Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2021/00023

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Хэргийн индекс: *********************

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 Оролцогчид

Нэхэмжлэгч ******* /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох, нөхөн төлбөр 30.000.000 төгрөг гаргуулах тухай **************индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь *******тай 10 жилийн дунд сургуульд байхаас үерхэж эхлээд 1987 онд гэр бүл болсон. Тэгээд 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр том хүү *******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бага хүү ******* нарыг төрүүлсэн. 2005 оноос эхэлж ******* гэр орондоо байхаа больж өөр хүнтэй холбогдсоноос хэрүүл маргаан тасрахаа больсон. Тэгээд 2007 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Том хүү ******* маань тархины 2 талдаа уйланхайтай учраас тархины хөгжил нь зогсонги, хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой хүүхэд юм. Ийм учир өөрөө бие даан халбагаа барьж хоол унд идэж чадахгүй, бие засч чадахгүй хэвтрийн байдалд байдаг. ...Иймд 14 жилийн хугацааны хүүгийн арчилгаа сувилгааны нөхөн төлбөрт 30 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...******* нь өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хөдөлмөрийн чадваргүй хүү *******т тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...1987 онд ******* бид хоёр гэр бүл болоод 1988 онд гэрлэлтээ батлуулсан. 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү *******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү ******* нар төрсөн. Том хүү ******* маань төрөхдөө тархины хүнд гэмтэлтэй төрсөн учир би 1 настай байхад нь эмнэлэгт авч хэвтэж нэг жил гаран эмнэлгээр явсан боловч эмчилгээгүй гээд эмнэлгээс гарч ирсэн. 2007 оноос эхлэн ******* бид хоёр тусдаа амьдарсан. ...Гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг тогтоохыг бол би зөвшөөрнө. Нөхөн төлбөрийн 30 сая төгрөгийг бол зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй. Харин 5 сая төгрөг дотор бол өөрийн чадлынхаа хирээр сар бүр зуун мянгаар ч юм уу төлж дуусгая гэж бодож байна... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийдвэрээр:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бүгжинхамниган овогт Доржсүрэнгийн Батбаяр, Боржигон овогт Найдангийн Соёлмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Бүгжин хамниган овогт Батбаярын Санчирыг төрсөн эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүү *******т амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 25000000 /хорин таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11 ний өдрийн 174 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч ******* би эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

1.Миний бие нь *******аас гэрлэлт цуцлуулж, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүү *******т тэтгэлэг гаргуулах мөн эцэг болох ******* гэр бүлээ хаяж өөр хүнтэй гэр бүл болсон 14 жилийн хугацаанд эх ******* би байнгын хэвтэрт, асаргаанд байдаг 32 настай хүүгээ ганцаараа асарч бойжуулж байсны нэмэгдэл зардалд 30.0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх *******ын зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэж, үлдсэнийг нь нотлох баримтгүй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Миний бие нь өөрөө бие дааж ямар нэг үйлдэл хийх чадваргүй хэл яриа сонсголгүй, байнга тархи толгой нь өвдөж орилж уйлж байдаг хүүгээ асрах, хооллох, бэртэж гэмтэх, өвчлөхөөс сэргийлэх шаардлагатай эмчилгээ хийлгэх, агаар салхинд гаргах, нэмэлт аминдэм болон бусад асаргаатай холбоотой эмчилгээ \хүүгийн бие цоорох, нурах\ хийлгэх зэргээр14 жилийн турш ердийн өвчтэй хүүхдээс ч асар илүү арчилгаа тордлоготой амьдруулж ирсэн бөгөөд үүний хүчинд хүү маань энэ жил 32 нас хүрч байгаа юм.

Ийм амьд гэрч бодитоор амьдарч байхад өөр нотлох баримт шүүхэд хэрэгтэйг ойлгохгүй байна. Шийдвэрт дурьдсанчлан би *******аас мөнгө нэхэмжлэхийн тулд НӨАТ-н баримт хадгалж явах боломжгүй, ийм дүгнэлт бодит амьдралд нийцэхгүй гэж үл зөвшөөрч байгаа. Нэгэнт энэ хүүхэд амьд байгаа учраас асаргаа сувилгааны нэмэлт зардал зайлшгүй гарах нь ойлгомжтой. Би эх хүний хувьд төрүүлсэн үр хүүхдээ аль болох өвдөж зовоолгохгүй, шаналгаа багатай байлгахыг хичээж ирсэн цаашид ч ийм байх болно.

2.Өнгөрсөн 14 жилийн хугацаанд би өвчтэй хүүхдээ эцэг эх, дүү нар болон найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийн хүчээр өдий хүргэсэн бөгөөд энэ талаар дүү нар болон олон жил хамт ажилласан миний амьдралыг сайн мэдэх тасгийн даргаа гэрчээр асуулгасан, харин миний хүүг олон удаа харж асарч байсан Л.Сийлэгдуламыг гэрчээр асуулгах гэсэн боловч өөр орон нутагт амьдарч байгаа, цар тахлын зэрэг шалтгаанаар асуулгаж чадаагүй. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр ч миний хүүхдийн асаргаатай холбоотой нэмэлт зардлууд нотлогдох болно.

3.Эцэг ******* нь өнгөрсөн 14 жилийн хугацаанд өвчтэй хүүхэддээ 2 удаа пампарс авч өгснийг эс тооцвол ямар ч тусламж дэмжлэг, хайр халамж үзүүлээгүй бөгөөд ийм ч учраас би эцгээс нь ядаж материаллаг зардлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм.

Иймд Сум Дундын Шүүхийн 174 тоот шийдвэрийг хянаж миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарсны нэмэлт зардал 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын заримыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо ...Би өөрийн асаргаанд байдаг хүүгээ 14 жил асарсны нэмэлт зардал 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Өвчтэй хүүхэд маань одоо 32 настай амьд сэрүүн байхаас өөр ямар нотлох баримт хэрэгтэй юм бэ. Иймд шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 1987 он гэр бүл болж хамтын амьдралаа эхлүүлсэн ба 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулснаар албан ёсны гэр бүл болсон байна. Гэрлэгчдийн дундаас 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү *******, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бага хүү ******* нар төржээ.

Том хүү ******* төрөх үеэсээ эхлэн тархины 2 талдаа уйланхайтай, тархины хөгжлийн зогсонгишил, хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой, хүнд өвчний улмаас хүүхдийн хөгжил хэвийн бус байнгын асаргаатай байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба хариуцагч ******* нь өөр хүнтэй шинээр амьдрал зохиосон байх тул түүний эхнэр ******* нь өнөөдрийг хүртэл хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч асран хамгаалж, хүмүүжүүлэх үүргийг 2007 оноос хойш дангаар хүлээж иржээ.

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар хүсэлт гаргасан, цаашид хамтран амьдрах боломжгүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тэдгээрийн гэрлэлтийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох өвчний улмаас байнгын асаргаанд байдаг хүүхдийн асаргаа сувилгаанд зарцуулсан нэмэлт зардлыг хүүхдийн эцэг *******аас гаргуулах тухай шаардлагын хувьд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгчийн дээрхи шаардлага хуулинд нийцэж байгаа боловч хүүхэд асаргааны нэмэлт зардал гаргасантай холбоотой зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс шаардлагатай холбоотой баримтаа ирүүлээгүй боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн эмчилгээ сувилгааны нэмэлт зардалд 5.000.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх ба тэр хэмжээгээр шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалттай харшлаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэн, эрүүл өсгөн бойжуулах, суурь боловсрол хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх тул хүүхдийн наад захын асаргаанд эцэг, эх тэгш үүрэгтэй оролцох учиртай тул хариуцагч нь хүүхдийнхээ асаргаа сувилгаатай холбоотой нэмэлт зардал төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч сувилахад зайлшгүй нэмэлт зардал гардаг болох нь тогтоогдож байгаа боловч хүнд өвчний улмаас байнгын асаргаа сувилгаа, хоол хүнс, эм тариа, ариун цэврийн хэрэгсэл зэрэгт хир хэмжээний зардал гардаг болохыг шүүхээс таамаглан тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч цаашид гарах дээрх зардлуудаа баримтжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Харин шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтаар хариуцагчаас хүүхэд асарсны нэмэлт зардал гаргуулахдаа шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх хохирол гаргуулах тухай заалтыг баримталсан нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

6 дахь заалтыг:

6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ