Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01303

 

Н.Батбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04956 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1445 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Батбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-д холбогдох,

Орон сууцны үнэд 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Монголросцветмет” ХХК-ийн системд 2007 оны оноос хойш нийт 7 жил ажилласан. ...2010 оны 9 дүгээр сард тухайн үед компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан О.Эрдэнээ Төв аймгийн Заамар сум дахь компанийн харьяа Заамарын үйлдвэрт хуульч шаардлагатай байна, 2-3 жил тэнд ажиллавал чиний ажлын үр дүнг харгалзан чамд орон сууцны асуудлыг шийдэж болно гэдэг саналыг надад тавьсан. Миний бие орон сууцаар хангах асуудлыг компанийн удирдлагын хэмжээнд шийдэж, хөдөлмөрийн гэрээнд тусгаж оруулбал явахад бэлэн байгаагаа илэрхийлснээр харилцан зөвшилцөж, Хөдөлмөрийн гэрээнд орон сууцаар хангах тухай тусгаж, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Төв аймгийн Заамар сумын нутагт орших Заамарын үйлдвэрт 3 жилийн Хөдөлмөрийн гэрээтэйгээр хуульчаар ажилласан. Заамарын үйлдвэрийн хуульчаар ажиллаж байтал “Монголросцветмет” ХХК-ийн Захиргааны хуулийн хэлтэст нэг хуульч шаардлагатай байна, одоо Заамар үйлдвэр татан буугдах гэж байна тиймээс чи эргээд компанийнхаа хуульчийн ажил үүргийг хүлээн ав гэснээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс “Монголросцветмет” ХХК-ийн Захиргааны хуулийн хэлтэст хуульчаар эргэн ирж ажилласан.2013 оны 02 дугаар сард “Монголросцветмет" ХХК-ийн Ерөнхий захирал солигдож, Х.Болор-Эрдэнэ томилогдсон. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Монголросцветмет” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, компанийн хуульчийн ажил үүргийг хүлээлгэн өгсөн. Н.Батбаатар миний бие хөдөлмөрийн гэрээний орон сууцаар хангах заалтыг хэрэгжүүлэх, орон сууцаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг 2013, 2014 онуудад компанийн удирдлагад тавихад Ерөнхий захирал Х.Болор-Эрдэнэ чи О.Эрдэнээтэй гэрээ байгуулсан, надтай гэрээ байгуулаагүй тиймээс чамд орон сууц өгөхгүй гэдэг хариуг өгсөн.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа энэхүү нэхэмжлэлд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан бөгөөд Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан. Миний бие хуулийн хүрээнд “Монголросцветмет” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хэн нэгэн хувь хүнтэй гэрээ байгуулаагүй.Тиймээс Н.Батбаатар болон “Монголросцветмет” ХХК-ийн хооронд 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан MR-10-05-100 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалт болон 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан MR-13-05-021 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудад тус тус ажил олгогч нь ажилтны ажлын үр дүнг харгалзан ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц авахад зориулж бүрэн хэмжээний эсвэл хэсэгчлэн нөхөн олговор олгоно гэж заасан тул “Монголросцветмет” ХХК-иас 2 өрөө орон сууцны дараах үнийг нэхэмжилж байна. Улаанбаатар хотод 2 өрөө орон сууцны дундаж үнийг дараах байдлаар тодорхойлоход 2 өрөө орон сууцны дундаж талбайн хэмжээ 50 м.кв, 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 2 200 000 төгрөг байх бөгөөд 2 өрөө орон сууцны үнэд 110 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Батбаатар нь “Монголросцветмет” ХХК-ийн хуульчаар нийт 7 жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллажээ. Компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу 30 хоногийн өмнө гэрээний хугацааг цаашид сунгахгүй тухай мэдэгдэж, 2014 оны 06 дугаар 20-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл тэрээр 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан MR-10-05-100 тоот, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн MR-13-05-021 тоот Хөдөлмөрийн гэрээнүүдийн 3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон компаниас 110 000 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь: Компанийн удирдлага Н.Батбаатартай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа захиргааны хэлтсийн хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, хариуцлагыг танилцуулсан бөгөөд тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймээс Н.Батбаатар нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д зааснаар өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүргийг хүлээсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг бүрэн биелүүлэх нь түүний өдөр тутам хийх ёстой үндсэн ажил үүрэг бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлснийхээ төлөө гэрээгээр тохирсон үндсэн цалин хөлсөө авахаас гадна нэмэгдэл цалин авахаар Хөдөлмөрийн гэрээний 1.1-д заажээ.Харин Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Ажилтны компанийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг харгалзан үзэж, гэрээг дүгнэсний үндсэн дээр Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц худалдан авах бүрэн болон хагас мөнгө олгоно гэж тусгасан нь түүнийг илүү сайн ур чадвартай, санаачлагатай ажиллаж компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан бол энэхүү урамшууллыг олгохоор тохирчээ.Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.6-д компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ажилтнаас ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаагүй тохиолдолд компанийн удирдлага нь түүнийг ажиллаж буй албан тушаалдаа тохирох эсэхэд шийдвэр гаргана гэж заасан байна. Гэвч Н.Батбаатар нь компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаж компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгаагүй.Харин ч түүний хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас компани санхүү, эдийн засгийн хувьд хохирч байсан. Тухайлбал, Ажлын байрны тодорхойлолтын 2.5-д ...шүүх болон арбитрын хэрэгт компанийг төлөөлөх, тэдгээрийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийх үүрэгтээ удаа дараа хайнга хандаж мэргэжлийн алдаа олон гаргасан төдийгүй хуульч хүний гаргах ёсгүй алдаа гаргаж манай байгууллагад олон сая төгрөгийн гэм хор, хохирол учруулсан байдаг....Мөн Н.Батбаатарт компанийн ерөнхий захирлын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №21к тоот тушаалаар сахилгын арга хэмжээ хүлээлгэсэн. Учир нь “Уулс Заамар” ХХК-ийн 1 821 040 010 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11571Б тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэж компанийн бүх харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хааж, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/189 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор манай компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэхүү ажиллагааны улмаас компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч Е.А.Сайногийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт дурдсан хохирол учирсан. Дээрх баримтуудаас Н.Батбаатар нь компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаж компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгаагүй нь харагдаж байна....Тэрчлэн Н.Батбаатар нь ажлаа хүлээлгэн өгсөн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор энэхүү шаардлагаа компанид, эсхүл маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах ёстой байтал энэ хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тэрээр хуульд заасан хугацааны дотор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дүгнүүлээгүй тул одоо шаардлага гаргах эрхгүй болсон. 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар 2010 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчингүй болсон бөгөөд Н.Батбаатар нь хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.Ажиллагсдын журмын 32, 33 дахь заалтад онцгой үр дүн гаргах талаар заасан байдаг. Н.Батбаатар нь хөдөлмөрийн гэрээний 3.2-т зааснаар орон сууцаар хангуулах хүсэлт л тавиад байсан боловч гэрээгээ дүгнүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “Монголросцветмет” ХХК-иас орон сууцны үнэ 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Батбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 773 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1445 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Монголросцветмет” ХХК-иас 55 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “үлдээж” гэсний дараа “хариуцагч “Монголросцветмет” ХХК-иас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Батбаатарт олгосугай” гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Батбаатарын төлсөн 707 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж 1445 дугаартай магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх дүгнэлт хийхдээ Н.Батбаатар нь компанид хувь нэмэр оруулах тохиролцоогоо биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлийг хэрэглээгүй.Хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар компани Н.Батбаатарт ажлын байрны тодорхойлолтод заасан хуульчийн өдөр тутмын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж үндсэн цалин 589 200 төгрөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1 дэх хэсэгт “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно” гэж зааснаар 1000 ам.долларын нэмэгдэл хөлс /цалин/ олгож байжээ. Ийнхүү ажил олгогч түүнд өдөр тутмын үндсэн ажил үүрэгт нь болон удаан жил ажилласан үр дүнг үнэлж цалин, нэмэгдэл хөлс олгосон байна.Харин гэрээний 3.2 дахь заалт бол Ажил олгогч Н.Батбаатараас компанид “хувь нэмэр” оруулахыг хүссэн хүсэл зориг бөгөөд түүнийг Н.Батбаатар хүлээн авчээ. Ажил олгогч ямар “хувь нэмэр” хүсэж хүсэл зоригоо илэрхийлсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.6 дахь хэсэгт заасан “Компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ажилтнаас ямар нэг бодитой шинэ санал санаачлага гаргаагүй тохиолдолд Компанийн удирдлага нь түүнийг ажиллаж буй албан тушаалдаа тохирох эсэхэд шийдвэр гаргана”, “Монголросцветмет” ХХК-ийн захиргааны ажилтнууд болон харъяа үйлдвэрүүдийн удирдах ажилтны нийгмийн баталгааг хангах журмын 1.2 дахь хэсэг буюу “...ажилтнуудын ажлын үр дүн, санал санаачлагыг дээшлүүлэх зорилгоор өөр нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна”, “Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн ажиллагсдын тухай журам”-ын 21 дүгээр зүйл “Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй шагнал, урамшуулал олгох журмаас гадна технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний тоо, чанар үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах гэх мэтээр компанийн үр ашигтай үйл ажиллагааг хангахад чиглэсэн тусгай ажлуудыг гуйцэтгэхэд ажилагсдын оруулсан хувь нэмэр, тэдний мзргэжлийн чадвар, ажлын туршлага, идэвхи санаачлагыг харгалзан шагнал олгох журмын дагуу Компани шагнал, урамшуулал олгож болно”, 33 дугаар зүйлд заасан “компанид мөрдөгдөж буй журмын дагуу онцгой үр бүтээл гаргасан ажилтанд Ерөнхий захирлын шийдвэрээр хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй нөхцлөөр орон сууц олгож болно” зэрэг гэж зааснаас харагдаж байна.Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын Журам батлах тухай 55 дугаар тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журмын З.г хэсэгт “шагнал, урамшуулал гэж ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дунд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ. Үүнд, урамшуулал, онцгой үүрэг даалгавар гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал, ...хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй мөнгөн урамшуулал орно” гэж заажээ.Ийнхүү Хөдөлмөрийн гэрээ болон дээрх журмуудаас харахад ажил олгогчоос Н.Батбаатарыг бодитой, үр дүнтэй санал, санаачлага, хүчин чармайлт гарган компани болон захиргааны ажлын эцсийн үр дүнд онцгой үр бүтээл, хувь нэмэр оруулахыг хүсэж хүсэл зоригоо илэрхийлжээ. Н.Батбаатар ч энэхүү хүсэл зоригийг ойлгон хүлээн авч түүнийг биелүүлэх үүрэг хүлээсэн байна.Гэвч ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийлэлд шүүх дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, харин хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэсэн заалтыг хэрэглээгүй байна. ...Жил бүр хийсэн дотоод хяналт, шалгалтын тайлангаас үзэхэд, Н.Батбаатар онцгой үр бүтээл, хувь нэмэр оруулж хуулийн хэлтсийн ажлын эцсийн үр дүн дээшилсэн нь нотлогдохгүй байна. Гэтэл шүүх дээрх явдалд Н.Батбаатар буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалт биелэгдэх урьдчилсан нөхцөл нь өдөр тутмын ердийн ажил үүрэг биш харин Компанид оруулж буй онцгой үр бүтээл, хувь нэмэр юм. Энэ хэргийг хянан шийдвэрлэж байгаа 2 жилийн хугацаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор 2013.07.02-ны өдрийн MR-13-05-021 тоот хөдөлмөрийн гэрээний хугацаанд дээрх үүргээ биелүүлснийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүйгээс гадна түүний шүүхээр компаниас гаргуулахыг хүссэн нотлох баримт дотор ч ийм баримт байхгүй билээ.Иймээс гэрээний дагуу тэрээр дээрх үүргээ биелүүлсний эцэст орон сууцны хөнгөлөлт хүссэн хүсэлтэндээ онцгой үр бүтээл, хувь нэмрээ нотолсон баримтаа хавсаргах эсвэл тайлан бичих бүрэн боломжтой байсан бөгөөд харин түүнийг компанийн удирдлага тооцоогүй, дүгнээгүй бол компанийг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэгт “Ажилтан эсвэл захиргаа нь энэхүү гэрээний аль нэг нөхцлүүдийг биелүүлээгүй тохиолдолд аль нэг тал нь нөгөө талдаа гэрээг цуцлахаас 1 сарын өмнө мэдэгдэх ёстой” гэж заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Н.Батбаатар нь бодитой, үр дүнтэй санал, санаачлага гарган онцгой үр бүтээл, хувь нэмэр оруулах үүргээ биелүүлээгүй, түүнийг нотлоогүй байхад зөвхөн хүсэлт гаргаж байсан байна, харин компани гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг хэрэглээгүй байна....Улаанбаатар хотод 2 өрөө байр худалдаж авах зардлыг нөхөн олгоно гэдэг нь зардлыг шууд өгнө гэсэн ойлголт биш бөгөөд дараа нь нөхөж олгох тухай тохиролцоо тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл юм. Иймээс давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж хуулийг зөв хэрэглэж хууль ёсны шийдвэр гаргаагүй. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч 2 өрөө орон сууцны үнэлгээг 110 000 000 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй, шинжээч 100 454 541 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан гаргасан байна гэж дүгнэсэн. Хариуцагч тал нэхэмжлэл гаргах үеэс л энэхүү 110 000 000 төгрөгийг үндэслэлгүй гэж маргаснаас гадна Н.Батбаатар нь Улаанбаатарын аль ч дүүрэгт 2 өрөө байр авч болохоор гэрээнд заасан байхад шинжээчийн дүгнэлт зөвхөн БЗД-ийн 5 дугаар хороо, 15-р хороолол, 50/1 байрны зарим 2 өрөөний үнэлгээг гаргасан үндэслэлгүй нотлох баримт юм.Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 55 000 000 төгрөг хангасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл зөв болсон байх боловч шүүх хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтын тооцоонд үндэслээгүй нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Батбаатар нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний “...компанийн үйл ажиллагаанд ажилтны оруулсан хувь нэмрийг тооцон, мөн энэхүү гэрээний үр дүнг дүгнэснээр захиргаа ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр худалдаж авах зардлын бүрэн эсвэл хэсэгчилсэн нөхөн төлбөрийг олгоно” гэх заалтыг үндэслэн 2 өрөө орон сууц худалдан авахад шаардагдах зардалд 110 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх цалин хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг тухайн хэрэгт хамааралтай эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хугацаа, хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн тус компанид ажилласан байдал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэгдсэн эрх зүйн хувьд алдаагүй дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүх гэрээний нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбарласан байх ба ийнхүү тайлбарласан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 2 өрөө орон сууцны 1 мкв талбайн үнийг  ашиглалгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тогтоосон үнийн дүнгээс хариуцагчийн төлбөрийн хэмжээг тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ. Шинжээч шүүхийн тодорхойлсон асуултад хариулт өгсөн байх ба ямар газар байршилтай орон сууцны, хэдий хугацаанд хамааралтай үнэлгээ хийхийг шүүгчийн захирамжид тодорхой заасан байх тул шинжээчийн дүгнэлтийн талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 2 өрөө орон сууцны 1 мкв талбайн үнэ зохигчдын хоорондох хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед буюу 2014 онд 1 998 300 төгрөг байсан, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 50\1 дүгээр байрны 2 өрөө орон сууцны талбай дунджаар 50 мкв байгаа нь тогтоогджээ \хх-ийн 136-168 дугаар тал\. Үүнээс дүгнэж үзвэл 2 өрөө орон сууцны талбайг дунджаар 50 мкв гэж, 1 мкв талбайн үнийг 1 998 300 төгрөг гэж тооцвол орон сууцны үнэ 99 915 000 төгрөг болох бөгөөд үүний тал хувь буюу 49 957 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.              

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй боловч төлбөрийн хэмжээг тогтоосон ажиллагааны талаарх гомдлын зарим хэсгийг хангасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1445 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “55 000 000 төгрөг” гэснийг “49 957 500 төгрөг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 433 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН