Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00051

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 182/2021/00206/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Людвинг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол Улс дахь төлөөний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, илүү цагаар болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 4.536.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар 24-ний өдөр тус төлөөний газрын Дархан салбарын удирдлага болох *******, орчуулагч ******* нар өрөөндөө дуудаж ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ болон ажилтны эрхийн талаар ямар нэгэн маргаангүй гэх утга бүхий бичиг баримт дээр гарын үсэг зурахыг шаардсан /Хавсралт/. Тус бичиг дээр гарын үсэг зурахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тухай нөхөр ******* бид 2-т /нөхөр ******* барилгын туслахаар 2019.01 сард ажилд орсон/ тус төлөөний газрын нягтлан, хүний нөөц ******* нар мэдэгдсэн. Ажлаас халагдсан тухай тушаалаа авъя гэхэд та хоёр одоо явж бай халагдах тушаалыг чинь гаргаж өгнө гэсэн. Түүнээс хойш удаа дараа утсаар ярьж халагдсан тушаалаа авъя ямар үндэслэлээр халсан бэ гэхэд хотоос тушаал ирээгүй байна гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан, хүний нөөц ******* утсаар ярьж халагдах тушаалаа аваарай гэсний дагуу очиход намайг нөхөр *******ын хамт ажлаас халсан тухай тушаал өгсөн.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл 5.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль бус юм.

******* би Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган тэр зөрчил нь тогтоогдож хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан удаа байхгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй юм. Таныг ажлаас халсан халагдах тушаалыг чинь гаргаж өгнө явж бай гэж хэлчхээд нөхрийн хамт ажил тасалсан гэж тооцож байгаа нь хууль бус үйлдэл юм. Өөр ямар нэгэн шалтгаангүйгээр ажил таслаагүй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд нийгмийн даатгалын дэвтэрт сарын дундаж цалин 1.300.000 төгрөг байсан. Өнөөдрийг хүртэл 8 сар ажиллаагүй гэж үзэж, нийт 10.400.000 төгрөг нэхэмжилж байна. Людвиг пфайффер хохунд тиефбау гмбх&ко.кг нь ажилчдаа бямба гаригт ажиллуулдаг байсан. Амралтын өдрүүдээр болон илүү цагаар ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байдаг. Нэхэмжлэгчийн илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажилласан 10 цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол 1,5 дахин нэмэгдүүлж, 75,000 төгрөгөөр бодох ёстой байтал 50.000 төгрөгөөр бодсон байдаг бөгөөд зөрүү болох нийт 3.465.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь манай байгууллагатай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын туслах ажилтнаар ажилд орж байсан. Хөдөлмөрийн гэрээний 1.3-д цалингийн хэмжээг 1 цагийн 4500 төгрөг байхаар, 1.5-д хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-оос 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл /талуудаас гэрээг цуцлах санал гараагүй тохиолдолд мөн хугацаагаар гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацааг сунгагдсанд тооцно/ гэх мэтээр гол нөхцөлийг тохирч гэрээнд гарын үсгээ зурцгаасан. *******ийн гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 02-нд дууссан ч гэрээгээ цуцлах санал тавиагүй учраас гэрээ нь 2020 оны 07-р сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсанд тооцоод явж байсан. Гэрээний хугацааг энэ цагаас хойш мөн 2 удаа сунгагдсанд тооцон яваад 2020 оны 11 дүгээр сарын 02-нд түүний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. /цар тахал гарсан үед ажилтны эрх ашгийг бодоод гэрээний хугацаа дууссан ч гэрээг цуцлахыг ажил олгогчийн зүгээс хүсээгүй гэрээг нь сунгаж ажиллуулж байсан/. Манай байгууллагын ажил улирлын чанартай байдаг учраас намар 11 сард ажил үндсэндээ зогсож туслах ажилтнууд ажилгүй болдог учраас гэрээг богино хугацаагаар байгуулж байсан.

Гэтэл 2020 оны 10 сард ******* нь ХАБЭА ажилтан ******* гэж хүний хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчин компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг нь дэмжин, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цуцалж ажлаас халсан. Тэгээд ч энэ өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусаж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө ******* нь 10 хүний хамтаар гаргасан мэдэгдэлд нь гарын үсэг зураад явсан тул удирдлагын зүгээс *******тэй ганцаарчлан уулзаж юу хүсэж байгаа талаар нь асууж лавлахад санал бодлоо тодорхой хэлэхгүй хүсэлт байхгүй гэж байсан учраас бид *******т тусгайлан хүсэх хүсэлт болон шийдвэрлүүлэх асуудал байхгүй юм байна гэж ойлгоод тэр талаараа бичиж өгөхийг хүссэн. Учир нь зарим ажилчид өөрийн хүсэл зоригоор биш, бусдын шахалтаар аялдан дагасан байдлаар мэдэгдэл гэгч зүйл дээр гарын үсгээ хүчээр зурж байгаа асуудал байсан учраас хүсэлт, асуудалгүй бол гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Түүнээс бидний зүгээс түүний нэхэмжлэлдээ бичсэнчлэн дарамт шахалт үзүүлж шаардаад байсан асуудал байхгүй болно.

Манай байгууллага ажилтнуудтайгаа аливаа асуудлыг эв эеийн аргаар шийдэхийг зорьж санаа бодлоо хэлэлцээд харилцан тохиролцох асуудал байвал хамтран шийдвэрлэж хамтын шийдвэр гаргах арга замыг эрэлхийлж санаа бодлыг нь асууж хүлээцтэй хандаж байсан. Мөн хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-нд барилгын ажилчдыг хариуцсан хэлтсийн даргатай уулзсан. Гэхдээ мөн ойлголцохыг хүсээгүй улмаас тэр өдрөө ажлаа хаяж явсан. Бусад 3 ажилчдыг уриалан ажлаа 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тасалсан. 2020 оны 10 дугаар сарын 28-нд бидний зүгээс учир байдлыг тодруулах үйлдэл хийж түүний утас мессеж явуулж мөн дараа нь утсаар холбогдсон боловч ******* ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрчсөн учраас хөдөлмөрийн гэрээнийх нь хугацаа дуусахаас 7 хоногийн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр төлөвлөгдөж тушаал нь Улаанбаатар дахь төвөөс ирдэг учир хугацаа алдаж гэрээний хугацаа дууссан өдөр нь 85 тоот тушаал гаргасан байсан. Харин тушаалын үндэслэлдээ гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг орхигдуулж бичсэн байна.

Мөн ******* нь манай компанид ажиллаж байх хугацаандаа бичгээр болон амаар ямар нэг илүү цаг авах талаар хэзээ ч ярьж, илэрхийлж байгаагүй болно. Харин *******т ажиллаж байсан хугацаанд нь үндсэн цалин болон илүү цагийн хөлсийг бүрэн дүүрэн өгч байсан болохыг дурдаж байна. Бидний харж байгаагаар ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа ямар нэг илүү цагийн хөлс /3.465.000 төгрөг/ авах нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, 2020 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2020 оны 10-р сарын 27-ны өдрийг хүртэл 7 хоногийн амралтын өдөр болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 3.465.000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нь бүхэлд зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 473 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол дахь төлөөний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлс 3.465.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол дахь төлөөний газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.390 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэн зөв үнэлж чадаагүй гэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмжийг үндэслэн илүү цагийн хөлс 3.465.000 төгрөг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг хороонд зөвхөн ******* гэдэг хүн өөрийн нэрийн өмнөөс өргөдөл гаргасан байдаг.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ******* нарын... хүмүүст өгсөн хариу, ажил олгогчид өгсөн зөвлөмж гэж ташаа ойлгон уг зөвлөмжийг үндэслэл болгон илүү цагийн хөлс ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би тус байгууллагад туслах ажилтнаар ажилладаг. Хөдөлмөрийн гэрээг аль нэг тал цуцлах тухай яриагүй хэвийн үргэлжилж байсан.

Манай ХАБ-ын инженер хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх цаг зэрэг нь Монгол Улсад үйлчилж байгаа хөдөлмөрийн тухай хууль зөрчөөд байна гэдэг асуудлыг байгууллагын удирдлагад хөндөж тавьсан. Тус байгууллагад үнэхээр тийм асуудал байсан учраас би дэмжсэн.

Мөн илүү цагийн асуудлаар дугарахад намайг байгууллагынхаа эсрэг хандлага гаргаж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ энэ талаар удирдлагуудад уламжилна гэж хэлсэн. Гэтэл гэнэт миний нөхөр ******* бид хоёрыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуудаад ажлаа хүлээлгэж өг та хоёрыг ажлаас халж байна 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тушаалаа аваарай гэж хэлсэн. Би ажил таслаагүй. Сахилгын зөрчил ногдуулсан тушаалыг би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр л харсан. Түүнээс өмнө мэдээгүй. Ажил таслаагүй байхад ажил тасалсан гэж худал гүтгэж, хуурамч баримт гаргаж ирсэн.

Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Людвинг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол Улс дахь төлөөний газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргаж, ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гарган маргахдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа гаргасны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаар ******* нь тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатайгаар байгуулан барилгын туслах ажилтнаар ажиллаж, гэрээний хугацааг дуусахад талууд гэрээгээ мөн хугацаагаар үргэлжлүүлэн сунгаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байжээ.

2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажил олгогч байгууллага тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцалжээ.

Ийнхүү цуцлах үндэслэлээ ...барилгын туслах ажилтан ******* 2020 оны 11 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах гэжээ.

Харин шүүхэд гаргасан хариу тайлбартаа ******* 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан, энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт байгаа хэмээн мэтгэлцсэн байна.

Дээрх өдрүүдэд ажилдаа гараагүй талаар нэхэмжлэгч маргадаггүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас тухайн байгууллагын захиргаа болон ажилтнуудын дунд илүү цагаар болон амралтын өдрүүдээр ажилласны нэмэгдэл хөлсний талаар маргаан үүссэнтэй холбоотой ажил олгогч ажилтнаар байгууллагын эсрэг ямар нэгэн маргаан гаргахгүй, мөн хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэхгүй гэх агуулгатай /хх-9/ баримтад гарын үсэг зуруулах гэснээс үүдэж маргаан гарсан байдал тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ...2020 оны 10 сарын 27-ны өдөр ажилдаа ирэхэд ажилд гаргахгүй гэсэн, ажлаас халсан тушаалыг хотоос ирэхээр өгнө гэж хэлж байсан... гэх тайлбарыг гаргасан байна.

Ажил тасалсан гэх ойлголт нь ажилтан ажлын байрандаа ирээгүй, орхиж явсан гэх зэрэг байдлыг хэлэх бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь эрх зүйн ач холбогдол, үр дагавартай байх юм.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй байх нь хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлсноор сахилгын зөрчлийн агуулгатай болно.

Ажилтныг ажилд гаргаагүй, ажлаас халсан тухай амаар мэдэгдсэн тушаалыг бичгээр гаргаж өгөх талаар түүнд мэдэгдсэний дараагийн өдрүүдэд ажилтан ажилдаа ирээгүй байдлыг ажил тасалж байна гэж үзэх асуудал нь эргэлзээтэй юм.

Хэрэгт байгаа цагийн бүртгэл болон ажил тасалсан гэх баримтад ажилтнаар гарын үсэг зуруулсан нь ажилдаа ирээгүй тухай ажилтны болон ажил олгогчийн тайлбарыг нотолж байгаа хэдий ч учир шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нотлох баримт болохгүй юм.

Учир иймээс гадна ажилтны 10 дугаар сарын 27-оос эхлэн ажилд гараагүй өдрүүдэд биш 11 дүгээр сарын 2-оос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан /тус өдөр гарсан/ тушаалын үндэслэл нь маргааны бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж шүүхэд гомдол гаргасан гэх үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлуудыг анхаараагүй байна.

Тухайлбал ажилтны ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа гомдол гаргагч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлсэн нөхцөл шалтгааныг тодруулах, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзвэл түүнийгээ нотлох үүрэгтэйг нэхэмжлэгчид тайлбарлах, ийнхүү нөхцөл байдал тогтоогдвол хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үүрэгтэй.

Шүүх дээрх ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалбал хэргийн 12 дугаар талд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 9-ний өдрийн 5487 дугаартай захирамж авагдсан бөгөөд уг захирамжаар *******ийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ.

Харин захирамжид хэдний өдөр нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан талаар дурдаагүй байна.

Энэ захирамжийг хүлээн авч нэхэмжлэгч харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд 2020 оны 12 сарын 23-ний өдөр шуудангаар нэхэмжлэл илгээснийг шүүх хүлээн авч 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Иймд дээрх байдлуудаар нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн баримтад тулгуурлаагүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмжийг баримтлан илүү цагийн хөлсийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ салбар хороонд ******* гэх хүн өөрийн нэрийн өмнөөс өргөдөл гаргасан бөгөөд түүнд хамаарах шийдвэрийг тус хороо гаргасан байхад шүүгч *******т хамаатуулан буруу ойлгож дүгнэлт хийж шийдвэрлэсэн... гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны тайлбар зэргээс хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг буюу илүү цагаар болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 4.536.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, санхүүгийн баримт гарган мэтгэлцээгүй байна.

Ийм байхад шүүх дүгнэлтийн хэсэгтээ хэргийн 4-7, 130-131, 178-191 хуудсанд байгаа цагийн бүртгэл болон санхүүгийн баримтуудыг хариуцагч тал нотлох баримтаар ирүүлсэн гэж дурдаад энэ баримтаар хариуцагч тал юуг нотолж нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн няцаасан эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Дээрх баримтууд давж заалдах шатны шүүхэд нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байна.

Хариуцагч тал илүү цагийн хөлс нэхэмжилсэн шаардлагатай холбогдуулан дээрх баримтуудаар юуг нотлох гэж байгаа талаар шүүхэд тайлбараа гаргаагүй.

Мөн дээрх баримтуудад илүү цагаар болон амралтын өдрөөр ажилласан цагийн нэгтгэл түүнд тохирох хөлс олгосон талаарх мэдээлэл агуулагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цагаар болон амралтын өдөр ажилласны хөлсийг нэмэгдүүлэн олгох заалтыг ажил олгогч хэрэгжүүлэн ажилласан гэх баримтыг шүүхэд ирүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх нотолгооны үүргийн зарчим нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд харин анхан шатны шүүхийн Иргэн Энхболдын гомдолд өгсөн хариу-г тухайн маргааны зүйлд шууд хамааралтай гэж үзсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 473 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол дахь төлөөний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлс 3.465.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 53 дугаар зүйлийн 53.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол дахь төлөөний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10.400.000 төгрөг, хариуцагчаас илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлс 3.465.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож гэж,

2 дугаар заалтыг

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн шүүхийн шийдвэрээр гаргуулсан цалин, илүү цаг, амралтын өдөр ажилласан хугацааны цалин зэрэг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгасугай гэж,

Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг 3, 3 дугаар заалтыг 4, 4 дүгээр заалтын 5 болгон тус тус өөрчилж,

3 дугаар заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.390 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 297.475 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 70.390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                                                                                ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ