хүсчээ.
21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
22. Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 130 дугаар тогтоолд “...их хэмжээний гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж, гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан..., Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн...” гэж тэмдэглэгджээ. Үүнээс үзвэл, маргаж байгаа журмыг зөрчлийн хэрэг нээх үндэслэл болгоогүй байх тул нэхэмжлэгчийн “...хууль бус журмыг баримталснаас эрх зөрчигдсөн...” гэх тайлбар үндэслэлгүй.
23. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянахаас бус зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй эсэх, энэ нь хууль болон холбогдох журамд нийцсэн эсэх, нэхэмжлэгч буруутай эсэх асуудлуудыг дүгнэх боломжгүй юм.
24. Нөгөө талаар нэхэмжлэгч нь “...гаалийн хилийн ногоон, улаан гарцын хязгаарлалтын тогтоосон хэм хэмжээний актуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг ногоон гарцаар нэвтэрсэн хэмээн буруутгах үндэслэл үгүй болж, хураалгасан валютыг буцаан авах нөхцөл үүснэ...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зөрчигдсөн гэх эрхийг сэргээлгэх нөхцөлөө тайлбарлан маргаж байх тул энэ талаарх маргаантай асуудлыг шүүх дүгнэх нь зөв болно.
25. Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлээр зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журмыг тогтоосны дотор 228.3-т “Энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно” гэх зохицуулалтыг дангаар нь биш, харин хоорондоо хамаарал бүхий бусад зохицуулалтуудтай уялдуулан хуулийн зорилго, агуулгад нийцүүлэн тайлбарлаж, ойлгож, хэрэгжүүлэх учиртай.
26. Зорчигч нь Монгол Улсын гаалийн байгууллагад барааг мэдүүлэх үүрэгтэй болох нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуульд заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валют,...”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” гээд 55.2-т гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 4 хэлбэр байхаар, үүнд “зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр” /55.2.4/ мэдүүлж болохыг болон 55 дугаар зүйлийн 55.9-д “улсын хилээр нэвтрэх зорчигч...-ийн барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэсэн зохицуулалтаар тодорхойлогдож байна.
27. Мөн түүнчлэн зорчигч нь гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо, хэмжээний валютыг тус улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлэг заавал бичих үүрэгтэй болохыг Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “...валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр нэвтрүүлж болно” гэж зааснаас гадна бэлнээр оруулах төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютын тухайд тодорхой хэмжээгээр хязгаарлагдах бөгөөд үүнийг мөн мэдүүлэх шаардлагатайг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч нь 5 саяас 20 сая хүртэл төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр бэлнээр оруулах, гаргах бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.
28. Иймээс дээрх хуулиудад үндэслэн таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чекийг бэлнээр авч яваа зорчигч нь гаалийн мэдүүлэг бичиж, улаан гарцаар нэвтрэхийг ГЕГ-ын даргын баталсан дээрх маргаж буй журмаар зохицуулсан нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журмын талаарх Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д ”Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно”, 228.2-т ”Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно”, 228.5-д “Зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч байгаа тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг бичихгүй байж болно”, 228.7-д “Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж тус тус заасантай нийцсэн, хариуцагч нь мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”, 232 дугаар зүйлийн 232.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно” гэж заасныг тус тус зөрчөөгүй, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны хэм хэмжээний акт байх тул журмын холбогдох заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
29. Иймээс “...Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосноос эрх зөрчигдсөн...” гэх нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр захиргааны хэм хэмжээний актын холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох боломжгүй юм.
30. Эдгээрээс гадна хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанд уншиж сонсгож, хүчинтэй болсон шийдвэрээс өөр агуулгаар гарсан хэмээн тайлбарлаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүх хуралдааны видео бичлэгийг судлах хүсэлт гаргасан байна.
31. Уг бичлэгээс үзвэл, “...468 дугаар тушаалын тухайд дугаарлалтын болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцэхгүй зохицуулалт байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн тухайд сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хийж байна” хэмээн шүүх шийдвэрээ тайлбарлажээ. .
32. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаан бүхий актууд нь хуульд нийцсэн...” гэж танилцуулсан шийдвэрээс өөр дүгнэлт хийсэн нь буруу боловч, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь, “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” шийдлийн тухайд өөр биш, маргаангүй бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох зэргээр шийдэлд нөлөөлөхөөргүй нөхцөлд хэргийг гомдлоор хянаж буй дээд шатны шүүх алдаатай дүгнэлтийг залруулж, зөвтгөн, шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой.
33. Дээр дурдсан бүгдийг нэгтгэн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ