Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00059

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00402/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

******* нарт холбогдох

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх, урьдчилгаа төлбөрөөс орон сууц ашигласны 32 сарын төлбөр 16.000.000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 3.376.000 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр *******, ******* бид ******* болон түүний эхнэр ******* нартай Орон сууц худалдах, худалдан авах зээлийн гэрээг бичгээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн мөн төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээний хэрэгжилтийн талаар 2020 оны 8 сарын 13-нд уулзаж, худалдан авагч талын саналыг харгалзан 2020 оны 8 сарын 14-ний өдөр зээлийн гэрээг сунган хийж нотариатаар гэрчлүүлсэн. ******* болон түүний эхнэр ******* нарыг гэрээнд хэсэгчлэн төлөх төлбөрөө заасан хугацаанд төлөхийг 2021 оны 02 дугаар сараас эхлэн шаардаж, гэрээний хэрэгжилт хангагдахгүй байгаа тул байрыг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсаар өнөөдрийг хүрсэн. Байрны мөнгөө хэсэгчлэн төлөх хугацаа 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээг шууд цуцална гэж анхнаасаа тохиролцсон.

Иймд Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 32 сарын орон сууц ашигласны төлбөр сар бүрийн 500.000 төгрөгөөр тооцож, нийт 16.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3.376.000 төгрөгийг ******* болон түүний эхнэр ******* нарт буцаан олгох асуудлыг гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

*******, ******* бид нэг гэр бүл, эхнэр нөхрүүд бөгөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирж 2018 оны 09 сард байр худалдан авахаар зар хайж байгаад Үнэгүй.мн зарын сайтаас Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг, 6-р хороолол, 27 дугаар байр 52 тоот, 39 м.кв талбай бүхий нэхэмжлэлд дурдагдсан байрыг зарна гэсэн зарыг олж улмаар байрны эзэн ******* гэх хүнтэй холбогдож байрны талаар мэдээлэл авахад тэрээр гарааш, зоогийн давхарт агуулахтай, 3 өрөө байр 80.000.000 зарна гэсэн. Ингээд бид байрыг очиж үзэхэд 1 давхрын 3 өрөө байсан бөгөөд зоорийн давхрын агуулах, 1 машины гарааштай байр байсан. Тухайн үед боломждоо тохируулаад 70.000.000 төгрөгөөр 3 өрөө байрыг зоорийн давхрын хамт авахаар тохирсон. Гэтэл зоорийн давхар нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй зүгээр агуулах байдлаар ашиглаж болохоор байсныг бид сүүлд мэдсэн. Явцдаа гараашийг нэмж авч болох тухай ярилцсан.

 

Байрны үнэ 70.000.000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр тохирсон ба байрны эзэн *******тэй ******* миний бие 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд бидний зүгээс 2018 оны 09 дүгээр 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар 17-ний өдөр Б.Лхүндэвийн эхнэр ******* Солонгосоос 1.376.000 төгрөгийн бараа захисан түүнийг нь авч өгсөн, ингээд нийт 19.376.000 төгрөгийг байрны урьдчилгаад төлсөн. Бид 2-ын хувьд Солонгос улс руу ирж очиж ажил хийж амьдардаг бөгөөд 2020 оны 2 сараас хойш ковид-19 халдварт өвчний улмаас Монгол улс хилээ хааж бид Солонгос улс руу зорчиж чадахгүй болсон. Үүний улмаас байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх боломжгүй болсон.

 

Энэ тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсаас захиалуулсан барааг нь хүлээлгэж өгөхдөө үүсээд буй нөхцөл байдлыг хэлж гэрээгээ цуцлаад байраа буцаах талаар ярьсан. Байрны төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээс гадна байр аваад өвөлжсөн тухайн өвөл гал тогооны өрөө цан цохиж мөсдөөд маш хүйтэн өвөлжсөн мөн 1 давхарт тоос шороо дуу чимээ ихтэй маш зутруу байдалтай байсан. Гэтэл *******ийн эхнэр ******* уурлаж тийм зүйл байхгүй, нэгэнт хийгдсэн наймааг буцаахгүй гэж дургүйцсэн тул ******* ах манай нөхөр ******* нар уулзаж ярилцахад Б.Лхүндэв эр улсуудын хийсэн наймаанд эхнэрүүд оролцоод дэмий нэгэнт хийгдсэн наймаа тул аль аль нь хатуурхаад яах вэ та 2 байрны үлдэгдэл төлбөрийг нэг их яараад байх шаардлагагүй боломжоороо 5 жилийн дотор хуваагаад төлчих эхнэр бид хоёр 5 жилийн дараа Улаанбаатар хот шилжинэ тэрнээс өмнө л тооцоо дуусгах болно гэж хэлсэн бөгөөд бид тэр үгэнд нь итгэж нэгэнт хийгдсэн наймаа юм чинь 5 жилдээ багтаагаад үлдэгдэл төлбөрөө боломжоороо төлж дуусгах хангалттай хугацаа байна гэж ярилцаад гэрээгээ цааш үргэлжлүүлэхээр болсон.

 

Хэсэг хугацаанд бид ч Солонгос явж ажил хийх боломжгүй болсон, дэлхий нийтийг хамарсан ковид өвчнөөс болж орлого олох боломжгүй болж улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр удаа дараа хэл хорио тогтоосон зэрэг биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл болж байгааг ойлгосон байх биднээс байрны төлбөрийг нэхэхгүй байсан тул бид ******* ахын хэлснээр ойлголцчихлоо гэж бодож байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ шинэчилж дахин хийсэн. Тус гэрээгээр өмнөх гэрээнд заагдсан байрны төлбөрийг төлөх хуваарийг өөрчилсөн бөгөөд тухайн гэрээг хийх үед 2020 оны 10 сард хил нээх талаар яригдаж байсан тул хил нээгдчих байх хил нээгдчихвэл Солонгос гарч ажил хийгээд байрны төлбөрийг төлөх боломж бүрдэнэ гэж бодож гэрээ дахиж хийсэн. Гэхдээ бид хил нээгдэхийг хүлээгээд зүйгээр суугаагүй Солонгос улс руу явах боломжгүй орлогогүй болоод байсан тул Дархан сум 15 дугаар баг, Батальоны цагаан хаалга гэх газар гарааш түрээсэлж Авто кузов засвар-ын газар нээж ажиллуулж эхэлсэн. Ажил яг жигдрээд үйлчлүүлэгчтэй болж эхэлж байхад ковид-19 цар тахалтай холбоотой Улсын болон аймгийн онцгой комиссын цаг үеийн холбогдолтой шийдвэрүүд гарч 2020 оны 11 сараас 2021 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хэд хэдэн удаа кузов засварын үйл ажиллагааг хааж зогсоосон шийдвэр гаргасны улмаас байрны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай хэвээр байсан.

 

Мөн Ковид-19 вируст өвчний нөхцөл байдал Монгол Улсад анх удаадаа дотоодын халдвар бүртгэгдэж бидний бодож тооцоолсноос тэс өөр нөхцөл байдал үүсч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэмүүд үйлчилж эхэлсэн, хил нээгдээгүй тул бид Солонгос гарч ажиллах төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Энэ бүхнийг бид хэлсэн хэлээгүй Монголчууд бүгд л мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл байрны төлбөрийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлууд нь бүгд төр засгийн шийдвэр хатуу хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалт зэрэг гэнэтийн болон давтагдашгүй нөхцөл байдалтай холбоотой, хүндэтгэн үзэх шалтгаантай, түүнээс бид мөнгөтэй, орлоготой мөртлөө байрны төлбөрийг төлөхгүй байгаа зүйл огт байхгүй.

 

Ийм нөхцөл байдал үүсэхийг урьдчилан тооцоолж наймаагаа буцаах санал гаргасан боловч өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа ******* өөрөө тухайн үед дургүйцэж болиулсан. Мөн боломж бололцоогоо 5 жилд багтаагаад төлбөрөө төлөөрэй гэж анхнаасаа энэ наймааг хийсэн ******* ах хэлж байсан бид тэр ярианд итгэсэн. Гэхдээ заавал 5 жилийг хүлээх шаардлагагүй наана нь төлөөд байрны гэрчилгээгээ авах сонирхолтой байсан тул уян хатан хандаж сүүлийн гэрээнд гарын үсэг зурсан ******* шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө муухай аашилж байрны үнээ нэмнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн. Бид боломжоороо байрны төлбөрийг төлөх гэсэн боловч гэрээгээ цуцална байраа буцааж авна, та нарт өгөх мөнгө байхгүй бүгд суутгагдана гээд байсан тул бид одоогоор тодорхой хэмжээний төлөлт хийхээ зогсоогоод байгаа болно. Одоо ийнхүү шүүхэд хандаж байгаа нь бүгд анхнаасаа тооцоолсон бидний урьдчилгаанд төлсөн мөнгийг түрээсийн мөнгө мэтээр суутган авч, байрнаасаа гаргаж ашиг хонжоо олох гэсэн арга байна гэж бодож байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг маргаан эв зүйгээр шийдэгдэх, эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа үлдэгдэл төлбөрөө төлж байраа авах сонирхолтой байна.

 

Мөн нэхэмжлэл гаргасан ******* бол энэ наймаанд огт хамааралгүй сүүлд нөхөж хийсэн гэрээн дээр гарын үсэг зурсан хүн юм. Байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэр нь байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Бидний дунд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудлыг ******* ах л сайн мэдэж байгаа. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 6-р хороолол 27-р байрны 52 тоот, Ү2003008823 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс 3.876.000 төгрөг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 628.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.08-ний өдрийн 566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Гэвч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байтал тус заалтыг дурдаж Иргэний хуулийн 492 улмаар 493 дугаар заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж байгаа бол энэхүү хэлцлийн үр дагавар маш тодорхой хуульчлагдсан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байраа хариуцагчаас чөлөөлүүлэн авч, хариуцагч нараас авсан мөнгөө буцаан өгөх буюу өгсөн авснаа харилцан буцаах үр дагавар үүсэхийг хуульчилсан байхад шүүх тухайн хуулийн заалтыг хэрэглээгүй, яагаад хэрэглээгүй тухайгаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтуудыг тус тус хэрэглэж хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тэдний нэхэмжлэгчид төлсөн мөнгөнөөс 16.000.000 төгрөгийг суутгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэсэн хэлцлийн заалтуудыг барьж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр дэх дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй, шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шүүх хуралдааны шатанд талууд харилцан тохиролцож, хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

Тус эвлэрлийн гэрээгээр маргаж буй 3 өрөө орон сууцыг хариуцагч нар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор чөлөөлөх, нэхэмжлэгч нар хариуцагч нараас байрны төлбөрийн урьдчилгаанд авсан 19.376.00 төгрөгөөс хариуцагч нарын тус байранд амьдарсан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 11.564.574 төгрөг суутган авч, байрыг чөлөөлж өгмөгц, үлдэгдэл 7.829.421 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө хариуцагч *******ийн эзэмшлийн ХААН банк дахь 5055549154 дугаартай дансанд шилжүүлэн хийхээр тохиролцож, эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, гадны ямар нэгэн шахалт нөлөөнд автаагүй болохоо илэрхийлж, харилцан гарын үсэг зурж, эвлэрлийн гэрээг хүлээн авч, баталгаажуулан шийдвэрлэж өгөхийг хүсэцгээсэн байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заасантай нийцэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн бол ... давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, орон сууц чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөрийг гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрөөс тооцож, үлдсэн мөнгийг буцаан олгох шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.5-д заасныг баримтлан эвлэрлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 6-р хороолол 27-р байрны 52 тоот, Ү2003008823 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч нар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор чөлөөлөх, нэхэмжлэгч нар хариуцагч нараас байрны төлбөрийн урьдчилгаанд авсан 19.376.00 төгрөгөөс хариуцагч нарын тус байранд амьдарсан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 11.564.574 төгрөг суутган авч, байрыг чөлөөлж өгмөгц, үлдэгдэл 7.829.421 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө хариуцагч *******ийн эзэмшлийн ХААН банк дахь 5055549154 дугаартай дансанд шилжүүлэн хийхээр тохиролцож, эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, гадны ямар нэгэн шахалт нөлөөнд автаагүй болохоо илэрхийлж, харилцан гарын үсэг зурж, эвлэрсэн эвлэрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                              ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                Л.АМАРСАНАА