Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0310

 

7 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0310

Улаанбаатар хот

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Б-г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, буруу үнэлсэн, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өөрчилсөн шаардлагыг гардуулж, тайлбар аваагүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч зарим шаардлагаа татгалзсан тайлбар өгснийг шийдвэр гаргахдаа харгалзаагүй байна.

Нэхэмжлэгч нь анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б41 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Б шүүхэд өөрийн гараар бичсэн нэхэмжлэлийн шаардлага тодотгон хүргүүлэх тухай гэсэн өргөдлөөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Ингэхдээ:

1.Захиргааны акт хууль бус болохыг тогтоож, захиргааны акт болох Б/41 тоот тушаалыг хүчингүй болгох

2.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 8,183,538 төгрөгийг яамнаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

3.3 талт үндэсний хорооны ажлын албаны даргад буцаан томилуулахыг даалгах гэж өөрчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, энэхүү шаардлагатай холбоотойгоор холбогдох тайлбар аваагүй байна.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны олговорт 6.593.834 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох /8.183.538 төгрөгийн зрүү хэсэг/-т дүгнэлт хийгээгүй болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг ... гэхдээ шийдвэр гарсны дараа тэр орон тоо байгаа ч гэсэн дахиж ярилцаад чөлөөлөгдөх асуудал байж болно гэж бодож байгаа, Даргалагчийн ажилгүй хугацааны цалинг олгосон тохиолдолд буцаад тус албан тушаалд томилогдох шаардлагагүй гэж үзэж байгаа юу гэж тодруулахад нэхэмжлэгч Тийм гэжээ. Энэ нь нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсаныг шүүх эс тодруулаагүй байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх томилогдсон тушаал нь илт хууль бус ажиллагааны акт байсан талаар үндэслэл гаргаж тайлбарласан боловч шүүхээс тухайн тайлбар, үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон байна. Учир нь 3 талт үндэсний хорооны ажлын албаны бүрэлдэхүүнийг яамны сайд бус Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлөхийг Үндэсний хорооны тогтоолоор шийдвэрлэсэн байна. Гэтэл сайдыг ажлын албаны даргын томилсон нь илт хууль бус шийдвэр юм. Захиргааны байгууллагын зүгээс энэхүү илт хууль бус шийдвэрээ зөвтгөж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

3.Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд шүүхийн дүгнэлт хийгдээгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардаж авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт өгсөн байхад шүүгч, шүүх бүрэлдэхүүн уг асуудлаар шийдвэр гаргаагүй. Шүүгч албан бичгээр хариу өгсөн нь процессын хуулийн ноцтой зөрчил гэж үзнэ.

4.Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Уг маргааныг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэхээр Төрийн албаны тухай хуульд тусгайлан зохицуулсан байхад шүүх уг ажиллагааг хийгээгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/41 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2016 оны Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга Доржхандын Б-г 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ.

            Нэхэмжлэгчээс ... би Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах статустай ажилтан байгаагүй ба орон тооны бүтцэд хамаарах шийдвэр надтай холбоотой гараагүй. Засгийн газрын тогтоол, Гурван талт Үндэсний хорооны 4 тоот тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар заалт тус тус хүчинтэй байгаа. Эдгээр эрх зүйн акт хүчинтэй, орон тоо нь цомхотгогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан ... гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

            Хариуцагчаас Монгол Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтцийн тухай хуулийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталснаар Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан бөгөөд үүнд 3 талт ажлын албаны бүтэц орон тоо гэж байхгүй хэмээн маргажээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар баталсан байх бөгөөд хариуцагч нь үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо ажлын албаны бүтцээс хасагдсан гэж үзэж, нэхэмжлэгч Д.Б-г Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

            Учир нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Үндэсний хорооны дүрмийг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцөн Засгийн газар батлахаар Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.3-д тус тус заажээ.

            Дээрх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг баталж, Үндэсний хорооны 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай 04 дүгээр тогтоолоор Үндэсний хорооны ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоон, ажлын албаны бүрэлдэхүүнийг томилох эрхийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад олгосон байна.

            Гэтэл Үндэсний хороо нь яамны бүтцэд хамаарахгүй байхад Яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч Д.Б-г Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ... шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрчилсөн шаардлагыг гардуулаагүй, тайлбар аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ... гэж тайлбарлажээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар шүүх захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон нөхцөлд түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргах тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа захиргааны акт хууль бус болохыг тогтоох гэсэн нэг шаардлага нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж тайлбар гаргах шаардлагатай гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан, мөн Д.Б нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/143 дугаар албан бичгээр маргаанаа урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг нэмж, 2 дахь заалтад агуулгын хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн гэсний дараа 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэж нэмж, 2 дахь заалтын шүүхийн хүчинтэй болсон гэснийг шүүхийн шийдвэр гарсан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ