Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0505

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билгүүн, улсын яллагч М.Цэнд-Аюуш, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х с овогт Х Г  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн  1706003090480 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                    

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х с овогт Х Г, 19 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн А суманд    төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд   боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1,  Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  Цэргийн хотхоны   тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:БЮ70081114,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Х.Г нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамгаалалтын газрын хойд талын гудамжинд иргэн Б.А зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Цэргийн хотхон буюу манай хашаанд намайг ээжийгээ хараад байж байхад шөнө 03.00 цагийн үед гэрийн гадаа хүмүүс маргалдах дуу чимээ сонсогдохоор нь би юу болоод байгаа юм бэ гээд гараад очтол манай дүү Х, А хоёр маргалдаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь А миний өөдөөс үнсний сав шидсэн. Би гараараа хаагаад яаж байгаа юм бэ гээд А түлхсэн чинь А газар унаад өгсөн. Тэгээд гэртээ ороод ээждээ шөнийн 03.00 цагт эм өгөх ёстой байсан тэрийг нь өгчихөөд гараад ирсэн чинь А газар хэвтэж байсан. Очоод хартал толгойных нь баруун тал нь хагарсан байсан. Би хэвтэж байхад нь өшиглөж, цохиогүй. Очоод босгох гэтэл босохгүй байсан. Цагдаа ирж байсан гэсэн чинь боссон гэв.

     Шүүгдэгч  Х.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 7 дугаар сарын 15-ний шөнийн 03.00 цагийн орчимд манай хашаанд дүү Х бид 2 тус тусын гэртээ байсан. Тухайн шөнө манай дүүгийнд нэг согтуу залуу ирсэн. Би тэр үед хэвтэрч байдаг ээжийгээ сахиад байж байсан юм. Тэгтэл манай дүү Х гэрт чимээ гараад хүмүүс орилолдоод унасан. Тэгэхээр нь би гараад хүүе юу болоод байгаа юм гэхэд  над руу нөгөө залуу үнсний сав аваад шидсэн би нөгөө залуутай барьцалдаж аваад бид хоёр газар унасан. Бид хоёрыг манай дүү Х салгасан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 22/               

          Хохирогч Б.А  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн 22.00 цагийн орчимд би эхнэр Д маргалдаад манай эхнэр манай гэрээс эгч О очно гээд гараад явахаар нь би шөнийн 03.00 цагийн орчимд эхнэрээ аргадад гээд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Хамгаалалтын 1 дүгээр газрын хойно эгч О ганцаараа такси бариад очсон. Хашааных нь хаалга онгорхой байхаар нь ороод хоёр гэр байхаар нь Одноо эгчийн гэрт орсон. Тэнд манай эхнэр сууж байсан. Миний араас манай эхнэрийн хүргэн ах болох 30-40 орчим насны залуу орж ирэхээр нь би тэр хүнд эхнэрээ аргадах гэж ирлээ гэхэд хүргэн ахыг нь дагуулаад гэрээс гарсан. Бид хоёр гадаа юм яриад зогсож байтал хажуу гэрээс нэг хүн гарч ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Намайг газар унатал хажуу талаас бор халтар нохой баруун ташаа толгойноос хазсан. Уг нь намайг анх хашаанд ороход нохой нь уяатай байсан юм. Намайг газар хэвтэж байхад гэрээс гарч ирсэн залуу нүүр толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Би ухаан алдсан байсан нэг сэрэхэд цагдаа ирсэн байсан гэжээ. /хх-н13-15/   

          Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны  7 дугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагийн орчимд нөхөр А маргалдаад гэрээс нь гараад Баянзүрх дүүргийн  дугаар хороо Хамгаалалтын газрын хойно байдаг эгч О ирсэн. Шөнийн 03.00 цагийн орчимд манай нөхөр А эгчийнд орж ирээд надаас уучлалт гуйгаад гэрээс гараа гээд байж байтал гаднаас манай эгч О хадам ах гээд 30-40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд манай нөхөр Аг заамдаж аваад гарсан. Би тухайн үед айгаад гараагүй. Гэрээс манай эгч нөхрийнхөө хамт гарсан. Тэд удалгүй орж ирсэн ба хаалга онгойчихсон байхаар нь хартал манай нөхөр газарт ухаангүй бололтой хэвтэж байсан. Тэгээд нөгөө залуу гэрт орж ирээд танай нөхрийг үхсэн байна уу амьд байна уу харий гээд өшиглөсөн. Тэгснээ намайг нөхрөө аваад яв гэхээр нь би тэгий та дахиад битгий зодоорой гэж хэлсэн. Эгчийн нөхөр цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн гэжээ. / хх-н 16 /   

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 21.00 цагийн орчимд манай нагац дүү болох Дг над руу залгаад танайд очий гэхээр нь би хүрээд ир гэсэн. Шөнийн 03.00 цагийн орчимд Д машинаа хүнээр бариулчихсан ирсэн. Дг манайд орж ирээд манай нөхөр архи уугаад уур хүргээд муудалцаад ирлээ гэсэн. Бид нар унтах гээд байж байтал манай хашааны хаалга дуугараад манайд Д нөхөр орж ирсэн. А орж ирээд Д рүү нэг бал шиг юм аваад шидчихсэн тэгэхээр нь би дүүгээ өмөөрөөд наадах чинь танайд биш манайд байгаа шүү гэж хэлсэн.  Тэгээд бид нар жоохон маргалдсан. А чи жирэмсэн хүнийг хэл амаар доромжлоод яаж байгаа юм гэхэд А ахаа хоёулаа гараад үзчих үү гээд тэр хоёр гэрээс гарсан. Гэрийн гадаа шуугилдаад ноцолдоод байх шиг болохоор нь би гарсан. Гэтэл А толгойгоо хагалуулчихсан манай гэрийн үүдэн дээр хэвтэж байсан. Манай нөхөр над руу цагдаа дууд гэсэн. Удалгүй цагдаа ирсэн. Гэрийн гадаа манай нөхөр түүний ах А 3 байсан гэжээ. / хх-н 17/  

          Гэрч Х.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 15-ны шөнийн 04.00 цагийн орчимд манай эхнэр О дүү охин болох У /А эхнэр/ манай гэрт ирсэн. Манайд ирээд А архи уугаад намайг өшиглөж цохиод байхаар нь би гэрээсээ гараад ирлээ гэсэн. Бид нар унтах гэж байтал манай хашааны хаалга дуугараад А манайд орж ирсэн. Манайд орж ирэнгүүтээ эхнэр лүүгээ юм авч шидээд байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би босоод боль гэхэд хоёулаа гарч үзэх үү гэсэн. Бид хоёр гэрээс гараад гадаа юм яриад зогсож байтал манай ах Г гэрээсээ гараад ирсэн. Тэрээр юу болоод байна гэтэл  А ахын өөдөөс үнс хийдэг түмпэн аваад шидчихсэн. Тэгснээ тэр хоёр барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Газар унасан хойноо цохилцоод байхаар нь би арай гэж салгасан. Галсүх ах гэр лүүгээ орсон. Би Алтангэрэлийг босгох гэтэл босохгүй байсан тэгэхээр нь цагдаа дуудсан гэжээ. /хх-н 19-20/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 9272 тоотын дүгнэлт:

1.Б.А биед толгойн хуйханд шарх, зүүн гуя, баруун далны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээх үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн  гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ.  /хх-н 26/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 27-28/

           Х.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/

            Х.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-42/

     Х.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33-34/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 35-36 ,оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 32/ зэрэг болно.          

          Х.Г нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамгаалалтын газрын хойд талын  хашаан дотор  Б.А зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б.А биед толгойн хуйханд шарх, зүүн гуя, баруун далны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээх үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн  гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  9272 тоот дүгнэлт /хх-н 26/

          Хохирогч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Бид хоёр гадаа юм яриад зогсож байтал хажуу гэрээс нэг хүн гарч ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Намайг газар унатал хажуу талаас бор халтар нохой баруун ташаа толгойноос хазсан. Уг нь намайг анх хашаанд ороход нохой нь уяатай байсан юм. Намайг газар хэвтэж байхад гэрээс гарч ирсэн залуу нүүр толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 14/

          Гэрч Х.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Бид хоёр гэрээс гараад гадаа юм яриад зогсож байтал манай ах Г гэрээсээ гараад ирсэн. Тэрээр юу болоод байна гэтэл  А ахын өөдөөс үнс хийдэг түмпэн аваад шидчихсэн. Тэгснээ тэр хоёр барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Газар унасан хойноо цохилцоод байхаар нь би арай гэж салгасан. Г ах гэр лүүгээ орсон. Би А босгох гэтэл босохгүй байсан тэгэхээр нь цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг  /хх-н 19-20/

   Шүүгдэгч  Х.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн … манай дүү Х гэрт чимээ гараад хүмүүс орилолдоод унасан. Тэгэхээр нь би гараад хүүе юу болоод байгаа юм гэхэд  над руу нөгөө залуу үнсний сав аваад шидсэн би нөгөө залуутай барьцалдаж аваад бид хоёр газар унасан. Бид хоёрыг манай дүү Х салгасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22/   зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Х.Г нь шөнийн 03.00 цагийн үед хашаан дотор хүмүүс орилолдоод чимээ гарахаар нь гараад юу болоод байна гээд асуух үед Б.А өөдөөс нь үнс хийдэг сав шидэхэд нь гараараа хааж өөдөөс нь барьцалдаж аван газар унан хоорондоо бие биеэ цохилцсоноос  хохирогч Б.А толгойн хуйхан тус газар нь шарх бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Прокуророос  Х.Г холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги  зөв тохирсон байх тул Х.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Х.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Хохирогч Б.А нь шүүгдэгч Х.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Иймд Х.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Х Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Х.Г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Г  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Х.Г  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН