Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 40

 

****т холбогдох эрүүгийн

хэргийн тухай


Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар магадлалтай,  ****т холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.   ****, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, “ **** ****” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, Урьд ял шийтгэлгүй,

2.  Шүүгдэгч **** нь ***********************  ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг ****ийн Хаан банкны ********* дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943,34 төгрөг, Голомт банкны ******** дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг, ****, төрсөн дүү **** нарын хамтарсан ХААН банкны ****** дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг, төрсөн ах ****ын Хаан банкны ********* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг, эхнэр ****гийн Хаан банкны ******** дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг, салсан эхнэр ****ийн Хаан банкны ********* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу ****1,695.10 төгрөг, өөрийнхөө Хаан банкны ********** дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокуророос ****ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, стадион оргил гудамж ****а тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү- ****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, стадион оргил **** тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 239 хуудас/, ******** улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 240 хуудас/, ****ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтаст хэргийн 143 хуудас/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт ****ийн эзэмшлийн Тоёота Лексус 570 маркийн ********* улсын дугаартай, ****гийн эзэмшлийн Тоёота Лексус 570 маркийн ********* улсын дугаартай автомашинуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан боловч **** **** **** **** **** бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үйлдэлд нь эрүүгийн 190200581 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдаж, шүүгдэгч **** нь энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
5. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Ганбулганы “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах” давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэлдээ:“...шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа хууль бус хөрөнгийг нь хураан авахгүй гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлтэй утга адил байдлаар дараах эсэргүүцлийг бичиж байна. Эрүүгийн хуулийн зорилгыг 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон **** ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, **** болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан. Авлигын гэмт хэргийн хор уршиг нь бусдад учирсан шууд хохирол байхгүй мэт харагддаг ч төрийн албанд буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилгаж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог. Гэтэл хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгө, орлогыг шүүхээс хураахгүй шийдвэр гаргасан нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилго хангагдаагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.
Шүүхийн шийдвэрт хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмууд зөрчигдсөн гэж дүгнэхээр байна. Учир нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа хууль бус хөрөнгийг хураан аваагүй нь хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдрах нөхцөл байдал бий болсноос гадна гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн атлаа хууль бус хөрөнгийг хураах биш харин “шагнал” мэт ойлгогдохуйц үр дагаврыг бий болгожээ. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэнд ч итгэл төрүүлэхүйц, үнэмшилтэй байх ёстой. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж шийдвэрлээгүй нь олон шүүхийн жишгээс гажсан шийдвэр болсон байх бөгөөд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим энэ шийдвэрт хангагдаагүй гэж үзэж байна. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцын 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргээс олсон ийм орлогоос үүссэн, гэмт хэргээс олсон ийм орлогыг өөрчилж буюу хувиргаж бий болгосон эд хөрөнгөөс үүссэн эсхүл гэмт хэргээс олсон ийм орлого холилдсон эд хөрөнгөөс үүссэн ашиг орлого буюу бусад ашиг хонжоонд энэ зүйлд заасан арга хэмжээг гэмт хэргээс олсон орлоготой адил хэлбэрээр болон адил хэмжээгээр мөн авна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг хориглох гэж заасан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгоно гэж заасан заалтууд шүүхийн шийдвэрт тусгалаа олоогүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгийг тодорхойлсон, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах, албадан гаргуулсан хөрөнгийг хохирол, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж илүү гарсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх талаар тодорхой заасан.
Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлохдоо тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас нийтийн болон **** ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хохирол гэж, хохирлоос үүссэн үр дагаврыг хор уршиг гэж томьёолсон бөгөөд энэ хэргийн хохирол нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө буюу хууль ёсны болохоо үндэслэлтэй тайлбарлаагүй 854,141,219.58 төгрөг юм. Гэтэл гэмт хэргийн үр дагаврыг шүүх арилгуулаагүй нь буруу бөгөөд дээрх хуулийн заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх нэгэнт гэм буруутайд тооцсон бол эрүүгийн ял, хариуцлагаас чөлөөлж болно, харин хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлж болохгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч ****ийн үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг хурааж, улсын орлого болгох, битүүмжилсэн эд хөрөнгөнөөс уг хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.\
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хуульд заасан үндэслэл, шаардлагад нийцээгүй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг тайлбарласан албан ёсны тайлбараас зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчлөлт орсон 2002 оны хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ****ийн үйлдлийг 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хооронд үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй байна. Тэгэхээр гэмт хэрэг төгссөн цаг хугацаанаас хойш 5 сар 5 хоногийн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2002 оны хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх хэрхэн талаар албан ёсны тайлбар гарсан. Уг тайлбараар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор тайлбарласан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохдоо гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацаанаас анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч ****ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон атлаа хууль бусаар олсон орлого болох 854,141,219.58 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгож шийдвэрлээгүй байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь


9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан прокурорын эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч ****т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ
10. Анхан шатны шүүх шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гомдлыг үндэслэж хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
11. Хоёр шатны шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээгээр ангилан мөрдвөл зохих хөөн хэлэлцэх хугацаа, уг хөөн хэлэлцэх хугацааг тоолоход баримтлах журмыг тусгасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан бөгөөд уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.
Уг хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тусгайлан зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжийг агуулсан энэхүү хэм хэмжээ нь уг зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
13. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж хуульчилжээ.
14. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолдог ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг оруулан тооцдоггүй болно.
Энэ үндэслэл, журмын дагуу шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сүүлчийн гэмт хэрэг үйлдсэний дараагийн өдрөөс буюу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тоолно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нь тус хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тооцох ба дээр дурдсан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн хугацааг тоолоход 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагт дуусгавар болох юм.
Шүүгдэгч ****т 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 270дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татсан бөгөөд прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, улмаар прокурорын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
15. Прокуророос энэхүү тогтоолын 12-14 дүгээрт дүгнэсэн хугацааны дотор шүүгдэгч ****ийг яллагдагчаар татсан тул түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.
16. Энэ хэргийг хянан хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай тогтоолд шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаж, анхааруулсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалт, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбарыг хэрэглэх болон хамаарах үндэслэлийн талаар огт дүгнэлт хийлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий байдлаар дүгнэж, шүүгдэгч ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянах нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс дүгнэв.
18. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож буй тул магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

          

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН 

                                          ШҮҮГЧИД                                    Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                  С.БАТДЭЛГЭР 

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ           

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН