Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 109/2017/0035/з |
Дугаар | 221/MA2018/0036 |
Огноо | 2018-01-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/MA2018/0036
2018 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2018/0036 | Улаанбаатар хот |
|
|
|
“Ундрага” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунтүлхүүр нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэртэй, “Ундрага” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4, 54 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.3, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “Ундрага” ХХК-ийн Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17 965 456 төгрөгийг суутган авсан хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч “Ундрага” ХХК-ийн данснаас илүү хураасан мөнгөн дүн болох 17 964 456 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... 2016 оны 04 дүгээр сарын Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын гаргасан ус ашиглуулах дүгнэлтэд тус компани нь 2016 онд нийт 291869м3 усыг ашиглахаар дүгнэлт гаргуулжээ. Үүнээс хүн амын унд ахуйн хэрэглээнд 65418 /35093 м3 усыг орон сууц, 30325м3 гэр хороолол/ түгээхээр дүгнэлтийн 15 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн бөгөөд мөн дүгнэлтийн 16-д холбогдох хууль, тогтоол шийдвэрийн дагуу ногдуулах усны төлбөрийн хэмжээг хуулийн заалт бүрээр тайлбарлан бичжээ. Үүнд “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу хүн амын унд ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглах усыг төлбөрөөс чөлөөлнө”, түүнчлэн барилга, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, бусад ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглах газрын доорх усны төлбөрийг “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор Орхон голын сав газарт тогтоосон экологи эдийн засгийн суурь үнэлгээ, “тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолд заасан ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг ашиглан тооцно.” Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1-р хавсралтын тайлбар 2-т зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна. Төсвийн тухай хуулийн 23.6.5-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийг Архангай аймгийн төсөвт төвлөрүүлэх гэжээ. /Энэхүү дүгнэлтэд төсөвт байгууллагын унд ахуйн хэрэглээнд гэсэн зүйл огт алга/
“Ундарга” ХХК нь хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14.2.6-д “үйлчилгээний тарифын хэмжээ тогтоох саналыг боловсруулж зохицуулах зөвлөлөөр батлуулж мөрдөх” гэж заасны дагуу үйлчилгээний хөлс буюу тарифаа тогтоолгож үйлчилгээнийхээ төлбөрийг аж ахуйн нэгж байгууллага иргэдээс тухай бүр авдаг ба энэ нь тухайн байгууллагын борлуулалтын орлого. Тус компаний өмчлөлд байгаа гүний худгаас татан борлуулж байгаа ус бол тухайн компаний үндсэн бүтээгдэхүүн юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэлд: Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар татварын алба Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ баримт цуглуулах, хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий удирдамж танилцуулах тайлбар лавлагааг бичгээр гаргуулах асуулга ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах гэсэн хууль журмыг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” эрхээр хангаагүй гэж үзлээ гэжээ.
Энэ заалт нь татвар төлөх үүргээ огт мэдэхгүй татварын алба татварыг тодорхойлох шаардлагатай, эсхүл хяналт шалгалт хийх, ерөнхий болон тусгай удирдамжийн дагуу шалгалт хийх тохиолдолд хэрэглэгддэг ба татварын хэлтэс нь устай холбоотой асуудлаар харьяа газрын дүгнэлт, гэрээнд үндэслэдэг, тайлант оны ногдол тодорхой байх тул дээрх ажиллагааг явуулах шаардлагагүй тул дээрх эрхээр хангаагүй гэх нь үндэслэлгүй, Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээг 100 хувь тэглэсэн байхад хариуцагч татварын хэлтэс усны төлбөр авсан нь хууль бус гэжээ. Энэхүү тогтоолын хавсралт нь унд ахуйн зориулалтаар биш унд ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ус ашигласан гэсэн зориулалт байна. Энэ заалт нь “Ундарга” ХХК-д хамааралгүй бөгөөд тус ХХК нь усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж зөөлрүүлэх ажиллагаа хийдэггүй тул энэхүү заалтыг яагаад ашигласан нь тодорхой бус үндэслэлгүй, ямарваа хууль, журамд заасан үг өгүүлбэр цэг, таслал маш чухал, “Ундарга” ХХК нь төсөвт байгууллагыг усны нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэхийг тодруулахаар холбогдох байгууллага албан тушаалтанд хандсан /хавтаст хэрэгт байгаа/ тэдгээрийн хариултууд нь ойлголтын зөрүүг үүсгэж байна. Гүний худаг байхгүй төвлөрсөн системд холбогдсон төсөвт газрууд ус ашигладаггүй бөгөөд ус хэрэглэгч тул хэрэглэсэн усныхаа үнийг /тарифын дагуу/ ус ашиглагч “Ундарга” ХХК-д тухай бүр төлдөг. Усны төлбөр, тариф, үнэнд бараа үйлчилгээний бүхий л өртөг зардал, татварууд тэр ч байтугай НӨАТ тооцогддогийг бүх худалдан авагч нар мэдэх энгийн ойлголт юм. Харин үнэ тарифаа яаж тогтоох нь тухайн компани, зөвлөлийн асуудал байна.
Иймээс “Ундарга” ХХК нь усны нөөц ашигласныхаа төлбөрийг өөрөө л төлөх ёстой болохоос төсөвт газрыг ус ашигласны төлбөр төлөгч мөн биш гэдгийг асуугаад тодорхойлох гээд байгаа нь, түүнчлэн төсөвт газраас ус ашигласныхаа төлбөрийг авах гээд байгаа нь ойлгомжгүй юм.
Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбар 2-т “Энэхүү хавсралтын 10-д заасан ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн нэгж, байгууллага иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна гэсэн нь татварын байгууллага тэдгээр аж ахуйн нэгжтэй татварын тооцоо давхар хийхгүй, зөвхөн ус ашиглаж буй аж ахуйн нэгжтэй хийнэ гэсэн нь татварыг давхардуулан ногдуулахгүй гэсэн зарчим юм. Гэтэл адилхан ус түгээж үйлчилсэн төлбөрөө авчихаад дээрх заалтыг буруугаар ойлгож ашиг олох зориулалтгүй бол тухайн усыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж ойлгож байгаа нь буруу юм. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд төсөвт байгууллага гэж байхгүй бөгөөд Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад төлбөр ногдох усанд 12 төрлийн үйл ажиллагаа байна.
Гэтэл хүн амын гэдэг үгийг орхигдуулаад унд ахуйн гэдэг заалтыг бариад байгаа нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Хүн ам гэж алив улс тодорхой хүрээ хязгаар заагт амьдран суугчид /Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 745 дугаар хуудас/, унд гэж уух юм, ундаа цай, унд хоол, унд шингээ уух/ Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 593 дугаар хуудас/, ахуй гэж байгаа бүхий, ахуй байдал, ахуй болзол, ямар нэг үйлийг гүйцэтгэх нөхцөл боломж/ Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 58 дугаар хуудас/-д тус тус тайлбарлан бичсэн байна. Иймээс хүн амын унд ахуйн усны хэрэглээ гэж байхаас төсөвт газрын унд ахуйн хэрэглээ гэдэг хуулийн зүйл заалт огт байхгүй байна. 2014 он /2014 оны гэрээнд төсөвт газарт түгээсэн ус багтсан/ түүнээс өмнөх онуудад энэ асуудал огт гардаггүй байсан төдийгүй төлбөрөө төлдөг байсан ба сүүлийн жилүүдэд хуулийн хэрэгжилтийг ойшоохгүй байх дураараа гэрээ хийх дүгнэлтээс зөрж гэрээ хийх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд татварын албанд хүндрэл учруулж, татвар төлөх нь дурын бөгөөд тохиролцооны асуудал гэж үзэж байгааг дурьдах нь зүйтэй. /2014,2015,2016 оны гэрээнүүдэд логик уялдаа байх хэрэгтэй бөгөөд гэрээнүүд өөр өөр байгаа/
Түүнчлэн татварын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1665 дугаартай албан бичгээр “Ундарга” ХХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын ногдол 21836100 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу үл маргах журмаар гаргуулахаар төрийн банканд хүргүүлсэн бөгөөд “Ундарга” ХХК-д уг албан бичиг, мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй танилцуулж тайлбар мэдүүлэг аваагүй болох нь нотлогдож байна гэж буруутгажээ. Энэ нь нэгэнт “Ундарга” ХХК-д татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Мөн татварын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэх татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон .... төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэх үүргээ биелүүлээгүй, Тaтварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33.2 дэх хэсгийн 33.2.4 дэх заалтуудыг зөрчиж, мөн хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар “татварын улсын байцаагч нь хууль дээдлэх” зарчим зөрчсөн гэжээ.
Үүнд: Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэх хуудсанд бүх зүйл тусгагдсан байгаа.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 31.1.1-д татварын хяналт шалгалтыг удирдамж томилолтгүйгээр хийх энэ заалт орлогын тасагт хамааралгүй бөгөөд бид хяналт шалгалт хийгээгүй, 33 дугаар зүйлийг огт зөрчөөгүй, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 2.4 дэх заалтуудыг зөрчөөгүй бөгөөд удирдлага болгон хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Хуулийн буруу хэрэглэх татварын албаны явуулж буй үйл ажиллагааг дутагдалтай гэж тайлбарлах нь татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлс хийх боломжийг бий болгож байна гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн найруулгад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн данснаас ус ашигласны төлбөрт 21 836 100 төгрөгийг шууд суутган авахдаа 17 965 456 төгрөгийг илүү суутгасныг хууль бус болохыг тогтоож, буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх үйл ажиллагааг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөхөөр заасныг, Татварын ерөнхий хуулийн 30.1.1, 33.1, 33.2.4-д заасныг, хууль дээдлэх зарчмыг тус тус зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хариуцагч гомдолдоо “... Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14.2.6-д зааснаар үйлчилгээний тарифаа тогтоолгож, төлбөрөө аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс авдаг орлого нь борлуулалтын орлого. Компанийн өмчлөлд байгаа гүний худгаас татан борлуулж байгаа ус бол компанийн үндсэн бүтээгдэхүүн юм ... Усны нөөц ашигласны төлбөрөө өөрөө л төлөх ёстой болохоос төсөвт газрыг төлбөр төлөгч мөн биш гэж тодорхойлох гээд байгаа нь, түүнчлэн төсөвт газраас ус ашигласныхаа төлбөрийг авах гээд байгаа нь ойлгомжгүй юм” гэжээ.
Нэхэмжлэгч “Ундарга” ХХК нь Усны тухай хуулийн 28.7-д “Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна” гэж заасны дагуу холбогдох газруудын дүгнэлт, зөвшөөрлийг авч, Архангай аймгийн төвд цэвэр усыг олборлох, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг явуулдаг байх тул Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 3.1.14-д заасан “ус хангагч” байгууллага гэж үзэхээр байна.
Тэрээр аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын даргатай 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Ус ашиглуулах гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээний 2.2 дахь заалтаар тухайн жилд аймгийн ус ашиглагч, хэрэглэгч нарын ашигладаг зориулалт тус бүрээр нь дамжуулан түгээх усны хэмжээг, мөн гэрээний 2.10 дахь заалтаар ус ашигласны төлбөрийн хэмжээг мөн ашигласан зориулалтаас хамаарч өөр өөр хэмжээ, үнэлгээтэйгээр заажээ.
Усны нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д усны нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийг тодорхойлохдоо хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус; уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус, эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, мөн 15 дугаар зүйлд төлбөр ногдох усыг ашиглах зориулалтаар нь унд ахуй, хүнд хөнгөн, хүнсний үйлдвэр, эрчим хүч, барилга, уул уурхай, тариалангийн үйлдвэрлэл гэх мэт зориулалтаар нь ангилж төлбөрийн хувь хэмжээг ялгамжтай зааснаас үзвэл “Ундарга” ХХК-ийн олборлож түгээн дамжуулж байгаа ус нь төлбөр ногдох усанд хамаарахааргүй байна.
Өөрөөр хэлбэл “Ундарга” ХХК нь дээрх хуульд заасан үйлдвэрлэлийн зориулалтаар усыг өөрөө ашигладаггүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, ... гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу тэдгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах этгээдтэй гэрээ байгуулж усыг дамжуулан түгээдэг байх тул “ус ашиглагч” гэж үзэхээргүй байна.
“Ундарга” ХХК нь усыг өөрөө ашигладаггүйгээс гадна ус худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй, харин ус түгээх дамжуулах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ явуулсныхаа төлөө эрх бүхий этгээдээс тогтоосон тарифаар үйлчилгээний төлбөрийг авдаг тул тарифанд ус ашигласны төлбөр хамаардаггүй болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 76[1], 2017оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/2063 дугаар[2], Татварын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06/2428 дугаар[3], Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 01/97 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.
Харин ус ашигласны төлбөрийг хэн хурааж, хэрхэн төсөвт төвлөрүүлэх талаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна”, 23.2-д “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ” гэж заажээ.
Хэдийгээр хуульд эрх бүхий этгээд хураахаар заасан боловч татвар хураах зардлыг багасгах үүднээс сар бүр төлдөг уг татварыг Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарт “Энэхүү хавсралтын 10-т заасан ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна” гэж заасныг харгалзан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь “Ундарга” ХХК-тай байгуулсан “Ус ашиглуулах гэрээ”-нд ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээг зааснаар бүх зориулалтаар ус ашиглагч нараас төлбөрийг хурааж, төсөвт төлөх үүргийг “Ундрага” ХХК хүлээсэн байна.
Уг гэрээнд “Төсөвт байгууллагын унд ахуйд зориулж 186325 м3/жил усыг түгээхээр тусгасан боловч ус ашигласны төлбөрийн хэмжээг тусгахдаа “унд ахуйн” зориулалтаар ашиглах уг усанд төлбөр ногдуулж төлөхөөр заагаагүй.
Учир нь Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөхөөр заасан.
Гэтэл хариуцагч татварын байгууллага нь уг гэрээнд тусгагдсан “Төсвийн байгууллагын унд ахуйн зориулалтаар түгээсэн усанд ус ашигласны төлбөр ногдуулж, улмаар “Ундрам” ХХК-ийн данснаас шууд суутган авсан нь дээрх хуулийг зөрчсөн байна.
Хариуцагч нь гомдолдоо хуульд төсвийн байгууллагыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт байхгүй гэх боловч төсвийн байгууллага нь ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн зориулалтаар усыг хэрэглэдэг байх тул дээрх хуулиар чөлөөлсөн зориулалтад хамаарч байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
“Ундарга” ХХК нь ус ашигласны төлбөр төлөгч биш боловч аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ус ашигласны төлбөрийг хурааж, тайлан гаргаж, төсөвт шилжүүлдэг этгээдийн хувьд татвар төлөгчийн эрх, үүргийг хүлээж, татварын байгууллагатай харилцаж ирсэн байна.
Гэтэл татварын байгууллагаас Татварын ерөнхий хуулийн 17.1.7-д “татвар ногдуулалт, төлөлт ...-ийн дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” эрхээр хангаагүй, тухайн төрлийн татвар нь сар бүр төлдөг, тайлангаа жилээр гаргадаг онцлог татварын төрөл болохын хувьд татварын ногдуулалт, чөлөөлөлт хөнгөлөлтийг хэрхэн тооцох талаар тайлбар авалгүй шууд данснаас нь суутган авсан нь хууль бус байх тул “тайлант оны ногдол нь гэрээ, дүгнэлтэд тусгаснаар тодорхой тул уг ажиллагааг явуулах шаардлагагүй” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас нэхэмжлэгчийн данснаас төлбөр илүү суутган авсан үйлдэл байхад “эс үйлдэхүй” гэсэн байх тул үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “хууль бус эс үйлдэхүйг” гэснийг “үйл ажиллагааг хууль бус болохыг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр тал
[2] Хэргийн 1 дүгээр хавтас 155 дугаар тал
[3] Хэргийн 1 дүгээр хавтас 119 дүгээр тал