Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 479

 

Ц.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Ц.Дт холбогдох 1814001150155 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өлзийтийхөн овогт Ц.Д нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч А.Мийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийт 35.584.266 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Дийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дт буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Өлзийтийхөн овогт Ц.Дийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Өлзийтийхөн овогт Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Ц.Дт нь...” гэснийг “...шүүгдэгч Ц.Д нь...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан баримт болон 2-3 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүд болон холбогдогчийн өгсөн мэдүүлгээр Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байдаг... Амь хохирогч болон холбогдогч нарын хувьд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, хэн алиныгаа сайн таньж мэдэх хүмүүс. Холбогдогч Д нь шүүх хуралдаанд болон байцаалтандаа амь хохирогчийг их хэмжээний согтолттой байсан, мөн холбогдогчийн өөрийнх нь үйлдлээс болж гэмтэл авсан гэдгийг мэдэж байснаас гадна гадаа хүйтэн байсан тул нимгэн цамцтай суугаад хөлдөж үхнэ шүү гэдгийг анхааруулаад орхин явсан гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлэг болон бусад нотлох баримтаар холбогдогч нь амь хохирогчийг гэртээ харих боломжгүй, хүнд согтолттой, хөлдөх аюултай, мөн гэмтэлтэй гэдгийг мэдсэн байж хүйтэнд орхин явсан нь хохирогчийг нам хэмийн осголтоос болж амь насаа алдах аюулд хүргэсэн байх эс үйлдэхүй юм.

Гэтэл энэ асуудлаар Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар холбогдогчийг шалгуулах хүсэлтийг өмгөөлөгч миний бие аль ч шатанд удаа дараа гаргасан боловч амь хохирогч нь тухайн үедээ хөнгөн хохирол учирсан, хохирогчийг явъя гэхэд жаахан сууж байгаад харъя гэж хэлэхээр нь үлдээгээд явсан гэсэн байгаа нь амь насанд аюултай нөхцөлд орхиж явсан гэж үзэхээргүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан, мөн анхан шатны шүүхээс амь хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар бусдын туслалцаа шаардлагатай эсэх нь дурдагдаагүй амь хохирогчийг аюултай байдалд орхиж явсан, харилцан итгэлцлэлээр хүлээсэн тусламж үзүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдий амь хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын хамтран баталсан гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн хохирол нь хүний эрүүл мэндийн байдлыг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулдаг гэсэн үндэслэл байдаг. Амь хохирогч нь эрүүл мэндийн байдал сарнисан, хохирол учирсан, их хэмжээний согтолттой, аюултай байдалд байгааг мэдсээр байж учирч болох хохирлыг урьдчилан таамагласан, мэдсэн хэрнээ орхиж явсан нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг юм. Гэвч эдгээр байдлыг 2 шатны шүүхээс харгалзан үзээгүйгээс гадна дээд шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө амь хохирогчийн ходоодны шингэнээс 2.6 промилл спирт илэрсэн, энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарч байгаа ч шүүгдэгчтэй зодолдож тухайн үед хийж байсан үйл хөдлөл нь биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй юм гэжээ. Гэвч амь хохирогчийг зодолдсон үйл хөдөлгөөн хийгээд явсан гэдгийг зөвхөн шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх болон өгөхгүй байх эрхийн хүрээнд мэдүүлсэн мэдүүлгээр дүгнэх боловч хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогддог тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Иймээс өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 108 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогч Д.Г, шүүгдэгч Ц.Д нар хоёул согтууруулах ундаа хэрэглэсэн, хоорондоо маргалдан, зодолдсон талаар гэрч Ү.Б, Б.У нар тодорхой мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед дух, хамар, чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга,шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэнд зулгаралт, зовхи, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх Ц.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Дт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдал буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт орших иргэн Ү.Бын гэрт согтууруулах ундаа хэрэглэн гарч явахдаа тухайн үед мөн адил согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Б, Ц.Д нартай гудамжинд тааралдаж, улмаар Б.Г нь Б.Быг цохисноос гадна Ц.Дтай заамдалцан харилцан зодолдох үед гэрээс Ү.Баттулга гарч ирж тэднийг салгаж явуулсан байх бөгөөд Ү.Бын эхнэр Б.У түүний эхнэр А.М рүү утасдаж “Б.Г нь тэдний гэрт 22 цагийн үед согтуурсан байдалтай орж ирж архи уугаад 00 цаг өнгөрч байхад гарч явсан, гудамжинд Б.Б, Ц.Д нартай зодолдсон” талаар анхааруулж хэлсэн боловч хохирогч Б.Г гэртээ очоогүй, харин өглөө гудамжинд нас барсан байдалтай олдсон болох нь гэрч Б.Б, Ү.Б, Д.П, Б.У, Ж.Г нарын мэдүүлгүүд болон амь хохирогчийг гадны нөлөөнөөс нас барсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 18 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүчтэй согтсон үедээ нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан бөгөөд түүний үхэлд шүүгдэгч Ц.Дийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө иргэн Б.Гтай зодолдсон үйл баримтаас гадна хохирогч Б.Гын биед дух, хамар, чих, чамархай, эрүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулга, зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий, мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байж болох хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дийг хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Гын цус, ходоодны шингэнээс 2.6 промилли спирт илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарах боловч хохирогч Д.Гын Ц.Дтай харилцан зодолдсон үйл баримт болон тухайн үед хийж байсан үйл хөдлөлийг үндэслэн шүүгдэгч Ц.Дийг хохирогч Д.Гын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв байна.

Прокуророос Ц.Дийг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасанАюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт холбогдуулж яллаагүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад  шүүгдэгч Ц.Д тухайн өдөр өөртэй нь адил согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Гыг хүчтэй согтсон, мөн биедээ гэмтэл авсны улмаас түүнд тусламж зайлшгүй шаардлагатайг лавтай сайн мэдсэн боловч тусламж үзүүлэхгүйгээр зориуд орхиж явсан гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө...” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг энэхүү тогтоолд “2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө...” гэж зөвтгөж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН