Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01312

 

Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар шийдвэр,        

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Д.Ганхуяг нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Сайхан суманд 172 нохой устгаж шатааж, сумын хот тохижилтын байцаагч Отгонцэцэг, захиргааны ажилтан Барсаа, 1, 2 дугаар багийн засаг дарга нар нохойг тоолж аван устгал хийж тооцоог хийсэн боловч Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 нохой алж шатаасан.Номгонд нохойны устгал хийхэд Сэрээнэн 3 өдөр байнга дагаж явж байсан. Нохойг устгаж шатаахад Сэрээнэн, Хишгээ, байгаль орчны байцаагч нар хамт байсан. Хот тохижилтын Ганбаатарыг дуудахад бензин байхгүй гэсэн. Барсааг дуудахад аймгийн төвд явна гээд ирээгүй.Иймд Номгон тосгонд алж устгасан 100 нохойны хөлс 900 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөг, бүгд 926 150 төгрөгийг Хот тохижилтын газраас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хот тохижилтын газар нь жилд 2 удаа Сайхан сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээнд золбин нохой, муур устгах ажлыг хувь хүнтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэж ирсэн. ...2015 оны 12 сард Эрдэнэт хотын иргэн Д.Ганхуяг нохойны соёо худалдаж авах хүсэлтэй байгаа тухай манай ажилтнуудаар дамжуулан хэлүүлсэн байсан. Дараа нь намайг Улаанбаатар хотод ажил явдалтай явж байхад Д.Ганхуяг надтай ярьж нохойг би устгаж өгье гэхээр нь зөвшөөрч өмнөх гэрээний адил гэрээ хийж дээр нь нохойны соёо худалдаж авах асуудлаа өөрөө шийд бид энэ тал дээр оролцохгүй гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа дахин над руу ярьж нохой устгаж дууссан, баярласан талархсанаа хэлсэн.2016 оны нохой устгах тухай Засаг даргын захирамж гарсаны дараа би Д.Ганхуягийг дуудсан. Тэр өдрийн үдээс өмнө А.Отгонцэцэг Д.Ганхуягийг дагуулж цагдаад бүртгүүлээд, зааварчилгаа өгч ажилд нь гаргасан. Үүрэг өгч ажилд гаргаснаас хойших ажилд би гардаж оролцдоггүй учир маргааш өглөө нь А.Отгонцэцэг над дээр ирээд хогийн цэг дээр очоод ирлээ. Тэнд байгаа нохой одооных биш, илжирч муудсан нохой байх шиг байна. Та очиж үз гэхээр нь би тэр даруйд очиход тэнд бидэнтэй хамт очсон бүх хүмүүст илт мэдэгдэж байсан болохоор би уурласан. Үдээс хойш болоход илжирч муудсаныг нь ялгаад хаячихлаа комиссоо ирүүлээч гэсний дагуу А.Отгонцэцэг тамгын газраас комисс авч очоод тоолж авсан гэж надад өглөөний зөвлөгөөн дээр танилцуулсан. Үүнээс хойш 2-3 хоног таг чимээгүй болсон. Харин нохой устгасан гэх мэдэгдэх зүйлгүй гудамж талбайд золбин нохой хэвээрээ энд тэндгүй байсаар байсан. Гайхас төрөөд сураг ажиг сонсоход Номгонд устгал хийж байгааг олж мэдээд манайд мэдэгдэлгүй Номгонд устгал хийсэн учир би Номгоны багийн даргын туслах н.Сэрээнэн рүү залгаж сэгийг шатаасан уу? гэхэд үгүй гэж хэлсэн. Би түүнд шатаах болоогүй би очиж үзье гэхэд за гэсэн. Бензин, шатахуун хөөцөлдөөд бүтээгээд 3 цаг орчим хугацааны дараа үдийн 12 цаг болж байхад цайндаа орсны дараа явах гэтэл багийн Засаг дарга Хишигсүрэн хэдэн өдөр устгаагүй байж намайг очих хооронд хэлсээр байтал сэгнүүдийг шатаачихсан ирж үз гэсэн. Тухайн үед би уурлаад битгий шатаа гэсээр байхад зориуд шатаасны дараа хэлэхээр нь би очоогүй. Дараа өдөр нь дэд бүтцийн мэргэжилтэн Л.Бархас 1 дүгээр багийн Засаг дарга н.Ганбагана нар намайг дуудаж Номгонд алсан нохойг энд дахиж тоолуулахаар оролдож байна, очиж үзье гэсэн. Хамт очоод н.Сэрээнэнг дагуулаад дутуу шатсан сэгийг үзэхэд 12-15 орчим сэг байсан. Үүний дараа би Л.Бархасд тооцоо хийхээс өмнө надтай уулзуулаарай, би түүнд дахин хэзээ ч хамтрахгүй үүгээр дуусъя гэж хэлнэ гэж байсан боловч Д.Ганхуяг утсаар дарамталж надаар хариу үг хэлүүлэхгүй ална, хядана, буудна гэх зэргээр удаа дараалан тайлбар сонсохгүй байсаар одоо шүүхийн шатанд ирж байна. Сэг тоолж устгах комиссуудын сэг 2 талд зөөж тоолуулсан гэсэн баталгаатай баримтанд миний хувьд эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл манай тээврийн жолоочийг төдөн нохой устгасан гэж комиссд хэлэхийг тулган шаардаж байснаас манай тээврийн жолооч бүтэхгүй нөхөр гээд зайгаа авсан гэсэн. Иймээс гэрчүүд үнэн байдлыг тодорхой хэлэх байх гэж бодож байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Хариуцагч тал буюу хот тохижилтын газар Сайхан сумын Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Хөтөл хотод 200 нохой, Номгон багт 100 нохой устгаж нэг нохой муурыг устгасан зардлыг 9000 төгрөг байхаар тохиролцож гэрээ хийсэн. Иргэн надтай хот тохижуулах газар нь дээрхи нөхцлөөр мөн гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрээгээр нотлогддог.Хариуцагч нь надтай 300 нохой устгуулах гэрээ хийж ажил гүйцэтгүүлчихээд хөлс төлөх болохоороо ажлын үр дүнг комисс хүлээж аваагүй, устгасан нохой хэд байсан нь тодорхойгүй гэх мэтийн үндэслэлгүй шалтаг гарган маргаж байгааг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Хэрэгт Номгон баг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нохой устгасан тухай акт үйлдэж хүлээж авсан байхад энэ баримтыг эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар сумын харъяалалд баг нь багтдаг гэж би боддог. Номгон баг Сайхан сумын нэг хэсэг учраас гэрээний дагуу 100 тооны нохойны устгалыг би хийсэн. Багийн засаг дарга нь эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж нохой устгалын ажлыг зохион байгуулж, ажлын хэсэг гарган зохион байгуулж, 3 өдөр төлөөллөө хамт ажиллуулсан, ажлын хэсэг ажлын гүйцэтгэлийг хянан үзээд хүлээж авч устгал хийсэн нь миний буруу биш засаг захиргааны нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудал шүү дээ. Хот тохижилтын дарга багийн засаг дарга нарын хоорондын хувийн таарамжгүй харьцааны золиос болж хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй иргэн би хохирч болохгүй биз дээ. Яг үнэндээ шан харамж авах гэж мөнгө нэхэж өгөхгүй болохоор алсан нохой муурыг хүлээж авахгүй намайг чадаж байгаа үйлдэл болж байгаа юм....Хариуцагч нохой устгалын мөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргадаг, манай байгууллага төлдөггүй гэхээр нь хамтран харилцагчаар татуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, асуулгах гэрчүүдийг ч гүйцэд асууж өгөөгүй миний эрхийг зөрчсөн. Хариуцагч тал намайг устгасан нохойгоо зөөвөрлөж давхар тоолуулсан гэж хардаж ам дамжуулж худлаа яриад байдаг. Эхний 172 нохойг хүлээж аваад шатаасан байхад яаж би дахин өөр газар тоолуулах юм бэ? Ядаж л түлэгдсэн нүүрс үнс болсон сэг харагдана биз дээ. Үнэнд нийцсэн бодитой байдлаар хэргийг шийдвэрлүүлж шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандаж байхад ийм үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь гомдлыг төрүүлж байгаа юм.Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн аваагүй, хичнээн тооны нохой устгасан нь тодорхойгүй байна гэжээ. Миний хийсэн ажлыг гэрч Сэрээнэн, Номгон багт нохой устгасан устгалын акт, гэрэлт зураг нотлоод байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ч үүнийг зөв харж хэрэгт бодит байдалд нь нийцсэн дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Төрийн байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо муу дарга нарын хувийн таарамжгүй харьцаатай байдаг, намчирхсан байдлаас болж иргэн би хөдөлмөр хөлсөөр хохирч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хийсэн ажлаа ажлын хэсэгт нь хүлээлгэж өгөх гэж Номгон багийн удирдлагууд нь комиссын гишүүдтэй холбогдож дуудахад шалтаг хэлээд ирээгүй, бензин тос байхгүй гэж хэлж байсан, бид үхсэн нохойны сэг зэмийг хадгалаад хүлээгээд байх боломжгүй байсан учраас арга буюу байгаа номгон сумын ажлын хэсэгт нь хүлээлгэж өгсөн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:        

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулахаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижуулах газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Золбин нохой устгах гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээний дагуу талууд нэг нохой устгах зардлыг 9 000 төгрөгөөр тооцож, 300 нохойг 5 хоногийн дотор устгахаар тохиролцжээ. Тухайн гэрээг шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Талуудын гэрээнд “нохой бүрэн устгасан гэж үзсэн тохиолдолд төлбөр тооцоог хийнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-д заасан “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэх зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг захиалагчид, эсхүл түүний томилсон этгээдэд хүлээлгэн өгсөн, улмаар түүнийг ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6., 353 дугаар зүйлийн 353.2., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй буюу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон үр дүн шилжүүлэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Д.Ганхуяг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч Сайхан сумын Хот тохижуулах газарт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, золбин нохой устгалын акт нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгэснийг илэрхийлэх нотолгоо болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т заасан шаардлагад нийцжээ. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН