| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 116/2022/0028/З |
| Дугаар | 117/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 117/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Сугиржав, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ерөнхий захирал , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК анх Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэл гаргасан. /1-р хавтаст хэргийн 1-3-р хуудас/
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэмэгдүүлсэн. /1-р хавтаст хэргийн 158-160-р хуудас/
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “*******” ХХК нь 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, мэдүүлэгтээ Хэрлэн сумын Засаг даргаас 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон, нэгж талбарын дугаар бүхий 1,17 га газрыг эзэмшүүлэх тухай 0042533 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсарган өгч, улсын бүртгэгчээс 2005 оны 01 сарын 06-ны өдөр “*******” ХХК үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий склад үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн” гэж улсын бүртгэлийн Ү-0611003848 дугаарт бүртгэж, ******* дугаартай гэрчилгээ олгосон. /үзлэг хийсэн баримтууд 1-р хавтас 69-82-р хуудас/
2.2. “” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “*******” ХХК-ын өмчлөлд ... 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн Ү-0611003848 дугаартай бүртгэл, ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар маргасан. /үзлэг хийсэн баримтууд 1-р хавтас 1-3-р хуудас/
2.3. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр “... энэ 1,17 га газар нь ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 710 м.кв талбайтай маргаан бүхий агуулахын доорх газар биш, уг объектын хойд талд 500-600 орчим метр зайд байршилтай, “*******” ХХК-д эзэмшүүлсэн, өөр газрын эзэмших эрхийн гэрчилгээ болох нь тогтоогдох бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй болно ... “ гэж дүгнээд “” ХХК-ийн гаргасан “*******” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай улсын бүртгэл, ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн гаргасан “” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлд даалгах тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “” ХХК-д олгосон улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж, 499 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалган шийдвэрлэсэн. /үзлэг хийсэн баримтууд 3-р хавтас 180-200-р хуудас/
2.5. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрт үндэслэн “” ХХК-ийн тоосгон агуулахын 1209 м.кв талбайг 499.88 м.кв талбайтай болгож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэжээ. /1-р хавтаст хэргийн 42, 2-р хавтаст хэргийн 79-81-р хуудас/
2.6. “*******” ХХК 2022 оны 09 дүгээр албан бичгээр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад тус байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/752 дугаар албан бичгээр “... уг барилгын доорх газрын эзэмшилтэй холбоотой асуудал тусгагдаагүй бөгөөд тухайн газар нь “” ХХК-ийн эзэмшилд байгаа тул бусдын эзэмшил газар дээрх орц гарц гаргах асуудлыг газар эзэмшигчийн санал зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байна. /1-р хавтаст хэргийн 10/
2.7. Иймээс “*******” ХХК нь Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
. Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, тэдгээрийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 20-ны өдрийн ******* тоот захирамж нь гарсан өдрөөсөө илт хууль бус байсан. Учир нь аймгийн Засаг дарга ******* 2012 оны 12 сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийг гаргахдаа түүний 3 дахь заалтад ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох талаар зааж, түүнийг зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга т зөвшөөрөл өгсөн. Төрийн албан тушаалтан Засаг даргын захирамж гарчихаад байхад хийвэл зохих ажлаа хийгээгүй. Учир нь манай ******* ХХК нь 2005 оны 01 сарын 06-нд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан байсан. “*******” ХХК-ийн өмч болох улаан тоосгон склад агуулахын доорх 710 м.кв газар, орох, гарах гарцтай нь тухайн үед захирамж гарахад “” ХХК 4069 м.кв газартаа багтааж захирамж гаргуулсан байна. Захирамж гарах үед “” ХХК нь “*******” ХХК-ийн өмч байгаа гэдгийг Газрын албанд мэдүүлээгүй, Газрын алба ч хяналт тавиагүй буруутай байна.
Энэ нь дээр дурдсан Газрын алба, түүний албан тушаалтнууд “” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг бодит байдал дээр буруу гаргаснаас тухайн байршилд манай компанийн өмч байсан болохыг шалгаагүй, мөн манай өмч тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлээд 7 жил болсон байхад 2012 оны 12 сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн 5 дахь заалтаар манай агуулахын доорх хууль ёсны газрыг давхцуулан олгосон. Иймээс энэ захирамжийг анхнаасаа илт хууль бусаар гарсан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө манайх юм чинь газар нь манайх гэж би ойлгож байгаа. Захирамжийн хавсралт дээрх газрын хэмжээнүүд зөрүүтэй байдаг. Мэргэжлийн дүгнэлтийг бол би хүлээн зөвшөөрөхгүй. Нэг талыг барьсан. Объектоо анх хувьчлалаар авахдаа доорх газраа аваагүй байсан.
“*******” ХХК-ийн хойно байх 1,17 га газар дээр бол газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. 2005 онд агуулахаа бүртгүүлэхэд нэг үл хөдлөх эд хөрөнгөд олон өмчлөгч байсан. Хашаан дотор 5 компани байдаг. Нэг нийтийн эзэмшлийн нэг талбайтай. Манайх одоо хүртэл агуулахдаа үйл ажиллагаа явуулж байгаа учир орц гарцтай нь гэж хэлээд байгаа юм. Засаг дарга, газрын албанд хандахад шүүхээрээ яв гэсэн. Би анх газрыг салгахгүйгээр шийдэж өгнө үү гэсэн. Гэтэл Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр хариуцагч газрын албаны дарга өмч хувьчлалын асуудлаа эхлээд шийдүүлчих, дараа нь газрын асуудлыг чинь шийдвэрлэж болно гэж байсан. Өнөөдөр үг нь өөр болсон байна. 2012 оны захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгосноор 4069 м.кв газраас манайх агуулахын доорх газраа орц, гарцтай эзэмшиж, үлдсэнийг ХХК эзэмшинэ. Энэ 4069 м.кв газрын хэдэн метр кв газар нь агуулахын доорх газар болохыг нарийн тогтоож хэмжсэн зүйл байхгүй. 1,17 га газар дээр бол газрын төлбөр төлж байсан. Үүн дээр төлж байгаагүй. 2017 оноос хойш энэ газрын асуудлаар олон жил явсан.
Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, мөн хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м2 газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулж өгнө үү” гэв. /1-р хавтаст хэргийн 158-161-р хуудас/
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь анхны гаргасан шаардлагаа тодруулсан шаардлага. Иймд нэмэгдүүлсэн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Одоо бол 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах асуудал байхгүй. Тухайн үед нэхэмжлэгч өөрийн өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад нэхэмжлэлээ гаргасан. Миний хувьд хүндэтгэнэ. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийднэ байх. Анх “*******” ХХК нь 710 м.кв агуулахыг хувьчлан авахад Газрын тухай хууль байгаагүй. Иймээс “***” ХХК газар эзэмших хүсэлтээ гаргаагүй. Орц гарцны асуудлыг шийдвэрлэхгүйгээр агуулахын доорх газраа шийдвэрлүүлбэл дараа нь объект руу “*******” ХХК-ийг “” ХХК нэвтрүүлэхгүй. Иймд орц гарцны асуудал яригдаад байгаа. ХХК-ийн 4069 м.кв газарт нэхэмжлэгчийн 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг давхцуулж олгосон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 77 дугаартай магадлалд хууль зүйн дүгнэлт өгье. Магадлалын 4.6-т ******* ХХК-ийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий 1 давхар складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж 00109497 тоот гэрчилгээг олгосон байхад хариуцагч байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс ХХК-д давхардсан бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэжээ. Өөрөөр хэлбэл энэ хүн маргаан бүхий объектын газрыг өмч хувьчлалаас эхлээд нийт 33 жил эзэмшсэн нь маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд өмч хувьчлалын тогтоол, “*******” ХХК үүнээс өмнө Овоот нэртэй хоршоо байсан. Ингээд 1996 онд компанийн тухай хуульд зааснаар “*******” ХХК болоод тухайн газрын дээр байгаа агуулахыг эзэмшиж, ашиглаж байсан. Хариуцагчаас Газрын тухай хуульд зааснаар ямар нэгэн хүсэлтийг өгөөгүй гэж байна. Гэвч маргааны үйл баримтаас үзвэл 1994 оноос эхлэн газар дээрх объектыг “*******” ХХК эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож байгаа учраас Газрын тухай хууль буцаан үйлчлэх боломжгүй гэж бодож байна. Нөгөө талаар 2002 оны Газрын тухай хуулийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй. Гуравдагч этгээдийн талаас өмчийн хувьд өөр этгээд байх ёсгүй гэж тайлбарлаад байх шиг байна. Газар дээр нь, үл хөдлөх хөрөнгө дээр нь өөр өөр хүн бүртгүүлсэн зөндөө тохиолдол байдаг биз дээ. Үүн дээр хуулийг механикаар барих боломжгүй гэж үзэж байна. Сая нэхэмжлэгч маань ч хэллээ. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шатанд хариуцагч Дорнод аймгийн Газрын албаны даргаас үл хөдлөх эд хөрөнгийнхөө асуудлыг хоорондоо шийдчих юм бол төрөөс газрын асуудлыг чинь шийдвэрлэж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь 2020 оны Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, тэмдэглэлд тодорхой бий. 2017 оноос өнөөг хүртэл 9 жил хөөцөлдөж байна. Өмчлөлийн асуудал нэгэнт шийдэгдчихсэн болохоор Газрын асуудлыг нь шийдэж өгнө үү. Газрын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө газраа эзэмшиж байсан болохоор давуу эрхээр эзэмших эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар анхнаасаа илт хууль бус акт гэв.
3.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт, ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэрлэн сум, 6-р баг, Шүр захын зүүн хойд талд 4069 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар албан контор, агуулахын зориулалтаар ХХК-д эзэмшүүлж, 0176474 дугаар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
Гэтэл ******* ХХК нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авсан хариуг үндэслэж, аймгийн Засаг даргад хандалгүйгээр шууд шүүхэд хандсан нь дээрх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлалгүй зөрчсөн байна.
3. “*******” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг хуульд заасны дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах” гэсэн нь ойлгомжгүй байна.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/890 дүгээр албан бичгээр “... Тухайн газар нь ХХК-ийн эзэмшилд байгаа ба бусдын газар дээр орц, гарц гаргах асуудлыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй ... Мөн барилгын доорх газар нь газрын кадастрын системд бүртгэл үүсч баталгаажуулаагүй” гэсэн хариу тайлбар ирүүлсэн болно.
Мөн аймгийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан шийдвэрийг гаргадаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байхыг шаарддаг.
Гэтэл ******* ХХК-иас аймгийн Засаг даргад хандаж газар эзэмшихтэй холбоотой өргөдөл гаргаагүй тул аймгийн Засаг даргыг захиргааны акт гаргахаас татгалзсан эсхүл захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар газар эзэмших асуудлаар аймгийн Засаг даргад хандахгүйгээр шууд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй байна. Мөн захиргааны байгууллагаас газар эзэмшихтэй холбоотой шийдвэр гаргахаас татгалзсан, эсхүл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /1-р хавтаст хэргийн 40-41-р хуудас/
3.6. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэмэгдүүлсэн хүсэлтэд дараах тайлбарыг хүргүүлж байна. 1. ХХК нь 1998 оны 12 дугаар сард олгогдсон 07/14/00007 дугаартай 21300 м2 газрыг, 07/14/00009 дугаартай 56541 м2 газрыг тус бүр 60 жилийн хугацаатай олгосон гэрчилгээтэй байна.
2. Харин Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар 8100 м2 газар болон 2002 оны 06 дугаар сарын 24-ний 153 дугаар захирамжаар 4584м2 газруудыг тус тус олгосон байна. Харин 2012 онд ХХК-ийн ирүүлсэн хүсэлт болон мэргэжлийн байгууллагын хэмжилтийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон байна.
3. ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2005 онд авахдаа ямар газрын материал үндэслэж авсан нь тодорхойгүй. Мөн 2005 оноос хойш үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг авах хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүй байна.
4. Газрын кадастрын мэдээллийн санд тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна. Иймд эрх бүхий Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээгүй тохиолдолд газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай кадастрын зураглал олгох боломжгүй юм” гэжээ. /1-р хавтаст хэргийн 206-р хуудас/
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч актыг хууль бус болохыг тогтоож, даалгах гэж байна. Мөн өөрчлөлт оруулах гэж байна. Даалгах шаардлагын тухайд хуульд зааснаар Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх, эсхүл гаргахаас татгалзсан байх ёстой. Гэвч аймгийн Засаг даргад ямар ч хүсэлтийг өгч байгаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар явагдаагүй тул процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Мөн илт хууль бус гэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчээс Засаг даргад хандсан гэх боловч захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө хандаж байгаагүй, 2023 онд шүүхийн шатанд л хандсан.
Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байснаас зөвхөн үйл баримтыг нь ярьсаар байгаад дууслаа. Ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй байсан учраас мэтгэлцэх боломжийг олгосонгүй. Уг нь нэхэмжлэлийн шаардлагаа хэзээ ч өөрчилж болдог. Дорнод аймгийн Засаг даргын захирамж процессын хуулийн дагуу гарсан гэв.
3.9. Гуравдагч этгээд “” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “... 2012 оны 12 сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн 5 дахь заалт гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгохоор, түүнчлэн 4069 м2 газраас хасаж өөрчлөн хуульд нийцсэн захирамж гаргуулахыг аймгийн Засаг даргад, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах гэх мэтээр нэхэмжлэл гаргажээ.
Дээрх ******* захирамжийн хавсралтаар манай компанид газар эзэмших эрх үүссэн нь анхнаасаа хууль ёсны бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын тухай хууль тогтоомжийн бүх шалгуур шаардлагыг хангасан, одоо ч хуулийн дагуу үүргээ биелүүлээд явж байгаа. Манай компанийн эзэмшил газарт хууль зөрчсөн зүйл байхгүй. Мөн энэ маргаан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа билээ. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /2-р хавтаст хэргийн 212-р хуудас/
3.10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК 1998 онд холбогдох бичиг баримтаа өгөөд 6 объектын газраа хууль ёсны дагуу авсан. Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 тоот захирамжаар эзэмшиж байсан газарт 4069 м.кв газар хамаардаг. 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж авсан. Үүнд ямар нэгэн газрын давхцал байхгүй гэв.
3.11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хугацааны асуудал хөндөгдөнө. Мөн энэ хуулийн 14.6-д зааснаар нэхэмжлэгчээс хугацааг сэргээлгэсэн асуудал огт байхгүй байгаа. Шүүхээр сэргээлгэх 3 жилийн хугацаа байгаа. Үүнийг шүүх анзаарах хэрэгтэй. 2-т тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй. Энэ үндэслэлээр 77 дугаар магадлалд заасан байдаг. Өнөөдөр энэ магадлалд заасан нөхцөл байдал арилаагүй. Хариуцагчаас даалгах гэж андуу тайлбарлаад байна. Гэвч нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгоё гэж байна. Шаардлага өөрөө тогтвортой бус байна. Энэ нь өөрөө процессын хуулийн 52-р зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэх бодитой үндэслэл тул нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх нь үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ерөөс хийгдээгүй. Өмнөх хуралд хэлэхэд шүүх хүлээж аваагүй. Даалгах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа өөрөө ойлгомжгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. 2002 оны Газрын тухай хуулиар А зэрэглэлийн төвийн шугам сүлжээнд ойрхон газрыг аймаг, нийслэлийн Засаг дарга эзэмшүүлнэ гэж зохицуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг шинэчилсэн захирамж. Бусдаар шинээр олгосон газар биш. Хэрэв шинээр олгосон газар гэж үзвэл мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ******* ХХК-иас уг газрыг эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж огт гаргаагүй. Шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзсэн гэж яриад байгаа болохоос өөр баримт байхгүй. Харин ХХК нь анхнаасаа 1997 оны 280 тоот захирамжаар ч эзэмшиж байсан. Мөн уг захирамжийн зарим хэсгийг хүчинтэй гэж үзээд байна. ******* тоот захирамжаар олон газрын эзэмших эрхийг шийдсэн. Гэтэл өөрийн агуулах доорх газар, орц гарц гэсэн мөртлөө захирамжийг бүхэлд нь илт бус болохыг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй. Ямар хэмжээтэй гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 710 м.кв газрыг авна гэж ойлгоод байна уу эсхүл гадна ханаасаа 710 юм уу эсхүл доторх талаасаа хэмжих юм уу, мөн шүүхээс үзлэг хийгээд 710 м.кв гэж тогтоосон юм уу. Үүнийг ойлгохгүй байгаа учраас мэтгэлцэх үндэслэл үүсэхгүй байна. Мөн энэ хүмүүст 4069 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгох эрх байхгүй. Тэгэх юм бол энэ захирамж анхнаасаа л хүчингүй байна. Гэвч нэхэмжлэгчийн тайлбараас үзэхээр захирамж нь хүчинтэй, жагсаалт нь хүчингүй гэж яриад байна. Хэрэв ийм зүйл байгаа бол харьяаллын асуудал яригдана. Нэхэмжлэгч 710 м.кв агуулахыг бид авсан учраас Газрын тухай хуулийн 4.1.7-д зааснаар газар нь үл хөдлөх хөрөнгийн нэг нь байна гэж үзэж байгаа бол энэ 710 м.кв объектыг өмчлөгчөөр шилжүүлж авсан энэ захиргааны акт эсрэгээрээ хүчин төгөлдөр бус. Өөрийнхөө олж авсан өмчөө одоо би хүчингүй болгоё л гэж маргаад байна. Энэ 710 м.кв үл хөдлөх хөрөнгийг олж авахдаа Газрын тухай хуулийн 4.1.7-д заасан бүрдэл хэсгийг хангуулахын тулд энэ объектоос өөр байршилд байх 1,17 га газрыг энэ объект доор байх газар гэж хэлээд бүртгүүлсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Одоо энэ бүрдлээ хангуулах гэж явж байгаа бол 1,17 га газар ХХК-д шилжинэ, эсхүл хэрэг бүртгэлт хүчингүй болоод дахиад газартай юутай хээтэйгээ гаргаж тавина. Ийм учраас гаргаж буй нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангахгүй байна гэж тайлбарлаж байна. Үүнээс болоод гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирч байна.
... 2005 онд барилгаа бүртгүүлчихсэн байхад газрыг маань өгөөгүй нь илт хууль бус гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй. 2012 оны захирамж бол Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т зааснаар дараах асуудлыг үүсгэнэ. ХХК-д эерэг үйлчлэлтэй захиргааны акт. 48.3-т зааснаар захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. Гэтэл өнөөдөр 2025 он. Захирамж гараад 13 жил болсон. Иймээс илт хууль бус болох, хүчингүй болгох хууль зүйн боломжгүй. Нэхэмжлэгчээс илт хууль болохыг тогтоолгох гэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасан нөхцөл байдал үүсээд мөн энэ хуулийн 47.1-д заасан үндэслэл үгүйсгэгдэнэ. Үүнийг захиргааны ерөнхий хуулиар шүүхэд үүрэг болгосон заалт. Захирамжийг бүхэлд нь илт бус болохыг тогтоож болохгүй. Ингэхээр мөн 52 дугаар зүйл рүү орох болж байгаа. Эцсийн байдлаар илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа бол ийм нөхцөл байдал байхгүй, энэ үндэслэлээ ч дурдаагүй байна.
Газрын тухай хуулийн 32, 27 дугаар зүйлийг зөрчиж асуудлыг шийдэж болохгүй. Аймгийн Засаг даргын 1997 оны 280, 2012 оны ******* тоот захирамжийн аль аль нь “*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй. Энэ 2 компани 2 уул 1997 онд хувьчлагдсан. Газрын тухай хууль байгаагүй ч иргэний эрх зүйн харилцаанд төсөөтэй хэрэглэх асуудал байсан. 2012 онд шинэчлэл явагдсан. 2005 онд хүсэлт өгсөн гэдэг. Гэвч нэг ч өргөдөл, хүсэлт байхгүй. Орц, гарцны асуудал Газрын тухай хуулийн 48-р зүйлд заагдсан асуудал. Хэрэв энэ асуудал байгаа гэж үзэж байгаа бол тусдаа иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ. Илт хууль бус байх асуудал нь хэсэгчлээд юм уу бүхэлд нь үү гэдэг нь тодорхойгүй. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмчтэй асуудал бол энд хамаагүй. Хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Мөн нөгөө талаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ч үндэслэл байна гэв.
3.12. Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Тухайн нутаг дэвсгэр дээр ХХК нь 1998 оны 12 сард олгосон гэрчилгээтэй юм байна. Ийм учраас газрын асуудлаар ярилцаж байгаа учраас тухайн компанийн гэрчилгээтэйг үндэслэж дүгнэлтэд хүрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” гэж тодорхойлсон.
1.1. Нэхэмжлэгч талаас “... *******” ХХК үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Бид уг агуулахыг 1991 онд хувьчилж авсан, газраа бол аваагүй байсан. Тухайн үед Газрын тухай хууль байгаагүй учраас газар эзэмших хүсэлтээ гаргаагүй. Гэтэл газрын алба 2012 онд ХХК-д 4069 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар дээр манай өмч байгаа эсэхийг шалгахгүйгээр манай агуулахын доорх хууль ёсны газрыг давхцуулж эзэмшүүлсэн байсан. Иймээс аймгийн Засаг даргын 2012 оны ******* тоот захирамжийн 5 дахь заалт анхнаасаа илт хууль бус гарсан. 2002 оны Газрын тухай хуулийн 4.1.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг тул газрыг эзэмших эрхтэй. Мөн Газрын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө газраа эзэмшиж байсан болохоор давуу эрхээр эзэмших эрхтэй. Агуулахын доорх газарт газрын төлбөр төлж байгаагүй. Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны ******* тоот захирамжийн хавсралтын 5 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар анхнаасаа илт хууль бус акт ...” гэж,
1.2. Хариуцагч талаас “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны ******* тоот захирамж нь Хэрлэн сумын Засаг даргын 1997 онд олгосон газрын эзэмших эрхийг шинэчлэн олгосон захирамж. Анхнаасаа шинээр газар олгосон зүйл биш. Иймд газрын албанд тухайн газарт хамаарах доторх объектыг судлах шаардлага байхгүй. Даалгах шаардлагын тухайд хуульд зааснаар Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх, эсхүл гаргахаас татгалзсан байх ёстой. Гэвч аймгийн Засаг даргад ямар ч хүсэлтийг гаргаагүй байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар явагдаагүй тул процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын захирамж хуулийн дагуу гарсан. Илт хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна...” гэж,
1.3. Гуравдагч этгээд талаас “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны ******* тоот захирамж нь 2002 оны Газрын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар олгогдсон газрын эзэмших эрхийг шинэчилсэн захирамж. Бусдаар шинээр олгосон газар биш. Хэрэв шинээр олгосон газар гэж үзвэл мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ******* ХХК-иас уг газрыг эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж огт гаргаагүй. Нэхэмжлэгчээс шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж тогтоосон гэж яриад байгаа болохоос өөр баримт байхгүй. Харин ХХК нь анхнаасаа 1997 оны 280 тоот захирамжаар ч эзэмшиж байсан. Захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 32, 27 дугаар зүйлийг зөрчиж асуудлыг шийдэж болохгүй. Аймгийн Засаг даргын 1997 оны 280, 2012 оны ******* тоот захирамжийн аль аль нь “*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй. Газрын ямар нэгэн давхцал байхгүй ...” гэж тус тус маргана.
2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
3. Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
3.1. Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох, гэрчилгээ шинэчлэх тухай” ******* тоот захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн Мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт, ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу захирамжийн хавсралтын 5 дахь заалтдаа “Дорнод худалдаа” ХК-ийн Шүр захын зүүн хойд талд байршилтай 4069 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжийн 17 дах заалт болон газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож, ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
3.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын хууль ёсны өмчлөгч мөн боловч уг агуулахын доорх газрын эзэмших эрхийг анх хувьчлалаар шилжүүлж аваагүй, мөн маргаан бүхий акт гарах хугацаанд үйлчилж байсан 1994, 2002 оны Газрын тухай хуулиудад зааснаар газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж, эзэмших эрхээ баталгаажуулаагүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээрх “... Объектыг анх хувьчлалаар авсан, доорх газрыг бол аваагүй байсан. Тухайн үед Газрын тухай хууль байгаагүй учраас газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, 2017 оноос хойш энэ газрын асуудлаар олон жил яваа” гэх тайлбар, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 1/916 дугаар албан бичгийн “... 2005 оноос хойш үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг авах хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүй ...” гэх хэсгээр тус тус нотлогдоно. /1-р хавтаст хэргийн 206-р хуудас/
3.3. Гуравдагч этгээд “” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 тоот захирамж, түүний хавсралтаар 0,81 га газрыг эзэмшиж, мөн “Дорнод барилга” ХХК нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/14/00009 дугаар газар эзэмших гэрчилгээгээр 56541 м.кв газрыг эзэмшиж, улмаар “Дорнод барилга” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар “Дорнод Барилга” ХХК-ийн газар эзэмших 1998 оны 12-р сарын 24-ний өдрийн 07/14/00009 дугаар гэрчилгээг зохих журмын дагуу “” ХХК-д шилжүүлсэн байна. /2-р хавтаст хэргийн 247-249-р хуудас, үзлэг хийсэн баримтын 1-р хавтасны 8-р хуудас/
3.4. Газрын тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
3.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийг үндэслэн тодорхой хугацаа, болзолтойгоор газрыг олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүснэ.
3.6. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын доорх газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна.
3.7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга гуравдагч этгээд “” ХХК-ийн хүсэлт, Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 тоот захирамж, 1998 оны 12-р сарын 24-ний өдрийн 07/14/00009 дугаар гэрчилгээнд үндэслэн газрын байршил тус бүрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон, тухайн цаг хугацаанд буюу 2012 онд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 710 м.кв агуулахын доорх газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байсан тул нэхэмжлэгчийн “” ХХК-д 4069 м.кв газрыг олгохдоо манай 710 м.кв агуулахын доорх хууль ёсны газрыг давхцуулан олгосон гэх” тайлбар үндэслэлгүй.
Тодруулбал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшихэд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба уг тодорхойлолтоос үзвэл хариуцагч энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.
3.8. Маргаан бүхий 2012 оны захирамж гарах хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ үйлчилж байсан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “” ХХК-д 4069 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
3.9. Иймд дээрх үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
4. “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах гэх шаардлагын тухайд:
4.1. Маргаан бүхий актад хууль зөрчсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйгээс гадна уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа. /1-р хавтаст хэргийн 62-68-р хуудас/
4.2.“*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар тус компанийн ерөнхий захирлаар , “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус сонгогдон томилогдсон байна. /1-р хавтаст хэргийн 171-175, 236-р хуудас/
4.3. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийг, гуравдагч этгээд “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхтэй гэж үзсэн болно.
4.4. Мөн Газрын тухай 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан ба энэ маргааны тухайд, маргаан бүхий актыг аймгийн Засаг дарга гаргасан тул гомдол гаргагч шүүхэд шууд хандах эсхүл шийдвэр гаргасан этгээдэд хандах эрхээ сонгох эрхтэй учраас хариуцагч, гуравдагч этгээд нарын “*******” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа огт хийлгээгүй учраас нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзана гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийн “Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу “*******” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м2 газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА
ШҮҮГЧИД Б.СУГИРЖАВ
Ч.БАЯРМАА