Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00058

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00342/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах 2020 оны 07 дугаар арын 06-ны өдрийн 799 дугаартай шийдвэрээр хариуцагч *******-аас 112.371.277,42 төгрөг гаргуулж, *******анд олгохоор шийдвэрлэгдэж гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч *******ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу ******* нь ******* миний нэр дээр өмчлөлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* хаягт байрлах 2 өрөө орон сууцны байрыг 50.547.405 төгрөгөөр, Дархан сумын *******-3 дугаар байрны 48 тоот 3 өрөө орон сууцны байрыг 65.909.689 төгрөгөөр, Голомт банкны урд байрлах авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25.857.438 төгрөгөөр тус тус үнэлснийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь: Энэхүү хөрөнгүүдийг 2018 онд Мэргэшсэн үнэлгээчин Н.Бэрцэцэг тус үнэлгээнээс өндрөөр буюу авто машины гараашийг гэхэд 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 52.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ ч өндөр байгаа юм.

...Шийдвэр гүйцэтгэгч *******ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу ******* нь *******-ний нэр дээр өмчлөлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 3 шард байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай эд хөрөнгийг 441.804.718 төгрөгөөр үнэлсэн байна.

Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь энэ үнэлэгдсэн хөрөнгө нь *******-ийн өмч бөгөөд төлбөр төлөгч нь иргэн ******* юм.

Энэхүү хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн байна. Учир нь энэхүү өмч хөрөнгийг 2018 онд мэргэшсэн үнэлгээчин Н.Бэрцэцэг 900 сая төгрөгийн үнэлгээ гарсан байдаг юм. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн *******-ний 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч Б.Ганхуяг, ******* нараас Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 799 дугаартай захирамжаар 112.371.277 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэрээр 139.303.992 төгрөгийг гаргуулж, Дархан цалам банк бус санхүүгийн байгууллагад олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

Төлбөр төлөгч Б.Ганхуяг, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Эд хөрөнгө хураах тогтоол-оор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинжээчээр *******-нийг томилохоор, талуудаас татгалзаж байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэснийг тэмдэглэлээр баталгаажуулж 21/03 дугаартай тогтоолоор *******-нийг шинжээчээр томилсон.

******* нь доорх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001250 дугаартай Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А дугаар байрны 37 тоот 29,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50.547.405 төгрөгөөр, Ү-2003001162 дугаартай Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 3 дугаар байрны 48 тоот, 39,0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 65.909.689 төгрөгөөр, Ү-2003012347 дугаартай Дархан сумын 13 дугаар баг Голомт банкны урд байрлах 72.0 м.кв талбайтай 4 машины гарааш, 0004518879 гэрчилгээтэй, 080152191 нэгж талбарын дугаартай 155,0 м.кв талбайтай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрын хамт 25.857.438 төгрөгөөр, Ү-2005000551, Ү-2005000552, Ү-2005000183 дугаартай Хонгор сум 1 дүгээр багт байрлах фермерийн зориулалттай барилга, зоорь худаг, 4502000965 нэгж талбарын дугаартай газрын хамт 441.804.715 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан ба шинжээч нь үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж буй эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон үнэн бодит ханшийн судалж, Хөрөнгийн үнэлгээний тухай, Үнэлгээний олон улсын стандарт-2020 болон эдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг баримтлан зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Мөн талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээний тайлан танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан *******-ийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Миний 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн тул анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацааны явцад улс даяар хорио цээрийн дэглэмтэй байсан учраас хэрэгт нотлох баримтууд болгож өгөх байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн Үнэлгээний тайлан-г Улаан баатар хотоос авч ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байснаас шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай хэмжээнд гарган өгч чадаагүй.

Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Н.Бэрцэцэгт үнэлгээ гаргуулах хүсэлт илгээсэн боловч шүүх хуралдаан болох хугацаанд цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмтэй байсан учраас ХАА-н зориулалттай цогцолборын үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 920 сая төгрөгөөр үнэлсэн тайланг хүлээж авсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 799 дугаартай шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэгч *******, Б.Ганхуяг нараас зээлийн төлбөр 112.371.277,42 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******аас 138.274.669 төгрөг гаргуулж Б.Пүрэвсүрэнд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Эдгээр шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 589 дугаартай, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 536 дугаартай гүйцэтгэх хуудаснуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол үйлдэж, улсын бүртгэлийн Ү-2003001162 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 3-48 тоот орон сууц, Дархан сумын 13 дугаар баг Голомт банкны урд байрлах 72 м/кв талбайтай, гараашийн зориулалттай 0004518879, 080152191 нэгж талбарын дугаартай 155 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А байрны 37 тоот 29 м/кв талбайтай орон сууц, Хонгор сумын 1 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2005000551, Ү-2005000552, Ү-205000183 дугаарт бүртгэлтэй фермерийн зориулалттай барилга, зоорь, 4502000965 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21/03 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний *******-ийг томилжээ.

******* шинжээч томилсон тогтоолын дагуу 2021 оны 03 дугаар сарын байдлаар улсын бүртгэлийн Ү-2003001162 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 3-48 тоот, 3 өрөө орон сууцыг 65.909.689 төгрөгөөр, Дархан сумын 13 дугаар баг Голомт банкны урд байрлах 72 м/кв талбайтай, гараашийн зориулалттай 0004518879, 080152191 нэгж талбарын дугаартай 155 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 25.857.438 төгрөгөөр, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А байрны 37 тоот 29 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50.547.405 төгрөгөөр, Хонгор сумын 1 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2005000551, Ү-2005000552, Ү-205000183 дугаарт бүртгэлтэй фермерийн зориулалттай барилга, зоорийг 441.804.718 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч ******* эдгээр үнэлгээний тайлангаас ҮХХ/821-16, ҮХХ/821-15, ҮХХ/821-23 дугаартай үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллага шинжээч нь зах зээл дээр худалдаалагдаж буй эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон бодит ханш судалж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт болон эдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг баримтлан, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний тайлантай танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийн хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эдгээр хөрөнгүүдийн одоогийн зах зээлийн үнэлгээ өндөр бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар мэргэшсэн үнэлгээчин Н.Бэрцэцэг өндрөөр үнэлсэн. Тухайлбал авто машины гараашийн барилгыг 52.700.000 төгрөгөөр үнэлсэн гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Үнэлгээний ******* маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ Үнэлгээний олон улсын стандартыг үндэслэн үнэ цэнийн суурийг тогтоож, зах зээлийн үнэ цэнийг үнэлгээ хийсэн өдрөөр тооцоолж, жишиж болох бусад үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулснаар зах зээлийн хандлагын аргаа тодорхойлж, орлогын болон өртгийн хандлагын аргыг ашиглан бодит үнэ цэнийг тогтоосноо тайландаа тусгажээ.

Маргаж буй үнэлгээний тайлан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн, нэхэмжлэгч ******* мэргэшсэн үнэлгээчин Н.Бэрцэцэгт хандаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохыг хүссэн албан бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүсэлт гаргасан байна гэж үзэхээр байх бөгөөд хүсэлт нь үнэлгээчин Н.Бэрцэцэгт хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                                               ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                 Л.АМАРСАНАА