Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00060

 

*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00234/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 561 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

******* нарын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 3.383.000 төгрөгийг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд *******н нэрийг бичилт хийлгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь эхнэр *******тэй ярилцан өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зарж Ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдаж орон сууцаа томруулах зорилгоор байраа зарахаар болсон. Ингээд ******* болон түүний эхнэр нь манай байрыг үзэж харан зээлээр худалдан авахаар болсон. 2020.08.21-ны өдөр миний бие *******, эхнэр *******, *******, түүний эхнэр болон эхнэрийнх нь ээж бид 5 Олон улсын худалдааны төвд байрлах ******* нотариатч дээр 2974 бүртгэлийн дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээнд худалдагч талаас эхнэр бид 2, худалдан авагч талаас ******* бид дээрх орон сууцыг тухайн үеийн ханш болох 48.000.000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 25.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр *******ийн эзэмшлийн хаан банкны 5045610587 тоот дансаар, үлдэгдэл 23.000.000 төгрөгийг хэлэлцэн тохиролцсон хугацааны дотор төлж барагдуулахаар тохирсон.

Өөрөөр хэлбэл эхнэр бид хоёрын зүгээс худалдан авагч нарт хандан ...манайх Парк таун-2 хотхоны байранд 0,6%-ийн зээлээр орон сууж захиалах гэж байгаа, энэ байр нь 2021 оны 2-р улирал гэхэд ашиглалтад орно, та 2 үлдэгдэл 23.000.000 төгрөгөө 2021 оны 03 сараас л өмнө төлж барагдуулаад өөрсдийн нэр дээрээ шилжүүлж авах хэрэгтэй шүү гэж анх байраа үзүүлж байхдаа ч, гэрээгээ хийж байхдаа ч хэлж байсан.

******* болон түүний эхнэр, хамт байсан эхнэрийнх нь ээж нь ч мөн ...бид асуудалгүй удаахгүй өгчихнө өө, битгий санаа зов гэж хэлсэн учраас бид итгэж байраа зарсан.

Бид үлдэгдэл төлбөрөө хэзээ хэрхэн авах, өгөх тухай яриаг ******* нотариатчийн хажууд ч ярьсан боловч нотариатч уг хугацааг гэрээн дээр тусгаагүй, бид ч гэрээн дээрээ тусгуулъя гэж хэлээгүй, хоорондоо ярилцаад нотариатч гэрээ хэвлэж гаргаад гарын үсгээ зураарай гэхэд нь зураад, бидний ярилцаж тохиролцсоныг баталгаажуулчихлаа гэж бодсон. Ингээд сүүлд талуудын хооронд маргаан гарахад гэрээгээ эргүүлж нэг харахад ...үлдэгдэл төлбөрийг хуваарьт заасны дагуу төлнө гэж гэрээнд тусгасан боловч төлөлтийн хуваарь гэрээний хавсралтад байхгүй, уг гэрээний үйлчлэх хугацаа ч тодорхойгүй, учир дутагдалтай гэрээ байгуулагдсан байсан.

*******тай гэрээ байгуулсны дараа буюу 2021 оны 2 сард Парк таун-2 хотхоны орон сууцны 0,6%-ийн зээлэнд хамрагдахаар материалаа бүрдүүлж эхэлсэн. Ингээд бид Парк таун-2 хотхоны байрны ашиглалтад орох хугацаа болох 2021.03 сараас өмнө үлдэгдэл төлбөрөө барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу худалдан авагч нарт үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан.

2021.01.23-ны өдөр *******ийн 99024219 дугаараас *******н эхнэрийн 9994-4349 дугаар луу мессеж бичиж, мөн дахин 2021.02.05-ны өдөр уг дугаар луу мессеж болон яриагаар үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан, дахин 2021.02.21-ний өдөр эхнэр бид хоёр худалдан авагч нартай биечлэн уулзахаар гэрт нь очиход нөхөр нь ажлын хувцастай сууж байсан, мөн миний бие танилаасаа *******г MCS-д ажлаад удаж байгаа гэж сураг сонсож байсан. Бид уулзаад үлдэгдэл төлбөрөө барагдуулах 7 хоногийн хугацаа өгсөн. Хэрэв энэ хугацаанд барагдуулахгүй тохиолдолд бид наймаагаа буцахаас өөр сонголтгүй байна шүү гэхэд ...тэгэх боломжгүй, шүүхээрээ явъя, хэрэв шүүхээр орвол нойлын өрөөнд засвар хийсэн, өрөөнүүдийн обой сольсны 3.000.000 төгрөгийг нэмж авна гэж хэлсэн.

Бидний маргаан шийдэлд хүрэхгүй байсан тул *******д дахин санал тавьсан. Тодруулбал: үлдэгдэл 23.000.000 төгрөгийг чинь эхнэр бид 2 олоод өгье, тэгээд та 2 байраа нэр дээрээ авчих, дараа нь байраа барьцаанд тавиад зээл аваад бид хоёрт эргүүлээд өгчих гэсэн санаа хэлсэн боловч мөн л зөвшөөрөөгүй.

******* нь хэлэлцэн тохирсон хугацаандаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйн улмаас бид Парк таун хотхонд ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдаж чадаагүй. Гэхдээ бид нэгэнт Минж проперти ХХК-тай 2020.08 сард Орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө төлсөн байсан тул Голомт банкны сарын 1,2%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар орон сууцны зээлд хамрагдахаас өөр аргагүй болсон. Бид дээр дурдсан шалтгааны улмаас зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахаас өөр аргагүйд хүрч байна.

Иймд бид шүүхэд 2021.03.11-ний өдөр нэхэмжлэлээ өгөхөд ******* нь тус өдөр 9.600.000 төгрөгийг миний голомт банкны 4315007578 тоот данс руу шилжүүлсэн байсан. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...үлдэгдэл 23.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ба боломжтой үедээ хугацаанаас өмнө төлж дуусгахаар тохиролцсон гэх боловч бичгээр үйлдсэн гэрээнд ямар нэгэн хугацаа заагдаагүй, анхнаасаа амаар тохиролцсон хугацаа бол Парк таун хотхоны байр ашиглалтад орох 2021.03 дугаар сараас өмнө төлнө гэж л тохирсон. Мөн ******* нь биднийг шүүхэд нэхэмжлэлээ өгсөн даруйд 9.600.000 төгрөг, үүний дараа 2021.03.22-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлж байгаа нь дээрх дурдсан хариу тайлбартаа бичсэнээр бус үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021.03 дугаар сар гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна.

Эхнэр бид хоёр дээрх өөрсдийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2012.06.05-ны өдрийн ЗГ4315003013 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, БГ4315003013 дугаартай Ипотекийн гэрээгээр 20 жилийн хугацаатай 0,8%-ийн зээлээр худалдаж авсан. Бид зээлийн эргэн төлөлтөд сар бүрийн 05-ны өдөр 256.000 төгрөгийг төлдөг. *******д өөрсдийн байраа зээлээр худалдсанаас хойш буюу 2020.09.05-ны өдрөөс 2021.03.05-ны өдрийг хүртэл ******* нь бидний өмнөөс төлөөд явж байсан. Нийт 7 удаагийн төлөлтөөр 1.792.000 төгрөг төлөх ёстойгоос 1.790.390,77 төгрөгийг төлсөн байна. Үүнээс гадна: 2020.08.21-ний өдөр 25.000.000 төгрөг /байрны урьдчилгаа/ 2021.03.11-ний өдөр 9.600.000 төгрөг /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр/ 2021.03.22-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 46.390.390,8 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1.609.609,23 төгрөг байна.

Иймд худалдан авагч болох ******* нь хэлэлцэн тохиролцсон хугацаандаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т Зээлээр худалдах,худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу 2020.08.21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Байрыг худалдан авагч ******* нь байрны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас худалдагч тал болох *******, ******* нар нь гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн. Ийнхүү гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой 2020.08.21-2021.06.11 өдрийг хүртэл 9 сар 20 хоног ******* нь *******, ******* нарын орон сууцанд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр суусан байна. Өнөөгийн зах зээлийн ханшаар Дархан-Уул аймагт 2 өрөө байрны 1 сарын түрээсийн төлбөр 350.000-400.000 төгрөг байгаа бөгөөд хэрвээ худалдан авагч ******* гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээнээс татгалзах асуудал үүсээгүй байсан бол тус байрыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд өнгөрсөн 9 сар 20 хоногийн хугацаанд сарын түрээсийг 350.000 төгрөгөөр тооцоход 3.383.000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцогдохоор байна.

Иймд ******* гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж байгаатай холбогдох учирсан хохирол 3.383.000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие нь *******оос 5-р багийн байрны 44 тоот 2 өрөө байрыг 48.000.000 төгрөгөөр үнийг тохиролцон 2020.08.21-ний худалдах, худалдан авах гэрээний дагуу хувь лизингээр худалдан авсан. ******* болон түүний эхнэр ******* нартай харилцан тохиролцож урьдчилгаа 25.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 23.000.000 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ба боломжтой үедээ хугацаанаас өмнө төлж дуусгах, төлбөр дууссан үед байрны гэрчилгээг нэр дээр маань шилжүүлэхээр тохиролцсон. Энэ үед ******* нь өөрийн аавынд түр хугацаанд амьдрах ба Парк таун-2 хотхонд байр захиалсан. Шинэ байр нь ашиглалтад орохоор байрандаа орно. Харин 5-р багийн 20-3 байрны 44 тоот хувь лизингээр худалдаж буй байраа зараад ипотекийн зээлээ дарж, зээлгүй байргүй харагдаж байж 0.6% зээлд хамрагдана гэсэн тухай тохиролцоо хэлцэл огт хийгээгүй. Сар бүр хуваарийн дагуу *******ын хэлж мэдэгдсэн дансанд тогтмол шилжүүлж байгаа. Гэрээний хуваарийн дагуу 2021.03.05 дуустал төлбөрийг төлж дуусгавар болсон.

******* миний хувь урьдчилгаа төлбөр болох 25.000.000 төгрөгийг 2020.08.21-нд төлсөн ба түүнээс хойш гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэн хуваарийн дагуу цаг тухайд нь 256.000 төгрөгийг төлсөн. 2021.02.21-нд ******* нь эхнэрийн хамт гэрт маань ирж зээлийн үлдэгдэл төлбөрөө 7 хоногийн дотор төлж дуусгаа. Тэгэхгүй бол байраа бэлэн мөнгөөр өөр хүнд зарна. Байрнаас гарч байрыг чөлөөлж өг хэмээн гэрээгээ зөрчин дарамт шахалт үзүүлсэн.

Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг барагдуулж дуусгахыг хичээн аав, ээжийгээ тэтгэврийн зээл авхуулж 2021.03.11-нд 9.600.000 төгрөгийг төлж барагдуулсан 2021.03.22-нд малаа зарж 10.000.000 төгрөгийг төлсөн. Одоогоор эргэн төлөлтийн хуваарь болон гэрээний дагуу 2.500.000 төгрөгийн үлдэгдэл байна. Миний бие гэрээний үүргээ биелүүлэн төлбөрийг цаг тухайд төлж, үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж дуусгана. Иймд иргэн *******ын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь *******оос Дархан-Уул аймаг, Дархан сум 5-р баг 20-р хороолол 3-р байрны 44 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар үнийн дүнг тохиролцон хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг байр нь Голомт банкны ипотекийн зээлтэй байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 256.000 төгрөг төлж 2032 оны 06 сарын 05-нд дуусгах хуваарьтай байсан. Манай гэр бүлийн хувьд уг нөхцөл нь боломжийн байсан учир ярилцан уг байрыг авахаар сонгосон юм. 2020 оны 08 сарын 21-ний өдөр миний бие болон эхнэр, ээж нарын хамт ******* түүний эхнэр нартай урьдчилгаа болох 25.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 23.000.000 төгрөгийг аль болох боломжоороо ойрын хугацаанд төлж дуусгаад төлбөр дууссан үед байрны гэрчилгээг нэр дээр маань шилжүүлэхээр тохиролцсон. Энэ үедээ худалдагч тал маань Парк таун-2 хотхонд байр захиалсан байгаа. Ашиглалтад орохоор нь байрандаа орчихно. Тэр болтол аавындаа байна гэж байсан. Харин үлдэгдэл төлбөрөө 2021 оны 03 сараас өмнө төлж барагдуулах, дуусгах талаар байраа үзүүлж байхдаа ч гэрээгээ хийж байхдаа ч огт ярьж байгаагүй ба нотариатчийн хажууд урьдчилгаа хийсэн тухай л мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөрөө нотариатчийн хажууд огт яриагүй тул нотариатч Голомт банкны зээлийн гэрээг үндэслэн худалдах худалдан авах гэрээнд үлдэгдэл төлбөрөө хуваарьт заасны дагуу төлж барагдуулна гэж заалт оруулсан гэж ойлгож байна.

Бид гэрээнд заасны дагуу төлөлтөө хийн гэрээний үүргээ биелүүлж байсан огт маргаан гаргаагүй. Бид 2020 оны 09 сараас байрандаа нүүж орж 6 сар л орчим болж байхад гэнэт л үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардан шахалт дарамт үзүүлэн бүр сүүлдээ 2021 оны 02 сарын 21-ний өдөр гэрт маань ирж 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө дуусга тэгэхгүй бол шүүхэд өгнө хэмээн дарамт үзүүлсэн. Бид ажилд ороод удаагүй 3 сар болж байсан учир цалингийн зээл ч авах боломжгүй байсан. Харин би хугацаа өгөөч ээ Намар гэхэд бүх тооцоог дуусгах боломжоо хэлсэн боловч чадахгүй бол шүүхээрээ явъя хэмээн ажил мэргэжлийн онцлогоороо шахалт дарамт үзүүлсэн. Харин ч ах дүү нараасаа мөнгө олооч та 2 машинтай биз дээ тэрийгээ зараач гэсэн болохоос биш ******* нь үлдэгдэл 23.000.000 төгрөгийг чинь эхнэр бид хоёр олоод өгье гэж хэлэх нь байтугай хүний өмнөөс хэн мөнгө олж төлөх вий дээ дараа нь яаж авна гэж боддогийн гэж хэлж байсан. Тэгээд л баахан уурлаж загнаж байгаад гараад явсан.

Эхнэр бид хоёр явсныхан дараа адилхан залуу хүмүүс байна маргалдаад яахав гэж ярилцан 2021 оны 03 сард үлдэгдлээ дуусгана гэж тохироогүй ч гэсэн яаралтай дуусгая гээд аав ээжийгээ тэтгэврийн зээл авхуулаад, малаасаа зараад 19.600.000 төгрөгийг бүрдүүлэн зээлийн төлөлтөөс хаасан. Үлдэгдэл 2.000.000 орчим төгрөгийг төлж дуусгах гэсэн боловч ******* нь гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл төлбөрөө хийгээд хэрэггүй ээ. Бид хоёр байраа буцааж авна хэмээн мэдэгдсэн. Худалдагч тал гэрээний үүргээ зөрчин бидний өгсөн урьдчилгаа төлбөр болох 25.000.000 төгрөгийг шинэ байрныхаа урьдчилгаанд өгч ашиглачхаад одоо болохоор үлдэгдэл төлбөрөө дуусгах болохоор байраа буцааж авна хэмээж байгаад нь үнэхээр гайхаж байна.

Үлдэгдэл төлбөр болох 2.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж дуусган харилцан тохиролцож гэрээнд заасны дагуу өөрийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэлийн хариу тайлбар хүргүүлж байгаа учир ******* болон ******* нарын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг захиалгын байр захиалсан гэдгийг мэдэж байсан, гэрээнд тусгагдаагүй ч ******* мэдэж байсан. Хариуцагч сар бүр 256.000 төгрөгийг төлж дуусгахыг хүлээгээд байж байна гэдэг хэцүү шүү дээ. Энэ зээлийн хугацаа 2032 онд дуусахаар байгаа. Хэргийн материалтай танилцахаар хариуцагч нь 2020 оны 9,10 сард төлөөгүй байдаг. Мөн 2020 оны 12 сард мөн дутуу төлсөн, 2021 оны 1, 2 дугаар сард төлөлтөө төлөөгүй байгаа нь ******* үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүхэд хандсаны дараа үлдэгдэл мөнгөө төлж дуусгасан нь хугацаандаа төлсөн гэж үзэхгүй. Тиймээс маргаан бүхий хоёр өрөө орон сууц нь *******, ******* нарын өмч юм. Өөрийн өмчөө буцаан авах нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар өөрсдийн хүсэл зоригийн асуудал юм. Хариуцагч талын засварын мөнгө, нэхэмжлэгч талын түрээсийн мөнгө 3.380.000 төгрөг гаргуулах асуудлууд гэрээнд тусгагдаагүй боловч, байрандаа үнэ төлбөргүй суулгахгүй нь ойлгомжтой. Улсын бүртгэлд бүртгэснээр эзэмшигч нь тус байрыг ашиглах захиран зарцуулах эрх нь үүсдэг, гэтэл ийм эрх үүсээгүй байхад өөрсдөө сайн дураараа засвар хийх, засварын мөнгө нэхэх нь үндэслэлгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2 өрөө орон сууцны зээл авсан. Манайхаас жилийн 8 хувийн хүүтэй 43.000.000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн үлдэгдэл дуусаагүй байгаа тухайн зээл нь 10.000.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа боловч 11.950.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Банкны зүгээс энэ төлбөрийг барагдуулсны дараа манай банкнаас зээл авсан хүнд гэрчилгээг шилжүүлж өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн хохирол 3.383.000 төгрөг гаргуулах, хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7-р сарын 6-ны өдрийн 561 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 109 дүгээр зүйлийн 109.1-ийг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэдэг. Гэтэл иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан үнийг бүрэн төлөөд шилжүүлэх болзолтой хийсэн хэлцэл юм. Энэ нь иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байхад хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн тухайн үед талуудыг хэлцэл хийж байхад хажууд нь байсан гэрч болох Л.Болортуяа, Б.Алдархишиг нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7-р сарын 6-ны өдрийн 561 дугаар шийдвэр нь хууль буруу хэрэглэж тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч С.Баярмагнайд холбогдуулж байрны эзэмшлийг шаардсан нэхэмжлэл гаргаж үндэслэлээ орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь марааны зүйл болсон бөгөөд талууд энэ талаар шүүхэд баримтууд гарган мэтгэлцсэн байна.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнээд эрх зүйн өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээнээс татгалзаж байраа буцаан авах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр төлбөрийг бүрэн гүйцэд төлж дуусахад байрны өмчлөгчөөр худалдан авагчийг бүртгүүлнэ гэж тохиролцжээ.

Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгийн өмчлөх эрх шилжих үйл явц нь цаг хугацааны хувьд гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэх үед үүсэхгүй байх боломжтой.

Өмчлөх эрхийн буюу уг гэрээний бүртгэл нь өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа хэлбэр бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгчийг таних хууль зүйн гаргалгаа юм.

Талуудын өмчлөх эрхийг мөнгө бүрэн төлж дуусахад бүртгүүлэх тохиролцоо нь хуулиар хориглоогүй тул хуульд нийцсэн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаан үүсгээгүй, харин хүчин төгөлдөр хоёр талын гэрээнээс татгалзах шаардах эрхээ хэрэгжүүлэхийг зорьжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах үндэслэлд гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл хамаарах бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа олгох зохицуулалттай байна.

Хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээгээр талууд гэрээний урьдчилгаа төлбөр төлөх хугацааг тодорхойлсон харин дараах төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэж тохиролцжээ.

Энэхүү хуваарь нь гэрээний салшгүй хэсэг болж бичгийн хэлбэрээр хийгдээгүй байх бөгөөд зохигчид энэ талаар харилцан өөрөөр тайлбар гаргаж байх тул шүүх ийм хуваарийг анхнаасаа тохиролцоогүй байна гэж үзлээ.

Хоёр талын тайлбараар үлдэгдэл мөнгийг төлөх талаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой гэрээнээс татгалзах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, харин хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримтаар энэ цаг хугацаанд 19.600.000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтыг хариуцагч няцаагаагүй байна.

Шүүхээр хэргийг шийдвэрлэхэд гэрээний үүрэг биелсэн байжээ.

Иймд гэрээний дагуу худалдаж авсан зүйлийн төлбөрийг төлөөгүй гэх зөрчил гаргасан гэж дүгнэхээргүй байгаагаас гадна зохих ёсоор биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх хангалттай баримт авагдаагүй байна.

Тухайлж хэлбэл төлбөр төлөх хугацааг хэрхэн тохирсноо нэхэмжлэгч тал шүүхэд нотолж чадаагүй байна. Иймд зохих ёсоор үүргээ биелүүлээгүй хугацаандаа үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн дүгнэвэл худалдагч талд гэрээнээс татгалзах хуульд заасан нөхцөл үүсээгүй энэ талаар шаардлага гаргах эрхгүй байна.

Ийнхүү гэрээнээс татгалзаж байгаа татгалзал нь хүчин төгөлдөр бус байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар болон хохирол шаардах боломжгүй тул хохиролд 3.383.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийг биелүүлсэн тул гэрээ ёсоор өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн хохирол 3.383.000 төгрөг гаргуулах, хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэснийг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 3.383.000 төгрөгийг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд *******н нэрийг бичилт хийлгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж,

2 дугаар заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 397.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ