Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01306

 

“МЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1470 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “МЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мотиваци” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг бетон зуурмагийн төлбөр 41 732 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 6 дугаар сараас эхлэн “Мотиваци” ХХК-д бетон зуурмаг нийлүүлж эхэлсэн. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 92 м.куб, 8 дугаар сарын 11-ний өдөр 124 м.куб, нийт 216 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 5.1.1-т худалдагч “МЧХ” ХХК, худалдан авагч “Мотиваци” ХХК нар нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 92 м.куб 14 122 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 124 м.куб 19 034 000 төгрөг, нийт 33 156 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ байгуулж энэ гэрээний үүргээ “МЧХ” ХХК биелүүлж бетон зуурмагаа нийлүүлсэн.Хариуцагч гэрээний дагуу төлбөрөө 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон боловч “Мотиваци” ХХК төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талууд уулзаж, гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хэлцэл хийж гэрээнд заасан төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулах бөгөөд төлөхгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 8 хувийн хүү өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд гэрээний үүрэг 33 156 000 төгрөг гаргуулах анхны шаардлага дээр дээрх хэлцлийг үндэслээд 3 cap гаруй хугацааны хүү 8 576 352 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул хариуцагч “Мотиваци” ХХК-иас нийт 41 732 352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мотиваци” ХХК-иас 33 156 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МЧХ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8 576 352 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 323 730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1470 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтыг үндэслэн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж оролцогчийн гэрч асуулгаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хурлыг хийж шүүх хуралд оролцож нотлох баримтаа судлуулж мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна....Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “Гадаад улсад албан томилолтоор явж байгаа тул шүүх хурлаас бусад процессыг явуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн боловч шүүх хурлыг явуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн тодорхойлолт бүхий албан тоотыг нотлох баримт гэж үзэхгүй шийдвэрлэсэн нь, хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хариуцагчийн шүүх хуралд оролцож мэтгэлцэх эрхийг хязгаарласан үйлдэл болсон байна. Гэрч асуулгаж нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангасан атлаа гэрчийг асуулгүй шүүх хурлыг явуулсан нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэлээ нотлох боломжгүй болгож оролцогчийн тэгш эрхтэй мэтгэлцэх эрхийг хязгаарласан үйлдэл болсон.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “МЧХ” ХХК нь хариуцагч “Мотиваци” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу худалдан авсан бетон зуурмагийн үнийг шаардан нэхэмжилжээ.

Хариуцагч “Мотиваци” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө томилох, хүсэлт гаргах зэргээр оролцсон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тайлбар, түүнийг нотлосон баримт зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийжээ.

Шүүх талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Испани улсад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 22-ны хооронд зохион байгуулагдах Хуульчдын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоо албан ёсоор уригджээ  \хх-ийн 93 дугаар тал\. Монголын өмгөөлөгчдийн холбооны хөл бөмбөгийн баг дээрх тэмцээнд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд оролцох тухай Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн тодорхойлолт хэрэгт авагджээ \92 дугаар тал\. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Гансүх нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны багийн гишүүн болох нь дээрх баримтуудад тусгагджээ. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэх тэмцээний улмаас 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хуралдах анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон байдлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр баримтаар нотлоогүй тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүйг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаар, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/03775 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1470 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН