Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0383

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0383

Улаанбаатар хот

Б.Я-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Я-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Я-гаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Б.Я-г Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 3163000 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг.Шүүх хэрэгт хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн алдааны талаар:

1.1.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Я нь Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй. Энэхүү нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй асуудалд ямарваа үр дагавар үүсэхгүй гэж үзнэ.

Иймд түүнийг бүтцийн хувьд шинээр байгуулагдсан хэлтсийн даргын албан тушаалд заавал томилох эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Учир нь:

1/Эрүүл мэндийн яам бүтцийн хувьд Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдсөн.

2/Б.Я-д орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөгдсөн тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

3/Шүүх дээрх үйл баримтад хамааралтай харилцааг зөв тодорхойлж, үнэлэлт, дүгнэлт хийсэн гэж үзнэ.

1.2.Б.Я-ийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхдээ уг нэхэмжлэлд огт хамааралгүй Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 224 дүгээр шийдвэр болон түүнд хамааралтай үйл баримтуудад дүгнэлт хийжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Б.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн бүхий л үйл баримтыг хуулбарлан Үндэслэх хэсэгт оруулсан нь шүүх талуудын тэгш байдлыг хангах, мэтгэлцэх зарчмыг төв байр суурьнаас хандах зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Хоёр.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх, Тогтоох хэсэг хоорондоо зөрчилтэй болсон алдааны талаар

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр ямар нэг алдаагүй гаргасан байх шаардлагатай. Гэтэл энэхүү шаардлагыг шүүгч зөрчиж, шийдвэрийн Үндэслэх, Тогтоох хэсэгт эрх зүйн баримт бичгийн дугаарыг алдаатай бичжээ. Тухайлбал,

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын дугаар Б/74 болон өөрчлөгдөж, утга агуулгын болоод техникийн илэрхий алдаа гаргажээ.

Гурав.Шүүх хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг шинжлэн судлаагүй алдааны талаар

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг уншиж, танилцуулсан үйл баримтыг буулгасан гэх дуу-дүрсний бичлэгийг сидинд буулган тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Шүүх ч хүлээн авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судлаагүй уг баримтыг нотлох баримтаас хассан эсхүл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзсэн талаарх дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа болно.

Дөрөв.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй талаар

4.1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны алба нь Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болж өөрчлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны бүтэц, орон тоог зохион байгуулахдаа Гадаад хамтын ажиллагааны алба гэдэг нэгж батлагдаагүй. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нь Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/107 тоот тушаалаар Гадаад хамтын ажиллагааны алба-ыг байгуулж, Б.Я-г Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилсон үйл баримтыг шүүх нягтлан үзсэнгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Я Засгийн газрын баталсан бүтцэд байхгүй Гадаад хамтын ажиллагааны алба-ны даргын албан тушаал эрхэлж байсан нь шинээр байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны хэлтэс-ийн даргаар томилогдох эрх зүйн үндэслэл болохгүй юм.

4.2.Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар Б.Я-г Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулж байсан. Тус яамны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалж нэгжүүдийн бүтцэд ч өөрчлөлт орсноор Б.Я-г өмнө нь хийж байсан ахлах мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн томилсон тул шүүхээс албан тушаал үндэслэлгүй бууруулсан гэж дүгнэсэн нь буруу байна.

Энэ нөхцөлд шүүх Б.Я-г ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэл болгосон нь буруу юм.

Нөгөөтэйгүүр албан тушаалын сонголтыг нэхэмжлэгч өөрөө хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн харилцааг шүүх анхаарсангүй.

Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна шаардлагыг шүүх зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг батлагдсантай холбогдуулан яамны албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрийн Б/75 дугаар тушаалаар тус тусын албан тушаалд томилсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Я-г Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Олон талт хамтын ажиллагааны бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон байна.

Нэхэмжлэгчээс албан тушаал бууруулах үндэслэл байхгүй байхад албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй хууль бус хэмээн маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Я нь 2009 онд Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 2014 оны Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам болсонтой холбогдуулан Гадаад хамтын ажиллагааны хэлтэсгүй ажиллахаар бүтэц зохион байгуулалт хийгдсэн байна.

Гадаад хамтын ажиллагааны хэлтэсгүй болсон тул тус яамны сайдын 2016 оны А/107 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албыг байгуулж, гадаад хамтын ажиллагааны чиг үүргийг хариуцуулан албаны даргаар өмнө хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Я-г томилон ажиллуулж байжээ. Улмаар Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоол гарч, Эрүүл мэнд, спортын яамыг Эрүүл мэндийн яам нэртэй болгож, дахин Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй байхаар тогтоож, уг хэлтэс нь хуучин албаны чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохион байгуулагдаж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хонгорзулыг томилсон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Я-г чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хууль бусаар байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан тул яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан албаны даргаас чөлөөлж, ахлах мэргэжилтнээр томилсон хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: ... 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэж заасан байна.

            Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн яам нэртэй болж, хуучин Эрүүл мэнд, спортын яамнаас спортын салбарын чиг үүргийг тусгаарлан Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны чиг үүрэгтэй ажиллаж байсан Гадаад хамтын ажиллагааны алба нь хэлтэс болж, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ч тухайн нэгжийн чиг үүрэг, орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн, нэхэмжлэгчийн хувьд түүний ажиллаж байсан Гадаад хамтын ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь хэлтсийн даргын чиг үүрэг болж, хэвээр хадгалагдан үлдсэн байгаагаас үзэхэд дээрх хуульд зааснаар хэлтсийн даргын албан тушаалд өөр албан тушаалд ажиллаж байсан хүнийг томилсон нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Учир нь өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэдэгт бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд нь хоорондоо шилжин зохион байгуулагдсаныг хамааруулан ойлгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч өмнө нь одоо бий болсон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаад алба болж, уг албаны даргаар ажиллаж байгаад дахин хэлтэс болон өөрчлөгдсөн тул түүнийг хэлтсийн даргын албан тушаалд томилон үргэлжлүүлэн ажиллуулахаар байсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Маргаж буй тушаалын үндэслэл болгосон заалтад нэхэмжлэгчийг Гадаад хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон үндэслэлээр бус харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримталсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Б.Я-г Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилсон үйл баримтыг дүгнээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Я-г ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтнээр томилсон шийдвэрийн үндэслэлээ ... хууль бусаар байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан ... хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь томилсон тушаалын үндэслэлээс өөр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаж буй тушаалын дугаарыг Б/75 гэхийг Б/74 гэж бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний алдаа биш байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛХҮҮН:

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ