Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01457

 

 

 

Д.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01238 дугаар магадлалтай, 

Д.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайваны гаргасан гомдлыг үндэслэн,  

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл, гуравдагч этгээд Д.Сэржмядаг, түүний өмгөөлөгч Д.Болормаа, прокурор Э.Баярхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Д.Хоролсүрэн нь Улс  төрийн  хилс  хэрэгт  хэлмэгдэж цагаатгагдсан  Ванхут овогтой Далхаагийн нөхөх олговорт  80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ванхутын Далхаагийн нөхөх олговорт 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулан, /РД:ЧГ27071081/ Боржигон овогтой Дэнзэнгийн Хоролсүрэнд 40,000,000 /дөч/ төгрөг, /РД:ЦА36031585/ Шар овогтой Дэнзэнгийн Сэржмядагт 40,000,000 /дөч/ төгрөгийг тус тус олгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01238 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 13- ы өдрийн 01238 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

4.1 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөг олгохоор зохицуулсан тул В.Далхаагийн төрсөн охин биш Д.Хоролсүрэн нь нөхөх олговор авах эрхгүй байна. Тодруулбал Д.Сэржмядаг, Д.Хоролсүрэн нарын ээж болох Г.Чимэд нь В.Далхаатай гэр бүл болохдоо Дампил гэдэг хүүхдийг төрүүлсэн байсан нь Д.Хоролсүрэн юм. В.Далхаа, Г.Чимэд нарын дундаас Жамбалдорж, Жамъяанхорол, Шанжмятав, Сэржмядаг, Дугарсүрэн гэх 5 хүүхэд төрсөн тухай отгон охин Дугарсүрэнгийн тайлбар нотлох баримтаар авагдсан байдаг. Тиймээс Д.Хоролсүрэн нь В.Далхаагийн төрсөн охин биш тул нөхөх олговор авах эрхгүй байтал Д.Хоролсүрэнд нөхөх олговор олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Д.Сэржмядаг нь төрсөн эцэг В.Далхааг цагаатгуулахаар олон зүйл хийж ирсэн. Д.Сэржмядаг нь Д.Хоролсүрэнг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 02859 дүгээр шийдвэрээр В.Далхаагийн төрсөн охиноор тогтоолгосныг нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан үед нь мэдсэн 

4.2 Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байсан.

2021 оны 05 сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Д.Хоролсүрэн нь өөрийгөө Далхаагийн хүүхэд биш гэдэг байсан тухай дурдаж Д.Хоролсүрэн нь генетикийн (ДНХ) хувьд Далхаагийн төрсөн охин мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч шүүхээс Д.Сэржмядагын дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй. Хэдийгээр В.Далхаагийн ДНХ-тай Д.Хоролсүрэнгийнхийг харьцуулах боломжгүй ч Д.Сэржмядагтай харьцуулан дүгнэлт гаргах, үүнээс Д.Хоролсүрэнг В.Далхаагийн төрсөн охин биш болохыг тогтоох боломжтой. Д.Хоролсүрэнг В.Далхаагийн төрсөн хүүхэд мөн эсэх талаар шинжилгээ хийлгээгүй нь 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэж байна гэсэн авж заалдах шатны шүүхийн үндэслэл буруу байна. Энэ хэсэгт зайлшгүй шинжээч томилох шаардлагатай тухай өгүүлж буй ч мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэдэг агуулга бий. Анхан шатны шүүхээс Д.Сэржмядагын дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн ямар нэгэн захирамж гараагүй болно. 

4.3 Далхаагийн отгон охин Дугарсүрэн нь нөхөх олговор авах эрхтэй бөгөөд эрх үүрэгт нь сөргөөр нөлөөлөхөөр байсан. Гэтэл шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Дугарсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол. ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг ноцтой зөрчиж байна. 

4.4 Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 01320 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 01238 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Гуравдагч этгээд Д.Сэржмядагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

5.1 Маргаанд хамааралтай хууль, тогтоомжийн зохицуулалтын тухайд: 

Нэхэмжлэгч Д.Хоролсүрэнд нэхэмжлэлийн шаардлагын дагуу нөхөх олговор олгох харилцаа нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий этгээдээс гаргасан эрхийн актаар зохицуулагдана.

Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 9 дүгээр зүйлийн 9.1-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө,

10 дугаар зүйлийн 10.1.3-т хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байхаар,

10 дугаар зүйлийн 10.2-т Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно...,нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ гэж,

12 дугаар зүйлийн 12.2-т Нэхэмжлэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг болон нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг тус тус хавсаргана гэж тус тус зааснаас гадна Хууль тогтоогчоос нөхөх олговрын хэмжээг тодорхойлсон хуулийн 13 дугаар зүйлд 13.2 дахь зохицуулалт шинээр нэмсэн байна.

Үүнд Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэж тодорхойлон, 13.2.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн,... гэж тусгажээ.

Мөн Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмын 9-д зааснаас үзвэл цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн материал бүрдүүлбэрийг хянан үзэж, холбогдох хууль, журам тогтоолд заасан материалын шаардлагыг хангасан нэхэмжлэгчдийн нэрсийг өдөр тутмын сонинд зарлаж, зарлагдсанаас хойш нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүсэхээр байна.  

5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын талаар:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6-д ..., үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус ус заажээ. 

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй , 105 дугаар зүйлийн 105.1Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай байна.  

Түүнчлэн маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохыг дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заажээ.  

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. 

6.1 Нэхэмжлэгч нь нөхөх олговор шаардах эрхтэй тухайд: 

Хэлмэгдэгч Ванхут овогтой Далхаа нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938.06.03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,47 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн, Дээд шүүхийн 1993.06.14-ний өдрийн 158 дугаар магадлалаар түүнийг цагаатгажээ.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.01-ний өдрийн 102/ШШ2020/02859 дугаар шийдвэрээр Дэнзэнгийн Хоролсүрэнг хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн охин болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. 

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэлмэгдэгчийн нөхөх олговрыг авах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.  

Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн шүүхийн 1998.06.05-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр Д.Сэржмядагийг хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн төрсөн охин болохыг тогтоож, Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1-д зааснаар Баянзүрх дүүргийн санхүүгээс 1 сая төгрөг гаргуулж Д.Сэржмядагт олгож шийдвэрлэсэн байна.  

Хэрэгт шүүхийн шийдвэр, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв Архиваас авсан 1944, 1933, 1956 оны хүн амын тооллогын лавлагаа, хэлмэгдэгч В.Далхааг цагаатгасан тухай баримтууд, нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтыг нийтэлсэн Зууны мэдээ сонин зэрэг баримтууд авагдсан байна.  

Зууны мэдээ сонинд хэлмэгдэгч В.Далхаагийн нөхөх олговрын нэхэмжлэгч Дэнзэнгийн Сэржмядаг, Дэнзэнгийн Хоролсүрэн нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсон баримт үйлдээгүй тул нэрсийг тус тусад нь зарлав гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Сэржмядаг нь мөн нөхөх олговор авах эрхтэй гэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасныг шүүх хангасан нь энэ тогтоолын 5.2-т дурдсан Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар маргаагүй.  

Иймээс Дэнзэнгийн Хоролсүрэнг хэлмэгдэгч Ванхутын Далхаагийн төрсөн охин биш гэх гуравдагч этгээдийн гомдолд дурдсан нь үндэслэлгүй. 

Д.Хоролсүрэн, Д.Сэржмядаг нарын хэн аль нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхдүүдийн хувьд нөхөх олговор авах эрхтэй гэж үзэж, нөхөх олговрын хувь хэмжээг харилцан тохиролцоогүй тул шүүхээс тэдэнд нөхөх олговрыг тэнцүү хуваарилж олгохоор шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нь энэ тогтоолын 5.1-д дурдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.2, 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.2.1-д тус тус заасныг зөрчөөгүй байна.

6.2 Хүсэлт шийдвэрлээгүй гэх гомдлын талаар

Д.Хоролсүрэнг В.Далхаагийн төрсөн хүүхэд мөн эсэх талаар шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн шүүхийн дүгнэлт нь энэ тогтоолын 5.2-т дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Сэржмядаг  нь шүүхэд гаргасан тайлбартаа ... цусны шинжилгээ шүүхээс гаргуулах хүсэлтэй байна... гэж дурдсан байх бөгөөд шүүх хуралдаанд энэ хүсэлтээ дэмжиж тайлбарлаагүй, нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй болохоо илэрхийлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Иймээс хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэх гомдол үндэслэлгүй.

6.3 Далхаагийн отгон охин Дугарсүрэн нь нөхөх олговор авах эрхтэй гэх гомдлын талаар

Далхаагийн отгон охин гэх Дугарсүрэн нь уг тогтоолын 5.1-д дурдсан хуулийн хүрээнд хэлмэгдэгчийн нөхөх олговор авах эрхтэй болохыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байна. Тухайлбал, хэлмэгдэгчтэй садан төрлийн ямар холбоотой болох нь тодорхой бус байхад энэ шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж дүгнэх боломжгүй.

Шүүхүүд энэ талаар зөв дүгнэлт хийсэн, хэлмэгдэгч Ванхутын Далхаагаас төрсөн өөр хүүхэд байгаа нь тогтоогдож, тэрээр эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл хэлмэгдэгчийн нөхөх олговрыг хувааж авсан Д.Хоролсүрэн, Д.Сэржмядаг нараас өөрт ногдох хэсгээ шаардах эрх нь нээлттэй болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь буруу биш байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг мөн хангах боломжгүй.

7. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01238 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайваны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Г.БАНЗРАГЧ

Х.СОНИНБАЯР