Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 72

 

Э.Хгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Р.Өад

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2021/00633 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Өад холбогдох,

“Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 253.440.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг,

Хариуцагч Р.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов. 

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний нөхөр С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас нь хохирсон. Талийгаач С.Б нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж сарын 1.500.000 төгрөг цалин авч ар гэрээ тэжээн тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин Б.Мд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин Б.М 2019 оны 02 дугаар сарын 04-нд төрсөн, одоо 2 нас 1 сартай, эрүүл саруул өсөж байгаа. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа учраас уг зөрүүг сарын 1.320.000 төгрөгийг 18 нас хүртэл нь нийт 253.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна. Иймд хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч Р.Өаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдын гарт өртөж амь нас хохирсон. Талийгаач С.Б нь амьд ахуйдаа хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд сарын 1.500.000 төгрөгийн цалин авч ар гэрээ тэжээж тэтгэж амьдралаа авч явдаг байсан. Талийгаачаас хойш охин Б.Мд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр өрхийн ямар нэгэн орлогогүй болсон. Охин Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо эрүүл саруул өсөж байна. Охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Мөн одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын хоорондох зөрүү сарын 240.000 төгрөгийг 16 жилээр тооцож, охин Б.Мг 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлээгүй учраас иргэний журмаар нэхэмжилж байна. Миний бие уг хэрэг гарах үед 2 сартай жирэмсэн байсан бөгөөд цочролд ороод хэвлий дэх хүүхэд зулбасан, одоо ажилгүй хүүхдээ хараад гэртээ байдаг, орох оронгүй, талийгаач нөхөр маань байсан бол гэр бүлээ тэжээх байсан. Хариуцагчаас болж хадмуудтайгаа харилцаа тасарсан надаас одоо болтол уучлалт гуйгаагүй гэжээ.

Хариуцагч Р.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Хариуцагч Ренчинсүрэнгийн Ө би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний хувьд одоо Орхон аймаг дахь хорих 437 дугаар ангид ял эдэлж байна. Энэ хэргийн улмаас 10 жилийн хорих ял авсан. Э.Хгийн нэхэмжилсэн мөнгийг төлөх ямар ч боломжгүй. Хөл хорио, цар тахлын улмаас ар гэрийнхэнтэйгээ уулзаж, ярилцаж чадахгүй байгаа. Ээж маань 2018 онд нас барж аав маань хэдэн өнчин дүүг маань тэжээж байгаа ганц хүн. Манайх өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс байгаа. Би Х эгчээс уучлалт гуйж охиныг ямар ч байсан харж хандаж явна. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй тул төлөх боломжгүй байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2021/00633 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т заасныг баримтлан хариуцагч Р.Өаас сар бүр тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон гаргуулж, охин Б.М /РД:......................../-г 18 нас хүртэл нь нэхэмжлэгч Э.Хд олгож, 46.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Х улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Өаас 59.494 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Ө болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Р.Ө, өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хамт Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-06-24 ний өдрийн 142\ШШ2021\00633 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан " Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." Гэснийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн хэмжээ охин Б.Мг 18 нас хүртэл нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд 2021 оны байдлаар буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах үед мөрдөгдөж байгаа тогтоосон хэмжээнээс тооцон гаргах үндэслэлгүй.Энэ нь тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл тул сар бүр зөрүүг тооцон олгох нь зүйтэй юм. Хариуцагч Р.Өаас Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолд заасан тухай бүрд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр тооцон гаргуулж, охин Б.Мг 18 нас хүртэл нь нэхэмжлэгч Э.Хд олгож байх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно." гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр болжээ.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.ҮНДЭСЛЭЛ НЬ: "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн хэмжээ болон Б.Мг 18 нас хүртэл нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд 2021 оны байдлаар буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах үед мөрдөгдөж байгаа тогтоосон хэмжээнээс тооцон гаргах үндэслэлгүй." гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа " ...тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл тул сар бүр зөрүүг тооцон олгох нь зүйтэй юм...хариуцагч Р.Өаас Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолд заасан тухай бүрд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр тооцон гаргуулж, охин Б.Мг 18 нас хүртэл нь нэхэмжлэгч Э.Хд олгож байх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно." гэж шүүх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэл муутай, нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн дүнгээр илэрхийлсэн байхад ерөнхийлөн дүгнэлт хийсэн нь буруу юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хэрхэн бодох, тодруулбал Халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 188.000 төгрөг тогтоогдсон, тэтгэвэр олголтоор288.000 төгрөг байгааг нэхэмжлэгч Х тайлбарлахдаа Ковидын үед 100.000 төгрөг нэмсэн 7 дугаар сараас хасна." гэж тайлбарлаад зөрүүг 188.000 төгрөгөөс нэхэмжилдэг. Шүүх халамжийн тэтгэврийг олгосон 288.000 төгрөгөөр үнэлсэн.Шийдвэрийн тогтоох хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэврийн зөрүүгээр гэснийг хэрхэн тооцох нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн "...Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон 46.080.000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй..." гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан " нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..." гэснийг зөрчиж, хэрэгт ач холбогдол бүхий тэжээгчээ алдсаны тэтгэвэр 288.000 төгрөг олгосныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн атлаа хэрхэн, яаж үнэлсэн талаараа шийдвэрт дурдаагүй, үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ноцтой алдаа гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, анхан шатны шүүхийн 633 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд Р.Ө би өмгөөлөгчийн хамт оролцож, тайлбарлах болно гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Р.Өад холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 253.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т заасныг баримтлан хариуцагч Р.Өаас сар бүр тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон гаргуулж, охин Б.М /РД:......................../-г 18 нас хүртэл нь нэхэмжлэгч Э.Хд олгож, 46.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Э.Х анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих байгууллагаас сарын 180.000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа учраас уг зөрүүг сарын 1.320.000 төгрөгийг 18 нас хүртэл нь нийт 253.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм... гэжээ.

Нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа  “... одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын хоорондох зөрүү сарын 240.000 төгрөгийг 16 жилээр тооцож, охин Б.Мг 18 нас хүртэл нийт 46.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Гэтэл шүүх хариуцагч Р.Өаас сар бүр тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон гаргуулж, охин Б.М /РД:......................../-г 18 нас хүртэл нь нэхэмжлэгч Э.Хд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Хгийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр дүгнэлт хийсэн, хийсэн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит  үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй,  нэхэмжлэгч яг юу хүсээд байгааг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 62 дугаар зүйлийн 62.1.4., 118 дугаар зүйлийн 118.4.-д заасныг тус тус зөрчжээ.

Хариуцагч Р.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Хариуцагч Р.Ө нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2021/00633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Р.Ө нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР