Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 468

 

    Н.А-, Ж.С- нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Н.А-, Ж.С- нарт холбогдох 201603000226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ***, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Н-н А-,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Ж-н С-.

Н.А-, Ж.С- нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 3 иргэнээс “орон сууц захиалж өгнө, орон сууцыг томруулж өгнө”, “зээл хаагаад буцааж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 35,825,900 төгрөгийг залилсан,

мөн бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Н-ийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 11,412,400 төгрөгийн хохирол учруулсан,

Н.А- нь ганцаараа 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт нэр бүхий 6 иргэнээс “Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө”, “орон сууц зарна”, “зээл хаагаад буцааж өгнө”, “автомашин хямдхан зарна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 18,258,250 төгрөгийг,

мөн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Ж-гийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Н.А-г давтан үйлдлээр бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ж.С-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, бусдыг хуурч, эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Н А-д 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Ж.С-ыг 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н.А-д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-, Ж.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ж.С-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн байна. 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.А-, Ж.С- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А- гаргасан гомдолдоо “ ...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 1 сард Энхболдоос анх 4,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний дагуу хүүгээ төлж явсан. ...нийт 2,390,000 төгрөг төлсөн. Энхболдоос мөнгө зээлэхэд нөхөр Ж.С-ын төрийн банкны дансанд 7,300,000 төгрөг байсан. Тухайн үед дансанд байршсан мөнгөтэй хуулгаа үзүүлсэн, мөнгөгүй хуурамч данс үзүүлж байгаагүй. Гэтэл шүүх бодит байдлыг нуун дарагдуулах замаар Энхболдыг залилсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2013 оны 10 сард иргэн Ц.Отгонбаярт .... зөвшөөрөл кадастр гарсан газрыг зарна гэж тохиролцсоны дагуу Ц.Отгонбаярт зарсан. Гэвч тухай үед нөхөрийн аав Жадамбатай үл ойлголцол үүссэн учир уг газар дээр маргаан үүссэн. Миний хувьд огт байхгүй газрыг зарна гэж бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг залилсан асуудал байхгүй. Ийм учраас хохирогч гэх Энхболд, Отгонбаяр нарын асуудлыг дахин шалгуулах, мөн Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа иргэн Цэвэлмаа, Мөнхбаяр нар надад залилуулсан гэж гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн шалгуулж байгаа тул одоо шүүхийн шатнад байгаа энэ хэрэгтэй нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Н.А-, Ж.С- нар нь бүлэглэж бусдыг залилсан, эд хөрөнгийг хулгайлсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Шүүгдэгч Н.А-д залилуулсан өөр бусад хохирогч нар цагдаагийн байгууллагад гомдол гарган түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь тогтоогдсон. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн Н.А-, Ж.С- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.А-, Ж.С- нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 3 иргэнээс нийт 35,825,900 төгрөгийг залилсан, мөн бүлэглэн иргэн Ж.Н-ийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 11,412,400 төгрөгийн хохирол учруулсан,

Н.А- нь ганцаараа нэр бүхий 6 иргэнээс бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 18,258,250 төгрөгийг, мөн иргэн Д.Ж-гийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-, Ж.С- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл, оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлаагүй, мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохироогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.А-, Ж.С- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед Н.А- нь нэр бүхий иргэдийг залилсан хэрэгт Архангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн 201603000226, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн 1911014120663 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь түүний гаргасан гомдол, шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэргээр нотлогдож байна.

Тиймээс Н.А-гийн Ж.С-тай бүлэглэж үйлдсэн энэ гэмт хэрэг болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний эрх зүйн байдал болон хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох нөхцөл байдал үүсч болзошгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.А-гийн гаргасан “...хэргийг нэгтгэн шалгуулах” тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хэргийг прокурорт буцаасугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаан хүргүүлсүгэй.

                                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН