Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0173

 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Баруун дэнж, 4а гудамжны 7 тоотод оршин суух Тайж овгийн ******* /РД:ОО-/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 16,17 дугаар тоотод байрлах Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний  хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газрын дарга *******, гэрч Г.Ганбагана, Л.Бархас, Ш.Сэрээнэн, Б.Нармандах, Ю.Баяржаргал, Э.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Сайхан суманд 172 нохой устгаж шатааж, сумын хот тохижилтын байцаагч Отгонцэцэг, захиргааны ажилтан Барсаа, 1, 2 дугаар багийн засаг дарга нар нохойг тоолж аван устгал хийж тооцоог хийсэн боловч Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 нохой алж шатаасан. Номгонд нохойны устгал хийхэд Сэрээнэн 3 өдөр байнга дагаж явж байсан. Нохойг устгаж шатаахад Сэрээнэн, Хишгээ, байгаль орчны байцаагч нар хамт байсан. Хот тохижилтын Ганбаатарыг дуудахад бинзен байхгүй гэсэн. Барсааг дуудахад аймгийн төвд явна гээд ирээгүй. Иймд Номгон тосгонд алж устгасан 100 нохойны хөлс 900.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөг бүгд 926.150 төгрөгийг хот тохижилтын газраас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хот тохижилтын газар нь жилд 2 удаа Сайхан сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээнд золбин нохой, муур устгах ажлыг хувь хүнтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэж ирсэн. Урьд өмнө нь Улаанбаатар хотоос анчин урьж ирүүлэн гэрээ хийж ажил гүйцэтгэх бүрдээ хуулийн байгууллагад бүртгүүлж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гүйцэтгүүлсэний дараа Засаг даргын тамгын газартай хамтран тусгай комисс томилон үзэж, шалгаж, тоолон тусгай бэлтгэсэн нүхэнд булж устгасаны дараа төлбөр тооцоог шилжүүлсэнээр ямар нэгэн асуудалгүй ажил дуусдаг байсан. Харин 2015 оны 12 дугаар сард Эрдэнэт хотын иргэн ******* нохойны соёо худалдаж авах хүсэлтэй байгаа тухай манай ажилтнуудаар дамжуулан хэлүүлсэн байсан. Дараа нь намайг Улаанбаатар хотод ажил явдалтай явж байхад ******* надтай ярьж нохойг би устгаж өгье гэхээр нь зөвшөөрч өмнөх гэрээний адил гэрээ хийж дээр нь нохойны соёо худалдаж авах асуудлаа өөрөө шийд бид энэ тал дээр оролцохгүй гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа дахин над руу ярьж нохой устгаж дууссан явдалд баярласан талархсанаа хэлсэн. Тэр өөрөө таны ажил явдалд туслах гэсэн юм дансаа өгчих гэсэн. Би хүний сайхан сэтгэлийг бодож дансаа өгсөн, надад 50.000 төгрөг шилжүүлсэн. Би баярласанаа хэлсэн. Түүнээс хойш байнга над руу утсаар ярьж нохой устгах ажлаа дахин хэзээ хийх тухай асууж байсан болохоор 2016 оны нохой устгах тухай Засаг даргын захирамж гарсаны дараа би *******ийг дуудсан. Тэрээр надад ачааны машин явуулаач би шатахуунаа хийгээд мал ачиж явах гэсэн юм гэхээр нь би тус болж машиныг Эрдэнэт хот руу явуулж хувийн бизнест нь туслаж байсан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өглөө малаа ачаад ирсэн. Өгдөг газар нь өгсөн танд баярлалаа өнөөдрөөс нохой устгах ажилдаа ороход бэлэн гэхээр тохижилт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Отгонцэцэгийг өмнө нь хийж байсан гэрээний дагуу ажлаа эхлүүлэхийг үүрэгдсэн. Тэр өдрийн үдээс өмнө А.Отгонцэцэг *******ийг дагуулж цагдаад бүртгүүлээд, зааварчилгаа өгч ажилд нь гаргасан.  Үүрэг өгч ажилд гаргасанаас хойших ажилд би гардаж оролцдоггүй учир маргааш өглөө нь А.Отгонцэцэг над дээр ирээд хогийн цэг дээр очоод ирлээ. Тэнд байгаа нохой одооных биш, элжирч муудсан нохой байх шиг байна. Та очиж үздээ гэхээр нь би тэр даруйд очиход тэнд бидэнтэй хамт очсон бүх хүмүүст илт мэдэгдэж байсан болохоор би уурласан. Ийм арчаагүй юм хийхээ болихыг сануулаад явсан. Үдээс хойш болоход элжирч муудсаныг нь ялгаад хаячихлаа комиссоо ирүүлээч гэсний дагуу А.Отгонцэцэг тамгын газраас комисс авч очоод тоолж авсан гэж надад өглөөний зөвөлгөөн дээр танилцуулсан. Үүнээс хойш 2-3 хоног таг чимээгүй болсон. Харин нохой устгасан гэх мэдэгдэх зүйлгүй гудамж талбайд золбин нохой хэвээрээ энд тэндгүй байсаар байсан. Гайхас төрөөд сураг ажиг сонсоход Номгонд устгал хийж байгааг олж мэдээд манайд мэдэгдэлгүй Номгонд устгал хийсэн учир би Номгоны байгийн даргын туслах Сэрээнэн руу залгаж сэгийг шатаасан уу? Гэхэд үгүй гэж хэлсэн. Би түүнд шатаах болоогүй би очиж үзье гэхэд за гэсэн. Бензин, шатахуун хөөцөлдөөд бүтээгээд 3 цаг орчим хугацааны дараа үдийн 12 цаг болж байхад цайндаа орсоны дараа явах гэтэл багийн Засаг дарга Хишигсүрэн хэдэн өдөр устгаагүй байж намайг очих хооронд хэлсээр байтал сэгнүүдийг шатаачихсан ирж үз гэсэн. Тухайн үед би уурлаад битгий шатаа гэсээр байхад зориуд шатаасаны дараа хэлэхээр нь би очоогүй. Дараа өдөр нь дэд бүтцийн мэргэжилтэн Л.Бархас 1 дүгээр багийн Засаг дарга Ганбагана нар намайг дуудаж Номгонд алсан нохойг энд дахиж тоолуулахаар оролдож байна. Очиж үзье гэсэн. Хамт очоод Сэрээнэнг дагуулаад дутуу шатсан сэгийг үзэхэд 12-15 орчим сэг байсан. Сэрээнэн өөрөө гайхсан. Үүний дараа би Бархасд тооцоо хийхээс өмнө надтай уулзуулаарай би түүнд дахин хэзээ ч хамтрахгүй үүгээр дуусъя гэж хэлнэ гэж байсан боловч ******* утсаар дарамталж надаар хариу үг хэлүүлэхгүй ална, хядана, буудна гэх зэргээр удаа дараалан тайлбар сонсохгүй байсаар одоо шүүхийн шатанд ирж байна. Сэг тоолж устгах комиссуудын сэг 2 талд зөөж тоолуулсан гэсэн баталгаатай баримтанд миний хувьд эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл манай тээврийн жолоочийг төдөн нохой устгасан гэж комиссд хэлэхийг тулган шаардаж байсанаас манай тээврийн жолооч бүтэхгүй нөхөр гээд зайгаа авсан гэсэн. Иймээс гэрчүүд үнэн байдлыг тодорхой хэлэх байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газрын дарга ******* нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас 2016 оны 03 дугаар сард золбин нохой, муур устгалд оруулах тухай захирамж гарсаны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газар нь Сайхан сумын Засаг даргатай золбин нохой, муур устгалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу Эрдэнэт хотын иргэн ******* гэж хүнтэй 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр золбин нохой устгах гэрээ байгуулж нийт 300 нохойг 5 хоногийн дотор устгаж, нэг нохойг устгах зардлыг 9000 төгрөг байхаар тохиролцсон. Ингээд ******* нь  Хөтөлд 2014 оны 04 дүгээр сарны 01-ний өдөр 113 нохой, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 59 нохой, нийт 172 нохой устгаснаа тоолуулж, акт үйлдэж хүлээлгэж өгсөний дагуу түүнд 172 нохой устгасны төлбөр 1393200 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Бид нохой устгалын мөнгийг Хот тохижилтын төсвөөс гаргадаггүй, Сайхан сумын орон нутгийн хөгжлийн сангаас гаргадаг юм. Тэгээд ******* нь Хөтөлд нохой устгачихаад хэд хоног алга болсон. Тэгэхээр нь би хаагуур явааг нь асуухад Номгонд нохой устгаад явж байна гэсэн. Номгонд нохой устгахдаа надад хэлээгүй. Тэгээд Номгонд нохой устгаад ир үз гэхээр нь Сэрээнэн рүү ярихад шатаагаагүй байгаа гэхээр нь битгий шатаагаарай гэж хэлээд очиж үзье гээд 11 цагийн үед бензин олоод явах гэж байтал шатаачихлаа гэсэн. Тэгэхээр нь шатаачихсан юм бол очиж үзээд яах юм гээд яваагүй. Миний очих шалтгаан бол Номгонд алсан нохойнуудыг Хөтөлд давхар тоолуулаад байна гэж хүнээс сонссон байсан учир түүнийг шалгах гэж явах гэж байсан юм. Тэгээд нэгэнт шатаачихсан бол очиж үзээд яахав гээд яваагүй. Маргааш нь Бархас над руу яриад Номгоны нохойг нааш нь  зөөгөөд байх шиг байна үзье гэхээр нь  хамт явсан.  Очиж үзэхэд 14-15 нохойны сэг байсан.Тэгэхэд Сэрээнэн ямар ч байсан олон нохой байсан юм, доор нь орсон юм болов уу гэж байсан. Номгонд устгасан нохойн дунд хоёр муур байсан. Тэр хоёр муурны зураг нь Хөтөлд тоолуулсан муурны зурагтай яг адилхан байна гэж комисст байсан хүмүүс хэлж байсан. Би мөнгийг нь өгөхгүй гээд байгаа юм биш. Хамгийн гол нь тамгын газраас бүрэлдэхүүнтэй комисс гарч устгасан нохойг тоолж аваад акт үйлдсэний дагуу төлбөрийг олгодог юм. Би үүнийг ойлгуулах гэсэн боловч ална, хядна, буудна гээд хүний үгийг хүлээж аваагүй. Би дахиж энэ хүнтэй гэрээ байгуулахаа болъё, зүгээр мөнгийг нь өгөөд явуулъя гээд комиссын гишүүдэд хэлэхэд бидний халааснаас гарах мөнгө биш, бид нар дур мэдэн өгч болохгүй гэсэн. Мөн Номгоны Засаг дарга Хишигсүрэнд нохой устгалын ажилтай холбогдуулан захирамж гаргах эрх байхгүй атал захирамж гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөшөөрөхгүй байна гэв.

       Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбар,гэрч Г.Ганбагана, Л.Бархас, Ш.Сэрээнэн, Б.Нармандах, Ю.Баяржаргал, Э.Энхжаргал нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* мэдэгдсэн боловч тэрээр Дархан-Уул аймагт шүүх хуралдаан давхцаж байгаа шалтгаанаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 900000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр золбин нохой, муур устгалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод 200 ширхэг нохой, Номгон тосгонд 100 ширхэг нохой, нийт 300 ширхэг золбин нохойг устгаж, нэг нохой устгасан зардлыг 9000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээжээ. /хх-12-14/

            Энэхүү гэрээг үндэслэн зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт 300 нохойг 5 хоногийн дотор устгах, хариуцагч Сайхан сумын Хот тохижилтын газар нь нэг нохой устгасан зардлыг 9000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.  /хх-16-17/

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Сайхан сумын Номгон тосгонд гүйцэтгэсэн ажлын төлбөр шаардсаныг хариуцагч талаас Номгонд устгасан нохойг тоолж хүлээн аваагүй, шатаасан сэгийг тоолоход 14-15 нохойны сэг байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

           Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1, 2 дугаар багуудын нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 113 нохой, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 59 нохой, нийт 172 нохойг устгаснаа комисст хүлээлгэн өгч акт үйлдэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг хүлээн авсан болох нь золбин нохой устгалын акт, гэрэл зургууд, нохой устгалын тооцоо зэрэг баримтуудаар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-17-24/

            Харин нэхэмжлэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил болох устгасан 100 тооны золбин муур, нохойгоо захиалагч Сайхан сумын Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй байна.

            Нэхэмжлэгч талаас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Номгон тосгонд нохой устгасан тухай акт гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг актыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй юм. /хх-36-37/

            Учир нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох устгасан нохойнуудаа ажлын хэсгээр тоолуулж хүлээлгэн өгөөгүй, устгасан нохойнуудаа шатааж устгахдаа захиалагч талын ажлын хэсгийн этгээдүүдийг оролцуулалгүй болох нь гэрч Ш.Сэрээнэнгийн “...М.Хишигсүрэн дарга над руу яриад нохой алж байгаа юм байна, чи дагаад яв гэхээр нь 2016 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд би *******ийг дагаж  нохой алахад нь байлцсан. Хоёр өдөр нийт 84 нохой алаад захиргааны хогийн цэг дээр овоолоод орхисон.  2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор хамт яваагүй. Нохойг устгахдаа томхон нохойнуудыг буудаад, гөлөгнүүдийг газар дээр нь савж алж байсан. Гэхдээ ихэнхдээ гөлгөн нохой алсан. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр алсан нохойнуудыг шатаахаар хогийн цэг дээр намайг очиход тэнд нохой овоолоод хаясан байсан. Чухам хичнээн нохой байсныг тоолоогүй учир мэдэхгүй. ******* кабиндаа 16 гөлгөн нохой хийж ирээд хогийн цэг дээр савж алаад нийт 100 нохой боллоо гээд шатаасан. Сүүлд энэ хүмүүс сэгэн дээр нь ирээд 100 нохой биш байна гэхээр нь үзэхэд нээрээ 100 нохой биш байж магадгүй гэсэн бодол төрсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Бархасын “...Хот тохижилтын газартай ******* гэдэг иргэн 300 нохой устгана гэж гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээн дээр нэг газраас нохой устгана гэж заасан байгаа. Гэтэл ******* Номгонд нохой устгасан. Тэр мөнгөө Номгоноос олж авна гэж бодсон байх. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 113 нохой тоолуулаад, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 57 нохой, 2 муур дахиад тоолуулсан. Гэтэл гэнэт 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нохой устгалаа үүнийг ирж тоол гэж хэлсэн. Тэр үед би томилолтоор явж байсан. Тухайн үед 100 нохой устгасан тул мөнгийг нь шилжүүлж авъя гэсэн. Номгоны нохой устгасан актыг үзэж байхад Номгонд хоёр муур устгасан байгаа юм. Устгасан муур, нохойнуудын зураг нь 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөтөлд устгасан муур нохойнуудын зурагтай давхардаад байгаа юм. Тэгээд бид нар мөнгийг чинь шилжүүлэх боломжгүй. Та гэрээний үүргээ биелүүл гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл өөдөөс хэл амаар доромжлоод, чамайг буудаж ална, хядна гээд айлган сүрдүүлээд танхайрсан. Тэгээд манай Тамгын газрын даргын өрөөнд нохой устгасан *******, Номгоны захирагч М.Хишигсүрэн, Ш.Сэрээнэн нарыг дуудаж уулзахад хагас бүтэн сайн өдөр бид нар 100 нохой устгасан гээд яриад байсан.Шатаахдаа 100 нохой шатаасан уу гэхэд тэр хүмүүс харахад хэдэн нохой харагдаж байсан, яг 100 нохой байсан эсэхийг бид нар мэдэхгүй гэж хэлсэн. Нохой устгасан газрыг нь заалгаад очиж үзэхэд 10 хүрэхгүй нохойны сэг байсан...” гэсэн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар  тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч талтай хүлээлцэлгүй устгаснаас хичнээн хэмжээний ажил хийж гүйцэтгэснийг тогтоох боломжгүй болгожээ.    

            Хэдийгээр гэрч Ш.Сэрээнэн нь “нэхэмжлэгч *******ийг Номгонд нохой устгахад 2 өдөр  хяналт тавьж явахад нийт 84 нохой устгасан, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр кабиндаа 16 гөлгөн нохой авчирсаныг нэмж устгасан”  гэж мэдүүлж байгаа боловч  хогийн цэг дээр бөөгнүүлсэн нохойг шатаан устгахын өмнө чухам хичнээн нохой устгасныг тоолж хүлээлгэн өгч хүлээн аваагүйгээс гадна устгасан нохойг шатаахад байлцаж акт үйлдсэн этгээдүүд нь  хариуцагч Сайхан сумын Хот тохижилтын газраас томилсон ажлын хэсгийн ажилтнууд биш байх тул дээрх нохой устгасан тухай актыг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

           Иймд хариуцагч Сайхан сумын Хот тохижилтын газар нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй байх тул гэрээгээр тохирсон хөлс төлөх үүрэггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                                                                      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                                                                                                                                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР