Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00044

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01345/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******,

             ******* нарт холбогдох

5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Чинбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч нарын өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие *******, түүний нөхөр Ж.Эсэн нартай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 3.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр байгуулсан хэлцэлд *******, ******* нар нь газар эзэмших хоёр гэрчилгээг барьцаалж, 3.500.000 төгрөгийг буцаан өгч дуусах хүртэл сар бүр хүүг өгч, дээр нь үндсэн мөнгөнөөс боломжийн төлж явна гэж тохиролцож авсан.

Мөнгө зээлж авсны дараа удалгүй газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээ хэрэг болоод байна гээд буцаагаад авсан. тэд зээлсэн мөнгөнөөсөө сар бүр огт хүү төлөөгүй байсан ба удаа дараа шаардуулж 2019 оны 07 дугаар сарын 24-нд нэг удаа 3.500.000 төгрөгийг миний төрийн банкны данс руу гүйлгээний утгыг *******ээс гэж бичиж шилжүүлсэн. Өөрөөр надад ямар ч мөнгө өгөөгүй.

Би хүү авахаар тохирч мөнгө зээлдүүлсэн тул надад өгсөн 3.500.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 09-өөс хойших буюу 2017 оны 10, 11, 12, 2018 оны 01-07 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны хүүгээ авсан гэж үзээд үндсэн зээл 3.500.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг дуустал 28 сарын хүүг аваагүй гэж үзэж байна.

Иймд *******, Ж.Эсэн нараас 2017 оны 11 сарын 09-ний өдрийн бичгээр байгуулагдсан хэлэлцээр зээлдүүлсэн үндсэн зээл 3.500.000 төгрөг, түүний хүүг 2018 оны 08 дугаар сараас хойших өнөөдрийг хүртэл хугацааны төлөөгүй хүүг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 1.750.000 төгрөгийг хүү, нийт 5.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...*******ийн нэхэмжилж байгаа 5.250.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. 3.500.000 төгрөг төлсөн энэ мөнгийг төлөхөд *******тэй тохиролцсон. Одоо дахин мөнгө өгөх боломжгүй... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

...тухайн мөнгө миний дансанд орж ирээгүй учир надад хамааралгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 1.750.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 30.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2021.05.14-ны өдрийн 362 дугаар шийдвэрээс хариуцагчийн зүгээс энэхүү хэлцлийг 1 сарын хугацаатай гэж үзээд нэг сарын хүү болох 350.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин үлдэх 1.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Талуудын хооронд 2017.11.09-ны өдөр бичгээр байгуулсан Хэлцэл гэх бичигт зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй.

2. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх гэж заасан байдаг тул энэ нь хэлцэлд зааснаар 1 сарын хугацаатай.

3. Энэхүү иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч болон хуралдаан даргалагч нарын асуултад нэхэмжлэгч дараах байдлаар зөвшөөрч хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Үүнд:

- Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Энэ хэлцэл хугацаатай юу? Ямар хугацаатай хэлцэл вэ?

- Нэхэмжлэгч: 1 сарын хугацаатай.

- Даргалагчаас: Нэхэмжлэгч та 6 сарын дараагаас мөнгөө нэхэж эхэлсэн юм уу?

- Нэхэмжлэгч: Хариуцагч нарыг ажилгүй болчихоор нь сар бүр нэхдэг байсан.

4. Шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагчийн гаргасан Үндсэн мөнгөө 5, 6 сарын дараагаас нэхэж эхэлсэн тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Сар бүр л нэхдэг байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бий.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2021.05.14-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д өөрчлөлт оруулж Хариуцагч *******, Ж.Эсэн нараас 350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.500.000 төгрөг дээр 4 сарын хүү болох 1.400.000 төгрөгийг нэмж 4.900.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, Ж.Есен нарт холбогдуулж, үндсэн зээл 3.500.000 төгрөг, түүний хүү 1.750.000 төгрөг нийт 5.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, тодорхой хугацаагүйгээр нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******, ******* нарт зээлдүүлсэн байх бөгөөд энэ талаар хэлцэл нэртэй баримт үйлдэж, талууд гарын үсгээ зурцгаасан байна.

Мөн өдөр зээлдүүлэгч ******* нь Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн данснаас 3.500.000 төгрөгийг зээлдэгч *******ын данс руу шилжүүлсэн, зээлдэгч ******* 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үндсэн зээл 3.500.000 төгрөгийг зээлдүүлэгч *******ийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн тохирсон хүүг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь үндсэн зээл болон тохирсон хүүгээ төлөхийг 6 сарын дараагаас шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас 5 сарын хүү 1.750.000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн гэрээний хугацаа нэхэмжлэгчийн шаардсанаар 1 сарын хугацаатай тул зөвхөн 1 сарын хүү төлнө гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                                                             ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                                                                                                     Л.АМАРСАНАА