Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01238

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01238

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Х-гийн нэхэмжлэлтэй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан В.Далхаагийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Ц.Нарангэрэл, гуравдагч этгээд Д.С-, түүний өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Д.Х- нь 1927 онд Хөвсгөл аймгийн Баян-Уул сумын 8 багт эцэг Ванхут овогтой Далхаа, эх Гүндийн Чимэд нарын ууган охин болж төрсөн. 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр В.Далхааг хэлмэгдүүлж Онцгой бүрэн эрхт комиссын 21 тоот тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар магадлалаар цагаатгасан. Эх Г.Чимэд 1940 онд М.Дэнзэнтэй гэр болж Д.Х-гийн овгийг Дэнзэн гэж өөрчилсөн. Д.Х- нь 4 дүүтэй байсан бөгөөд дүү Д.Жамъяанхорлоо 1946 онд, Д.Санжаа 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нас барсан. Дүү Д.С- амьд байгаа. Дүү Д.С- эцэг В.Далхаагийн цагаатгалын 3912 тоот үнэмлэхийг 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан. Д.С-ийг 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 575 тоот шийдвэрээр Дэнзэнгийн С нь Ванхутын Далхаагийн төрсөн охин болохыг тогтоож 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгосон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02859 дугаар шийдвэрээр Д.Х-г Ванхутын Далхаагийн төрсөн охин болохыг тогтоосон. Зууны мэдээ сонины 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаарт 6476, 6477 дугаарт Д.Х-г Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговор авах эрхтэй болохыг баталгаажуулж сонинд зарласан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговор 80 000 000 төгрөгийг дүү Д.С-тай тэнцүү хувааж авна гэжээ.

 

Гуравдагч этгээд прокурор Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн материалыг хянахад шүүхээс Д.С-ийг В.Далхаагийн төрсөн охин болохыг тогтоож, нөхөх олговорт 1 000 000 төгрөгийг олгосон, дараа нь Д.Х-г мөн төрсөн охин болохыг тогтоосон байх тул хилсээр хэлмэгдэж цаазлагдан, цагаатгасан болох нь Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн магадлал, цагаатгалын үнэмлэхээр нотлогдож байна. Иймд В.Далхаагийн нөхөх олговрыг Д.Х-, Д.С- нарт тэнцүү хэмжээгээр олгох үндэслэлтэй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х- миний эцэг В.Далхаагийн хүүхэд биш, миний бие нөхөх олговрыг ганцаараа авах ёстой. Миний овог Шар Далхаа гэж байхад Д.Х- өөрийнхөө эцгээр овоглосон. Гэтэл шүүх түүнийг В.Далхаагийн охин мөн гэж тогтоосон байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ванхутын Далхаагийн нөхөх олговорт 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулан, /РД:ЧГ27071081/ Боржигон овогтой Дэнзэнгийн Хоролсүрэнд 40 000 000 /дөч/ төгрөг, /РД:ЦА36031585/ Шар овогтой Дэнзэнгийн С т 40 000 000 /дөч/ төгрөгийг тус тус олгож,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Д.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Х- нь Ванхутын Далхаагийн төрсөн охин биш тул нөхөх олговор авах эрхгүй. Тодруулбал, Д.С-, Д.Х- нарын эх Г.Чимэд нь В.Далхаатай гэр бүл болохдоо Дампил гэдэг хүний хүүхдийг төрүүлсэн нь Д.Х- юм. В.Далхаа, Г.Чимэд нарын дундаас н.Жамбалдорж, н.Жамъяанхорол, н.Шанжмятав, н.С , н.Дугарсүрэн гэх 5 хүүхэд төрсөн тухай отгон охин н.Дугарсүрэнгийн тайлбар хэрэгт авагдсан.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Д.С- нь төрсөн эцэг В.Далхааг цагаатгуулах талаар олон жил төрийн байгууллагаар явсан. Тодруулбал, 2014 онд Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд ГҮТББ-ыг байгуулан гишүүнээр ажиллаж хэлмэгдэгчийн ар гэр, үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэхээр ажиллаж, төрийн бүхий л шатны байгууллага, албан тушаалтанд хандсаны үр дүнд 2018 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийг нэмэлтээр оруулсан. Гэтэл Д.Х- нь эцгийнхээ дурсдаггүй, дүүгээ биш гэж үздэг атлаа 80 000 000 төгрөгийг авахаар В.Далхаагийн охин гэж байгаад гомдолтой байна.

Д.С- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02859 дугаар шийдвэрээр Д.Х-г В.Далхаагийн төрсөн охиноор тогтоосон, мөн Цагаатгалын комисст нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан гэдгийг 2021 оны 3 дугаар сард шүүхэд гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн. Иймд Д.Х-г В.Далхаагийн төрсөн охин биш гэдгийг нотлох зорилгоор Д.Х-д генетикийн /ДНХ/ шинжилгээ хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч шүүхээс дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй. Хэдийгээр В.Далхаагийн ДНХ-тай Д.Х-г харьцуулах боломжгүй ч Д.С-тай харьцуулан дүгнэлт гаргах боломжтой. Мөн Д.Х-г н.Дампил гэх хүний хүүхэд болох талаар мэдэх гэрчүүд байгаа ч анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд гэрчээр асуугаагүй.

В.Далхаагийн охин н.Дугарсүрэнг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Нөхөх олговрыг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст тэгш хувааж олгох... гэж зааснаар В.Далхаагийн охин н.Дугарсүрэн нь нөхөх олговор авах эрхтэй бөгөөд эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байсан. Энэ нь нэхэмжлэгч Д.Х- болон гуравдагч этгээд Д.С- нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Х- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан эцэг Ванхутын Далхаагийн нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Ванхутын Далхаагийн охин Д.С- гуравдагч этгээдээр оролцож Д.Х- нь В.Далхаагийн төрсөн хүүхэд биш тул нөхөх олговор авах эрхгүй гэж маргасан. Харин төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Т.Б хэлмэгдэгч В.Далхаагийн нөхөх олговорыг Д.Х-, Д.С- нарт тэнцүү хэмжээгээр олгох үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

 

Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар тогтоолоор Ванхутын Далхаа нь Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар магадлалаар цагаатгагдсан үйл баримт тогтоогджээ. /хх-15-16/

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрйн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгохоор зохицуулсан.

 

Хөвсгөл аймгийн Баян-Уул сумын 8 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 27 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Ванхуйтын Далхаа эрэгтэй, 69 настай, эхнэр Гүндийн Чимэд 29 настай, хүү Далхаагийн Жамьянхорлоо 3 настай, охин Далхаагийн Хорсүрэн 6 настай гэж бүртгэгдсэн болох нь Үндэсний төв архивын 2020 оны 6 дугаар сарын 04-ний 03-4/2627 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-9/

 

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр Д.С-ийг Ванхутын Далхаагийн төрсөн охин болохыг тогтоож, Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1-д зааснаар Баянзүрх дүүргийн санхүүгээс 1 сая төгрөг гаргуулж Далхаа овогтой С т олгож шийдвэрлэсэн, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02859 дугаар шийдвэрээр Дэнзэнгийн Хоролсүрэнг Ванхутын Далхаагийн охин болохыг тус тус тогтоон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-6-7/х

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул гуравдагч этгээд Д.С-ийн ... Д.Х-г Ванхутын Далхаагийн төрсөн хүүхэд мөн эсэх талаар шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй... гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн нөхөх олговрыг Д.Х-, Д.С- нарт тэнцүү хэмжээгээр олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэжээ.

 

Ийм учраас Д.Х-, Д.С- нарыг хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн төрсөн хүүхэд гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар 80 000 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр авах эрхтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ванхутын Далхаагийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулан, Д.Х-д 40 000 000 төгрөг, Д.С-т 40 000 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасантай нийцжээ.

 

Хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн төрсөн хүүхэд Д.Дугарсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх гуравдагч этгээд Д.С-ийн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэлмэгдэгч Ванхутын Далхаагаас төрсөн өөр хүүхэд байгаа нь тогтоогдож, тэрээр эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл хэлмэгдэгчийн нөхөх олговорыг хувааж авсан Д.Х-, Д.С- нараас өөрт ногдох хэсгээ шаардах эрх нь нээлттэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА