Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01205

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01205

 

 

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01039 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрээр Н.Э-гаас 26 775 000 төгрөг гаргуулж Ч.Д-ид олгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар байр, 7 тоотод байрлах Н.Э-гийн өмчлөлийн 4 өрөө орон сууц болон автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг төлбөр төлөгч Н.Э-д гардуулах ажиллагаа явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Н.Э-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 01 дугаар сарын 22-ны өдөр 216 160 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаагаар худалдах талаар шуудангаар мэдэгдсэн. Мөн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт худалдах гэж байгааг болон мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг шуудангаар хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулж 226 000 000 төгрөгөөр зарагдсан болохыг мэдэгдсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулахыг мэдэгдсэн гэх тогтоол нь шуудангаар ирэхдээ дуудлага худалдаа явагдах болон явагдсан цаг хугацаанаас хойш ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан гэх дуудлага худалдаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад заасан 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт гэснээс өөр цаг хугацаанд албадан дуудлага худалдаа явагдсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор явуулахаар тогтоосон хоёр дахь албадан дуудлага худалдаа нь ямар үндэслэлээр тогтоолд дурдсан цаг хугацаанд явагдаагүй болохыг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Хоёр дахь дуудлага худалдаа явагдсан талаар төлбөр төлөгч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсанаар мэдсэн. Тухайн үед дуудлага худалдаа явагдсан талаар шийдвэр, тогтоол гараагүй байна. Гэвч дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлж авна гэж 2021 оны 02 дугаар сарын 24-ний орой утсаар холбогдсон. Дуудлага худалдаа явагдсанаас хойш дуудлага худалдааны ялагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-д заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийн бүрэн эрхийг шаардах эрх үүснэ. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өмнө төлбөр төлсөн тохиолдолд мөн хуулийн 71.10-д заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж зааснаар эрхлэн гүйцэтгэгчийн тогтоолд мэдэгдэл гараагүй байхад төлбөр төлсөн гэх үндэслэлээр өмчлөх эрх шилжүүлэхийг шаардаж байгаа нь хоёр дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.13-д зааснаар хүчингүй болох, ялагчид өмчлөх эрх шилжүүлж болохгүй үндэслэл бий болж байна. Албадан дуудлага худалдаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нөхцөл болсон тус дүүргийн шүүхийн 1706 дугаартай шийдвэр гарахаас өмнө хариуцагч Н.Э-гийн зүгээс тус хэрэгт хамаарал бүхий н.Д, н.А, н.Э нарт гэрээгээр халхавч болгон залилуулсан талаар гомдол мэдээллийг 2015 оны 6 дугаар сард тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Прокурорын газарт гаргасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа мэдэгдсэн. 2021 оны 01 дүгээр сард төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2899 дугаартай албан бичгийг танилцуулж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг амаар гаргасан боловч тухайн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар хуульд зааснаар шалгаж шийдвэрлэлгүй шийдвэр гүйцэтгэлийн дараагийн арга хэмжээ болох албадан дуудлага худалдаа явуулах болсон. Иймд дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/25 дугаартай тогтоолын дагуу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр Б.Э-өөс 15 000 000 төгрөг, Б.А-аас 117 000 000, Н.Э-гаас 26 775 000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Д-ид олгуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв төлөөгүй бол Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар байр, 7 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр төлөгчид удаа дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэдэгдэл явуулахад биелүүлээгүй. Талууд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлж 308 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд 2021 оны 01 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2021 оны 1/36 дугаар тогтоолоор мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болохыг мөн баталгаат шуудангаар мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч мэдээгүй гэж тайлбарладаг. Хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн тухайн үед Улсын онцгой комисс хөл хорио тогтоосон байсан учир дуудлага худалдаа хойшилсон. Түүнийг хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолд үндэслэлийг тусгасан. Төлбөр төлөгч талаас баталгаат шуудангаар явуулсан мэдэгдлийг мэдээгүй. Төлбөр төлөгч болон төлбөр төлөгчийн эцэгт тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох итгэмжлэлгүй байсан хэдий ч шийдвэр гүйцэтгэгчээс цаг тухайд нь мэдээллийг авч байсан. Түүнчлэн, хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахад төлбөр авагчаас хүсэлт авч 6 сарын хугацаанд хойшлуулах талаар хуулийн хүрээнд яригдаж байсан. Харин төлбөр авагч нь тухайн хүсэлтийг хүлээн авалгүй 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдсан. Иймд төлбөр төлөгч хоёр дахь дуудлага худалдаа болохыг мэдээгүй бол төлбөр авагчийг дуудлага худалдааг 6 сараар хойшлуулж өгөхийг хүсэхгүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн. Тухайн үед ковид-19 гээд дуудан ирүүлэх боломжгүй байсан тул баталгаат шуудангаар хүргүүлсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал 7 жилийн хугацаанд явагдаж байна. Анх орон сууцыг Н.Э-, Б.Э- нарт өгсөн. Түүний дараа цааш нь дамжуулж хуурч мэхэлсэн гэж бодож байгаа. 2021 оны 02 дугаар сард болох дуудлага худалдааг мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгчийн эцэгтэй хамт 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 99070909 гэсэн дугаар утсаар холбогдож гэрт уулзаж ...орон сууц хураагдах гэж байна. Та орон сууцыг өөрийнхөө нэр дээр авчих түүний дараа орон сууцыг танаас худалдаж авъя... гэж гуйж байсан. Иймд дуудлага худалдаа болохыг мэдэж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Н.Э-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2843 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-180/49 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Интернейшнл рент Ар зайсан гудамж 90/6 дугаар байрны 7 тоот хаягт орших Н.Э-гийн өмчлөлийн 139,1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 216 160 000 төгрөгөөр анхны дуудлга худалдаагаар худалдах гэж байгааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/46 дугаартай анхны албадан дуудлга худалдаа явуулах тухай тогтоолуудыг шуудангаар, мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/826 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Н.Э-гийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 154 400 00 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/25 дугаартай хоёр дахь албадан дуудлга худалдаа явуулах тухай тогтоолуудыг шуудангаар хүргүүлэх ажиллагаа явуулж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт шийдвэр гүйцэтгэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4-180/2485 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд дээрх мэдэгдэлд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулж 226 000 000 төгрөгөөр зарагдсан болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг бууруулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргана. Тухайлбал, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/46 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан гэх анхны дуудлага худалдааг ямар үндэслэлээр хүчингүй болсон тухай хуульд заасан тогтоолд шийдвэр гаргаагүй, энэ талаар төлбөр төлөгч Н.Э-д хуульд зааснаар мэдэгдээгүй. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдсэн гэх тогтоол, мэдэгдлүүд нь шуудангаар төлбөр төлөгчид ирэхдээ дуудлага худалдаа явагдах болон явагдсан цаг хугацаанаас сүүлд ирсэн нөхцөл байдлууд тогтоогдсон нь төлбөр төлөгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан гэх дуудлага худалдаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/25 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт гэх өдөр цаг хугацаанаас өөр өдөр цаг хугацаанд хийгдсэн. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгэж байгааг шийдвэр гүицэтгэх байгууллага тогтоож чадаагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/25 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2-т хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй илт хууль бус тогтоол бөгөөд тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хоёр дахь дуудлага худалдаа бус анхны дуудлага худалдаа явуулах талаар тусгасан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан талаар төлбөр төлөгч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг шийдвэр гүйцэтгэгчтэй ирж уулзсанаар анх олж мэдсэн. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч ...Дуудлага худалдаа явагдсан талаархи мэдэгдэл болон тогтоолууд гараагүй байна. Гэвч дуудлага худалдааны ялагч нь өмчлөх эрхээ шилжүүлж авна гэж 2021 оны 02 дугаар сарын 24-ний орой утсаар ярьсан, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгтэй өмгөөлөгч нь ирж уулзсан байна гэж тайлбарлаж байсан... Дуудлага худалдаа явагдсанаас хойш дуудлага худалдааны ялагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжүүлэх шаардлага гаргах эрх үүсдэг. Гэвч дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас өмнө төлсөн тохиолдолд мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасан энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж заасан. Эрхлэн гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдэл гараагүй байхад төлбөр төлсөн гэх үндэслэлээр өмчлөх эрх шилжүүлэхийг шаардаж байгаа нь хоёр дахь дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох, ялагчид өмчлөх эрх шилжүүлж болохгүй үндэслэл тогтоогдож байна. Албадан дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01706 дугаар шийдвэр гархаас өмнө хариуцагч буюу төлбөр төлөгч Н.Э-гийн зүгээс тус хэрэгт хамаарал бүхий Ч.Д-, Б.Э-, Б.А-т гэрээгээр халхавчлуулан залилуулсан талаарх гомдол мэдээллийг 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон дүүргийн Прокурорын газарт хандаж гарган Б.Э-. Б.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201526030736 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа талаар Н.Э-гийн зүгээс шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. 2021 оны 01 дүгээр сард төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчтэй биечлэн уулзаж Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2899 дугаартай албан бичгийг танилцуулж эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан боловч тухайн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч болсон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар хуульд зааснаар шалгаж шийдвэрлэлгүй шийдвэр гүйцэтгэлийн дараагийн арга хэмжээ болох албадан дуудлага худалдаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг зөрчсөн. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх болон албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичгүүдийг төлбөр төлөгч Н.Э-д гардуулан танилцуулдаггүй, мэдэгдээгүй зэрэг үндэслэлүүд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн эрхийг ноцтой эөрчсөн зөрчлүүд бөгөөд албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсанд тооцож хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрээр Н.Э-гаас 26 775 000 төгрөг гаргуулан Ч.Д-ид олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-17-23/

 

Төлбөр төлөгч Н.Э- нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Инжернэшнл рент хотхон, Ар зайсан гудамж, 90/6 дугаар байр, 7 тоот хаягт байрлах төлбөр төлөгч Н.Э-гийн өмчлөлийн 139,1 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 7 тоотод байрлах 18 м.кв автозогсоолыг битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ . /хх-52-54, 64-65, 69-70/

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч талууд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцон тогтоож чадаагүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилон, үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өнөөдөр сонины 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаарт 2020 оны 11 дүгээр сарын 18, 20-ны өдрийн 10:00 цагаас үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахаар нийтэд зарласан боловч Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн дээрх хугацаанд зарласан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар нийтэд мэдэгджээ. /хх-90/

 

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар, худалдах үл хөдлөх хөрөнгөнд анх санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, худалдан борлогдоогүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэн, төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн дээрх албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар хойшлуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд төлбөр төлөгчид мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлжээ. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа зарласан өдрөөс өөр өдөр хийгдсэн болон дуудлага худалдаа хойшилсон талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. /хх-108, 115/

 

Харин НШШГГ- 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад болох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/2133 дугаар мэдэгдлийг төлбөрт төлөгч Н.Э-д шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадаагүй байна. /хх-119 /

 

Нэхэмжлэгч Н.Э- ... Б.Э-, Б.А- нарт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй... гэж гомдол гаргажээ. Хэргийн 31 дэх талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/104 дугаар хариу мэдэгдэх хуудсаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж төлбөр төлөгчид мэдэгдсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2 дахь дуудлага худалдаа хэрхэн явагдсан, дуудлага худалдааны зүйлийг өмчлөх эрх хэрхэн үүссэн талаар хэрэгт авагдсан Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл гэх баримтад үндэслэн тайлбарласан боловч хэргийн 99-107 дугаар талд авагдсан анхны болон хоёр дахь дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар хэрхэн худалдан борлуулсан болон дуудлага худалдааны өмчлөх эрх хэрхэн үүссэн талаар тусгагдаагүй байна. Ийм учраас хоёр дахь албадан дуудлага зохион байгуулсан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 139,1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий автозогсоолыг худалдсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... үлдээсүгэй гэснийг ... үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.Э-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА