Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 708

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* овогт Н*******ийн Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Н.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Э миний бие 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тамгын газрын өмчийн харилцааны албаны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б/98 дугаар тушаалаар эрхэлж байсан ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны Б/98 дугаар тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан байх бөгөөд намайг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. 

Миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөнөөр тус албан тушаалтай холбоотой төрийн албан хаагчийн харилцаа дуусгавар болсон.

Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны Б/202 дугаар тушаалаар тус газрын өмчийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хувиараар хүлээсэн үүргийг гүйцэтгэх шинэ төрийн албаны харилцаа бий болсон. Нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын газрын өмчийн харилцааны албаны мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан ба ингэхдээ үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, элдэв зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.Гэтэл урьд эрхэлж байсан албан тушаалаар хүлээсэн үүрэг, дуусгавар болсон харилцааг иш татан, зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын/хуучин нэрээр/ 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг 2014-2015 оныг хамруулан хийсэн шалгалтаар Н.Э нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан 34,952,223/Гучин дөрвөн сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг хувьдаа завшиж, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, “М*******” ХХК, “Л*******” ХХК, “Э*******” ХХК зэрэг 4 байгууллагад үндэслэлгүй 17,068,500 /Арван долоон сая жаран найман мянга таван зуу/ төгрөг шилжүүлж, баримтын бүрдэл дутуу материалаар гүйлгээ хийсэн зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү илэрсэн зөрчилтэй холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар актад Н.Э “зөвшөөрсөн” гэж гарын үсгээ зурсан нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрснийг нотолж байна.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасан үр дүнгийн гэрээний дагуу хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн болохыг харуулж байна.

Н.Эд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын санд 52,020,723 /Тавин хоёр сая хорин мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс болж Улсын байцаагч акт тавьсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуупсан, ашигласан бол хууль бус орлого, эд зүйлсийг хурааж...” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “...шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, ёс зүйн хэм хэмжээ зөрчих, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасантай тус тус нийцэж байна.

Н.Э Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлөгдсөн ч гэсэн энэхүү зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, улсын байцаагчийн акт 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гарч зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тул сахилгын шийтгэлийг 2016 оны 05 дугаар сарын 12-нд ногдуулсан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, хуульд нийцэж байх тул хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын гаргасан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Н.Эийг төрийн албанаас халах тухай” Б/98 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалттай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Эөөс гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын/хуучин нэрээр/ 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Эийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/424 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар чөлөөлж, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/202 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын өмчийн харилцааны албаны мэргэжилтнээр томилжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг 2014-2015 оныг хамруулан шалгаж, “Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан хувьдаа завшсан 34,952,223 /гучин дөрвөн сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны дотор 2014-2015 онуудад хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Э, Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд нягтлан бодогч Т.О*******, сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Б******* нараар төлөөлүүлэхээр улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар акт үйлджээ. Нэхэмжлэгч Н.Э дээрх хяналт шалгалт болон үйлдсэн актад гомдол гаргаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болно.

Харин уг шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн Н******* овогтой Эийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 дахь заалт, “шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус ажиллагааг нуух... ёс зүйн хэм хэмжээ зөрчих, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул уг тушаалын үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар актаар зөрчлийг тогтоосноос хойш 1 сарын дотор буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна. 

Маргаан бүхий тушаалаар урьд эрхэлж байсан ажилтай нь холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтний ажлаас халсан гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.  

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж төсвийн шууд захирагчийн эрхийг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах”, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж нийгмийн даатгалын байцаагчийн хүлээх хариуцлагыг тус тус хуульчилжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлстийн даргын хувьд төсвийн шууд захирагч болох Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Э нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон тул албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө сахилгын шийтгэл ногдуулсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын маргаан бүхий тушаал хуулийн дээрх заалтуудад нийцэж байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.З-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” үүргээ биелүүлээгүй гэж үзэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.5 дахь заалтуудыг зөрчөөгүй байна. 

Учир нь сахилгын зөрчил гаргасан төрийн жинхэнэ албан хаагчид хуульд заасан хугацааны дотор нэг зөрчилд, нэг удаа шийтгэл ногдуулан халсан нь буруу биш бөгөөд сахилгын зөрчилд аль шийтгэлийг ногдуулах нь эрх бүхий албан тушаалтанд олгогдсон эрх юм. 

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Төрийн албаны тухай хууль бөгөөд уг хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төсвийн хууль зөрчсөн төсвийн шууд захирагчид мөн хуульд заасан хариуцлага хүлээлгэх байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Н.Эийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2, 26.3, 26.4, 26.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Эийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН