Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0326/З |
Дугаар | 478 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 478
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Колорадо бизнес төв, 105 тоотод үйл ажиллагаа явуулах “Эрсдэлийн шийдэл” ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр хаягтай Санхүүгийн зохицуулах хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны захиргааны зөрчлийн тухай 62 дугаар тэмдэглэл, 000035842 тоот “Шийтгэврийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магнайбаатар, Г.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...Эрсдэлийн шийдэл ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 411 дүгээр тогтоолын дагуу “Эрсдэлийн шийдэл” даатгалын зуучлалын компани нь даатгуулагч, хохирогч иргэд, хуулийн этгээдүүдэд даатгалын гэрээ байгуулах болон даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой бүхий л зөвлөгөө туслалцаа үзүүлэх, түүнийхээ төлөө хөлс авах эрхтэй билээ.
Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасны дагуу шаардах эрх шилжүүлэн авч даатгагчаас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын зуучлалын компани нэхэмжилсэн үйл ажиллагаа явуулсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 62 дугаар “Захиргааны зөрчлийн тухай” тэмдэглэл, 000035842 дугаар “Шийтгэврийн хуудас”-ыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, улсын ерөнхий байцаагчид 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/262 тоот, 24-ний өдрийн 15/269 тоот бичгүүдээр, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн дарга Р.Ринчинбазарт 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15/264 тоот бичгээр тус тус хандаж гомдол гаргасан.
Гомдлын хариуд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлөөс тэд хянан шийдвэрлэх боломжгүй гэж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 37 тоот, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, улсын ерөнхий байцаагч 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/159 тоот, 26-ны өдрийн 2/577 тоот албан бичгүүдээр тус тус дахин хянаж үзэх боломжгүй гэсэн.
Манай компани Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тогтоолыг хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрсдэлийн шийдэл” ХХК-нд хэсэгчлэн хийсэн шалгалтын тайлангийн тавдугаар бүлгийн 2 дугаар зүйл, зургадугаар бүлгийн 6.3-р зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны захиргааны зөрчлийн тухай 62 дугаар тэмдэглэл, 000035842 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Магнайбаатар, Т.Гантулга нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Санхүүгийн зохилцуулах хорооны дарга, Улсын ерөнхий байцаагч З.Нарантуяагийн баталсан удирдамжийн дагуу “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтад тус хорооны улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000035842 дугаар шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг хүчингүй болгуулах тухай “Эрсдэлийн шийдэл” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Монголын даатгагчдын холбооноос 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус хороонд хандан “Эрсдэлийн шийдэл” ХХК нь даатгуулагчид нөхөн төлбөр олгох шийдвэрийг даатгагчийн өмнөөс гаргаж, нөхөн төлбөрийг өөрсдийн хөрөнгөөс даатгуулагчид олгоод, дараа нь тухайн нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас нэхэмжилж байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ын 2.1.1-д “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа гэж даатгалын эрсдэлийн талаар зөвлөгөө өгөх, даатгалын болон давхар даатгалын гэрээ байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, даатгалын гэрээг зуучлан борлуулах үйл ажиллагааг” гэх заалтыг зөрчиж байгаа тул тус компанийг шалгуулах хүсэлтийг ирүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ.”, мөн зүйлийн 24.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээр нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно” гэж тус тус заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан шалгалтын удирдамжийн дагуу хорооны 382 дугаар тогтоолоор олгосон даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх 232/19 тоот тусгай зөвшөөрөлтэй “Эрсдэлийн шийдэл” ХХК-нд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг ажлын хэсгийн ахлагчаар Хяналт шалгалтын газрын Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн дарга, улсын байцаагч Б.Болор-Эрдэнэ, тус хэлтсийн хяналт шалгагч, улсын байцаагч П.Магнайбаатар, Даатгалын зохицуулалтын газрын Даатгалын бодлого хэлтсийн хянан шалгагч Ц.Дашням нар хийж гүйцэтгэсэн болно.
Улмаар дээрх хэсэгчилсэн шалгалтаар “Эрсдэлийн шийдэл” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 61 иргэний хохирлын хэмжээний 31,447,217.00 /гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компанийн өмнөөс даатгуулагчид төлсөн нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг”, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад “даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг” гэж заасныг тус тус зөрчиж тусгай зөвшөөрөл бүхий даатгалын зуучлагчийн үйл ажиллагаанаас өөр буюу даатгалын нөхөн төлбөрийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн учир тус Хорооны улсын байцаагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1 дэх хэсгийг үндэслэн “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар Захиргааны зөрчлийн тэмдэглэл үйлдэж, 000035842 дугаар шийтгэврийн хуудсаар 1.000.000.00 /нэг сая/ төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан болно.
“Эрсдэлийн шийдэл” ХХК нь тус зөрчлийн тэмдэглэл, 000035842 дугаар шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэврийг үл зөвшөөрөөгүй, бөгөөд энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана. Ийнхүү гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг шаардах ёсгүй юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Эрсдэлийн шийдэл” ХХК нь Санхүүгийн зохилцуулах хорооны даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан “Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000035842 дугаар шийтгэврийн хуудсаар 1.000.000.00 /нэг сая/ төгрөгөөр торгосон” захиргааны шийтгэлийг үл зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Эрсдэлийн шийдэл ХХК болон даатгалын компаниуд нөхөн төлбөрөө хуулийн хугацаа буюу сарын хугацаанд шийдвэрлэдэг. Энэ хугацаа нь харьцангуй удаан учир богиносгох ямар нэгэн боломж гарц байна уу гэдгийг эрэлхийлж байгаа. Иймд Иргэний хуулинд тусгагдсан шаардах эрх шилжүүлэх тухай заалт байсныг ашиглаж манай компани нөхөн төлбөрийн зуучлалыг хийе гэж шийдвэрлэсэн. Манай компанийг даатгалын байгууллагын өмнөөс даатгалын үйл ажиллагаа явууллаа гэж үзэх үндэслэлгүй...”, хариуцагчаас “...Эрсдэлийн шийдэл ХХК нь даатгуулагчид нөхөн төлбөр олгох шийдвэрийг даатгагчийн өмнөөс гаргаж, нөхөн төлбөрийг өөрсдийн хөрөнгөөс даатгуулагчид олгоод, дараа нь тухайн нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас нэхэмжилж байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ын холбогдох заалтыг зөрчиж байгаа...” гэж тайлбарлан маргаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 382 дугаар тогтоолоор “Эрсдэлийн шийдэл” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 232/19 дүгээр “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г тус тус олгожээ.
Тухайн үед мөрдөгдөж байсан Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ын 2.1.1-д “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа гэж даатгалын эрсдэлийн талаар зөвлөгөө өгөх, даатгалын болон давхар даатгалын гэрээ байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, даатгалын гэрээг зуучлан борлуулах үйл ажиллагааг ойлгоно”, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д “Даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.
“Эрсдэлийн шийдэл” ХХК нь бусдаас сайн дурын үндсэн дээр гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэн авч даатгалын нөхөн төлбөрийг олгож, холбогдох материалыг бүрдүүлэн даатгалын компаниудаас хохирлыг нэхэмжилж байгаа нь иргэдийн болон даатгалын компаниудын ямар ч эрх ашгийг хөндөөгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд даатгалын зуучлагч нь тусгай зөвшөөрөлд дурдагдсан үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд өөр үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөөгүй байна.
Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа нь олгогдсон бүрэн эрхийн дагуу даатгуулагч, даатгагчийг холбож өгөх, даатгалын хохирол нэхэмжлэх баримт материалуудыг бүрдүүлэхэд даатгуулагчид туслалцаа үзүүлэх, зөрчигдсөн эрх ашгийг нь нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах хууль дүрмэнд заасан үүрэгтэй атал “Эрсдэлийн шийдэл” ХХК нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулсан үйлдэл хийсэн нь санхүүгийн зах зээлд нэвтрүүлж болох хөнгөвчилсөн үйлчилгээ боловч хариуцагчийн “Зуучлагч компани нөхөн төлбөрийн үйл ажиллагаа явуулаад ирэхээр даатгалын нөхөн төлбөр илүү хурдан шуурхай олгодог даатгалын компанид давуу байдал үүснэ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад энэ нь илүү байдлаар танилцуулагдах ёсгүй юм. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг тогтвортой байх ёстой гэж үзэж байна. Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж тайлбарлаж байгаа нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагыг тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас шаардсан хууль зүйн үндэслэл бүхий үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг ойлгоно” гэснээс үзэхэд даатгагч, даатгуулагч хоёрын хооронд даатгалын гэрээ байгуулагдаж, түүний үндсэн дээр нөхөн төлбөрийн асуудлыг даатгагч хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэх үйл ажиллагаа юм.
Харин “Эрсдэлийн шийдэл” ХХК нь “Даатгалын зөвлөх үйлчилгээ” гэх нэрийн дор бусдад үүссэн даатгалын тохиолдолд нийт 31,447,217.00 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагч байгууллагын өмнөөс нөхөн төлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн даатгалын компаниас буцаан нэхэмжилж байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон даатгалын зуучлагчийн эрх үүргийг хэтрүүлэн ашигласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Даатгалын тухай хуулинд заасан даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн хууль бус үйлдэл болжээ.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийг Даатгалын тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар Захиргааны зөрчлийн тэмдэглэл үйлдэж, 000035842 дугаар шийтгэврийн хуудсаар 1.000.000.00 /нэг сая/ төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 4.1.1, 83 дугаар зүйлийн 83.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрсдэлийн шийдэл” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны зөрчлийн тухай 62 дугаар тэмдэглэл, 000035842 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА