Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00063

 

Б.Хүрэлчулууны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/03567/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Хүрэлчулууны нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 11.725.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туул /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Хүрэлчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн гүйцэтгэгч байгууллага болох Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газарт жолоочийн албан тушаалд тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-наас Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн амралт бодуулж биеэр эдлэхээр амарсан.

Гэвч ээлжийн амралттай байх хугацаанд Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газрын захирлын орон тоо хасах тухай дугаар 78 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нягтлан бодогч Маралаас утсаар мэдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн биеэр халагдсан тушаалаа Улаанбаатар хот руу явж хүлээн авсан. Ажилд орсон болон амралтын тушаалыг эх хувиар авах гэж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр очсон боловч захирал байгууллагын нууц гээд Растко Йованович өгөөгүй. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн даатгал авахаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр очиж бүртгүүлэхэд хуулийн хугацаа хэтэрсэн тул олгох боломжгүй гэсэн. Энэ байгууллага нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчдөг, ажилчдын цалинг /хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл/ тогтоосон хугацаанд олгодоггүй сар болгоны цалин 20-50 хоног хоцорч ордог. Монгол ажилчдыг илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллуулдаг боловч илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсан нэмэгдэл хөлс олгодоггүй. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан зүйл заалтыг мөрддөггүй, хөдөлмөрийн гэрээнд тусгасан зүйл заалтыг шаардахад ажлаас хална, чи явж болно гэх мэтээр сүрдүүлж, дарамталдаг. Хөдөлмөрийн гэрээний 8,2 ажилтан ээлжийн амралт эдлэх үед албан тушаал хэвээр хадгалагдана гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байна.

Иймд хөдөлмөрийн гэрээ зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгох, мөн 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх илүү цагаар болон 7 хоногийн амралтын ажилласны нэмэгдэл хөлс /хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйл/ болох 11,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн ажлаас хууль бусаар халагдсанаас хойш хуулийн дагуу шийдвэр гаргах хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Миний ажлын байрны цомхотгол хийгдсэн гэх боловч ажлын байрны нэр өөрчлөн миний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн ажиллуулж байгааг шалгаж өгнө үү. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхэд хандаж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 78 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт:

Б.Хүрэлчулууны хийх ажил нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор үйлчилгээний ажилд явах, даалгаврын дагуу шаардлагатай бараа материалын худалдан авалт хийж баримт авах, ачаа бараа зөөх буулгахад туслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ ажил үүргийг гүйцэтгэхдээ өдрийн 50,000 төгрөгийн цалин хөлс авах, ням гариг буюу нийтийн амралтын өдөр илүү цагаар ажиллах бол хууль тогтоомжид заасны дагуу илүү цагийн мөнгө авах нөхцөлтэй байсан. Гэтэл тэр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хойрго хандах, ажил үйлчилгээнд явахдаа цааргалах, ажилчидтай харилцахдаа харилцааны доголдлыг удаа дараа гаргаж байсан ба түүнтэй хамт ажиллахаас татгалзсан ажилчдын гомдол байнга бидэнд ирж байсан. Тэрээр шүүхэд шаардсан мөнгө, шаардсан нэхэмжлэлийн нотлох баримт бичгийг шүүхэд өгөөгүй гэж үзэж байна. Тэрээр энэ компанид буцаан ажилд томилох хүсэлт гаргаж байгаа нь компани түүнд авах болон олгох ёстойгоос илүү их мөнгө төлсөн гэдгийг мэдэж байгаа учир хүсэлт гаргажээ. Энэ нь түүний нэхэмжлэх бодит биш гэдгийг харуулж байна.

Мөн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй ажил үүрэг гүйцэтгүүлэхээр машинд нь шатахуун хийгээд өгөхөөр өөрийн хувийн ажилдаа явчихдаг байснаас гадна бараа материалын худалдан авалт хийхдээ худалдан борлуулагч нартай үгсэн хуйвалдаж илүү үнээр тооцоог байгууллагатай хийж өөртөө ашиг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсан нь илэрхий болсон. Иймээс Б.Хүрэлчулууныг бараа материал татах ажилд нь явуулахаа больсон. Гэтэл тэр худалдан борлуулагч нарт манай байгууллагад үйлчилж болохгүй, битгий бараа материалаа зараарай гэж хэлсэн байсан ба энэ байдлаас болж бараа материал манайд нийлүүлэгдэхгүй компаний ажил доголдох нөхцөл байдал үүсэж байсан. Сүүлд энэ талаар худалдагч нараас сонссон. Дээрх зохисгүй үйлдлийг Б.Хүрэлчулуун нь удаа дараа гаргаад байсан учраас байдлыг нь компаний зүгээс сануулж 1 сарын зайтай 2 удаа мэдэгдэл өгч байсан ч алдаа дутагдлаа засаагүй. Шаардлага тавихаар эргээд компанид дарамт шахалт үзүүлж компаний хэвийн үйлд ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байсан. Хувь хүнийхээ хувьд хамт олон ажилчидтай хүндэтгэлгүй харьцдаг, ажлын цаг барьдаггүй, өөрийн хүсэл зоригоор ажилд ирж, очдог зэрэг байдал нь цаашид энэ хүнтэй хамт ажиллахад төвөгтэй байдлыг үүсэж байсан. 2020 оны 01 сараас эхлэн цар тахал ковид өвчин гарснаас хойш удаа дараа хөл хорио тавигдаж, компаний хэвийн үйл ажиллагаа доголдож, 0 зогсолт хийснээс компани санхүүгийн хямралд орж, ажил явагдахгүй болсноос бид жолоочийн орон тоог цомхотгох шийдвэр гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 78 тоот тушаалаар Б.Хүрэлчулууныг ажлаас нь чөлөөлж, түүнд 45 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Түүнийг ажлаас халагдахдаа ээлжийн амралтаа авсан байсан гэсэн мэдэгдэл үнэн биш юм. Тэрээр ээлжийн амралтаа 2020 оны 07 дугаар сард олгох өргөдлөө өгсөн. Компаниас түүний хүсэлтийн дагуу 2020 оны 07 дугаар сарын цалинтай ээлжийн амралтын нөхөн олговрыг олгожээ. Манай компани нь Монгол улсын хууль дүрмийг мөрдөж ажилладгаас гадна цар тахалын хүнд хэцүү үед ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс цалин хөлс, илүү цагийн мөнгийг тухай бүрд нь олгож ирсэн. Б.Хүрэлчулууны хувьд ч бусад ажилчдын адилаар цалин хөлс, илүү цагийн мөнгөө ажилласан хугацаандаа бүрэн авсан учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байна гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа учраас нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хүрэлчулууныг урьд эрхэлж байсан Дархан Хотын Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ба Насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн зохион байгуулалтын бүтцээс жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8,297,525 төгрөгийг хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Хүрэлчулуунд олгож, цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас илүү цаг ажилласны хөлс 6,830,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хүрэлчулуунд олгож, үлдэх 4,804,374 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хүрэлчулуун нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 303,790 /233,590+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 573 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Б.Хүрэлчулуун нь Людвик Пфайффэр Хох-унд Тиефбау Гмбх &Ко.Кг байгууллагад 2019 оны 07-р сарын 09-ны өдрийн Ажилд томилох тухай 03 тоот тушаалаар жолоочийн ажилд орох болж 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 04-р сарын 01 ний өдөр шинэчилж энэ гэрээний хугацаа 2021 оны 04-р сарын 01 -ны өдөр дуусах байсан ч 2020 оны 01 сараас эхлэн Ковид-19 цар тахал өвчин гарснаас хойш удаа дараа хөл хорио тогтоосны улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, 0 зогсолт хийснээс компани санхүүгийн хямралд орж ажил явагдахгүй болсноос бид жолоочийн орон тоог цомхотгох шийдвэр гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 78 тоот тушаалаар Б.Хүрэлчулууныг ажлаас нь чөлөөлж, түүнд 45 хоногийн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасан ... орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Б.Хүрэлчулууныг ажлаас чөлөөлж байсан.

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ ... ажлаас чөлөөлөх талаар хуульд заасан хугацааны талаар мэдэгдээгүй, ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарладаг.

Тус ажил олгогч байгууллага нь байнгын ажиллагаатай байгууллага биш тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлж буй байгууллага юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж санхүүжилт удаашрах, ажилчдын цалин хөлс олгоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан учраас төв компаний хурлын шийдвэрээр жолоочийн орон тоог цомхотгоод 45 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж тэтгэмжийг нь олгосон байна.

Б.Хүрэлчулууныг ажиллаж байх хугацаанд санхүүжилт удааширч цалин хөлс олгоход хүндрэлтэй байгаа талаар хэлж зарим нэг орон тоо тухайлбал жолоочийн орон тоо цомхотгогдож магадгүй гэдгийг хэлж мэдэгдэж байсан гэдэг. Б. Хүрэлчулуун нь 2020 оны 7 сард ээлжийн амралтаа авах хүсэлтээ бичгээр илэрхийлж компанид өргөдөл өгсөн. Түүний өгсөн өргөдлийн дагуу ээлжийн амралтыг нь 2020 оны 07-р сарын 20-ны өдрөөс 18 хоногийн хугацаагаар эдлүүлэхээр № 64-1 тоот тушаал гаргаж амралтын мөнгийг олгосон. Гэтэл амралтын мөнгөө Б.Хүрэлчулуун нь авчхаад амралтаа биеэр эдлэхгүйгээр ажлаа хиймээр байна, цалин мөнгө нь хэрэгтэй байна, гэсэн хүсэлт гаргасан учраас хүсэлтийнх нь дагуу ажлыг нь хийлгэсэн байна. Энэ үед амралтыг нөхөж амрах талаар огт дурсаагүй бөгөөд амрахгүй ажилламаар байна гэсэн хүсэлтийг л тавьж байжээ.

Түүнд олгосон амралтын хугацаа /18 хоног/ 08 сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Б.Хүрэлчулуун нь 9 сард ээлжийн амралтаа эдэлнэ гэж байгууллагатай огт тохироогүй, ажлаа цомхотгох тушаал гартал үргэлжлүүлэн хийж байсан атлаа шүүхэд худал тайлбар гаргаж Ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч 9-р сард ээлжийн амралттай байсан, 9 сард нөхөж амрахаар ажил олгогчтой тохирсон талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд ажлаас халагдсан Э.Энхболдоор гэрчийн мэдүүлэг өгүүлж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа бөгөөд 9 сард ажиллаж цалин хөлс авч байсан гэдэг нь санхүүгийн баримтаас тодорхой харагдаж байгаа болно. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байхад ажилд нь эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ...ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах гэсэн шаардлага байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлээгүй шаардаагүй цаг хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Б.Хүрэлчулуунтай хийсэн хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс төлөгдөхөөргүй байхад анхан шатны 8.297.525 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Хүрэлчулуун нь тус компанид ажиллах хугацаандаа нийт 17 350 000 төгрөгийн цалин хөлс, 1.098.037 төгрөгийн амралтын мөнгө авсан бөгөөд энэ нь санхүүгийн баримтаар нотлогдоод байхад зөвхөн гарт олгосон цалингийн хэмжээгээр 14.206.986 төгрөг нийт цалинд өгсөн гэж тооцсон нь буруу байна.

Илүү цагаар ажилласан 11.206.986 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Б.Хүрэлчулуунд ажиллаж байх хугацаанд нь илүү цагаар ажилласан хөлсийг хуульд нийцүүлэн тооцож олгож байсан. Гэтэл илүү цагийн хөлс огт авч байгаагүй мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 6.830.514 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх бөгөөд илүү цагийн хөлс олгогдсон тул дахин өгөх боломжгүй юм. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүх тооцон гаргахдаа Ковид-19 цар тахал өвчний улмаас улс орон даяар хөл хорио тогтож Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн шүүхэд хүрэлцэн очиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн цаг хугацааг харгалзан үзэхгүйгээр ажилгүй байсан бүх цаг хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна гэж ажил олгогч байгууллага гомдолтой байгаагаа өмгөөлөгч надаар дамжуулан илэрхийлж байна.

Иймд анхан шатны шүүхийн 573 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвэр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Хүрэлчулуун шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах ажилдаа буцаан тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, илүү цагаар ажилласны хөлс 11.725.000 төгрөг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газар давж заалдах гомдол гаргажээ.

Гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болон өөрчлөх хууль зүйн боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийг маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил олгогч байгууллага ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгууллагын санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, болон 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 40.5 заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн гэх шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй болжээ.

Илүү цагаар ажилласны хөлсийг гаргуулсныг үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсны хөлс олгож байсан гэдгээ хариуцагч тал баримтаар нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралд энэ талаарх баримтыг судлуулан мэтгэлцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ