Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 340

 

Б.Я-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0383 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Я-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Я-с Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Б.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Б.Я-г Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 3.163.000  төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0383 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яам дагнан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор түүний бүтцэд ажиллаж байсан газар, хэлтсүүдийн чиг үүрэгт өөрчлөлт орж, ажилтнуудын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх нягтлан үзэхгүйгээр Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзсэн нь буруу юм. Учир нь өмнө нь спортын чиглэлийн үйл ажиллагаа тухайн албанд хамаарагдаж байсныг байхгүй болгосон, Гадаад хамтын ажиллагааны албаны хамаарах ажил үүргийг шинэчлэн тогтоож, гадаад хамтын ажиллагааны хэлтэс нь зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад чиглэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэхээр болсноор үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тул бүтцийн өөрчлөлт орж, ажлын байранд эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх шаардлага тавигдсан.

Энэ нь: Эрүүл мэндийн яам бүтцийн хувьд Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдсөн. Б.Я-н орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөгдсөн тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор тодорхойлогдоно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулсан нөхцөлд ажил олгогч төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, өөр албан тушаалтныг томилох нь төрийн байгууллагын бүрэн эрхэд хамааралтай болохыг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүйгээс ажил олгогч Б.Я-г заавал шинээр байгуулагдсан хэлтсийн дарга болгох үүрэгтэй гэх буруу дүгнэлт хийсэн байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 15-д Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж “Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31 5-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ” гэж зааснаас үзвэл, өмнө байсан яамны бүтцэд өөрчлөлт орсон гэж үзнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор яамдын бүтцийг баталжээ.

Дээрх тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны бүтэц, орон тоог зохион байгуулсан Яамны энэ бүтцэд “Гадаад хамтын ажиллагааны алба” гэдэг нэгж батлагдаагүй байна. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Л нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/107 тоот тушаалаар “Гадаад хамтын ажиллагааны алба”-ыг байгуулж, Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн болно.

Нэхэмжлэгч Б.Я Засгийн газрын баталсан бүтцэд байхгүй хууль бусаар байгуулагдсан “Гадаад хамтын ажиллагааны алба”-ны дарга бөгөөд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нь шинээр байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд дахин томилуулах шаардлага гаргах эрх зүйн боломжгүй байгааг шүүх нягтлан үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Иймд Б.Я-г тухайн хэлтсийн даргаар томилох эсэх асуудал нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамааралтай гэж үзнэ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Я-г ахлах мэргэжилтний албан тушаалд томилохдоо өмнө нь ажиллаж байсан ажилд тэнцэх эсэхийг дүгнээгүй, харин түүнийг ажил албатай үлдээх зорилгоор тухайн албанд шинээр томилсон шалтгаант холбоо, байгууллагын бүтцийн өөрчлөлт, ажил олгогчоос гаргах шийдвэрийн эрх зүйн зохицуулалтын агуулгын ялгааг шүүх зөв тайлбарлан дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, ердийн журмаар төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн хууль зүйн хамгаалалт, төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн үед ажил олгогчид олгосон эрхийн хэм хэмжээний ялгаа, заагийг шүүх зөв тодорхойлж чадаагүй байна.

Иймд Б.Я-г ажил, албатай үлдээж, тус газарт ахлах мэргэжилтний ажилд томилсноор түүний цалин, хангамж буураагүй, төрийн албаны бүх баталгаа хэвээр үлдсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул дээрх эрхийн баримт бичгүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Б.Я-г албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтад гомдол гаргаагүй атлаа заавал хэлтсийн дарга хийх шаардлага нь хоорондоо харилцан хамааралгүй болж буй үйл баримтын хамаарлыг шүүх хуульд нийцүүлэн зөв үнэлсэнгүй.

Дээрх үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч, Б.Я-г Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлсөн Б/74 дүгээр тушаалыг хүчинтэй гэж үзжээ.

Шүүх дээрх үйл баримтад хамааралтай харилцааг зөв тодорхойлж: үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан гэх үндэслэлээр эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: Эрүүл мэнд, спортын яам нь гадаад хамтын ажиллагааны хэлтэсгүй болсон тус яамны сайдын 2016 оны А107 дугаар тушаалаар  гадаад хамтын  ажиллагааны  албыг байгуулж,  Б Я-г даргаар ажиллуулсан талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүл мэнд: спортын яамны сайдын яамны бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн тушаал огт гаргаж байгаагүй, хэрэгт нотлох баримтаар энэ тушаал авагдаагүй болно.

Нэхэмжлэгч талаас Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг уншиж. танилцуулсан үйл баримтыг буулгасан гэх дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн эсэх талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх огт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 1 дэх хэсэгт "шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлнэ" гэснийг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсангүй. Иймд шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж алдаа гаргасан гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0383 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Я-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 

Нэхэмжлэгч Б.Я нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Уг тушаалаар “бүтэц өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг  хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “албан тушаалын чиг үүрэг хэвээр үлдсэн, орон тоо хасагдаагүй” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулж авахаар зохицуулсан.

Тухайн тохиолдолд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг тухайн байгууллагад хэвээр үлдсэн, орон тоо цөөрөөгүй болох нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоол, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/75 дугаар тушаалын хавсралтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаалын үндэслэл няцаагдаж байна.

Хариуцагчийн “Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байранд эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх шаардлага тавигдсан, энэ шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй” гэх гомдлын хувьд: Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар баталсан байх бөгөөд төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөөгүй, Гадаад хамтын ажиллагааны албаны даргын ажлын байрны чиг үүрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлтэй холбоотойгоор өөрчлөгдөөгүй, “мэргэшил” гэсэн шалгуурт “нийгмийн эрүүл мэнд” гэж заасан боловч энэ нь ажлын байрны тодорхойлолтын бусад чиг үүрэгтэй уялдаагүй, ажил үүргийн хуваарилалт нь тодорхойгүй байна.

Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр баталсан боловч “Гадаад хамтын ажиллагааны нэгжийн үйл ажиллагаа нь ... гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ” гэж заасан болохоос хариуцагчийн тайлбарласанчлан “нийгмийн эрүүл мэндийн чиглэл” гэж заагаагүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

 Түүнээс гадна одоо маргаан бүхий албан тушаалд томилогдсон Б.Х нь нийгмийн эрүүл мэндийн шаардлагыг хэрхэн хангасан болох нь тодорхойгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчаас “Засгийн газрын батлагдсан бүтцэд байхгүй хууль бусаар байгуулагдсан Гадаад хамтын ажиллагааны албаны дарга бөгөөд шинээр байгуулагдсан хэлтэст дахин томилуулах шаардлага гаргах боломжгүй” гэх боловч тухайн байгууллагад алба байгуулж ажиллах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хамаарах болохоос нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн тухайд 2009 оноос хойш Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ажиллаж байсан, Эрүүл мэндийн яамны бүтцэд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн тул нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрх, баталгаа хамгаалагдах учиртай. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн бол хууль журмын дагуу албан хаагчийг чөлөөлөх болохоос өөрийн үзэмжээр, сонголтгүйгээр шийдвэрлэх асуудал биш тул хариуцагчийн “хэлтсийн даргаар томилох эсэх нь ажил олгогчийн бүрэн эрх” тухай гомдол мөн үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч Б/75 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан, уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас өөрийн чиг үүргийн хүрээнд эрх зүйн үр дагавар учруулсан шинжээр маргаан бүхий буюу хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байдал нь нэхэмжлэлийг хангахгүй орхих хуулийн үндэслэл биш, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх маргааны үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу биш болохыг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0209 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0383 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   М.БАТСУУРЬ   

ШҮҮГЧ                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ