Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

 

Г.Батзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор Л.Содбаяр /цахим/

        Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Батзоригт холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч *******ийн Батзориг нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.*******ийн: Хаан банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг,

 

            Н.*******, төрсөн дүү Г.******* нарын хамтарсан: Хаан банкны ******* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г *******ын: Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг

Өөрийн эхнэр Б.*******гийн: Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.*******ийн: Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг,

Г.Батзориг нь өөрийн: Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Батзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

     

Шүүгдэгч Г. Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Шүүгдэгч Г.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох 854,141,219.58     /найман зуун тавин дөрвөн сая нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө/-н төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4.000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000, 000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзориг нь 134 /нэг зуун гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 4,000,000 төгрөгийн торгох ялаас 2,010,000 төгрөгийг хасаж тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригт оногдуулсан 1,990,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон" байхаар заасан байхад шийтгэх тогтоолд “Г.Батзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна" гэсэн дүгнэлт хийж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа, гэмт хэрэг үйлдсэн давтамж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр түүнд 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял буюу илт хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Хууль ёсны", "Шударга ёсны”, “Гэм буруугийн” зарчмыг зөрчсөн, мөн шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

      

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн ч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж өгч чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн өмгөөлөгчийн маргаж мэтгэлцсэн нотлох баримтуудад болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан гэх үндэслэлд шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дүгнээгүй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж нотлох ажиллагааг энэ гэмт хэргийн онцлогт тохируулж явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж ажиллахад чухал.

Г.Батзориг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ албан тушаалтны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаа, гэмт хэрэг үйлдсэн хугацаа буюу хэзээ, ханаа гарсан болохыг нотлох зайлшгүй шаардлагатай нотолбол зохих асуудал юм. Мөн шийтгэх тогтоолд Г.Батзоригийн хууль ёсны орлогыг хэдэн төгрөг гэж үзсэн, уг орлогоос хэдэн төгрөгийн орлого хууль бус болохыг шүүх тогтоож өгөөгүй. Үүнийг прокурор ч ялган зааглаж маргаж мэтгэлцэж чадаагүй.

Г.Батзоригийн хууль ёсны орлого хэт давсан нь ямар ямар баримтаар хэрхэн яаж нотлогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Г.Батзориг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан гэх боловч тухайн мөнгийг дансны эзэмшигч өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл Г.Батзоригийг нотлох ёстой гэсэн хэт нэг талыг барьж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.*******, Г.*******, Г.*******, ******* нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн дансаар орсон мөнгө нь Г.Батзоригтой ямар ч хамааралгүй, тухайн мөнгийг Г.Батзориг авсан гэж мэдүүлдэггүй. Гэтэл шүүх хууль ёсны орлогоосоо гадна дээрх этгээдүүдийн данс дахь мөнгийг авсан гэж үзэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэх заалтыг ноцтой зөрчиж гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг өөрт хамааралгүй болохыг нотолж чадаагүй гэж дүгнэн гэм буруутайд тооцож ял ногдуулж байгаа Эрүүгийн болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Хэрэгт БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг бүрэн дүүрэн үнэлж, энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй. Мөн тухайн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасны дагуу цуглуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад шүүх Өвөр монгол иргэдийн буюу гэрч А.Чимгээ /хх-ийн 48- SI, Шүрэнчимэг /хх-ийн 48-511, Эрдэмт /хх-ийн 58-611, Улаанхуар /хх-ийн 64-65/, Б.Батцагаан /хх-ийн 66-68/, Э.Эрдэнэгэрэл /хх-ийн 69-711, Ш.Зоригт /хх-ийн 72-73/ нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар дурдан хэргийг шийдвэрлэж үнэлсэн нь үндэслэлтэй болоогүй.

Учир нь шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийн мэдүүлгийг “...БНХАУ-ын харьяат боловч Монгол үндэстэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг монгол хэл бичиг мэдэхгүй гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр үнэлэхээс татгалзах нь буруу” гэж дүгнэсэн байгаа нь илт үндэслэлгүй байна.

Монгол хэлээр ярьдаг боловч бичиж, уншиж чадахгүй Монгол Улсын иргэнээс мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан байхад Монгол үндэстэн гэдэг байдлаар хууль зөрчин гэрчийн мэдүүлэг авсан ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэн нотлох баримтаар тооцож Г.Батзоригийг гэм буруутайд тооцох гол баримтаа болгож байгаа нь хууль ёсны зарчим, шударга ёсны заримд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Г.Батзоригийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Л.Содбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж байна. Г.Батзоригийн үйлдсэн гэмт хэрэгт шүүх гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн хувьд хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцээгүй ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн зорилготой нийцээгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Зөвхөн ял хөнгөдсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинжид тохирсон байх ёстой. Гэтэл Г.Батзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой хугацаанд үргэлжилсэн, нийгмийн хор, аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн давтамж, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эдгээр нөхцөл байдлуудад нийцээгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим буюу тухайн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор шинжид тохирч байх ёстой. Хэдийгээр түүний гэм буруугийн асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч ял оногдуулахдаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 4,000,000 сая төгрөгийн торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн.

Мөн түүнчлэн Г.Батзориг нь гэм буруугийн хувьд маргаж, мэтгэлцэж оролцдог. Шүүх хуралдаан дээр ч ийм байдлаар оролцдог. Дээрх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Батзориг нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.*******ийн Хаан банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг, Н.*******, төрсөн дүү Г.******* нарын хамтарсан Хаан банкны ******* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг, Өөрийн төрсөн ах Г *******ын Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг, Өөрийн эхнэр Б.*******гийн Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг, Өөрийн салсан эхнэр О.*******ийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг, Г.Батзориг нь өөрийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Батзоригийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэмт хэрэг байжээ.

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”

 

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байна.

Хэргийн зүйчлэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 Монгол Улсын Их Хурал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд уг хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинж тодорхойлдог онцлогтой.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн хувьд, нийтийн албан тушаалтан бүрэн эрхийн хугацаандаа үйлдсэн байх, хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн байх, санаатай үйлдэгдсэн байх, их хэмжээгээр нэмэгдсэн орлого, хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх зэрэг шинжийг хангасан байхаар хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтан гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ойлгоно.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлыг албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай хамтатган буюу хөрөнгө бий болсон цаг хугацааг албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай хамтатган авч үзэх бөгөөд харин цаг хугацааны хувьд зөрж байвал бий болсон эд хөрөнгийг албан тушаалтны албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг заавал нотлох шаардлагатай. 

Хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн байхыг ойлгоно.        

Түүнчлэн шүүх гэм буруутай гэж үзсэн этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдэл, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял нь тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэв.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Батзоригийг цагаатгах тухай” давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Г.Батзоригт холбогдох 201416010167 дугаар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.