Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0761

 

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0761

Улаанбаатар хот

Н.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2, 26.3, 26.4, 26.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-н Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие Ө.Э нь Н.Э-н нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Тус хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 0708 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1.Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбогдох сахилгын шийтгэлийг шинэ төрийн албаны ажил албан тушаалд хэрэгжүүлэх боломжгүй.

Аливаа харилцаа эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох гэсэн цаг хугацаа, үе шаттай. Н.Э-н Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах төрийн албаны харилцаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөнөөр түүний эрхэлж байсан СХД-ийн НДГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч гэх төрийн албаны харилцаа дуусгавар болно.

Харин тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НДЕГ-ын Тамгын газарт өмчийн харилцааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлснээр шинэ төрийн албаны харилцаа, шинэ ажил үүргийн хуваарь, шинэ үр дүнгийн гэрээ хэрэгжиж, үйлчилж, мөрдөж эхэлнэ.

Гэвч хожим өмнө эрхэлж байсан СХД-ийн НДГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаал эрхэлж байхтай холбогдуулан алдаа, дутагдал гаргасан гэх үндэслэлээр НДЕГ-ын Тамгын газрын өмчийн харилцааны мэргэжилтэн Н.Э-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

2.Сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн.

Шүүх шийдвэртээ НД-ын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар актаар илрүүлсэн зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтад нийцэж байна гэж дүгнэжээ.

Шүүх дээрх заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Зүй нь сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн эсэхэд бус харин өмнөх төрийн албаны харилцааны үед гаргасан алдаа дутагдалтай холбогдуулан шинэ эрхэлж буй ажил албан тушаалын хүрээнд сахилгын шийтгэл оногдуулж болох эсэхэд нь дүгнэлт хийх ёстой атал тус асуудлаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Гэвч дээрх хуулийн заалтаа шүүх буруу хэрэглэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 26.4-д зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж заасан. Н.Э-н СХД-ийн НДЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэх нийгмийн даатгалын байцаагчийн дүгнэлт нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу Н.Э-ийг тус ажил албан тушаалаа эрхлэхээ больсноос даруй 09 сарын дараа гарч байгаа бөгөөд Н.Э-ийг өмнө эрхэлж байсан ажилдаа алдаа гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрх зөрчил гаргасан байж болох хамгийн сүүлийн цаг хугацаанаас даруй 10 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

3.Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн.

НДЕГ-ын өмчийн харилцааны мэргэжилтэн Н.Э төсвийн шууд захирагч биш. Өмнө эрхэлж байсан СХД-ийн НДГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч төсвийн шууд захирагч бөгөөд тус хуулиар заасан хариуцлага хүлээнэ. Харин төсвийн шууд захирагчаар ажиллаж байх үедээ алдаа зөрчил гаргаж улсад хохирол учруулсан гэж үзвэл төр иргэн Н.Э-өөс өөрт учирсан хохирлыг эрүүгийн болон иргэний журмаар барагдуулах эрх нь нээлттэй болохоос өшөө авалтын зарчим мэтээр шинэ ажил албан тушаалаас нь халах ямар ч боломж байхгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг шүүх хэрэглэсэн бөгөөд Н.Э-ийг ажлаас халах үндэслэл болгоод байгаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар актаар ч хуулийн дээрх заалтыг хэрэглэх бодит нөхцөл буюу шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус ажиллагааг нуусан, шимтгэл орлогыг хувийн зорилгод ашигласан, хээл хахууль авсан. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, мэдээллийн нууцыг задруулсан, эрхээ хэтрүүлсэн гэж дүгнээгүй байхад дээрх заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн нэг талыг үндэслэлгүйгээр буруутган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ гэж заасан зарчмыг зөрчжээ.

4.Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэн хуулийн 26.1-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан нь 26.2, 26.3, 26.5 дахь заалтуудыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 13.1.3-т заасныг үндэслээгүй байхад шүүх захиргааны өмнөөс түүний актыг зөвтгөх шинэ хуулийн үндэслэл гаргаж шийдвэртээ үндэслэж байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх хараат бус, хөндлөнгийн байр суурьтай байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

НДЕГ-ын өмчийн харилцааны мэргэжилтэн төрийн албан хаагч Н.Э төрийн албаны тухай хуульд заасан ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, өөрт олгосон бүрэн эрхийг хэрхэн хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг хэрхэн биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан аль чиг үүргээ зөрчсөн гэдэг үндэслэл, баримт байхгүй байхад Төрийн албаны тухай дээрх заалтыг үндэслэн Н.Э-ийг буруутган захиргааг зөвтгөх ямар ч боломж үндэслэл байхгүй юм.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 0708 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Э-ийг тус газрын Тамгын газрын Өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 дахь заалт, “шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус ажиллагааг нуух ... ёс зүйн хэм хэмжээ зөрчих, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчсөн” хэмээн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/159 тоот тушаалаар чөлөөлөгдсөнөөр тус албан тушаалтай холбоотой төрийн албан хаагчийн харилцаа дуусгавар болсон. Гэтэл урьд эрхэлж байсан албан тушаалаар хүлээсэн үүрэг, дуусгавар болсон харилцааг иш татан, зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй” гэж маргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч Н.Э-н ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт явуулж, уг шалгалтаар нийт 34.952.223 төгрөгийн зөрчил илэрч, тухайн үед даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Э, Санхүү, бүртгэлийн албаны дарга Т.О, нягтлан бодогч Д.Б нараар төлүүлэхээр акт бичигдсэн байх бөгөөд уг зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн хэмээн хариуцагчийн зүгээс сахилгын арга хэмжээ ногдуулсан актаа зөвтгөн тайлбарлаж байна.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн ажил албан тушаал эрхэлж байх хугацаанд мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл, уг зөрчлийг шалган тогтоосны үндсэн дээр зөрчлийн шинж байдлыг харгалзан шийдвэрлэхээр заасан байхад өмнөх албан тушаалд ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээний дагуу хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс нийгмийн даатгалын санд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр өөр байгууллагад томилогдсон албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг одоогийн эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллаж байх үед гаргасан сахилгын зөрчилд холбогдуулан ногдуулахаас бус өмнөх эрх, үүрэг нь дуусгавар болсон албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр одоогийн ажил, албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Харин нэхэмжлэгч Н.Э-ийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх явцдаа алдаа зөрчил гаргасан, энэ нь төрд хохирол учруулсан гэж үзсэн тохиолдолд тухайн хохирлыг иргэний болон эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх боломжтойгоос гадна нэхэмжлэгчийг буруутгаж буй улсын байцаагчийн акт нэхэмжлэгчийг мэргэжилтний албан тушаалд томилогдох үед гараагүй байсан учраас томилсон гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... төрийн албан хаагч Н.Э Төрийн албаны тухай хуульд заасан ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, өөрт олгосон бүрэн эрхийг хэрхэн хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг хэрхэн биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан аль чиг үүргээ зөрчсөн гэдэг үндэслэл, баримт байхгүй байхад Төрийн албаны тухай дээрх заалтыг үндэслэн Н.Э-ийг буруутган захиргааг зөвтгөх ямар ч боломж, үндэслэл байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6 сар 17 хоногийн цалин болох 5,551,371.0 төгрөг /таван сая таван зуун тавин нэг мянга гурван зуун далан нэг/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Э-ийг урьд эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,551,371.0 төгрөг /таван сая таван зуун тавин нэг мянга гурван зуун далан нэг/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ