Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00047

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
ТБАГУТ үйлдвэрийн газар нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00101/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

              Хариуцагч *******-д холбогдох

1.946.438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Лха ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хууль-ийн дагуу 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн

1. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900051 /794/В/СН52/ дугаартай Кабелийн суваг-ийн Тусгай зөвшөөрлийн гэрээг,

2. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900047 /795/В/СН53/ дугаартай Кабелийн суваг-ийн Тусгай зөвшөөрлийн гэрээг,

3. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 23410027 /472/DTV38/ дугаартай Тоон телевиз-ийн үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулсан.

Лха ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 12900051 /794/В/СН52/ дугаартай Кабелийн суваг-ийн Тусгай зөвшөөрлийн гэрээ-нд заасан 2012-2017 онуудын тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 2.900.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2012 онд 500.000 төгрөг, 2014-2017 онд 1.800.000 төгрөгийн төлбөрийг төлж 600.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900047 /795/В/СН53/ дугаартай Кабелийн суваг-ийн Тусгай зөвшөөрлийн гэрээ-нд заасан 2013-2017 оны нийт 3.500.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2013 онд 408.000 төгрөг, 2014 онд 92.000 төгрөг, 2015 онд 590.000 төгрөг, 2016 онд 1.800.000 төгрөгийн төлбөрийг төлж, 610.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 23410027 /472/DTV38/ дугаартай Тоон телевиз-ийн үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрлийн гэрээ-нд заасан 2015-2018 оны тусгай зөвшөөрлийн нийт 5.040.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2014 онд 4.303.561,64 төгрөгийн төлбөрийг төлж, 736.438,36 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Дээрх 3 тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 1.946.438,36 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойших хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос Лха ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан. 2020 оны 10 сард 86115858, 83115858 утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй гэх хариу өгөв.

Иймд Лха ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Лха ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Уг нэхэмжлэлд /794/В/СН52/, /795/В/СН53/, /472/DTV38/ дугаар бүхий кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн байна. Энэхүү /794/В/СН52/, /795/В/СН53/, /472/DTV38/ тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2017 онд үйл ажиллагааг зогсоосон болно.

2017 оноос хойш үйл ажиллагааг явуулаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг буцаана уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэрээр:

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч Лха ХХК-аас төлбөр 1,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТ үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 738.438 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 33,590 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй.

Хэт нэг талыг баримтлан хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2017 онд давтамж ашиглах үйл ажиллагааг зогсоосон тул гэрээний зүйлийг ашиглаагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчаас үйлчилгээний хөлсийг шаардаагүй. Шаардаж байсан эсэхээ нотлоогүй. Хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар ямар ч баримт авагдаагүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Лха ХХК-нд холбогдуулж, гэрээгээр хүлээсэн үүрэг 1.946.438,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас гэрээний шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байсан учир манай байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй, манайд олгосон тусгай зөвшөөрлийг 2017 оны 05 дугаар сард цуцалсан, байгууллагын хувьд санхүүгийн хямралтай байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч байгууллага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Лха ХХК-нд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, мөн өдөр Кабелийн хөгжмийн суваг-ийн 12900051 /795/В/ С Н 52 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээ, мөн Кабелийн киноны суваг-ийн 12900047 /795/В/ С Н 53 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх 23410027/475/DTV 38 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТ үйлдвэрийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 тоот тогтоолын хавсралт, мөн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар хариуцагч *******-нд олгосон Кабелийн киноны болон хөгжмийн суваг, Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг тус тусад нь үнэлж, нэхэмжлэлээр шаардсаныг хариуцагч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж төлбөр төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т "харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу шаардах эрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, харин Кабелийн киноны болон хөгжмийн сувгийн тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу төлбөр шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Кабелийн киноны болон хөгжмийн сувгийн тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөр нэхэмжилсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний тухайд маргаантай харилцааг хуулиар тодорхойлсон зүйл заалт болон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Иргэний хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглээгүйг зөвтгөж, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******-аас төлбөр 1.210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 738.438,36 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******-аас төлбөр 1.210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэлийн үлдэх 738.438,36 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.590 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           О.НАРАНГЭРЭЛ

                                                                                             ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                                                                                         Л.АМАРСАНАА