Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01138

 

Т.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 147/ШШ2020/00523 дугаар шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 222/МА2021/0001 дүгээр магадлалтай,

Т.Жын нэхэмжлэлтэй

Р.Бд холбогдох

Орон сууцны засварын материалын үнэ 3,617,000 төгрөг, тээврийн зардалд 250,000 төгрөг, засвар хийлгэх хөлс 3,100,000 төгрөг, нийт 6,967,000 төгрөг, хурдны удамтай гүү буюу 10,000,000 төгрөг, 3 төлийн хамт нийт 16,967,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Т.Жын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Жа, хариуцагч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.Жа нь Р.Бд холбогдуулан орон сууцны засварын материалын үнэ 3,617,000 төгрөг, тээврийн зардалд 250,000 төгрөг, засвар хийлгэх хөлс 3,100,000 төгрөг, нийт 6,967,000 төгрөг, хурдны удамтай гүү буюу 10,000,000 төгрөг, 3 төлийн хамт нийт 16,967,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Р.Б нь Т.Жад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 147/ШШ2020/00523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Баас барилгын засварын материалын үнэ 3 617 000 төгрөг, тээврийн зардалд 250 000 төгрөг, засвар хийлгэх хөлс 3 100 000 төгрөг, нийт 6 967 000 төгрөг, хурдны удамтай гүү буюу 10 000 000 төгрөг, 3 төлийн хамт хамт гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Жын үндсэн нэхэмжлэл, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Жаас зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Бы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Жын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 372 төгрөг, хариуцагч Р.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 222/МА2021/0001 дүгээр магадлалаар Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Т.Жа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр болон магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Миний хувьд Р.Баас байр худалдаж авсан боловч тэр байр нь анхнаасаа засвар хийх шаардлагатай байр байсан. Тэрийгээ ч өөрөө мэдэж байсан бөгөөд засвараа хийхгүй өнөөдрийг хүргэчхээд байна. Р.Б ах өөрөө тухайн үед “Төрийн банк” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа орон сууцны зээл бүтээж өгч энэ байрыг би худалдаж авч байсан. Харин Р.Б ах тухайн үед би ямар ч байсан дутуу байгаа засварыг чинь даруйхан хийж өгнө гэж худлаа хэлчхээд одоо болохоор би засвар хийлгэнэ гэж хэлээгүй гээд хариулж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Миний хувьд Р.Б ах байшингийн дутуу засвараа хийчих байх гээд өнөөдрийг болтол хүлээсэн, түүнд итгэсэн. Тэгтэл тэр хэлсэндээ хүрээгүй. За одоохон байранд чинь засвар хийгээд өгнө гээд удаа дараа хэлж байсан тухайн үедээ. Одоо яагаад өмнө хэлсэн үгээ үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Мөн Р.Б ах надаас миний өөрийн хурдны удамтай гүүг азарганд тавьж ганц төл аваад гүүг буцаагаад өгнө гэсэн боловч өдий болтол өгөхгүй намайг хохироож байна. Миний хувьд тухайн маргаад байгаа гүү нь 2015 онд охин даага байсан, 2016 онд байдас болоод азарганд гаргана. 2017 онд гүү болоод унагалж байгаа юм. Тэгэхээр нь тухайн гүүний 2017 оны анхны унага нь Р.Б ахад очих байсан. 2017 ондоо гүү унагалаад эхийгээ хөхөж байсан учраас би тухайн ондоо аваагүй. Харин 2018 оноос авъя гэдгээ удаа дараа х элсэн боловч тэрээр “за гүүг чинь өгнө” гэсэн хариу өгдөг байсан. Харин яагаад одоо болохоор Р.Б ах гүү болон түүний 3 төлийг өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхээс гүүг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд 2018 оноос эхлэн Р.Баас гүүгээ нэхсэн. Үүнийгээ ч Р.Б ах өөрөө сайн мэдэж байгаа. Тэгтэл тэрээр надад ийм хуурамч зан гаргана гэж ер бодсонгүй. Би анхан шатны шүүхэд гүүгээ 10,000,000 төгрөгөөр үнэлсэн. Одоо би гүүгээ 4,250,000 төгрөгөөр үнэлж давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Би гүүгээ орон нутгийн ханшаар үнэлүүлэн нотлох баримтаар гаргуулсан боловч анхан шатны шүүхэд өгөөгүйн улмаас үнэлгээг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй. Одоо би зөвхөн Р.Баас гүүгээ 3 төлтэй нь авахаар нэхэмжилж байна. Гүүгээ орон нутгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-аар үнэлүүлсэн. Үнэлгээгээр Р.Б ахаас нэхэмжилж байгаа гүүг 4,250,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин бусад байшин засварын мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Миний хувьд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гарсан шийдвэр тул санал нийлэхгүй байна. Миний хувьд анхан шатны шүүхэд гэрч асуулгах, хэргийн талаарх нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч шүүх үүнийг анзааралгүй миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би одоо Р.Б ахаас гүүгээ 3 төлийн хамт гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Р.Баас хурдан удмын гүү болон түүний 3 төлийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Т.Жа нь хариуцагч Р.Бд холбогдуулан худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгах зардалд 6,967,000 төгрөгийг гаргуулах, түр хэрэглэхээр авсан хурдан удмын гүү буюу 10,000,000 төгрөгийг 3 төлийн хамт буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: 2016.06.23-ны өдөр Р.Бтай харилцан тохирч түүнээс амины орон сууц худалдаж авахаар болсон, Р.Б нь банкны захирал байсан тул зээл бүтэж, орон сууцны үнийг бүрэн төлсөн, харин орон сууцны 2 давхрыг бүрэн барьж дуусгаагүй дутуу байсан бөгөөд Р.Б нь зээл бүтэхээр засвар үйлчилгээг нь бүгдийг хийгээд өгнө гэсэн боловч хийж өгөөгүй, иймд гаргасан зардлаа гаргуулна, мөн 2015 оны намар хариуцагч нь хүрэн азарганд тавьж ганц төл аваадахъя гээд надаас хурдан удмын хээр байдас авсан, буцааж өгнө гэсэн боловч олон жил боллоо, энэ гүү надад байсан бол 4 дэхээ унагалчихсан байгаа, иймд гүү эсвэл үнэ 10,000,000 төгрөгийг 3 төлийн хамт нэхэмжилнэ гэжээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...бид амины орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, малчны зээл бүтээд 2016.07.07-ны өдөр миний дансанд 100 сая төгрөг орж ирснээс байрны үнэд 90,000,000 төгрөгийг аваад үлдэх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, тухайн үед байрыг засварлаж өгье гэсэн зүйл огт яриагүй, 4 жил болсны дараа ийм нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна, нэхэмжлэгч нь 2015.08 сард халтар зүсмийн байдас бэлэглэсэн, тухайн гүүнээс 2 төл авсан, нэг нь үрэгдэж нэг нь одоогоор байгаа, гүү нь өвчний улмаас эцэж турсан тул 2019.1 сард нядалж махыг нь 300,000 төгрөгөөр зарсан, адууны шударга эзэмшигч байсны хувьд үр шимийг хүртэх эрхтэй, энэ хугацаанд 2 сая төгрөгийн зардал гаргасан, 5 жил болж байхад энэ талаар надад юу ч хэлж байгаагүй гээд нэхэмжлэгч нь надаас 25 сая төгрөг зээлээд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус зохицуулсан, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ тус тус нотлох үүрэгтэй бөгөөд хэн аль нь өөр өөр тайлбар гаргаж маргасан боловч нэхэмжлэл, татгалзлаа баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

10. 2016.06.23-ны өдрийн талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд орон сууцны дутуу хэсгийг засварлаж өгөх үүргийг хариуцагч Р.Б хүлээсэн талаар тусгаагүй, эсвэл амаар тохирсон болохоо нэхэмжлэгч тайлбараас өөр баримтаар нотолж чадаагүй, гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 8 сард дуусаж байх ба нэхэмжлэгч 2020.06.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хариуцагч Р.Б нь Т.Жатай харилцан тохиролцож 2016.07.08-ны өдөр 25,000,000 төгрөгийг хүүгүй, 2016.09.20-нд буцааж төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, мөнгөө шилжүүлсэн, Т.Жа нь 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй байхад Р.Б нь эрх зөрчигдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан. Нэхэмжлэгч Т.Жа, хариуцагч Р.Б нар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа болохыг, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх байдлыг нотлоогүй тул үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үр дагавар үүснэ.

11. Иймд “...орон сууцны засварын зардлыг нэхэмжлэхгүй, харин гүүний үнэлгээг дахин хийлгэсэн тул 4,250,000 төгрөгийг, 3 төлийн хамт хариуцагчаас гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 147/ШШ2020/00523 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 222/МА2021/0001 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 82,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ