Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 47

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ч.Дүүрэнжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,   

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ч.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Багануур дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Чинбатын Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 0107 0007 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус гудамжны 2 тоотод оршин суух, регистрийн УГ81111211 дугаартай Боржигин овогт Чинбатын Уламбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 2 тоотод найз Н.Энхтөрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож “гавлын яс баруун дагзнаас зулайн хэсэг хүртэл 17 см цууралт буюу хугаралттай, гавлын яс, хуйханд 2 хэсэг газар 8x6 см, 5x4 см хэмжээтэй цусан хураа үүсч, гавлын зулайн орой хэсэгт 5x4 см хэмжээтэй хонхойсон яс нь улаан ягаан өнгөтэй, тархи дарагдлын улмаас гавал тархины гэмтэл” учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Уламбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд Ч.Отгонжаргал буюу өвөө, М.Тодбаяр түүний эхнэр Б.Уранцэцэг, Э.Анхбаяр түүний эхнэр Д.Түвшинтөгс нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 23 цагийн орчим уг баарнаас хамтдаа гарч найман нэрийн хүнсний дэлгүүрээс “Улаанбаатар” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, пиво хамтдаа авч тус дүүргийн 5 дугаар хороо Залуусын гудамжны 02 тоотод оршин суух гэртээ очин тэдний хамт архидахад талийгаач Н.Энхтөр тэднийд унтаж байгаад босож тэдэнтэй хамт тэдний авч ирсэн согтууруулах ундааны зүйл архи, пивог уусан. Э.Анхбаяр түүний эхнэр Д.Түвшинтөгс, М.Тодбаяр түүний эхнэр Б.Уранцэцэг нар тэднийхээс 6-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчим явцгааж, Отгонжаргал буюу өвөө талийгаач Н.Энхтөр нарын хамт гэртээ үлдсэн, талийгаач Н.Энхтөр учрах үедээ амь насанд аюултай дагзны зүүн дээд хэсгээс баруун чамархай яс хүрсэн шугаман хугарал бүхий гавал тархины гэмтлийн улмаас тэднийд нас барсан үйл явдал болсон болно.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Уламбаяр мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгийн өгсөн: “Ч.Уламбаяр манай дүүтэй үй зайгүй найзалдаг байсан. Талийгаач цус нөжиндөө хутгалтлаа зодуулсан байж Ч.Уламбаярын гэрт яах гэж буцаж орох юм. Ч.Уламбаяр гадуур суллагдсан мөртлөө талийгаачийн ар гэрийнхэнээс нэг ч удаа уучлалт гуйж уулзаагүй. Худлаа үнэн нь мэдэхгүй янз бүрийн асуудал ярьж байна. Энэ хэргийг 2 жил гаруй шийдээгүй байгаад хохирогчийн зүгээс гомдолтой байна. Хэргийг шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын судласан:

Мөрдөн байцаалтад гэрч Э.Анхбаярын өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...Уламбаярын гэрт 23 цаг өнгөрч байхад орсон байх. Уламбаярын гэрт талийгаачтай танилцаад хамтдаа инээж хөхрөлдөж ойр зуурын зүйл ярьцгааж байгаад архиа ууж дуусгаад Уламбаярын гэрээс 00 цаг дөхөж байхад гарцгаасан. Отгонжаргал, Уламбаяр, талийгаач Энхтөр нар үлдсэн.” гэх мэдүүлэг,

 /1 хх-ийн 176, 178 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Уранцэцэгийн өгсөн: “Би 2016 оны 01-р сарын 05-ны өдрийн ...23 цагийн үед баарнаас гарч Найман наран хүнсний дэлгүүрээс Улаанбаатар нэртэй 0.75 граммтай 1 шил архи авч Улаанаагийн гэрт бүгд очиход том өрөөний зүүн талын хананы дагуу байрлуулсан орон дээр эрэгтэй хүн унтаж байсан. Тэгээд удаагүй нөгөө хүн босож ирсэн чинь Шар /талийгаач / гэж дууддаг залуу байсан. Тойрч сууж байгаад нөгөө архиа ууж дуусаад бид нар 1 цаг орчим болсон тэгээд гэр лүүгээ явлаа гэж Тодбаяр, Түвшинтөгс, Анхбаяр бид 4 гарч гэр гэр лүүгээ явсан. Бид нарыг Улаанаагийн гэрээс гарахад Улаанаа, Шар, Өвөө гурав үлдсэн.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 179, 183 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.Тодбаярын өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Уламбаярын гэр лүү буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 2 тоотод ирсэн. Тэгээд тэдний гэрт нь орсон чинь байшинд зүүн талын орон дээр талийгаач Энхтөр ганцаараа унтаж байсан. Энхтөр нь манай найз болохоор бид нар дуудаж сэрээсэн чинь талийгаач Энхтөр эрүүл шахуу босож ирсэн тэгээд босож ирээд бид нартай 0.75 граммын савлагаатай Улаанбаатар архийг хувааж уусан. ” гэх мэдүүлэг,

 /1 хх-ийн 188, 191 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Гонгорын өгсөн: “талийгаач манай гэрт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд нарийны гудамжинд халтирч унаад шүдээ унагаачихлаа гар чийдэнгээ өгөөч гэж гуйгаад гар чийдэн аваад барьцаанд нь миний энэ утсыг ав би одоохон шүдээ олоод ирье гэж хэлээд гараад явсан. ...манайд 30, 40 минут болсон байх. ...дунд зэргийн согтолттой гайгүй явж байсан.

Талийгаач Энхтөр манайд ирэхдээ биеийнхээ ил харагдах хэсэгтээ ямар нэгэн шарх сорвигүй байсан. Би нүүр царайг нь сайн санаж байна. Талийгаач Энхтөрийн нүүрэнд зураг дээрх шиг ийм шарх байгаагүй.” гэх мэдүүлэг,

 /1 хх-ийн 192-198 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Нарантуяагийн өгсөн: “Талийгаач Энхтөр нь  2015 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад орж ирсэн.

 Энхтөр 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манайд ирэхдээ задлан шинжилгээний 5,6 дугаартай зураг дээрх шиг шарх сорвигүй байсан. Манайд ирээд нэлээн удаан юм ярьж сууж байгаад явсан болохоор би тухайн үеийн зүс царайг нь маш сайн санаж байна.” гэх мэдүүлэг,

 /1 хх-ийн 199-201 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №2 дугаар дүгнэлт,

/2 хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №213 дугаар дүгнэлт,

/2 хх-ийн 27-29 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 520 дугаар дүгнэлт,

/5 хх-ийн 245-247 дугаар хуудас/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт судласан гэрч С.Гонгорын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад талийгаач Н.Энхтөр манай гэрт согтуу орж ирээд нарийн гудамжинд халтирч унаад унагачихлаа гар чийдэнгээ өгөөч гэж гуйгаад гар чийдэн аваад барьцаанд нь миний энэ утсыг ав би одоохон шүдээ олоод ирье” гэсэн /1х-192х/

Гэрч Г.Нарантуяа 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр: “Талийгаач Н.Энхтөр нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад манай аавын гэрт ирсэн. Тэгээд манай аавыг гар чийдэнгээ өгөөч би нарийн гудамжинд хальтарч унаад шүдээ унагаачихлаа гэж хэлээд манай аавын улаан оруулгатай хар өнгийн том гар  чийдэнг аваад гар утсаа үлдээгээд явсан. /1х-199х/

Гэрч Э.Анхбаяр, Б.Уранцэцэг, Д.Түвшинтөгс,М.Тодбаяр нарын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр : Уламбаярынд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад очиход том өрөөний зүүн талын хананы дагуу байрлах орон дээр нэг эрэгтэй хүн унтаж байгаад босож ирсэн чинь Шар /талийгаач/ гэж дууддаг залуу байсан. Бид нэг цаг орчим болоод гэрлүүгээ явсан. Бид нарыг Улаанаагийн гэрээс гарахад Улаанаа, Шар, Өвөө гурав үлдсэн гэсэн. /1х-106х, 159х, 164х, 188х/ мэдүүлгүүд болон “Ирмүүн Дэлгэрэх” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гадна талын орох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: 23 цаг 02 минутад Ч.Отгонжаргал,  Э.Анхбаяр,  Д.Түвшинтөгс,  Б.Уранцэцэг нар хаалган дээр очиход Уламбаяр гарч ирж тамхи татсан/1х-103х/

“Найман Наран” хүнсний дэлгүүрийн тухайн өдрийн буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн автомашины зогсоол руу харсан камерт 23 цаг 24 минут 25 секунтэд Ч.Отгонжаргал гартаа тортой зүйл барин М.Тодбаяртай хамт гарч ирэн ертөнцийн зүгээр хойшоо Залуусын задгай руу буюу Уламбаярын гэрийг чиглэн хашаа тойроод явж байгаа нь бичигдсэн байх ба 23 цаг 25 минутад  Э.Анхбаяр,  Д.Түвшинтөгс,  Б.Уранцэцэг нар гарч ирэн М.Тодбаяр, Ч.Отгонжаргал нарын араас дагаж хамт гарав. /1х-101х/, 2016 оны 01 дүгээр 06-ны 00 цаг 33 минут 40 секунтэд гэр рүүгээ явсан./1х-102х/

Тэдгээр камерын бичлэгээс үзэхэд:

  • Н.Энхтөрийн шүдээ эрж хайх, гар чийдэнг Гонгороос авсан асуудал нь Уламбаярын гэрт Ч.Отгонжаргал, М.Тодбаяр, Б.Уранцэцэг, Д.Түвшинтөгс, Э.Анхбаяр нарыг ирж согтууруулах ундааны зүйл уухаас өмнө болсон,
  • 2016 оны 01 дүгээр 06-ны 00 цаг 33 минут 40 секунтэд  М.Тодбаяр түүний эхнэр Б.Уранцэцэг, Э.Анхбаяр түүний эхнэр Д.Түвшинтөгс нар гэр рүүгээ явсан нь эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт авагдсан байна.

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 520 дугаар шинжээчийн дүгнэлтээр талийгаач Н.Энхтөр нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө унах үед үүсэх боломжгүй баруун зулай хэсгээс баруун урагш духны баруун хэсэг хүрсэн, зүүн арагш баруун, зүүн зулайн заадас хүрч заадсаараа арагш 2,5 см явж цааш зүүн арагш 3 см үргэлжилэн зулай дагзны заадас хүрсэн нийт 22,7 см урт хугаралын эхлэл хэсэг нь толгойн оройд буюу гавлын баруун зулай хэсэгт байх ба уг хэсгээс хугарал эхэлж хоёр тийш үргэлжилж, тухайн хэсэгт хязгаарлагдмал бус талбайтай зүйлээр цохисноос үүсэх боломжтой гавал ясны хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд /гэмтэл/ хохирлын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж гадны нөлөөтэй нас барсан үйлдэлд шүүгдэгч Ч.Уламбаярыг түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар нь Ч.Уламбаярын үйлдсэн гэмт хэргийн оногдуулах ялын доод хэмжээ хөнгөрсөн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай анийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа боловч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй нь үндэслэл муутай байна.

Иймд шүүгдэгч Ч.Уламбаярын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэг нь оршуулгын зардалд 4.705.750 төгрөг нэмэмжилснээс нотлох баримттай 4.162.750 төгрөгийг шүүгдэгч Ч.Уламбаяраас гаргуулан хэрэгт битүүмжлэгдсэн түүний эзэмшлийн 2502 БРА улсын дугаартай Саната 5 маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, үлдэх баримтгүй нэхэмжил байгаа 543.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, уг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.

Шүүгдэгч Ч.Уламбаярт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Чинбатын Уламбаярыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Уламбаярт 15 /арван тав/ жил хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар  Ч.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Уламбаяр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 370 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ч.Уламбаяраас оршуулгын зардалд 4.162.750 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгт олгосугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн майк, цагаан цэнхэр өнгийн турсик, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн синтопонон өмд, цайвар ногоон өнгийн оймс, бор шаргал өнгийн ноосон цамц, цагаан шаргал өнгийн ноосон цамц, бор өнгийн тэлээ, хар өнгийн пүүзэн гутал, хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн ноосон малгай, бүдэг саарал өнгийн шаргал алаг юүдэнтэй өвлийн куртик, хар өнгийн юүдэнтэй биеийн тамирын цамц, саарал өнгийн энгэр дээрээ цэнхэр өнгийн шоон дүрстэй саарал өнгийн цамц, бор өнгийн хоолойтой цамц, хар өнгийн даавуун материалтай фудволк, төмөр аралтай тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, бараан өнгийн ноосон өмд, бор өнгийн хос оймс, цэнхэр өнгийн хос оймс, цагаан өнгийн босоо судалтай хар өнгийн даавуун турсик, саарал өнгийн богино түрийтэй хос пүүзэн гутал, үдээстэй хүрэн өнгийн хос гутал, цэнхэр өнгийн хос оймс, mont dell гэсэн бичигтэй саарал өнгийн хантааз, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн фудболк, хөх өнгийн хилэн өмд, шоо хээтэй дотуур өмд, саарал өнгийн ноосон цамц юүдэнтэй хар өнгийн куртик, дээд эрүүний 14 шүд бүхий хиймэл шүд, улаан хар алаг гар чийдэн, улаан эрээн нүүр гарын алчуур, 4 ширхэг "Нийслэл" пивоны лааз, 1 ширхэг "галт ус" нэртэй 0,5 граммтай архины шил, 1 ширхэг "Нийслэл" нэртэй 2 литрийн бор хүрэн өнгийн пивоны сав, 1 ширхэг "Улаанбаатар" нэртэй 0,75 граммтай архины шил, 1 ширхэг тамхины иш, 1 ширхэг архины бөглөө, ногоон өнгийн 73.8x48 см хэмжээтэй шалавч, 2 зах ирмэг хэсгээрээ шар өнгийн судалтай хүрэн өнгийн 43x90 хэмжээтэй алчуур, модон иштэй төмөр алх, шар өнгийн төмөр бариул, “чанартай асаагуур" гэж бичсэн асаагуур 1 ширхэгийг тус тус устгаж,

Хохирогч болон гэрч Ч.Отгонжаргал нарын эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас, аn5326855 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг буцаан олгож, СД 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

7. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн Уламбаярын эзэмшлийн 2502 БРА улсын дугаартай Саната 5 маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцож Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Уламбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАВУУ

                                            ШҮҮГЧИД                                      Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                   Д.ЧИНЗОРИГ