Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001

 

Т.Ж-н нэхэмжлэлтэй,

Р.Б-нд холбогдох

иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Ж,

Хариуцагч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Э

Нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Т.Ж-н давж заалдах гомдлоор  түүний “орон сууцны засварын материалын үнэ, тээврийн зардал, засвар хийлгэх хөлс, хурдан удмын гүү, 3 төл, нийт 16967000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Р.Б-нд холбогдох, 5000000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 онд ЗХ-с байр худалдаж авах гэсэн боловч зээл бүтээгүйн улмаас авч чадаагүй. Энэ байдлыг Р.Б мэдэж байсан учир тэр 2016 оны 7 дугаар сарын эхээр над руу утсаар ярьж чи ахынхаа өмчлөлийн 2 давхар амины орон сууцыг худалдаж ав. Та 2 ирээд байр үз гэхэд нь байрыг очиж үзэхэд 6 өрөө 2 давхар амины орон сууц байсан. 1 давхарын 2 өрөө нь ороход бэлэн болсон, 2 давхарын 4 өрөөний шал нь хөндий дуу ихтэй, хана нь обойгүй, тааз нь бэлэн биш модоороо, 2 давхарын 00-ын өрөө нь ванн байхгүй, шал нь доошоо суулттай байсан. Үнийг нь асуухад 100 000 000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 2 давхарын өрөөнүүд их засвартай юм байна гэхэд энэ өрөөнүүдийг засварлах материалууд нь надад байгаа, ах нь орон сууцны зээл бүтчихээр нь засвар, үйлчилгээг нь бүгдийг хийлгүүлээд өгнө, үүнд санаа зоволтгүй, зээлийн чинь асуудлыг би бүтээгээд өгнө гэсэн. Тухайн үед Р.Б ах аймгийн Төрийн банкны захирал байсан. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээл бүтсэн, ирж зээлийн гэрээнд гарын үсгээ зураарай гэсэн. Банкны зээлд хамрагдсанаар Р.Б-с 2 давхар амины орон сууцыг худалдан авч одоо түүндээ амьдарч байна. Гэтэл Р.Б ах зээл бүтэхээр байрныхаа дутуу хийгдсэн засварыг хийж өгнө гэчихээд өнөөдрийг хүртэл буюу 4 жилийн хугацаанд хийгээгүй, за одоохон, удахгүй хийгээд өгнө гээд удаа дараа хуурч иргэн намайг хохироогоод байна. Нэгэнт засварыг хийж өгөхгүй нь ойлгомжтой болсон тул миний хувьд одоо тухайн байшингийн засварын материалын үнэ, засвар хийлгэх хөлс, хотоос банз авчрах тээврийн хөлс зэргийг Р.Б-с гаргуулахаар шүүхэд хандаж байна. Байшингийн засварын материалын үнэ 3 617 000 төгрөг, Улаанбаатар хотоос банз татуулах тээврийн зардал 250 000 төгрөг, хувь хүнээр шал шахуулах засварын хөлс 3 100 000 төгрөг, нийт 6 967 000 төгрөг болохоор тооцоо гарсныг нэмэлт шаардлагаар Р.Б-с гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн миний 2010 онд 16 000 000 төгрөгөөр зарагдсан хонгор азарганы төрсөн дүү хээр байдсыг Р.Б нь 2015 оны намар надаас авч А сумын Д гэдэг хүний хурдан хүрэн азарганд тавьж ганц төл аваад гүүг буцаагаад чамд өгье гэж ярьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Р.Б-тай хамт хээр байдсыг Д-д хүргэж өгсөн. Р.Б ах миний гүүг авчихаад өгөхгүй одоохон өгнө гэж хэлээд олон жил боллоо. Хамгийн сүүлд Р.Б ахтай энэ оны 3 дугаар сард уулзаад одоо би танд өгсөн гүүгээ төлтэй нь авна шүү гэж хэлж байсан. Одоо энэ гүү надад байсан бол 4 удаа унагалчихсан байгаа. Би Р.Б-с үндсэн гүүгээ 3 төлийн хамт авна, үлдсэн 1 төлөө Бд өгч байгаа юм. Гүүг хурдны удамтай гэдгийг Р.Б мэдэж байгаа. 10000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Иймд Р.Б-с үндсэн гүү болон 3 төлийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ж-д зарсан хувийн орон сууц маань 2 давхар, 200 м2 талбайтай, би 1м2-ыг нь 500 000 төгрөгөөр бодож 100 000 000 төгрөгөөр үнэлсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийж нотариатаар гэрчлүүлсэн. Зээл судлагдаж гарч ирсэн тул байрныхаа үнийг ярьж тохиролцоод 10 000 000 төгрөг буулган 90 000 000 төгрөгөөр байраа худалдахаар болсон. Орон сууцны төлбөрт 100 000 000 төгрөг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр миний дансанд орж ирсэн. Тохирсон ёсоор 10 000 000 төгрөгийг буцааж Т.Ж-н дансанд бэлнээр тушаасан. Т.Ж тэр өдөр надаас 25 000 000 төгрөгийг хүүгүйгээр зээлж, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг өгнө гэж бичгээр гэрээ байгуулаад авсан. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Т.Ж нэхэмжлэлдээ 2 давхрын өрөөнүүдийг засварлах материалууд нь надад байгаа, ах нь засвар үйлчилгээг нь бүгдийг хийлгээд өгнө, санаа зоволтгүй гэж тохирсон мэтээр бичсэн байна. Ийм асуудал яригдаагүй, бараг 4 жил болж байна. Гэнэт ийм асуудал ярихаар гайхаж байна. Хоршооноос зээл аваад төлж чадахгүй болохоор нь шүүхэд өгч шийдүүлсэн. Үүний дараа энэ нэхэмжлэлийг гаргасан нь хувийн болон албаны асуудлыг ялгаж салгахгүй, намайг барьцаалах авир гаргаж байгаад нь гайхаж байна. Т.Ж нь орон сууцныхаа 1 давхарыг хүнд 50 000 000 төгрөгөөр зарсан. 2 давхарынхаа дотор шатаа гадна талдаа гаргаж өөрчилсөн гэж надад хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 967 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Т.Ж нь өөрийн хүсэл зоригийн дагуу надад 2015 оны 8 дугаар сард надад халтар зүсмийн 2 талын гуяанд сартай зуузай тамгатай байдас бэлэглэсэн. 2015 оноос хойш өдийг хүртэл миний бие тухайн гүүний хууль ёсны эзэмшигч, надад бэлэглэсэн гэж ойлгож ирсэн. Гэтэл одоо надад бэлэглэсэн гүүгээ түүнээс гарах байсан гэх 3 төлийн хамт нэхэмжилж байгаад маш их гайхаж байна. Уг байдас нь 2017, 2018 онд унагалсан. Халтар гүү 2019 оны 01 дүгээр сард өвчин тусаад явж чадахгүй эцэж тураад байхаар нь нядлаад мах нь 300000 төгрөг болсон. Нэг төл нь 2020 оны 4 дүгээр сард үхсэн. Нэг төл нь байгаа. 2015 онд байдсан гүүг  10000000 төгрөгөөр наймаалцаж байсан. Т.Ж нэхэмжлэлдээ дурдсанчилан надад бэлэглээгүй, нэг төл авахуулаад буцаан авах байсан бол 5 жил шахуу хугацаа өнгөрч байхад яагаад надтай энэ талаар хэлээгүй, төл малын хамт буцаан авах талаар огт дурдаж байгаагүй атлаа шалтгаангүйгээр бэлгээ буцаан авахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ж нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Р.Б миний өмчлөлийн Ү-.......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээр худалдан авсан боловч тухайн хөрөнгийн төлбөрөөс 25 000 000 төгрөгийг дараа төлөхөөр буцаан шилжүүлж авсан. Дээрх төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20000000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 5000000 төгрөгийг төлөөгүй удаа дараа холбогдоход төлөх эрмэлзэлгүй байсан тул шүүхийн журмаар энэ мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 Нэхэмжлэгч Т.Ж сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн Р.Б-с 85 000 000 төгрөгний үнэтэй 6 өрөө байшинг урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэх 70 000 000 төгрөгийг Төрийн банкны 5 хувийн зээлээр авахаар тохиролцсон. Анх Р.Б нь байшингаа 90 000 000 төгрөг гэж байсан боловч яриад 85 000 000 төгрөгөөр тооцож надтай наймаа хийхээр тохиролцсон. Малчны зээлийн 10 000 000 төгрөгийг чинь байшингийн зээлд чинь шингээж 100 000 000 төгрөг болгож гаргаж өгье. Би чинь дарга нь шүү дээ гэсэн. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээл гарч миний данс руу 35 000 000 төгрөг орсон. Үүний 15 000 000 төгрөг нь минийх. 20 000 000 төгрөг нь Р.Б-х учир би буцааж өгсөн. Дээрх 15 000 000 төгрөгний 10 000 000 төгрөг нь тухайн үед малчны зээлтэй байсан бөгөөд зээл дарахын тулд байшингийн зээлд шингээж гаргаж авсан мөнгө, харин 5 000 000 төгрөг нь анх байшингаа 90 000 000 төгрөгөөр үнэлсэн ч 5 000 000 төгрөг буулгаж тохиролцсон дүн юм. Урьдчилгаа болох 30 000 000 төгрөг болон малчны зээл дарах 10 000 000 төгрөгийг зээл гарахаас өмнө цагдаагийн нягтлан О гэдэг хүнээс 7 хоногийн хугацаатай хүүтэй зээлж аван байшингийн зээл гарахад 43 000 000 төгрөг болгон буцаан төлсөн. Ийм учраас тухайн үед Р.Б-с 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сард буцаан төлсөн. Бидний хооронд төлбөр тооцоо үлдээгүй. Байшингаа 85 000 000 төгрөгөөр тохиролцож худалдсан тул нэхэмжилж байгаа 5 000 000 төгрөгийг төлөх ёсгүй гэв.

   Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар дугаар шийдвэрт:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Б-с барилгын засварын материалын үнэ 3 617 000 төгрөг, тээврийн зардалд 250 000 төгрөг, засвар хийлгэх хөлс 3 100 000 төгрөг, нийт 6 967 000 төгрөг, хурдны удамтай гүү буюу 10 000 000 төгрөг, 3 төлийн хамт гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ж-н үндсэн нэхэмжлэл, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ж-с зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Б-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 372 төгрөг, хариуцагч Р.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ж давж заалдах гомдолдоо: Б ахаас худалдаж авсан байр нь анхнаасаа засвар хийх шаардлагатай байр байсан. Байраа хүлээлгэж өгөхдөө засварын ажил байгаа, хийлгэж өгнө гэж ярьж байсан боловч хэлсэн ярьсандаа хүрэхгүй өдийг хүрлээ. Мөн миний хурдны удамтай гүүг 2015 онд даага байхад нь авсан. 2016 онд байдас болоод азарганд гарган. 2017 онд гүү болоод унагалж байгаа. Би 2018 онд гүүгээ авъя гэхэд өгөөгүй. Одоо болохоор надаас гүү аваагүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд орон сууцны засварын материалын үнэ, тээврийн зардал, засвар хийлгэх хөлс нийт 6967000 төгрөг, хурдны удамтай гүүгээ 10000000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан.  Би одоо гүүгээ 5000000 төгрөгөөр үнэлж, 3 төлийн хамт гаргуулна.  Миний хувьд анхан  шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж гарсан шийдвэр гэж үзэж байгаа, гэрч асуулгах, хэргийн талаарх нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч шүүх үүнийг анзааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ж нь Р.Б-с худалдан авсан байшинд засвар хийх материалын үнэ, тээврийн зардал, засвар хийх хөлс 6967000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагаар хурдан удмын гүү буюу 10000000 сая төгрөг, 3 төлийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Р.Б Т.Ж надаас орон сууц худалдан аваад 4 жил амьдарч байгаад гэнэт энэ орон сууцны засвартай холбоотой 6967000 төгрөг,  нэмэгдүүлсэн шаардлагаар надад 2015 оны 8 сард халтар зүсмийн байдас бэлэглэснээ 3 төлийн хамт буцааж авахаар тус тус нэхэмжилснийг   зөвшөөрөхгүй. Харин П.Ж нь  худалдан авсан орон сууцны үнийг  2016 оны 7 сарын 7-нд  миний данс руу шилжүүлсний дараа  өдөр зээлийн гэрээ байгуулан  25000000 төгрөг аваад өнөөдрийг хүртэл үлдэгдэл 5000000 төгрөгийн  сөрөг нэхэмжлэл  гаргаж  байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Ж Р.Б бид хоёр орон сууцыг 85000000 төгрөгөөр тохиролцсон учир түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

             

             Нэхэмжлэгч Т.Ж-н шүүхэд ирүүлсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй,  байгууллагын нэр, тамга тэмдэг зөрүүтэй, бодит бус, гэрч Ю.Б, Д,Г нарын  “тус орон сууцны  2 дугаар давхрын  ханын цааснаас бусдыг хийж ороход бэлэн болгон Р.Б-нд хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлгүүд, зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд орон сууцны доголдлын талаар тусгаагүй, нэхэмжлэгч доголдлын талаар хуульд заасан 6 сарын хугацааны дотор гомдлын шаардлагыг тухайн үед гаргаагүй зэргээс үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэнтэй нийцсэн байна.  /хх 9-10, 21, 49-51/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил “ байхаар тус тус зохицуулжээ.

            Хэрэгт зохигчдын ирүүлсэн нотлох баримтад тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэхэд: 1.Нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдүүлсэн шаардлагаар хурдан удмын гүү, 3 төлийн хамт нэхэмжилдэг, хариуцагчаас гүүгээ буцааж авахаар нэхдэг байсан гэж тайлбарладаг хэдий ч эдгээрийг нотлох баримтаар нотлоогүйгээс гадна  нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн  хугацаа 2016 оны 8 сараас эхлэн 2019 оны 8 сард дуусаж байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ  2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 10 сарын дараа ирүүлсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн  байна.

 

            2. Хариуцагч Р.Б нь Т.Ж-тай харилцан тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 25000000 төгрөг хүүгүйгээр зээлүүлэхээр, Т.Ж мөн оны 9 дүгээр сарын 20-д буцааж төлөхөөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж,  мөнгөө нэхэмжлэгчийн .................. дугаар дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч 10 дугаар сарын 07-нд хариуцагчийн  ........... дугаар данс руу  20000000 төгрөг шилжүүлсэн болох нь  хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт,  дансны хуулга зэргээр нотлогдож байгаа боловч хариуцагч Р.Б-ы шаардах эрх мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр зөрчигдсөнөөс хойш  3 жилийн  хугацаа өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.  /хх- 25, 26, 29, 96 /

            Иймд анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Гурав. Зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

               

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      Б.ДЭНСМАА