Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 330

 

  

 

 

 

 

 

 

 

 

      Х.Дд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Х.Д,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Дын гаргасан давж заалдах гомдлоор Х.Дд холбогдох эрүүгийн 1705002820238 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Будлан овогт Хайнзангийн Х.Д, 1988 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, 000 ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000354/,

 

          Х.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Тосгоны 1 дүгээр гудамжны 14 тоот хашааны хажуу талд барьж буй барилга дотор иргэн Л.Ныг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Х.Дыг хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Дыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Х.Д нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х.Даас 1.043.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Нт олгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би буруутай үйлдэл хийсэн бол шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх байсан. Би буруугүй талаараа анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Одоо ч гэсэн би өөрийгөө буруугүй гэж бодож байгаа юм. Учир нь хохирогч Наранбаатар нь болсон явдлаас өмнө 4-5 хоногийн өмнө хүний дээрээс пиво асгаад хүнд цохиулаад эрүү нь хавдартай явж байсан гэсэн. Яс хугарахаараа ч юм уу цуурахаараа хавдартай байдгийг гэмтлийн 2-3 эмч надад хэлсэн. Хавдартай явж байсныг нь манай барилга ачаа ачиж ирсэн байсан 2 жолооч бас харсан байгаа. Тэр хоёр жолооч руу Наранбаатар агсам тавиад байсан. Давж заалдах шатны шүүхэд би мөрдөн байцаалтын шатанд өөрийн буруугаас болоод протерын хоёр жолоочийг уулзуулж, гэрчээр асуулгаагүй, хохирогч “Оточ манал” гээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. Тэр эмнэлгийн эмч нар хэлэхдээ яс цуураад хугарлаа гэхэд 30 минутаас 2 цагийн дотор хавдар үүсдэг. Хэрвээ чи тэр орой цохиод яс нь хугарсан бол шөнөдөө эрүү нь хавдаад маргааш өглөө нь байцаагч дээр очиход нь байцаагчид мэдэгдэх ёстой байсан гэсэн” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Х.Дын хувьд энэ ярьж байгаа асуудлаа мөрдөн байцаалтын шатанд ярьж байсан. Хохирогч бол гэмтэл, бэртэл авах өндөр эрсдэлтэй, согтуу явдаг хүн л дээ. Тэр байдлыг нь далимдуулсан нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ хүн нь “Абсольют” худалдааны төвийн менежер нь байсан. Наранбаатарыг хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө нь бусдад зодуулсан талаар гэрчлэх хүн байгаа гээд Равдан гэх хүнийг гэрчээр асуулгасан байгаа. Мөн “Абсольют” худалдааны төвд манаач, лангуу түрээслэгч хүмүүсийг байцаалгасан. Хохирогчийн эрүүний яс нь хугарсан. 2, 3 хоног эрүүний яс нь хугархай, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй явж байгаад Х.Дд цохиулаад шинж тэмдэг илрээд, эрүү нь хавдаж гэнэт эмнэлэгт үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эмнэлгийн баримт бичгүүдийг харахад хэрэг 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед гарсан. Маргааш нь буюу 31-ний өглөө “Манал оточ” эмнэлэгт очиж, мөн тэр өдрөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж үзлэг хийлгэсэн байгаа. 8 дугаар сарын 2-нд “Мед траума” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн гэсэн баримтууд байдаг. Уг гэмтэл тэр цаг үед үүсэх боломжтой гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, шинжээч эмчийг байцаасан байдаг. Хохирогч Наранбаатар нь согтуу байсан ба шүүгдэгч Х.Дын үйлдлийг болон болсон үйл явдлыг наана цаана нь оруулж ярьсан зүйл байдаг. Гэрч Баясгалангийн мэдүүлэгт байдаг. Баясгалан нь Х.Дтай цуг ажилладаг хүн. Тэрээр мэдүүлэхдээ Наранбаатар чулуу шидээд байхаар нь Х.Д дээрээс ганцаараа бууж ирээд Наранбаатарын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Харин аль шанаа руу нь цохисныг сайн мэдэхгүй байна. Цохихоор нь би согтуу хүнийг битгий цохь гэж хэлсэн. Тэгээд Наранбаатар Х.Дын цохисонд улам агсараад байхад нь тэд нар аваад дээшээ 4 давхар өөд чирч гулдарч авч гарсан гэдэг. Чирч гулдарч дээш нь гаргахад жижиг сажиг гэмтлүүдийг авсан байх боломжтой. Тэр дотор оруулаад гарын хүлсэн гэсэн ийм нөхцөл байдлууд тогтоогддог. Харин шүүгдэгчийн яриад байгаа нөхцөл байдлууд нотлогдохгүй байгаа” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Х.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Тосгоны 1 дүгээр гудамжны 14 тоот хашааны хажуу талд барьж буй барилга дотор иргэн Л.Наранбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Наранбаатарын “...Би 2017 оны 7 сарын 30-ны өдөр өдөржингөө гэртээ байсан. ...манай хашааны хажуу талд баригдаж байгаа барилга дээрээс 2 ширхэг панер унасан. Тэгэхээр нь би барилга руу хандаж хүн байна уу гэсэн чинь чимээ гарахгүй байсан. Тэгэхээр нь чулуу шидсэн чинь хэдэн залуучууд барилгаас гарч ирсэн. Тэр дунд миний таних Х.Д, Баясаа нар байсан. Тэгэхээр нь би та нар хүн алах нь байна шүү дээ, юм унаад байна, унтаж амармаар байна гэсэн чинь намайг зуураад авсан. Бид нар ажлаа хиймээр байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаагаа дууд гэсэн чинь Х.Д цагдаа руу залгаад байсан. ...Х.Д намайг байшингийн 4 давхар руу чирж ороод намайг хүлчихээд цохиж зодоод байсан. Х.Д миний эрүү рүү цохиж эрүү сонин болгосон. Тэгээд гараад явцгаасан...” /хх-32-35, 37-39/,

Гэрч Н.Уянгын “...ажилчид орилолдоод хүн чулуу шидээд байна гэсэн. Харсан чинь манай хойд хашааны Наранбаатар гэх хүн “та нарыг юм хийлгэхгүй” гээд орилоод чулуу шидэж харагдсан. Тэгэхээр нь би “чи болиоч” гэж орилсон чинь “та нар намайг аргалахгүйгээр ажил чинь цаашаа явна гэж байхгүй” гээд чулуу шидээд байсан. Маш их чулуу шидсэн. ...Наранбаатар чулуу шидэхээ болихгүй байсан тул Х.Д хоёр залуутай хамт гарч Наранбаатарыг барилгын 4 давхарт дагуулж гарч ирээд манаач нарын өрөөнд оруулаад “цутгалт явагдаж дуустал энд байж бай. Одоо цутгалтын машин ирэх гээд байхад яах гээд байгаа юм бэ” гээд Наранбаатарыг нэг залуугаар харуулж үлдээгээд бид нар ажлаа үргэлжлүүлж байтал өрөөнд пижигнэлдээд явчихсан. Тэгээд би түрүүлээд очсон чинь Наранбаатар зурагт тэвэрчихсэн Саруулыг айлгачихсан зогсож байхаар нь хамаатан Баясгалан гэдэг залууг үүдэнд нь үлдээгээд явсан...” /хх-43-44/,

Гэрч У.Мөнхжаргалын “...Наранбаатар хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Тэгэхэд Энхбаяр бид хоёр босгож байсан. Тэгээд бүр солиороод байхаар нь бид хоёр гэрт нь оруулж өгч байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа гэрийн урд талын барилгын хүмүүст зодуулж, эмнэлэгт хэвтээд гарч ирлээ гэж ярьж байсан...” /хх-46-47/,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...2017 оны 7 сарын 30-ны өдөр Наранбаатартай хамт Даваагийнд архи ууж байхад Наранбаатарын биед шарх болон биед нь зовиур байгаагүй. Харин үүрээр орж ирэхдээ Пагаад зодуулсан, эрүү сонин болчихлоо гэж ярьж байсан. Тэгэж орж ирэхдээ хөмсөг нь халцарсан харагдаж байсан. Би нойрмог байсан болохоор тухайн үед нэг их анзаарч хараагүй. Тэгээд тэр өдөртөө эмнэлэгт хэвтсэн...” /хх-48-49/,

Гэрч Ч.Баясгалангийн “...Х.Д дээрээс ганцаараа бууж ирээд Наранбаатарын шанаа руу 1 удаа гараараа цохисон. Аль шанаа руу нь цохисныг санахгүй байна. Цохихоор нь би согтуу хүн битгий цохь гэсэн. Тэгээд Наранбаатар Х.Дыг цохисонд улам агсараад байхаар нь Х.Д бид хоёр Наранбаатарыг 4 давхарт гаргаад өрөөнд оруулаад энэ өрөөнд сууж бай гээд Сүлдээ гэдэг ажилтанд “Наранбаатарыг харж бай” гээд бид хоёр өрөөнөөс гарсан...” /хх-80-81/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 9878 дугаартай дүгнэлтийн “...1. Л.Наранбаатарын биед доод эрүү ясны сэртэнгийн хугарал, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дал, мөр нуруунд зулгаралт, өгзөг, ташаа гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-11/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Д гаргасан давж заалдах гомдолдоо “...Би өөрийн хийгээгүй хэрэгт цагдаагийн байгууллагаас ял шийтгэл хүлээж байсан гэсэн намтар түүх үүсгүүлэх хүсэлгүй байна...” гэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Х.Дын үйлдсэн хэрэг нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ